| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 133/2022/00465/и |
| Дугаар | 133/ШШ2022/00598 |
| Огноо | 2022-12-06 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 133/ШШ2022/00598
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Б-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: ГАА ЦС ЕБС
Хамтран хариуцагч: ГАА ЦС ЗД тус тус ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагч ГАА ЦС ЕБС итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нар оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэжээ.
Хамтран хариуцагч ГАА ЦС ЗД Д.Б-т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нь хамтран хариуцагч ГАА ЦС ЗД эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан.
Иймд хамтран хариуцагч ГАА ЦС ЗД эдгүйд хэргийг хянан шийдвэрлэж, түүний хариу тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган үзсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн тодруулсан шаардлага: 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 275 ажлын өдрийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 14,582,943 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх
2. Нэхэмжлэлийн үндэслэл: Д.Б нь Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/115 дугаар захирамжаар Цээл сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байгаад Говь-Алтай аймгийн Цээл сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/19 дүгээр захирамжаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн.
Улмаар Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 сарын 28-ны өдрийн 112/ШШ2021/0038 дугаар шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон бөгөөд давж заалдах болон хяналтын шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн томилогдох хүртэл ажилгүй байгаа хугацааны цалин хөлсийг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна.
3. Нэхэмжлэгч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 112/ШШ2021/0038 дугаар шийдвэр
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 671 дүгээр магадлал
- Монгол Улсын Дээд Шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 106 дугаар тогтоол
- Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 22050228 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай” тогтоол
- Говь-Алтай аймгийн Цээл сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/09 дүгээр “Д.Б-г ажилд томилох тухай” захирамж
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт/Д.Б/
4. Хамтран хариуцагч ГАА ЦС ЗД хариу тайлбарын агуулга: Д.Б нь үндэслэлгүй халагдсан талаар шүүхэд хандаж, улмаар Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 38 дугаар шийдвэр гарсан. Ажилгүй байсан хугацааны цалинг зохих хууль, журмын дагуу олгоно.
5. Хариуцагч ГАА ЦС ЕБС татгалзлын агуулга: Нэхэмжлэгч Д.Б-г ажлаас буруу халсан шийдвэрийг гаргасан этгээд цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийг хариуцах учраас Цээл сумын ерөнхий боловсролын сургуулийн зүгээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.
6. Хариуцагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Үгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, татгалзал, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч ГАА ЦС ЗД болон ГАА ЦС ЕБС тус тус холбогдуулан шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон үндэслэлээр 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 275 ажлын өдрийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 14,582,943 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Хамтран хариуцагч ГАА ЦС ЗД нэхэмжлэгч Д.Б ажилгүй байсан дээрх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий хариу тайлбар гаргажээ.
Харин хариуцагч Говь-Алтай аймгийн Цээл сумын ерөнхий боловсролын сургууль нь “ажлаас буруу халсан этгээд нэхэмжлэлийг хариуцна” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ” гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу хариуцагчийг тодорхойлох нь нэхэмжлэгчийн эрх бөгөөд нэхэмжлэгч Д.Б нь нэхэмжлэлдээ хариуцагчийг ГАА ЦС ЕБС гэж тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Говь-Алтай аймгийн Цээл сумын Засаг даргыг хамтран хариуцагчаар татан оролцуулжээ.
Улмаар нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, хариуцагч ГАА ЦС ЕБС хамтран хариуцагч ГАА ЦС ЗД-р солих хүсэлт гаргаагүй болно.
Д.Б нэхэмжлэлтэй ГАА ЦС ЕБС болон ГАА ЦС ЗД тус тус холбогдох иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэл бүрдээгүй тул ердийн журмаар хянан шийдвэрлэсэн болно.
3. Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 112/ШШ2021/0038 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Говь-Алтай аймгийн Цээл сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/19 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Д.Б-г урьд эрхэлж байсан Цээл сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоожээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 671 дүгээр магадлалаар Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 112/ШШ2021/0038 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 106 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзжээ.
Дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын хуулийн хүчин төгөлдөр байдлын талаар хэргийн оролцогч маргаагүй тул уг шийдвэрээр тогтоогдсон “нэхэмжлэгч Д.Б урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоогдсон” үйл баримтыг дахин нотлохгүй.
Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй”.
4. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэжээ.
Хуулийн хүчин төгөлдөр дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, хариуцагч Говь-Алтай аймгийн Цээл сумын Засаг дарга нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/09 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Д.Б тус сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилжээ.
5. Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно”,
Хөдөлмөрийн тухай хууль/2021 он/-ийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж тус тус заажээ.
Иймд нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Говь-Алтай аймгийн Цээл сумын ерөнхий боловсролын сургуулиас бус хариуцагч Говь-Алтай аймгийн Цээл сумын Засаг даргаас 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасныг дагуу хариуцагч нь гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлдэг.
Нэхэмжлэгч Д.Б эрхэлж буй ажлаас нь хууль бусаар халсан этгээд нь хариуцагч Говь-Алтай аймгийн Цээл сумын Засаг дарга тул түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох үүрэгтэй этгээд нь Говь-Алтай аймгийн Цээл сумын ерөнхий боловсролын сургууль биш.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль/2006 он/-ийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт “Хурал, Засаг дарга гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл, хариуцлагыг бүрэн хүлээнэ” гэж заасны дагуу хариуцагч Говь-Алтай аймгийн Цээл сумын Засаг дарга нь нэхэмжлэгч Д.Б үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсний хариуцлагыг бүрэн хүлээнэ.
Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 112/ШШ2021/0038 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар нэхэмжлэгч Д.Б 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлсийг хариуцагч Говь-Алтай аймгийн Цээл сумын Засаг даргаас гаргуулахаар шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй.
7. Нэхэмжлэгч Д.Б ажилгүй байсан хугацааг 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл тооцоход ажлын 279 хоног байна. Энэхүү тооцоог гаргахдаа:
7.1. 2021 онд ажлын өдөрт тохиосон Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 76 дугаар зүйлийн 76.1.7 дахь хэсэгт заасан “Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1”, 76.1.8 дахь хэсэгт заасан “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: арван хоёрдугаар сарын 29”, 76.1.9 дэх хэсэгт заасан “Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26”,
7.2. 2022 онд ажлын өдөрт тохиосон Хөдөлмөрийн тухай хууль/2021 он/-ийн 97 дугаар зүйлийн 97.1.2 дахь хэсэгт заасан “Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1,2,3”, 97.1.3 дахь хэсэгт заасан “Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: гуравдугаар сарын 8”, 97.1.4 дэх хэсэгт заасан “Бурхан багшийн Их дүйчин өдөр: билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15”, 97.1.5 дахь хэсэгт заасан “Хүүхдийн баяр: зургадугаар сарын 1”, 97.1.6 дахь хэсэгт заасан “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долдугаар сарын 11,12,13,14,15” зэргийг тус тус хассан болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нь шүүх хуралдаанд ажилгүй байсан ажлын 275 өдрийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тул хэргийн оролцогчийн диспозитив эрхийг зөрчихгүйн үүднээс нэхэмжлэгч Д.Б ажилгүй байсан хугацааг ажлын 275 өдөр гэж тооцов.
8. Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт “Дундаж цалин хөлс тодорхойлох журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлах”-аар заасны дагуу Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг баталжээ.
“Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ын а-д ажлаас буруу халсны олговрыг тодорхойлохдоо дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцохоор заажээ.
Хөдөлмөрийн тухай хууль/2021 он/-ийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт “Дундаж цалин хөлс тодорхойлох журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах”-аар заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/192 дугаар тушаалаар “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг баталжээ.
“Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3.5 дахь хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговрыг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцохоор заажээ.
Хууль, журмын дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Д.Б нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтод тусгагдсан 2021 оны 02, 03, 04 дүгээр сарын цалин хөлсөөр тооцоход нэг сарын дундаж цалин хөлс нь 1,140,121+1,140,121+1,140,121=3,420363:3=1,140,121 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 1,140,121:21,5= 53,028.88 төгрөг.
Энэхүү нэг өдрийн дундаж цалин хөлс 53,028.88 төгрөгийг ажилгүй байсан ажлын 275 өдрөөр үржүүлсэн дүн болох 14,582,943 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Цээл сумын Засаг даргаас гаргуулж, нэхэмжлэгч Д.Баттөрд олгохоор шийдвэрлэв.
Энэхүү ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 14,582,943 төгрөг нь татвар, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутгаагүй дүн болохыг дурдах нь зүйтэй.
9. Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”,
Хөдөлмөрийн тухай хууль/2021/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт “ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Д.Б ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 14,582,943 төгрөгөөс зохих суутгалыг хийж, 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хамтран хариуцагч Говь-Алтай аймгийн Цээл сумын Засаг даргад даалгав.
10. Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02 өдөр баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн.
Уг хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөхөөс өмнө Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 112/ШШ2021/0038 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Д.Б урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоожээ.
Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэжээ. Хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн харилцаанд өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэнэ.
Иймд нэхэмжлэгч Д.Б хамтран хариуцагч Говь-Алтай аймгийн Цээл сумын Засаг даргад холбогдох “2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийг тухайн үед хүчин хүчин төгөлдөр мөрдөж байсан 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.
Харин нэхэмжлэгч Д.Б хамтран хариуцагч Говь-Алтай аймгийн Цээл сумын Засаг даргад холбогдох “2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хууль/2021 он/-ийн холбогдох зохицуулалтыг хэрэглэсэн болно.
11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт “гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл” улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхөөр заасны дагуу нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Говь-Алтай аймгийн Цээл сумын ерөнхий боловсролын сургууль болон хамтран хариуцагч Говь-Алтай аймгийн Цээл сумын Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар ... нөхөн төлүүлнэ”, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “...Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно...”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтын дагуу шүүхээс хангагдсан 14,582,943 төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 230,864 төгрөгийг хамтран хариуцагч ГАА ЦС ЗД гаргуулж, улсын орлого болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1, Хөдөлмөрийн тухай хууль/2021 он/-ийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хамтран хариуцагч ГАА ЦС ЗД 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 14,582,943/арван дөрвөн сая таван зуун наян хоёр мянга есөн зуун дөчин гурав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 46 дугаар зүйлийн 46.1, Хөдөлмөрийн тухай хууль/2021 он/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 14,582,943/ төгрөгөөс 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийг нөхөн төлөхийг хамтран хариуцагч ГАА ЦС ЗД-д даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Говь-Алтай аймгийн Цээл сумын ерөнхий боловсролын сургууль болон хамтран хариуцагч Говь-Алтай аймгийн Цээл сумын Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хамтран хариуцагч Говь-Алтай аймгийн Цээл сумын Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 230,864/хоёр зуун гучин мянга найман зуун жаран дөрөв/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ