Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2023/0144

 

2023 02 13 128/ШШ2023/0144

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М ХХК /РД:2881195/

Хариуцагч: УГазар

Гуравдагч этгээд: Н ХХК,

Гуравдагч этгээд: Ж.Ш нарын хоорондын техникийн нөхцөлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, гуравдагч этгээд Н ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.А, гуравдагч этгээд Б.Ш, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэл гаргагч М******* ХХК нь Н ХХК, иргэн Ж.Шын барилгад олгогдсон 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дугаар Техникийн нөхцөл-ийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Ус сувгийн удирдах газрын Техникийн нөхцөл олгох комиссын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хурлын шийдвэрээр тоот техникийн нөхцөл олгож, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хурлын шийдвэрээр тоот техникийн нөхцөлийг Н ХХК, иргэн Ж.Шын дүүргийн 1-р хороо, ийн гудамж үйлчилгээний 9 давхар барилгад шинэчлэн олгожээ.

3. Уг техникийн нөхцөлийг эс зөвшөөрч М******* ХХК 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-т 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тоот техникийн нөхцөлийг хүчингүй болгуулахаар 21/23 тоот албан бичиг хүргүүлжээ.

4. Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-аас 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2/906 тоот албан бичгээр 2022 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн хурлын шийдвэрээр уг техникийн нөхцөлийг хүчингүй болгох боломжгүй гэсэн хариу мэдэгдсэн байна.

5. Нэхэмжлэл гаргагч М******* ХХК нь тус шүүхэд Н ХХК, иргэн Ж.Шын барилгад олгогдсон 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дугаар Техникийн нөхцөл-ийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гаргажээ.

6. Нэхэмжлэгч М******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.*******, өмгөөлөгч Д.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Манай "М*******" ХХК нь Нийслэлийн дүүргийн 1-р хороо, ын гудамж-13 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай барилгын төслийг хэрэгжүүлдэг болно. Манай компани нь өөрийн барилгаас үндсэн бохирын төв магистраль шугам хүртэл салбар шугамыг өөрийн хөрөнгөөр бүрэн хийж гүйцэтгэсэн билээ. Төсөл хэрэгжих хугацаанд орчны барилга байгууламж ихсэж бохир усны ачаалал нэмэгдэх болсон тул Техникийн нөхцөлийг нийт 3 удаа шинэчлэн батлуулсан нь 2006.11.23-ны өдрийн 361/06, 2015.08.04-ний 345/15, 2021.05.19 ний 189/21 дугаар техникийн нөхцөлүүд юм. Гэвч Ус сувгийн удирдах газар нь манай барилгын урд байрлах "Н " ХХК, иргэн Б.Шын барилгад 2021.10.13-ны өдрийн дугаар Техникийн нөхцөлийг олгохдоо 4 дэх заалтаар "М******* ХХК-ийн бохир усны шугаманд холбох" хэмээн манай байгууллагын эрх хууль ёсны ашиг сонирхолд халдсан хууль бус зөвшөөрөл олгожээ. Анх 2021 оны 11 сараас эхлэн одоог хүртэл манай барилгын урд байрлах иргэн Ж.Шын эзэмшлийн 9 давхар оффисын зориулалттай барилга, Ерөнхий сайд асан П.Ггийн нэрэмжит сангийн 22 давхар оффис, орон сууцны зориулалттай барилгуудын зүгээс хамтран манай эзэмшлийн бохирын шугамд зөвшөөрөлгүй холбогдох оролдлогыг хууль бусаар, хүч түрэн хийхээр удаа дараа оролдож эхэлсэн юм. Энэ тухай манай компанийн зүгээс мэдсэн даруйдаа 2022.04.20-ны өдөр Ус сувгийн удирдах газарт гомдол гаргахад 2018.08.07-ны бичгээр танайх өөрийн бохир усны шугаманд холбохыг тохиролцсон тул техникийн нөхцлийг хүчингүй болгох боломжгүй" гэх хууль бус хариуг ирүүлсэн. Гэвч 2018 онд зөвшөөрсөн гэх тухайн үйл явдал гагцхүү манай байгууллагад өмнө олгогдсон 2015.08.04-ний өдрийн 345/15 тоот Техникийн нөхцөл хүчин төгөлдөр үйлчилж байх үед хамаарах бөгөөд энэ байдал өөрчлөгдсөн тухай Ус сувгийн удирдах газарт мэдэгдсээр ирсэн болно. Учир нь тухайн зөвшөөрлийг хүргүүлж байх үед манай барилгын бохир усны нийт ачаалал 28м. куб/хон байсан тул татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлж байсан.

Гэвч Н " ХХК, иргэн Б.Шын барилга нь техникийн нөхцөл авах үйл ажиллагаа явуулаагүй, манай байгууллагатай аливаа байдлаар зөвшилцөөгүй 2021 он хүрсэн. Энэ хугацаанд барилгын орчны барилга байгууламж ихсэж бохир усны ачаалал нэмэгдсээр 70,42 м. куб/хон болсон тул Манай компани техникийн нөхцөлөө шинэчлүүлэхээс аргагүй болж өөр барилгыг үүнээ хойш холбох боломжгүй болсон гэдгээ мэдэгдэж, Ус сувгийн удирдах газраас ч түүнийг хүлээн авсан болно. Гэвч үүний дараа "Н " ХХК, иргэн Б.Шын барилгад 2021.10.13- ны өдрийн дугаар Техникийн нөхцөлийг олгохдоо манай компанийн бохир усны шугаманд холбохоор зөвшөөрөл олгосон нь Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14-р зүйлийн 14.3 "Хангагч хууль тогтоомж, заагаагүй нөхцөл, шаардлага тавьж хэрэглэгчийн эрхийг хязгаарлах" гэсэн заалтыг шууд зөрчиж байна.

Ус сувгийн удирдах газар нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасан Захиргааны байгууллага болохын хувьд өөрийн чиг үүргийг хэрэгжүүлж Техникийн нөхцөл олгохдоо бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэгтэй. Иймд "Н " ХХК, иргэн Б.Шын барилгад олгогдсон 2021.10.13-ны өдрийн дугаар "Техникийн нөхцөл"-ийг хүчингүй болгуулж өгнө үү. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай: Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлд урьдчилан шийдвэрлэх ажиллаагааг дараах журмаар явуулахаар заасан: .93.1. Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана. -93.2.Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно. "Манай байгууллага нь маргаан бүхий актын тухай мэдсэн даруйд Ус сувгийн удирдах газарт 2022.04.20-ны өдөр гомдол гаргахад, 2022.04.26-ны өдрийн 2/906 дугаар албан бичгээр Техникийн нөхцөлийг хүчингүй болгох боломжгүй тухай мэдэгдсэн тул ийнхүү шүүхэд хандаж байна. Ус сувгийн удирдах газрын хувьд хуульд тусгайлан заасан дээд шатны байгууллага байхгүй тул тухайн байгууллагад нь гомдол гаргаснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан гэж үзэх үндэслэл болно.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М******* ХХК-ийн Н *******" ХХК, иргэн Б. Шын барилгад олгогдсон 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дугаар "Техникийн нөхцөл"-ийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Техникийн нөхцлийг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2016 оны 84 дүгээр тогтоолоор батлагдсан "Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл олгох журам"-ын 1 дүгээр зүйлийн 1.2.1.4 дэх хэсэгт зааснаар байгуулагдсан "Техникийн нөхцөл олгох комисс" олгодог. Уг комисс нь ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл олгох журам"-ын 2.7 "Техникийн нөхцөл олгох үйл ажиллагаатай холбогдож гаргасан өргөдөл, гомдлыг хуульд заасан хугацаанд багтаан хянаж, шийдвэрлүүлэх үүрэгтэй" 2.8 "Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн техникийн нөхцлийн хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэсэн шийдвэрт маргаан үүссэн бол асуудлыг дараагийн шатны байгууллагад тавьж шийдвэрлүүлэх үүрэгтэй" гэж заасны дагуу М******* ХХК-ны өргөдлийг хүлээн авч шийдвэрлэсэн байдаг

Техникийн нөхцөл олгох комисс нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 11 дүгээр зүйл, Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2016 оны 84 дүгээр тогтоолоор батлагдсан "Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл олгох журам"-ыг үндэслэл болгон хэрэглэгчдэд техникийн нөхцөл олгодог. дүүргийн 1 дүгээр хороо, Гэрлэх ёслолын ордны хойд талд баригдсан "Н ХХК, иргэн Ж. Шын 9 давхар барилгад холбогдох журмын дагуу анх 2011 онд техникийн нөхцөл олгож, хэрэглэгчийн хүсэлтийн дагуу хугацаа сунгах шийдвэрүүдийг комиссын хурлаас тухай бүрд нь гаргаж байсан бөгөөд 2018 онд " Н " ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 001/2018/278 тоот албан бичиг болон хавсралт материалуудыг үндэслэн техникийн нөхцөлийг шинэчлэн олгосон. Техникийн нөхцөлийн хугацаа 2 жилээр байдаг учир уг техникийн нөхцөлийн хугацааг, 2021 оны 10 сарын 13-ны өдрийн дугаар техникийн нөхцөлөөр сунгаж, дахин шинээр бичигдэж олгосон байна. Олгогдсон техникийн нөхцөлд өмнөх техникийн нөхцөлд заагдсан зүйлийг өөрчлөөгүй.

Нэхэмжлэлд"....барилгын орчны барилга байгууламж ихсэж бохир усны ачаалал нэмэгдсээр 70.42м.куб/хон болсон тул манай компани техникийн нөхцөлөө шинэчлүүлэхээс аргагүй бол өөр барилгыг үүнээс хойш холбох боломжгүй гэдгээ мэдэгдэж УСУГ-аас түүнийг хүлээн авсан болно. Гэвч үүний дараа "Н ХХК иргэн Ж. Шын барилгад 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дугаар Техникийн нөхцөлийг олгохдоо манай компанийн бохир усны шугамд холбохоор зөвшөөрөл олгосон нь... хууль зөрчсөн гэжээ. Техникийн нөхцөл олгох комиссоос "Н ХХК, иргэн Ж.Шын барилгад 2021.10 13-ны өдрийн дугаар техникийн нөхцөлийг олгохдоо буюу 2018 онд олгогдсон заалтуудад өөрчлөлт оруулаагүй, усны хэрэглээ нэмэгдүүлээгүй. Мөн М******* ХХК нь ачаалал нэмэгдсэн учраас манай эзэмшлийн бохир усны шугам сүлжээнээс нэмэлт хэрэглэгч холбох боломжгүй болсныг мэдэгдье" гэсэн албан бичгийг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөр буюу Н ХХК, иргэн Ж. Шын барилгад техникийн нөхцөл олгогдсоноос хойш ирүүлсэн байдаг.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.9-д зааснаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс "Техникийн нөхцөл олгох журам"-ыг баталсан бөгөөд уг журмын 7 дугаар зүйлийн 7.3-т Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл өөрөө журмын хэрэгжилтэд нь хяналт тавихаар зохицуулсан байгаа. Мөн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах хангагч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхээр заасан байхад нэхэмжлэгч байгууллага нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчиж шууд шүүхэд гомдол гаргасан байна. Иймд М******* ХХК-ны "Н *******" ХХК, иргэн Б.Шын барилгад олгогдсон 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дугаар "Техникийн нөхцөл"-ийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэжээ.

8.Гуравдагч этгээд Н ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.А шүүхэд гаргасан тайлбартаа: Танай шүүхэд "М*******" ХХК-ийн гаргаж өгсөн нэхэмжлэл, мен хариуцагч болох Ус сувгийн удирдах газарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн танайд ирүүлсэн тайлбар бичигтэй танилцаж энэхүү тайлбарыг хүргүүлж байна. Үүнд "М******* ХХК болон "М*******" ХХК-ийн одоогийн Центрум оффис, иргэн Ж.Ш, "Н ХХК-ийн оффис үйлчилгээний барилгуудын хоорондох газрын маргаан, нийтийн эзэмшлийн талбайн болон баригдаж буй барилгуудын асуудлаар 2013 - 2016 оны хооронд захиргааны шүүхээр 5 шатны маргаан явагдаж гурван талын эвлэрлийн гэрээг үндэслэн дахин энэхүү асуудлаар хэн нэгэн тал нь давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүйгээр шүүхийн шүүгчийн 111,116 дугаар захирамж гарсан байдаг. Энэхүү гурван талын эвлэрлийн дагуу "М*******" ХХК нь Хуримын ордны урд талруу 4 метрийн өргөнтэй 4 давхар зөвшөөрөлгүй өргөтгөл хийсэн нь манай барилгын дулааны шугамын трассын дээгүүр болон цэвэр, бохир усны шугамын стандарт нормыг зөрчин шахаж баригдсан байдаг. Гурван талын эвлэрэл, дээрх шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж манай компани "М******* ХХК-нд ямар нэгэн хүндрэл, саад учруулахгуйн үүднээс холбогдох техникийн нөхцөл болон бусад акт бичиг баримтын дагуу гадна бохир усны шугамын холболтоос бусад шугам болох гадна дулаан, цэвэр усны шугамын холболтыг өөр газраас хийсэн. Манайх "М******* ХХК-ийн дээрх хийгдсэн өргөтгөлийг тухайн үед ямар нэгэн хэл ам, гомдол саналгүйгээр бариулаагүй бол бид одоо өөрийн дулаан, цэвэр, бохир усны шугамын трассын дагуу бүх холболтоо хийгээд дуусгах байсан. "М*******" ХХК-аас 2018 оны 08-р сарын 07-ны өдөр өөрийн гадна бохир усны шугаманд холболтыг хийхэд татгалзах зүйлгүй талаар албан тоотыг манайд гаргаж өгснөөр бид Ус сувгийн удирдах газраас холбогдох гадна бохир усны техникийн нөхцөлийг гаргуулсан. Гэтэл манай барилгын бохир усны шугам угсралтын ажлыг "М*******" ХХК-аас удаа дараа явуулахгуй хориг саад хийж байгаа нь бидний ажилд хүндрэлтэй байна. Ус сувгийн удирдах газраас "М*******" ХХК-д олгогдсон 189/21 дугаартай техникийн нөхцөлийн тавигдах шаардлагад Хот суурин, ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай" хуулийн 15.1.10-ын дагуу хангагч нь хэрэглэгчийн шугамаас дамжуулан шинээр хэрэглэгч холбох техникийн нөхцөл олгосон тохиолдолд батлагдсан ажлын зураг, төслийн дагуу дараагийн хэрэглэгчийг холбуулах гэдгийг "М*******" ХХК-д үүрэг болгон заасан байна. Мөн "М*******" ХХК-ийн охин компани болох "Эм и саб" ХХК-ийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 12-р сарын 31-ний өдрийн гаргасан нэхэмжлэлийн дагуух маргаан хоёр шатны буюу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс дээрх гурван талын эвлэрэл, 2016 онд гарсан мөн шүүхийн шүүгчийн 111, 116 тоот захирамжуудыг үндэслэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шүүгчийн тогтоол хүртэл гарсан байгааг энэхүү тайлбарт дурдах нь зөв байх.

Иймд танай шүүх дээр гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулж бид гуравдагч этгээдээр оролцож байгаагийн хувьд иргэн Ж.Ш, Ус суваг удирдах газрын тайлбаруудыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэл бүхий байна гэж үзэж байна. гэжээ.

9.Гуравдагч этгээд Ж.Ш шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Танай шүүхээс ирүүлсэн "М*******"ХХК-иас 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Ус сувгийн удирдах газарт гаргасан 10 тоот гомдлын шаардлагатай иргэн би танилцлаа. "М*******" ХХК түүний захирлууд тухайлбал гүйцэтгэх захирал Р.Э*******, одоогийн захирал болох Г.******* нар нь манай барилга 2010 онд 9 давхар 9 айлын орон сууцны талбай бүхий оффис үйлчилгээний барилгынхаа суурийг тавьж ажлаа эхлүүлсэн тэр цаг мөчөөс хөрөнгө мөнгөтэй баян чинээлэг ардаа асар том хамгаалалттай хүмүүс энгийн иргэнээс ядарсан аж ахуйн нэгжийг хэрхэн өөрсдөдөө талбай авах, мөнгө авах нөхцлийг бий болгодог. Үүнийг өнөөдрийн төр засгийн удирдлага ба хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагааны хүрээнд илрүүлж, ард түмэнд нээлттэй ил тод болгоод байгаа жишээний нэг мөнөөс мөн гэж иргэн би үзэл бодлоо илэрхийлж байна. "М*******" ХХК энэхүү хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд иргэн Ж.Ш, "Н " ХХК-нд хандаж байсныг товч дурдьяа: 1. 2010 оны намар Н ХХК энэхүү оффисынхоо суурийг гаргаж суурь болгохынхоо арматурын системийг иж бүрэн хийгээд маргааш нь бетоны ажлын цутгалгаа хийх гэж байхад суурийг усаар дүүргэж өглөө А захирал бид ирэхэд Р.Э******* захирал ерөнхий инженерийнхээ хамт одоо барьж байгаа оффисын барилгынхаа цонхыг онгойлгон бид нар луу салаавч үзүүлэн, чанга дуугаар инээлдэж, алга ташилдан зогсож байсан. Энэ үйлдлийн цаана маш холын бодол, мөрөөдөл байсан нь өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. 2. 2010-2016 онуудад манай барилгын ажлыг явуулахгүйн тулд бөхчүүд, гудамжны танхайчуудын багийн 10,20,30 хүний бүрэлдэхүүнтэй хүчирхийллийг Б.А захирал бид хоёрт, манай талбан ажилчдад үзүүлж байлаа. Заримдаа цагдаа дууддаг байв. Гэхдээ гомдол гаргаж "М*******"ХХК-г хүнд байдалд оруулаагүй. 3. Иргэн Ш миний гар утсанд "Үр хүүхдүүдээс чинь хариу авна" гэсэн мессеж ирсэн. Энэ айлгалтууд өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Саяхан Б.А захирал руу "М*******" ХХК-н үйл ажиллагаатай холбоотой Баянбаатар гэдэг том албан тушаалтай хүн утсаар залгаж "ална шүү"гэж айлган сүрдүүлсэн байсан. Мөн "М*******"ХХК-ийн холбоо хамаарал бүхий Энхбаяр гэдэг том албан тушаалтан 2021 оны 11 дүгээр сарын 21-ны орой 99078294 утсаар "солиор галзуур" гэж дарамталж иргэн би 30 минут харуусан дэргэд нь уйлж зогссон билээ. Саяхан "М*******" ХХК-ийн одоогийн захирал Г.*******эд эвлэрлийн захидал хүргэж, хэн хэндээ тусалж барилгуудаа шуурхай ашиглалтад орууляа. Иймд уулзалдах хүсэлт тавьсны дагуу 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 11 цагаас 12 цагийн хооронд Хэлмэгсдийн музейн барилгын урд барилгад байрлах кофёны газар уулзаж байдлаа ярьж ахдаа бохирын шугамаа холбож барилгаа наадмын өмнө өгөхөд туслаач гэж сөгдөн гуйсан. Хэдийгээр Монгол улсын гавьяат барилгачин, 70 настай өвгөн боловч ач нартай маань үе тэнцүү энэ хүүхдээс арга ядан цөхөрсөндөө ингэж гуйхад хүргэснийг ******* захиралд хэлсэн. Гэтэл ******* захирал надтай урьд нь тохиролцолгүй уйлсан бичлэг хийсэн байдал нь энэ хүүхэд яг л Р.Э*******ы заасан замаар яваад байгаа мэт санагдсан. Өөрөөр хэлбэл Р. А бид хойроос 1 давхраа өг эсхүл хохирлоо амсуулъя гэж 2013-2015 онд Р.Э******* захирал А захирал бид хоёрт тулгаж дарамталж байсан тэр зорилгоо энэ Г.******* гэдэг хүнээр дамжуулан хэрэгжүүлсний төлөө "М*******"ХХК-иас 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр олгосон зөвшөөрлийн дагуу хууль эрх зүйн хүрээнд Ус сувгийн удирдах газраас сунгалт хийгдэж олгогдсон 2021 оны 10 дугаар сарын 13-ны 722/22 дугаартай текникийн нөхцлийг хүчингүй болгон хуулийн үндэслэлгүй нөхцөл байдлаар дарамталж манай барилгыг ашиглалтад оруулж хэрэгжүүлэхгүй гээд байгаа ойлголт надад төрөөд байна. Яагаад хуулийн үндэслэлгүй гэвэл малын бохирын холболт "М*******" ХХК-ийн зоорьны хэсгээр явна уу, гадуур талбайгаар явна уу. М******* ХХК-иас 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр олгосон зөвшөөрлөөр уг ХХК-ийн төв худагт холбогдох ганцхан ойлголт үнэнээс үнэн хэргийг Г.******* захирал өөрөө маш сайн мэдэж байгаа, үүнийг би уулзалтаараа дэлгэрэнгүй ярьж энэ бодит үнэнийг та ойлгож манай талд уг худганд бохирын холболтоо ойрын өдрүүдэд хийхийг туслаач гэж сөгдөн мөргөж гуйсан болно. Г.******* захирал их нааштай байсан, бичсэнээ устгалаа шүү гэж надад хэлж уучлалт гуйсанд иргэн би маш их баярласан. Ер нь "М*******"ХХК-ийн энэ агуу том оффисын барилга хэдэн жилийн дараа ашиглалтад орох нь тодорхой бус байхад зоорийн давхарт манай х бохирын шугамаа холбоно гэж хэзээ ч байж болохгүй ойлголт шүү дээ. Уулзалтын үеэрээ Г.******* захиралд та "М*******"ХХК-ийн Р.Э******* гэдэг захирлын шунал мэдэхгүй бөгөөд өртөх бий болгоомжлоорой, монгол хүн бид чинь энэ хүнд цаг үед нэг нэгэндээ тусалж байж л даван туулна нөгөөтэйгүүр ах нь 2015 онд зүрхний хагалгаанд орж зүрхний 8 цэгийн судасны бөглөрөл үүссэн, одоо бас гурав дахь мэс засалдаа өнөө маргаашгүй орох гэж байна, хүүхдүүддээ энэ жижиг барилгын өмчлөлдөө оруулж бурхан болох хүсэл тэмүүлэл байна гэдгээ ойлгуулж хэлсэн. Иймд Г.******* захирлаас ахыгаа бурхан болохоос өмнө ахлах туслаач гэж сөгдөн сөргөж хүссэн. Иргэн Ж.Ш би 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зүрхний яаралтай хагалгаанд орсон. Мөн л хоёр судас нь бөглөрсөн онгойлгох боломжгүй эм тангаа тасралтгүй сайн уу гэсэн эмчийн зөвлөгөө авсан. Нөгөөтэйгүүр сэтгэлийн хямралд орж болохгүй хурдан хөдөлгөөн хийх хүнд зүйл өргөхийг хориглосон. М******* ХХК болон Мон аз ХХК, иргэн Ж.Ш нарын хооронд маргаан үүсэж 2013-2016 оны хооронд 5 шатны шүүхээр хэлэлцэгдэж эцэст нь М******* ХХК М******* ХХК, иргэн Ж.Ш нар нь эвлэрч аман хэлбэрийн хэлцэл хийж үүнийгээ үндэслэн шүүхийн шүүгчид албан бичгээр нэхэмжлэлүүдээсээ татгалзсан хүсэлтээ өгч 2016 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 111, 116 тоот захирамж гарсан байдаг. Энэ үеийн аман хэлэлцээрээр цаашид хэн хэндээ саад хүндрэл учруулахгүй аливаа асуудал гарвал хоорондоо уулзаж эвтэй найртайгаар шийдвэрлэж барилгуудаа , хурдан ашиглалтад оруулахаар тохиролцсон. Гэтэл энэ үүргээ М******* ХХК хэрэгжүүлэхгүй зөрчиж Р.Э*******ы шунал хяслан гурвалжилж, Нийслэлийн хот байгуулалтын хөгжлийн газрыг 2013 онд бидэнд гаргасан асуудлаараа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны болон давах шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан болно. Манх эвсэг ХХК, иргэн Ж.Ш дээрх эвлэрсэн хэлэлцээр манай хуучин оффисын дууссан цэвэр усны шугамд тусгай зөвшөөрөлгүй барьсан 4 метрийн өргөнтэй М******* ХХК-ийн өргөтгөлийн барилгыг буулгах нэхэмжлэлээсээ татгалзсаны дагуу дулаан, цэвэр усны шугамаа асар их зардал гаргаж зүүн талаасаа барьсан. Иргэн би бодит байдалтай уялдуулан дээрх мэдээллийг өгч байгаатай холбогдуулан доорх үзэл бодлоо энэхүү нэхэмжлэлийн доорх утгатай уялдуулан илэрхийлж доорх саналуудаа илэрхийлж байгааг шүүгч та танилцан үзнэ үү. Хүнд өвчтэй хөгшин настай би амьд байгаа дээрээ объектоо яаралтай ашиглалтад оруулж ядахдаа үр хүүхэд ач гуч зээ нарынхаа сургууль цэцэрлэгийн төлбөрийг хүүхдүүд маань төлж чадах боломжийг бий болгомоор байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 111, 116р захирамжийн хүрээнд эвлэрлийн аман хэлэлцээрийг үндэслэн М******* ХХК нь гомдлыг гаргах үйл явцдаа хөндлөнгийн этгээдүүдийг хамааруулан нэхэмжлэл гаргаж байгаа нь тухайн хариуцагчийг биш тойруу замаар Н ХХК захирал Б.А иргэн Ж.Ш хоёрыг зовоож байж Р.Э******* захирлын давхар авах, их хэмжээний мөнгө авах зорилгыг хэрэгжүүлэх бодлого явагдаад байгаа мэт. Үүний бодит жишээ бол НХБХГ-ыг шүүхэд өгсөнтэй нэг адил байна. Ус сувгийн удирдах газар нь Н ХХК-нд олгосон 2021 оны 10 дугаар сарын 1ны өдрийн дугаартай техникийн нөхцөл нь М******* ХХК-ийн эрхэнд огт халдаагүй 2018 он 08 дугаар сарын 07-ны өдөр М******* ХХК-иас Ус сувгийн удирдах газарт хүргүүлсэн албан тоотыг үндэслэн олгогдсон манай тоот техникийн нөхцлийг үндэслэл болгон баталгаажуулан гаргасан. Иймд ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл байхгүй гэж үзэж байна. Ер нь аливаа техникийн нөхцөлүүдийг уншаад үзэхэд хангагч нь хэрэглэгчийн шугамаас дамжуулан дараагийн шинээр хэрэглэгчийг холбуулах гэж М*******"ХХК-ийн 345/15, 189/21 тоот техникийн нөхцлийн 6-р зүйлийн 2-т заасан нь Хот суурины ус хангамж, талуудын ашиглалтын тухай хуулийн 15.1.10-т нийцсэн. Н ХХК иргэн Ж.Шын татж байгаа бохирын шугамд Ерөнхий сайд асан Т.Ггийн нэрэмжит сангийн 22 давхар барилгын бохирын шугам холбогдохгүй, ямар ч хамааралгүй байхад М******* ХХК-ийн зүгээс хүсэл зорилгоо хэрэгжүүлэхийн тулд худал мэдээллийг нэхэмжлэлдээ оруулсан байна. 4. "М*******"ХХК нь нэхэмжлэлдээ "Н " ХХК, иргэн Ж.Шын зүгээс 2021 он хүртэл "М*******" ХХК-тай бохирын шугамын тухай ярьж байгаагүй гэж ясны худал мэдээлэл тараасан байна. "Н " ХХК-ийн захирал Б.А энэ талаар тодорхой дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Ялангуяа төлбөр тооцоо хийсэн талаар өгөх байх. "Н " ХХК иргэн Ж.Шын барилгад 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тоот техникийн нөхцөл олгохдоо Ус сувгийн удирдах газар "Хот суурины усны хангамж, ариутгал татуургын ашиглалтын тухай" хуулийн заалтуудыг зөрчөөгүй болно. Үүнийг 2-р зүйлээс дэлгэрэнгүй танилцаж ойлгоно. Иймд иргэн би УСУГ-ын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн тайлбарт тусгагдсан үндэслэлтэй санал нэг байгаа тул "М*******"ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 10 тоот нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан хэрэгсэхгүй болгох саналын нэг байна. М*******" ХХК-ийн 2018 оны зөвшөөрлийн хүрээнд олгогдсон техникийн нөхцөлийн дагуу манай 9 айлын орон сууцын талбай бүхий барилгын 9 цэгийн энэхүү бохирын шугамын ажлыг хийх гэж урт хугацааг зарцуулж 13 жилийн хугацаанд барилгаа ашиглалтад оруулж чадахгүй байна. Өнөөдөр уг барилга 93 хувьтай байгаа боловч "М*******"ХХК-ийн зүгээс улсын комисс оруулах боломжийг хаах замаар манай талыг урдаа сөгдүүлэн, хүссэн замаар манай талыг урдаа сөгдүүлэн, хүссэн талбай мөнгөө нэхэх замаар авах зорилго тус ХХК-ийн удирдлагуудад байгаад байгаа нь тодорхой. Мэдээж зүгээр хүн ийм үйлдэл хэзээ ч хийхгүй шүү дээ. Манай барилгад ресторан, зочид буудал, баар ажиллахгүй. Үүнээс үзэхэд манай объектоос гарах бохирын хэмжээ асар бага хэмжээтэйг би илэрхийлж байна. Харин ашиглалтын явцад засвар үйлчилгээ гарсан тохиолдолд бид ашиглах тодорхой гэдгээ мэдэгдэж байна. Энэ нь "М*******"ХХК-д ашигтай нөхцөл байдал үүснэ. Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 02-02/4403 2022 оны 05 дугаар сарын 18-ны "Н " ХХК, иргэн Ж.Ш бид холбогдох байгууллагуудын хяналтын дор бохирын шугамын ажлаа гүйцэтгэхийг зөвшөөрсөн мэдэгдэл ирүүлсэн байдаг. Иймд манай талаас бохирын шугамын ажлыг гүйцэтгэхээр барилгаа улсын ашиглалтад оруулахаар төлөвлөж гүйцэтгэсэн боловч "М*******"ХХК нь комисс ажиллуулахгүй байх үүднээс бидэнд үнэхээр хүн чанаргүй хүйтэн цэвдэг өөрсдөө аав ээж үр хүүхэдгүй хүмүүс шиг хандаж өндөр настан надыг сэтгэл зүйн дарамтад оруулж зүрхний гурав дахь хагалгаанд оруулахад хүргэлээ. М*******"ХХК-ийн энэ хүү хүнлэг биш, ард иргэд, хөрш аж ахуйн нэгжүүдээ дорд үзэж, бодохгүй байгаа нь Р.Э******* захирлын нөлөө захиалгатай, энэ хүний шунал хүслийг хэрэгжүүлэхэд хамтрагч нэг үйл ажиллагаа мэт санагдаж төсөөлөл төрж байна. "М*******"ХХК-ийн энэхүү худал мэдээллээрээ манайх тус ХХК-ийн бохирын худагт бага хэмжээтэй бохироо шугамаар холбох нөхцөл бүрэн бүрдсэнийг зохиомлоор бүрдээгүй мэт тайлбарлаж техникийн нөхцлийг хүчингүй болгуулах чиглэлийг шүүхийн байгууллагаар Ус сувгийн удирдах газарт өгүүлэн, манай барилгын улсын комисст өгөх үйл ажиллагаа саатаж магадгүй шүүхийн процессын 2013-2016 онуудад явуулсан үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх зорилт тавьсан байхыг үгүйсгэхгүй байна. Иймд хүнд байдалд үүсгэж Б.А захирал иргэн Ж.Ш бууж өгөөд "М*******"ХХК-ийн удирдлагуудын хүсэлтийг хүлээн авна гэж төсөөлөөд байгаа байх гэж бодож байна. Хууль бус тийм зүйл хэзээ ч болохгүй гэдэгт итгэлтэй байна. Иймд "М*******"ХХК-ийн энэхүү нэхэмжлэлийг шүүхийн байгууллага чах нь зүйтэй вэ гэдэг асуудлыг Монголынхоо ард түмний сайн сайхан амьдралын төлөө өдөр шөнөгүй зүтгэж байгаа шүүгч та бүгдийг нь шийдэх асуудал болохоор тайлбараа ийнхүү дуусгаж байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.М ХХК-ийн нэхэмжлэлтэй УГазарт холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт тулгуурлан дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэл гаргагч М******* ХХК нь Н ХХК, иргэн Ж.Шын барилгад олгогдсон 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дугаар Текникийн нөхцөл-ийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн шинжээч томилуулах хүсэлтийг харгалзан, тус шүүхээс 2022 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 1/10252 тоот Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлд Шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай албан бичиг явуулсан байх ба 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тус зөвлөлийн 01/715 тоот Шинжээчийн дүгнэлт-ийг ирүүлсэн байна.

4.Тус дүгнэлтэд ... "Ус сувгийн удирдах газар" ОНӨААТҮГ-аас "М ХХК-ийн 2018 оны О8 дугаар сарын 07-ны өдрийн зөвшилцсөн албан бичгийг үндэслэн "Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл олгох журам"-ын 34-д " Хэрэглэгч техникийн нөхцөл авахаар хүсэлт гаргахдаа холбуулахаар санал болгож байгаа шугам сүлжээний өмчлөгчтэй зөвшилцсөн байх ба холбогдох байгууллагаас техникийн тодруулгыг авна" гэж заасны дагуу гуравдагч этгээд болох "Н ХХК-д 2021 оны дугаар техникийн нөхцөл олгосон байна. "УГ-аас "Н " ХХК-д Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4 дэх хэсэг болон Хот, суурины ус хангамж , ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2016 оны 84 тоот тогтоолоор батлагдсан "Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл олгох журам"-ын хүрээнд 2021 оны 772/21 дугаар техникийн нөхцөл олгосон байна. Иймд нэхэмжлэгч М******* ХХК-аас Н ХХК, иргэн Ж.Шын барилгад олгогдсон 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дугаар Техникийн нөхцөл-ийг хууль бус гэж маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд 2021 оны 772/21 дугаар техникийн нөхцөл нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийг зөрчөөгүй захиргааны байгууллагын хууль ёсны шийдвэр байна. гэжээ.

5.Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н ХХК-иас 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 001/2022/380 дугаар албан бичгээр ... Танай эзэмшлийн газар дээр баригдаж байгаа Министер тауэр барилгын зүүн талд байгаа гадна бохир усны шугамын /Ф200мм/ гаргалгааны шугамд манай компанийн барилгын бохир усны шугамыг холбох зөвшөөрлийг бичгээр гарган өгч бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү гэх агуулга бүхий албан бичгийг П.Ггийн нэрэмжит сан ТББ-д хүргүүлжээ.

6.Дээрх албан бичгийн хариуд П.Ггийн нэрэмжит сан ТББ-ын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 01/11-2022 дугаар албан бичгээр ... дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй манай үйлчилгээтэй орон сууцны барилгын зүүн талд байрлах гадна бохир усны Ф200мм гаргалгааны шугамд танай Үйлчилгээний барилгын бохир усны шугамыг холбоход бидний зүгээс татгалзах зүйлгүй болно гэсэн хариуг Н ХХК-д өгсөн байна.

7. Н ХХК-иас дээрх П.Ггийн нэрэмжит сан ТББ-ын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 01/11-2022 дугаар албан бичиг болон бусад холбогдох баримтыг хавсарган "Ус сувгийн удирдах газар" ОНӨААТҮГ-т техникийн нөхцөл олгуулах хүсэлтийг хүргүүлсэн байх бөгөөд Техникийн нөхцөл олгох комиссын 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хурлын 24 дүгээр шийдвэрээр Н ХХК-ийн барилгын бохир усны шугамыг П.Ггийн нэрэмжит сангийн бохир усны ф200 мм-ийн шугамд холбуулахаар шийдвэрлэсэн нь бодит нөхцөлд тохирсон Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 Захиалагч, хөрөнгө оруулагчийн хүсэлтийг үндэслэн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 9.1-д заасны дагуу батлуулсан стандартын дагуу техникийн нөхцөлийг хангагч олгоно., 14 дүгээр зүйлийн 14.4. Хангагч нь шинээр барилга байгууламж холбох техникийн нөхцөлийг шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг үндэслэн олгоно. гэж заасны дагуу олгосон байна.

8.Дээрх шийдвэр гарснаар 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дугаар Техникийн нөхцөл-ийн үйлчлэл нь дууссан, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдөөгүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ.

   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг баримтлан М******* ХХК-иас Н ХХК, иргэн Ж.Шын барилгад олгогдсон 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дугаар Техникийн нөхцөл-ийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ