Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 1181

 

          

О.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2019/00843 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч О.О-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Н-т холбогдох

 

Худалдсан махны үнэ 1 700 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч П.Амгаланбаатарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч О.О- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзолбоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр бид худалдах, худалдан авах гэрээ хийж, 1 хонийг 22.5 кг-аар тооцож, 1 кг-ыг нь 4.300 төгрөгөөр бодож, нийт 153 ширхэг хонийг 14.802.750 төгрөгөөр худалдаж авъя гэж санал тавьсных нь дагуу би түүнд хэлсэн үнэнд нь 153 ширхэг хонио зарсан. Би махныхаа мөнгийг бэлнээр авна шүү гэхэд Ш.Н- надад би таньд маргааш 12 цагийн үед шилжүүлье гэж хэлсэн. Маргааш нь Ш.Н- рүү залгахад “...махыг чинь авахаа болилоо, та махаа буцааж ав, танд мөнгө өгөхгүй" гэсэн. Уулзаад би Ш.Н-ээс би махаа буцааж авъя гэтэл миний махыг зарчихсан байсан. Ингээд надад махыг маань буцааж өгөөгүй, мөнгө ч өгөхгүй байсан учраас би арга буюу 102 утсанд цагдаад дуудлага өгсөн. Цагдаа Ш.Н-ийг баривчилж, тэр дор нь цагдаагийн хэлтэс рүү авч яваад бичиг баримтыг  нь хурааж, миний гомдлыг шалгаж эхэлсэн. Гэтэл Ш.Н- маргааш нь цагдаа дээр намайг очиход би танд 12.300.000 төгрөгийг нь одоо өгье, та надад гомдолгүй гээд бичээд өгчих, би хэрэгт холбогдмооргүй байна гэж надаас гуйгаад, тэр дор нь надад 12.300.000 төгрөг бэлнээр өгөөд, надаар цагдаад гомдолгүй гэж би цагдаагаас гомдлоо буцааж авсан. Гэвч өнөөдрийг хүртэл Ш.Н- надад 2.502.750 төгрөг өгөөгүй байгаад гомдолтой байна. Тиймээс би Ш.Н-ээс мал мах худалдах, худалдан авах гэрээний үлдсэн төлбөр 2.502.750 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Нэхэмжилсэн шаардлагаас 802 750 төгрөгөөс татгалзаж 1 700 000 төгрөгийг гаргуулж  өгнө үү гэжээ.

            Хариуцагч Ш.Н- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр бид худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Миний бие нийт 153 ширхэг хонины гулууз махыг 1 кг-ыг нь 4.000 төгрөгөөр тооцож худалдаж авсан. Ингээд нийт үнэ 12.301.200 төгрөг болсон. Энэ мөнгийг бүгдийг бэлнээр өгсөн. Одоо бидний дунд өр авлага байхгүй учраас энэхүү асуудлыг шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Ш.Н-ээс 1.700.000 төгрөгийг гаргуулж О.О-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.994 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 42.150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Худалдах худалдан авах гэрээ хийхдээ гэрээний үнийг яг хэрхэн тохирсон нь тодорхойгүй буюу тухайн үнийг тодорхой болгож байгаа ганц баримт нь талуудын хооронд санал гомдол, тооцоо байхгүй гэдэг баримт ба 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2857 дугаар прокурорын тогтоол юм. Энэ нь гомдол санал байхгүй гэдгээ илэрхийлсэн гэсэн байдлаар нотлогдоно. Хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын үндсэн шийдвэрлэх учиртай. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа зөвхөн нэг талын тайлбар болон прокурорын тогтоол гарахаас өмнөх талууд эцсийн байдлаар тохироогүй байсан үеийн цагдаад өгсөн тайлбарыг үндэслэж шийдвэр гаргасан нь буруу тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан зохигчийн хооронд үүссэн маргааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч О.О- нь хариуцагч Ш.Н-т холбогдуулж түүнд худалдсан махны үнэд 2 502 750 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаснаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 802 750 төгрөгөөр багасгаж, 1 700 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Ш.Н- нь 1 хонийг 22.5 кг-аар тооцож, 1 кг-ыг нь 4 300 төгрөгөөр бодож, нийт 153 ширхэг хонины гулууз махыг  нийт 14 802 750 төгрөгөөр нэхэмжлэгч О.О-аас 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр худалдан авсан, гэрээний зүйл болох 153 ширхэг хонины гулууз мах хүлээн авсан, 12 300 000 төгрөгийг төлсөн боловч  махны үнийг дутуу төлсөн болох нь цагдаагийн байгууллагад өгсөн О.О-ын мэдүүлэг, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2857 дугаар прокурорын тогтоол, Ш.Н-, О.О- нарын тайлбар зэрэг бичмэл нотлох баримт зэргээр тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

Хариуцагч махны үнэд 12 300 000 төгрөгийг төлж дуусгасан үлдэгдэл төлбөр байхгүй гэж тайлбарлаж байгаа боловч тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар  нотолж чадаагүй ба Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2857 дугаартай прокурорын тогтоолын агуулгаас үзэхэд талууд 153 ширхэг хонины гулууз махны үнийг  12 300 000 төгрөгөөр тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй байна.

 

             Иймд анхан шатны шүүх хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт    1 700 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Төлбөрөө бүрэн төлснөө хариуцагч нотолж чадаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч П.Амгаланбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2019/00843 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч П.Амгаланбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 42 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.ИЧИНХОРЛОО

                                         ШҮҮГЧИД                                       С.ЭНХТӨР

                                                                                                 Н.БАТЗОРИГ