| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 133/2022/00497/и |
| Дугаар | 133/ШШ2022/00548 |
| Огноо | 2022-11-04 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 133/ШШ2022/00548
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н.А-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: ГАА МСҮТ-д холбогдох хөдөлмөрлөх эрхийн маргаантай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагчийн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн тодруулсан шаардлага: Үсчин мэргэжлийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай
2. Нэхэмжлэлийн үндэслэл: Н.А миний бие нь 2017 оны 11 сараас ГАА МСҮТ үсчин мэргэжлийн цагийн багшаар ажиллаж байгаад 2018 оны 08 дугаар сарын 27-ний өдрөөс ГАА МСҮТ захирлын 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/31 дүгээр тушаалаар үсчин мэргэжлийн үндсэн багшаар томилогдон ажиллаж байсан.
Гэтэл ГАА МСҮТ захирлын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/37 дугаар тушаалаар Н.А намайг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн.
3. Нэхэмжлэгч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- ГАА МСҮТ захирлын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/37 дугаар Н.А+-г ажлаас чөлөөлөх тухай тушаал
- ГАА МСҮТ захирлын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Б/31 дүгээр Н.А+-г үсчин мэргэжлийн багшаар томилох тухай тушаал
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт/Н.Алтанцэцэг/
-Гурван-Эрдэнэ багшийн дээд сургуулийн D201211552 дугаар бакалаврын диплом/Н.А/
- Сити их сургуулийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 02/421 дүгээр тодорхойлолт
- Мэргэжлийн боловсролын үнэмлэх/Н.А/
- Сертификат/Н.А/, өргөмжлөл/Н.А/,
4. Татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай
5. Татгалзлын үндэслэл: Нэхэмжлэгчийн тухайд тус төвийн захирлын 2017 оны 11 дүгээр 08-ны өдрийн Б/41 дүгээр тушаалаар үсчин мэргэжлийн цагийн багшаар ажиллаж байгаад 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/31 дүгээр тушаалаар 1 жилийн хугацаатайгаар томилогдон ажиллаж байсан. Түүнээс хойш дахин ажилд томилох тушаал гараагүй.
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх заалтад Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь бакалавр, түүнээс дээш зэрэгтэй, эсхүл үйлдвэрлэлийн ажлын зохих дадлагатай, мэргэшлийн өндөр зэрэгтэй, багшлах эрхтэй байна, 18.2 дахь заалтад Мэргэжлийн сургалтыг хөтлөн удирдах багш нь үйлдвэрлэл, технологийн туршлагатай, мэргэшлийн өндөр зэрэгтэй, багшлах эрхтэй байна гэж заасан.
Дээрх хуулийн заалтаас үзэхэд Н.А нь тус шаардлагыг хангахгүй байгаа бөгөөд мэргэжлийн бакалаврын үнэмлэхээ авчрахыг удаа дараа мэдэгдсэн боловч сургуульдаа сурч байгаа гэсээр өдийг хүрсэн.
Хөдөлмөрийн тухай хууль-ийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх заалтын Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй дагуу Н.А-т өмнө нь 2021 оны 11 дүгээр сар, 2022 оны 02 дугаар сард тус тус мэдэгдэх хуудас өгч мэдэгдэж байсан болно.
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн дагуу мэргэжлийн ажлын байрын шаардлагын дагуу үсчин мэргэжлийг нотлох бичиг баримт байхгүй байгаа тул ажлаас чөлөөлсөн.
Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал нь тус төвийг бүрэн төлөөлөхийн сацуу байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хэвийн явуулах, сургалтын чанарыг сайжруулах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах үүрэгтэй бөгөөд энэ үүргийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн зохих шийдвэрийг гаргасан болно.
Иймд Н.А-н шаардлага нь үндэслэлгүй тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
6. Хариуцагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- ГАА МСҮТ захирлын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Б/31 дүгээр Н.А+-г үсчин мэргэжлийн багшаар томилох тухай тушаал
- Мэдэгдэл
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, татгалзал, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Н.А нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр цуцалсан гэх үндэслэлээр хариуцагч ГАА МСҮТ үсчин мэргэжлийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаарджээ.
Уг агуулгаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нь шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.А-н нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан болно.
Хариуцагч ГАА МСҮТ нь Н.А нь Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуульд заасан ажлын байрны шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
2. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна,
14.1.2 дахь хэсэгт боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал гэжээ.
Хуулийн дээрх заалтаас үзэхэд төсвөөс санхүүждэг боловсрол/мэргэжлийн/-ын салбарын төрийн үйлчилгээний албан албан тушаалд ажиллаж буй иргэний хөдөлмөрийн харилцаа нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэг.
Хариуцагч ГАА МСҮТ захирлын 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/31 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Н.А+-г үсчин мэргэжлийн багшаар томилохдоо 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулахаар шийдвэрлэжээ.
Ажил олгогчийн дээрх шийдвэрийн дагуу байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар иргэний хэрэгт авагдаагүй ч хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн үйл баримтын талаар зохигч харилцан маргаагүй, харилцан хүлээн зөвшөөрсөн болно.
3. Хариуцагч ГАА МСҮТ захирлын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/37 дугаар тушаалаар Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 16.5.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.2, 80.4, 82 дугаар зүйлийн 82.1.2, Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, Хөдөлмөрийн дотоод журам-ын 3.2, 11.6, 15.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Н.А+-г 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс үсчин мэргэжлийн багшийн үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.
Уг тушаал нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ажилтныг эрхэлж буй ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон агуулгатай байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ,
158.2.2 дахь хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан гэжээ.
Иймд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогч ГАА МСҮТ шийдвэр үндэслэлгүй гэж үзсэн ажилтан Н.А-н гомдол нь иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх хөдөлмөрийн эрхийн маргаанд хамаарч байна.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй,
154.2.1 дэх хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэжээ.
Ажилтан Н.А нь ажил олгогч ГАА МСҮТ захирлын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/37 дугаар тушаалыг эс зөвшөөрч ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тус шүүхэд гаргасан нь хуулийн дээрх заалтад нийцжээ.
Иймд шүүхээс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр нь хуульд нийцсэн эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийж, уг хөдөлмөрийн эрхийн маргааныг агуулгаар нь хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.
5. Ажил олгогч ГАА МСҮТ захирлын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/37 дугаар тушаалдаа ажилтан Н.А+-г үсчин мэргэжлийн багшийн ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан үндэслэлээ тухайлан заагаагүй байна.
Гэвч хариуцагч ГАА МСҮТ нь нэхэмжлэгч Н.А+-г Мэргэжлийн боловсролын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж тайлбарлан, ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт заасныг баримталжээ.
Хуулийн дээрх заалтад Ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэжээ.
Нэхэмжлэгч Н.А нь мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэх үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.
Тодруулбал хариуцагч нь нэхэмжлэгчийг мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй байгааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу баримтаар нотолсонгүй.
6. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь бакалавр, түүнээс дээш зэрэгтэй, эсхүл үйлдвэрлэлийн ажлын зохих дадлагатай, мэргэжлийн өндөр зэрэгтэй, багшлах эрхтэй байна гэжээ.
Хариуцагч ГАА МСҮТ 2007 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 200711474 дүгээр Мэргэжлийн боловсролын үнэмлэх-т ДЖ87071904 регистрийн дугаартай Нагаарагчаагийн Алтанцэцэг нь тус төвийг үс засал-гоо засал мэргэжлээр 2.5 жил суралцан үсчин-гоо засалчин мэргэжил эзэмшсэн гэжээ.
Уг бичмэл нотлох баримтаар нэхэмжлэгч Н.А нь суралцан үсчин-гоо засалчин мэргэжлийн боловсролтой нь нотлогдож байх боловч хуулийн дээрх заалтад дурдсан бакалавр, түүнээс дээш зэрэгтэй болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.
Гэвч боловсролын үнэмлэхгүй буюу дээд боловсролгүй гэх зэрэг шалтгаан нь ажил олгогчоос ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болохгүй.
Хэрэв ажилтан Н.А+-г нь бакалавр, түүнээс дээш зэргийн боловсролгүйн улмаас ажлын гүйцэтгэлийн хувьд эрхэлж буй ажил үүрэгтээ тэнцэхгүй гэж ажил олгогч ГАА МСҮТ нь үзсэн тохиолдолд уг байдлыг тогтоож, энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Б нь нэхэмжлэгч Н.А+-г ажлын гүйцэтгэлийн хувьд алдаа, дутагдал гараагүй болохыг шүүх хуралдаанд тайлбарласан болно.
8. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэжээ.
Хариуцагч ГАА МСҮТ нь албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага буюу боловсролын дипломыг 2021 оны 12 дугаар сарын 24 өдөр болон 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн дотор тус тус ирүүлэх, уг шаардлагыг биелүүлэхгүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2 дахь заалтыг үндэслэн ажлаас чөлөөлөхийг удаа дараа нэхэмжлэгч Н.А-т бичгээр мэдэгдэж байжээ.
Гэвч ажил олгогчийн удаа дараагийн дээрх мэдэгдлийг хуулийн дээрх заалтад дурдсан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах мэдэгдэл гэж үзэхгүй.
9. Хариуцагч ГАА МСҮТ захирлын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Б/31 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Н.А+-г үсчин мэргэжлийн багшаар 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаатайгаар томилжээ.
Үүнээс хойш ажлаас чөлөөлөгдөх хүртэл хугацаанд нэхэмжлэгч Н.А нь хариуцагч ГАА МСҮТ үсчин мэргэжлийн багшаар ажиллаж байгаа болох нь зохигчийн тайлбараар нотлогдож байх бөгөөд уг үйл баримтын талаар хэргийн оролцогч маргаагүй болно.
Энэ тохиолдолд Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, ажилтан Н.А+-г үсчин мэргэжлийн багшийн ажилд томилсны хариуцлагыг ажил олгогч ГАА МСҮТ хүлээнэ.
Уг шалтгаан нь ажилтны эрх зүйн байдлыг дордуулах, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй гэж үзэх үндэслэл болохгүй.
10. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10 дахь хэсэгт хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ гэж хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлаар аж ахуйн нэгж, байгууллага дотооддоо дагаж мөрдөхөөр холбогдох хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт нийцүүлэн ажил олгогчоос бичгээр гаргасан баримт бичгийг хэлнэ гэжээ.
Хариуцагч ГАА МСҮТ нь нэхэмжлэгч Н.А-н ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан Хөдөлмөрийн дотоод журам-ыг иргэний хэрэгт нотлох баримтаар гарган өгөөгүй тул татгалзлын үндэслэлээ нотлоогүй гэж үзлээ.
11. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулиар тусгайлан зохицуулаагүй төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг энэ хуулиар зохицуулна гэжээ.
Гэтэл хариуцагч ГАА МСҮТ захирлын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/37 дугаар Н.А+-г ажлаас чөлөөлөх тухай тушаалд хөдөлмөрийн харилцааг зохицуулдаггүй Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн алдаа бөгөөд уг алдааг шүүх зөвтгөх боломжгүйг тэмдэглэж байна.
12. Энэхүү иргэний хэргийн тухайд ажилтныг ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан шийдвэр нь бодит байдалд нийцсэн, эрх зүйн үндэслэлтэйг нотлох нь ажил олгогчийн үүрэг юм.
Учир нь ажил олгогч нь өөрийн санаачилгаар бие даан ажилтны оролцоогүйгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас чөлөөлөх шийдвэр гаргах эрх хэмжээтэй болно.
Гэвч хариуцагч ГАА МСҮТ нь нэхэмжлэгч Н.А+-г үсчин мэргэжлийн багшийн ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан шийдвэрийнхээ эрх зүйн үндэслэлтэй, бодит байдалд нийцсэн болохыг шүүхэд баримтаар нотолсонгүй.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.А+-г хариуцагч ГАА МСҮТ үсчин мэргэжлийн багшийн ажилд эгүүлэн тогтоов.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй гэжээ.
Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх эсэх нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэгдэхээс хамаарах эрх зүйн үр дагавар болно.
Уг эрх зүйн үр дагаврыг арилгуулж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэгч Н.А нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардлага гаргасан нь хуулийн дээрх заалтад нийцэж байна.
14. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч нь 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй.
Учир нь нэхэмжлэгч Н.А-н ажлыг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөр тасалбар болгон хүлээлцүүлсэн, хариуцагч ГАА МСҮТ нь 2 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг олгоогүй зэрэг үйл баримт хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт дундаж цалин хөлс тодорхойлох журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/192 дугаар тушаалаар Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг баталжээ.
Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3.5 дахь хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговрыг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцохоор заажээ.
Хууль, журмын дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Н.А-н нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтод тусгагдсан 2022 оны 6,7,8 дугаар сарын цалин хөлсөөр тооцоход нэг сарын дундаж цалин хөлс нь 987,915+955,821+1,094,605=3,038,341:3=1,012,780.33 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 11,012,780.33:21,5= 47,106.06 төгрөг байна.
Нэхэмжлэгч Н.А-н ажилгүй байсан 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд ажлын 14+21+3=38 өдөр байна.
Иймд нэхэмжлэгч Н.А-н нэг өдрийн дундаж цалин хөлс 47,106.06 төгрөгийг ажилгүй байсан 38 ажлын өдрөөр үржүүлсэн дүн болох 1,790,030 төгрөгийг хариуцагч ГАА МСҮТ гаргуулахаар шийдвэрлэв.
Энэхүү ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 1,790,030 төгрөг нь татвар, нийгмийн даатгалын шимтгэл суутгаагүй дүн болохыг дурдах нь зүйтэй.
15. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах нь ажил олгогчийн үүрэг.
Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Н.А-н ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,790,030 төгрөгөөс зохих суутгалыг хийж, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч ГАА МСҮТ даалгав.
16. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхөөр заасны дагуу нэхэмжлэгч Н.А нь хариуцагч ГАА МСҮТ холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар ... нөхөн төлүүлнэ, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт ...Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно..., 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтын дагуу шүүхээс хангагдсан 1,790,030 төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 43,590 төгрөгийг ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 113,790 төгрөгийг хариуцагч ГАА МСҮТ гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.А-г хариуцагч ГАА МСҮТ үсчин мэргэжлийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ГАА МСҮТ 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 1,790,030/нэг сая долоон зуун ерөн мянга гуч/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.А-т олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт баримтлан нэхэмжлэгч Н.А-н ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 1,790,030 төгрөгөөс 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч ГАА МСҮТ даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.А нь хариуцагч ГАА МСҮТ холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ГАА МСҮТ 113,790/нэг зуун арван гурван мянга долоон зуун ер/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ