| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/0103/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2078 |
| Огноо | 2025-09-03 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2078
2025 09 03 2025/ШЦТ/2078
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Н.Анхбаяр,
шүүгдэгч Х.************, түүний өмгөөлөгч Ч.************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************************ид холбогдох эрүүгийн ************тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*******************************************
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Х.************ нь 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэр, “************” гэх газраас зөвшөөрөлгүй ойд 38.83 м3 мод бэлтгэж экологи эдийн засагт шууд 30,145,682,149 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.************ мэдүүлэхдээ: “...Миний бие Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас хууль бусаар 5 мод л унагаасан. Энэ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Харин 38.83 м3 модыг хууль бусаар бэлтгэсэн гэж буруутгаж байгааг зөвшөөрөхгүй байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 65-69 дэх тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.************:
“...Ойн тухай хуулийн зааснаар ...” гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн”, 35.4.2-т “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үздэг. Тийм болохоор мод бэлтгэх эрхийн бичгийн дагуу мод бэлтгэхдээ зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн бэлтгэсэн, тусгаарласан талбайн гаднаас мод бэлтгэсэн, огтлолтын төрөл зөрчиж мод бэлтгэсэн бол зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэж үзнэ. Хэдийгээр үйлдвэрлэлийн огтлолтоор мод бэлтгэхээр талбай тусгаарлуулж мод бэлтгэхдээ зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн бэлтгэсэн бол хэтрүүлсэн модыг зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэнд хамааруулан ойлгоно...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 194-196 дахь тал/,
Гэрч Д.************:
“... Би энэ оны 05 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас ************гэдэг хүнээс мод ачаад Улаанбаатар хот руу ирсэн юм. Завхан аймгийн Улиастай сум руу ************компанийн ачааг хүргэж өгөхөөр Улаанбаатар хотоос энэ оны 05 дугаар сарын 14-ний өдөр явсан юм. Тэгээд Улиастайд ачаагаа буулгачхаад Улаанбаатар хот руу ачих ачаа хайж хэд хоносон юм. Манай найз ************/************/ гэдэг найз надад Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Улаанбаатар хот руу хүн мод ачуулах гэж байна. Тэгээд надад ************************гэх хүний дугаарыг өгсөн юм. Би ************05 дугаар сарын 21-ний өдрийн орой 17 цагийн үед өөрөө утсаар “мод ачуулах хүн мөн үү? Би Улиастайд байна. Маргааш яваад очъё. Модны бичиг баримт бүрэн үү?” гэж яриад 22-ны өдрийн үдэш хойш Тосонцэнгэл суманд очсон. Тэгээд ************ирчихлээ гэж холбогдсон. ************намайг тухайн өдрийн 17 цагийн үед цайны газар хоол идээд байж байхад дуудаад Тосонцэнгэл сумын урд тал байх айлын хашаанаас 2 хэсэг 2 метр гаран урттай нэг жигд хэмжээтэй төмөр замын дэр мод ачуулсан. Дараа нь ************өөрийнхөө аж ахуйн хашаанаас үлдэгдэл модыг ачуулсан. Модоо шөнө хүртэл ачаад маргааш нь бүх нийтийн амралтын өдөр таарсан тул Тосонцэнгэл өнжсөн юм. Тэгээд 24-ний өдөр ************надад хэд хэдэн бичиг өгсөн. Тухайн бичгийг уншиж үзэхэд мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ гэсэн бичигтэй байсан. ************өгсөн бичиг баримтыг аваад 24-ний 12 цагийн үед Тосонцэнгэл сумаас Улаанбаатар хот руу ганцаараа явсан. Маргааш нь буюу 25-ны өглөө 06 цагийн үед Улаанбаатар хотын “************”-ийн пост дээр цагдаа зогсоон юм. Би цагдаад модны бичиг баримтаа үзүүлэхэд шалгах зүйл байна та машиндаа хүлээж байгаараа гэсэн удаагүй алаг машинтай цагдаа ирээд намайг машинаа барьчих дагаад яваарай гээд дагуулаад явсан.Би модтой машинаа бариад дагаад явсан чинь Сонгинохайрхан дүүргийн журмын хашаанд саатуулсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ************дугаартай:
“...мод бэлтгэх эрхийн бичиггүй бэлтгэж тээвэрлэсэн гэх 38.83 м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 10.395.062.81x2.9= 30.145, 682,149 төгрөг байна. 30,145,682,149 төгрөг хЗ=90,437,046,447 төгрөг байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 186-187 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ************дугаартай: “...Уг моднууд нь Pinaceae Lindl-Нарсны овгийн Larix sibirica-Сибирь шинэс болох нь тогтоогдов. Шинжлэгдсэн моднууд нь нийт 45.83 м3 байна. Шинжлэгдэж буй моднуудын дундаж чийг нь 11.75%-ийн чийгтэй байх тул хуурай мод байна. Тухайн модны огтлолын төрлийг нь тогтоох боломжгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 41-43 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч Х.************ийг “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, экологи эдийн санд учирсан хохирол 30.145.682 төгрөгийн хохирлыг 3 дахин нэмэгдүүлж 90.437.046 төгрөгийг шүүдэгчээс гаргуулах Экологи эдийн засгийн санд оруулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэд хэдэн үйлдлийг хуульчилсан байдаг. Зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэх гэсэн үйлдэлд гэм буруутай асуудал яригдаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мод бэлтгэсэн үйлдлийг харах ёстой. Миний үйлчлүүлэгч Х.************ нь зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн үйлдэлд гэм буруутай. Прокурорын шатанд хэргийн газарт хийсэн үзлэгтэй холбоотой 5 модны асуудлыг ярьсан. Тухайн 5 модны хэмжээг 7 куб гэж шүүгдэгч мэдүүлж байгаа. Тээвэрлэлтийн явцад 38,83 куб мод болон бэлтгэсэн 7 куб мод хоёр нь ямар холбоотой гэдгийг тогтоогоогүй. Зөрүүтэй асуудал яригдсан боловч бусад асуудлыг тогтоогоогүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд модны хэмжээг тогтоогоогүй учраас хүлээн зөвшөөрөх асуудалд хамаарахгүй гэж үзэж байна. Бэлтгэсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Зөвшөөрөлгүй талбайд мод бэлтгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Нотлох баримтаас үзэхэд өөр газраас авсан болох нь харагдаж байна. Энэ үйлдэл төгсөх хүртлээ ямар процесс явагдсан гэдгийг тогтоогоогүй байна. Хэргийн бодит байдлыг тогтоох ёстой учраас нотолгооны баримт үндэслэлгүй гэж үзэж байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.************ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Х.************ нь:
2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэр, “************” гэх газраас зөвшөөрөлгүй ойд 38.83 м3 мод бэлтгэж экологи эдийн засагт шууд 30.145.682,149 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.************, гэрч Д.************нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ************дугаартай шинжээчийн дүгнэлт, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын ************дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно” гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /30.145.682*3=90.437.046/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгч Х.************оос байгаль экологид учруулсан хохирол, нөхөн төлбөрт нийт 90.437.046 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд олгохоор шийдвэрлэв.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “шүүгдэгч Х.************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар Завхан аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Зорчих эрхийг хязгаарлах ял нь шүүгдэгчийн амьжиргаанд нөлөөлөх тул миний үйлчлүүлэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан, мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувиараа тээвэрлэлт хийдэг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж эрх зүйн байдлыг нь дээрдүүлэн зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 6 сарын хугацаагаар тогтоож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Иймд шүүгдэгч Х.************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох “Завхан аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Завхан аймгийн нутаг дэвсгэрээс өөр газар зорчихыг хязгаарлаж, хяналтдаа байлгахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн ************дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн ерөнхий газрын хангалт үйлчилгээний төвийн хашаанд байрлах Экологийн цагдаагийн албаны хашаанд хадгалагдаж байгаа 38.83 м3 модыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.************ нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************************ийг Эрүүгийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.************ийг 6 /зургаан/ сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох “Завхан аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.************ нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.************ид зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Завхан аймгийн нутаг дэвсгэрээс өөр газар зорчихыг хязгаарлаж, хяналтдаа байлгахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Х.************оос байгаль экологид учруулсан хохирол, нөхөн төлбөрт нийт 90.437.046 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын хангалт үйлчилгээний төвийн хашаанд байрлах Экологийн цагдаагийн албаны хашаанд хадгалагдаж байгаа 38.83 м3 модыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.************ нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Х.************ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ