Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 93

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Одгариг,

Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч: Ц.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Пүүлэд овгийн Цэцгээгийн Зоригтод холбогдох 1728000000009 дугаартай нэг хавтас хэргийг 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Ц.Зоригт нь согтуугаар 2017 оны 07 дугаар сарын 23-ны орой Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв Далангийн байранд эхнэр П.Батцэцэгийн бие эрх чөлөөнд халдан бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахь нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Ц.Зоригт нь согтуугаар 2017 оны 07 дугаар сарын 23-ны орой Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв Далангийн байранд эхнэр П.Батцэцэгийн бие эрх чөлөөнд халдан бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Шүүгдэгч Ц.Зоригтод холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон,  гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хуульзүйн үр дагаврыг ойлгосон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Ц.Зоригт нь 2017 оны 07 дугаар сарын 23-ны орой Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв Далангийн байранд эхнэр П.Батцэцэгийг унтаж байхад “Чи муу ханаж цадаа юу” гэж хэлэн бие эрх чөлөөнд халдаж мөрнөөс татан ууц руу нь 2 удаа өшиглөж, хоолойг багалзуурдан эрүүл мэндэд нь хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Ц.Зоригтын гэмт үйлдлийн улмаас хохирогч П.Батцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байна. Үүнд:

Хохирогч П.Батцэцэгийн...”2017 оны 7 дугаар capын 23-ны өдөр ах, дүүсийн уулзалтанд явсан. Ууланд явахдаа нөхөр Зоригтыг авч явсан. Тэгээд шөнө 22 цаг өнгөрч байхад уулнаас ирсэн. Тэгээд Далангийн байранд байх эгчийнд ирээд хашаанд нь би майхнаа шидээд нөхрийн хамт унтсан. Тэгсэн нөхөр гэнэт миний мөрнөөс татаад наашаа хар гэж хэлсэн. Тэгэхээр нь яах гээд байгаа юм бэ, зүгээр бай гэж хэлсэн. Тэгсэн чи муу ханаж цадаа юу гэхээр нь би юу хуцаад байгаа юм бэ гэхэд босоод миний ууц руу 2 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь яагаад байгаа юм бэ, чи унт гэхэд миний дээр гарч суугаад багалзуурдаад авсан. Тэгэхээр нь би боолтоо салгах гээд өндийх гэхэд болоогүй, нэг мэдэхэд нөхөр майхнаас дээлээ шүүрээд гарч байгаа харагдсан. Тэгээд би босоод дуугарах гэхэд дуугарч болохгүй байсан. Тэгээд тэр шөнө унтаж болохгүй хэвтэж байгаад өглөө болгоод Цогтцэций сум руу яваад өгсөн. Ер нь намайг цохиж зодох шалтгаан байгаагүй. Бид хоёр уулзаагүй нэлээд удсан байсан. Тэгээд надтай унтаж хэвтэх бодол байсан байх тэр үед нь би цаашаа хараад хэвтсэн тэгээд ууралсан байх гэж бодож байна. Тухайн үед миний мөгөөрсөн хоолой 3-н газар цөмөрхий байсныг нь бариачаар бариулаад зүгээр болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 дугаар хуудас/,

Яллагдагч Ц.Зоригтын...” 2017 оны 07 сарын 23-ны өдөр эхнэр Батцэцэгийн хамтаар ууланд ах дүү нартай хамт явсан. Тэгээд ууланд очоод уулзалт орой тараад би эхнэрийн хамтаар эхнэрийн нэг ахын машинд сууж ирсэн. Далангийн голд байх айлд ирж буугаад майхан бариад унтсан тэрийгээ мэдэж  байгаа юм нэг мэдэхэд би гол дотор явж байсан. Тэгээд явж болохгүй болохоор нь тэндээ унтаад өглөө болгоод танихгүй айлд очиж хүйтэн ус уугаад чигээрээ яваад дүүгийндээ ирсэн, ийм асуудал болсон” гэх мэдүүлэг /хх-16 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №340 дүгээр дүгнэлт:

1. П.Батцэцэгийн биед хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Батцэцэгийн биед хуучин гэмтлийн үлдэц тогтоогдсонгүй.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 11 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 17 дугаар хуудас/

Иргэдэд үйлчлэх автомат машины лавлагаанаас авсан Ц.Зоригтын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 18 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах тухай тогтоол, банкны байгууллагуудын дансны мэдээлэл /хх-ийн 21-29 дүгээр хуудас/

Аюулын зэргийн үнэлгээний маяг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирснаар гэмт хэрэг төгссөнд тооцогдох ба гэм буруутай этгээдийн үйлдэл, учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ц.Зоригтын гэмт үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт нь хууль ёсны бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Зоригтыг согтуугаар эхнэр П.Батцэцэгийн халдашгүй байдал шууд санаатай халдаж, эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулсан буюу хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Зоригтын үйлдсэн гэмт хэрэгт  ял  хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл  байдлууд тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Зоригтыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Ц.Зоригт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болох дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч П овгийн Цийн Зыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Зыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Зд оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Зоригт нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Зоригт нь цагдан хоригдсон хоноггүй, зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Зоригт нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.ТӨМӨРХҮҮ

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ