Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 129/ШШ2022/00721

 

 

 

 

 

 

 

 

 

 

129/ШШ2022/00721

 

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                       

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: У хот, Х үүрэг,.. хороонд байрлах ХАА

Хариуцагч: А аймгийн Т сумын ... багт оршин суух Б овгийн С.Ц

Нэхэмжлэлийн шаардлага: 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б

Хариуцагч С.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих Сангийн ажлын алба нь хариуцагч С.Ц-д холбогдуулан 3,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:   

 

- С.Ц нь бага оврын трактор авахдаа урьдчилгаа 2,500,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 2,500,000 төгрөгийг 500,000 төгрөгийн төлөлт хийж 2013-2017 онд төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу алданги тооцсон. С.Цэнджавтай байгуулсан 2012 оны 6 сарын 07-ны өдрийн АР/161 дүгээр гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй байна. 2012 оны 6 сарын 07-ны өдрийн АР/161 дүгээр гэрээнд тамга, тэмдэг дарагдаагүй байдаг. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас С.Ц-тай 2012 онд байгуулсан 26/17 дугаар гэрээ нь одоо Хөдөө аж ахуйг дэмжих Сангийн ажлын албаны архивт эх хувиараа хадгалагдаж байгаа бөгөөд уг гэрээ бол хүчин төгөлдөр гэрээ. Хариуцагчаас 2,500,000 төгрөг төлөхийг шаардаж байсан эсэх талаар сайн мэдэхгүй байна. Тухайн үед хариуцаж байсан хүмүүс нь шаардаж байсан байх. С.Ц 2022 оны 5 сарын 02-ны өдөр 750,000 төгрөг төлсөн. Иймд үндсэн төлбөр болох 2,500,000 төгрөгөөс С.Ц-н 2022 оны 5 сарын 02-ны өдөр төлсөн 750,000 төгрөгийг хасаад 1,750,000 төгрөг, анз 1,250,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг хариуцагч С.Ц-с нэхэмжилж байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Би 2012 онд 2,500,000 төгрөг төлөөд трактороо хүлээж авсан. Надтай 2012 оны 6 сарын 07-ны өдөр байгуулсан АР/161 дүгээр гэрээндээ тракторын төлбөрт 2,500,000 төгрөг, тээврийн зардалд 300,000 төгрөг тушаах, үлдэгдэл 2,500,000 төгрөгийг төрөөс хөнгөлж байгаа гэсэн байсан. Надад Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 2012 оны 6 сарын 07-ны өдрийн АР/161 дүгээр гэрээг л өгсөн. Би тракторын үлдэгдэл төлбөр болох 2,500,000 төгрөгийг 2013-2017 онд 500,000 төгрөгөөр төлөхөөр гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэгч талд байгаа гэрээг гайхаж байна. Би 2012 оны 6 сарын 07-ны өдрийн АР/161 дүгээр гэрээг хуурамчаар үйлдээгүй. Уг гэрээнд өөрийн гарын үсгээ зурж, утасны дугаараа бичсэн. Би Хөдөө аж ахуйг дэмжих сангаас үр тариа зээлээр авах гэсэн боловч 750,000 төгрөг төлвөл өгнө гэхээр 2022 оны 5 сарын 02-ны өдөр Хөдөө аж ахуйг дэмжих санд 750,000 төгрөг төлж үрийн будаа авсан. Үүнээс өмнө намайг 2,500,000 төгрөг төл гэж байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс:  

- Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 сарын 08-ны өдрийн “Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай” 16 дугаар тогтоол

- Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 4 сарын 24-ний өдрийн “Хөдөө аж ахуйг дэмжих санд хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай” А-134 дугаар тушаал

- 2012 оны 7 сарын 02-ны өдөр байгуулсан 26/17 дугаар “бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ”

- 2012 оны 6 сарын 29-ний өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 3406012236 тоот дансанд С.Ц-с тракторын үнэ 2,500,000 төгрөг шилжүүлсэн тухай Төрийн банкны орлогын баримт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас 2012 оны 6 сарын 07-ны өдрийн “бага оврын трактор худалдан борлуулах” АР/161 дугаар гэрээг шүүхэд гаргаж өгсөн.

 

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б-н хүсэлтээр шүүх Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас нотлох баримт бүрдүүлсэн /Тус газрын 2022 оны 12 сарын 02-ны өдрийн 02/472 тоот тодорхойлолт/.

 

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих Сангийн ажлын алба нь хариуцагч С.Ц-с 3,750,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 3,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

            - С.Цэнджав нь бага оврын трактор авахдаа урьдчилгаа 2,500,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 2,500,000 төгрөгийг 500,000 төгрөгийн төлөлт хийж 2013-2017 онд төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу алданги тооцсон. С.Ц-тай байгуулсан 2012 оны 6 сарын 07-ны өдрийн АР/161 дүгээр гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй байна. 2012 оны 6 сарын 07-ны өдрийн АР/161 дүгээр гэрээнд тамга, тэмдэг дарагдаагүй байдаг. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас С.Ц-тай 2012 онд байгуулсан 26/17 дугаар гэрээ нь одоо Хөдөө аж ахуйг дэмжих Сангийн ажлын албаны архивт эх хувиараа хадгалагдаж байгаа бөгөөд уг гэрээ бол хүчин төгөлдөр гэрээ. С.Ц 2022 оны 5 сарын 02-ны өдөр 750,000 төгрөг төлсөн. Иймд үндсэн төлбөр болох 2,500,000 төгрөгөөс С.Цэнджавын 2022 оны 5 сарын 02-ны өдөр төлсөн 750,000 төгрөгийг хасаад 1,750,000 төгрөг, анз 1,250,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг хариуцагч С.Ц-с нэхэмжилж байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

3. Хариуцагч доорхи үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж байна. Үүнд:

Би 2012 онд 2,500,000 төгрөг төлөөд трактороо хүлээж авсан. Надтай 2012 оны 6 сарын 07-ны өдөр байгуулсан АР/161 дүгээр гэрээндээ тракторын төлбөрт 2,500,000 төгрөг, тээврийн зардалд 300,000 төгрөг тушаах, үлдэгдэл 2,500,000 төгрөгийг төрөөс хөнгөлж байгаа гэсэн байсан. Надад Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 2012 оны 6 сарын 07-ны өдрийн АР/161 дүгээр гэрээг л өгсөн. Би тракторын үлдэгдэл төлбөр болох 2,500,000 төгрөгийг 2013-2017 онд 500,000 төгрөгөөр төлөхөөр гэрээ байгуулаагүй. Би 2012 оны 6 сарын 07-ны өдрийн АР/161 дүгээр гэрээг хуурамчаар үйлдээгүй. Би Хөдөө аж ахуйг дэмжих сангаас үр тариа зээлээр авах гэсэн боловч 750,000 төгрөг төлвөл өгнө гэхээр 2022 оны 5 сарын 02-ны өдөр Хөдөө аж ахуйг дэмжих санд 750,000 төгрөг төлж үрийн будаа авсан. Үүнээс өмнө намайг 2,500,000 төгрөг төл гэж байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 сарын 08-ны өдрийн “Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай” 16 дугаар тогтоол, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 4 сарын 24-ний өдрийн “Хөдөө аж ахуйг дэмжих санд хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай” А-134 дугаар тушаал, 2012 оны 7 сарын 02-ны өдөр байгуулсан 26/17 дугаар “бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ”, 2012 оны 6 сарын 29-ний өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 3406012236 тоот дансанд С.Ц-с тракторын үнэ 2,500,000 төгрөг шилжүүлсэн тухай Төрийн банкны орлогын баримт, 2012 оны 6 сарын 07-ны өдрийн “бага оврын трактор худалдан борлуулах” АР/161 дугаар гэрээ, Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2022 оны 12 сарын 02-ны өдрийн 02/472 тоот албан бичиг зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч “Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас С.Ц-тай 2012 онд байгуулсан 26/17 дугаар гэрээ нь одоо Хөдөө аж ахуйг дэмжих Сангийн ажлын албаны архивт эх хувиараа хадгалагдаж байгаа бөгөөд уг гэрээ бол хүчин төгөлдөр гэрээ” гэж, хариуцагч С.Ц “Надтай 2012 оны 6 сарын 07-ны өдөр байгуулсан АР/161 дүгээр гэрээндээ тракторын төлбөрт 2,500,000 төгрөг, тээврийн зардалд 300,000 төгрөг тушаах, үлдэгдэл 2,500,000 төгрөгийг төрөөс хөнгөлж байгаа гэсэн байсан. Надад Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 2012 оны 6 сарын 07-ны өдрийн АР/161 дүгээр гэрээг л өгсөн” гэж талууд гэрээ байгуулсан болон гэрээний зүйл болох бага оврын тракторын үнийг буцаан төлөх үүрэгтэй эсэх талаар маргаж байна.

 

            6. Нэхэмжлэгч тал 2012 оны 7 сарын 02-ны өдөр 26/17 бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ, хариуцагч 2012 оны 6 сарын 07-ны өдрийн бага оврын трактор худалдан борлуулах АР/161 дугаар гэрээг шүүхэд гаргаж өгсөн.

            Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-д “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан...”-аар гэрээг байгуулсанд тооцохоор заасан.

            2012 оны 6 сарын 07-ны өдрийн бага оврын трактор худалдан борлуулах АР/161 дүгээр гэрээг Тариалан эрхлэлтийг дэмжих сан, С.Ц нар байгуулахаар гэрээнд заасан боловч тус санг төлөөлж ХХААЖДҮГ-ын дарга П.Г гэрээ байгуулсан гэсэн атлаа гарын үсэг зураагүй байна. Бага оврын тракторыг С.Ц-т худалдах талаар тохиролцсон нөхцөлтэй 2012 оны 6 сарын 07-ны өдрийн АР/161 дүгээр гэрээг байгуулахаар Тариалан эрхлэлтийг дэмжих санг төлөөлж П.Г гэрээ байгуулах эрхтэй байсан нь нотлох баримтаар нотлогдоогүй тул Тариалан эрхлэлтийг дэмжих сан, С.Ц нарыг гэрээ байгуулсан гэж үзэхгүй. Иймд хариуцагч С.Ц-н шүүх хуралдаанд гаргаж өгсөн 2012 оны 6 сарын 07-ны өдрийн АР/161 дүгээр гэрээг хариуцагч нь нэхэмжлэгч талтай байгуулаагүй, маргааны зүйлд хамааралтай нотлох баримт биш байна гэж үзлээ.

 

7. Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн шүүхэд гаргаж өгсөн 2012 оны 7 сарын 02-ны өдөр 26/17 “бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээнд хариуцагч С.Ц гарын үсэг зураагүй байна.  

Дээрх гэрээнд талууд гэрээг 5 жилийн хугацаатай байгуулж, FT-200 маркийн хадлангийн иж бүрдэл болох 5,000,000 төгрөгийн үнэтэй эд хөрөнгийг түрээслэгчийн хадлан бэлтгэх үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх зориулалтаар олгох, эд хөрөнгийг хүлээн авахдаа 2,500,000 төгрөгийг түрээслэгч нь түрээслүүлэгчид төлөх, үлдэгдэл төлбөрийг 2013 онд 500,000 төгрөг, 2014 онд 500,000 төгрөг, 2015 онд 500,000 төгрөг, 2016 онд 500,000 төгрөг, 2017 онд 500,000 төгрөг төлж дуусгах, түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд түрээсийн эд хөрөнгө өмчлөх эрх түрээслэгчид шилжихээр, түрээслэгч түрээсийн зүйлээ зориулалтаар нь ашиглаагүй, түрээслэгчийн санхүүгийн байдал доройтож түрээсийг буцаан төлөх чадваргүй болсон тохиолдолд гэрээг хугацаанаас өмнө цуцалж түрээсийн зүйлийг үл маргах журмаар буцаан авахаар тохиролцжээ.

 

Гэрээний хугацаа болон эд хөрөнгө ашиглуулахтай холбоотой тохиролцсон байдал, эд хөрөнгийг ашигласнаар төлбөр төлөх, түрээсийг хугацаанд нь бүрэн төлснөөр эд хөрөнгийг өмчлөх эрх түрээслэгчид шилжихээр талууд тохиролцсон зэргээс үзэхэд зохигч Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулжээ. 

 

Бичгээр байгуулсан гэрээнд хариуцагч С.Ц гарын үсэг зураагүй боловч гэрээний 3.2-т заасны дагуу эд хөрөнгийг хүлээн авч үнийн дүнгийн 50 хувь болох 2,500,000 төгрөг төлсөн /Төрийн банкны орлогын баримт/ тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлж хэлцэл бодит үйлдлээр хийгдсэн бөгөөд талуудыг хэлцэл хийсэн гэж үзнэ. 

 

Хариуцагч С.Ц нь эд хөрөнгийг хүлээн авахдаа 5,000,000 төгрөгийн 50 хувь болох 2,500,000 төгрөгийг 2012 оны 6 сарын 29-ний өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих санд төлж, тракторыг хүлээн авсан болох нь 2012 оны 6 сарын 29-ний өдөр С.Ц-с Тариалан эрхлэлтийг дэмжих санд 2,500,000 төгрөг төлсөн тухай Төрийн банкны орлогын баримтаар тогтоогддог.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч С.Цэ-с гэрээний үүргийг шаардаж шүүхэд 2022 оны 10 сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

 

Талууд 2012 оны 7 сарын 02-ны өдөр 26/17 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээний 3.2-т төлбөр төлөх талаар 2013-2017 онд жил бүр 500,000 төгрөг нийт 2,500,000 төгрөгийг 2017 онд төлж дуусгахаар тохиролцсон байх бөгөөд хариуцагч С.Ц 2022 оны 5 сарын 02-ны өдөр 750,000 төгрөг төлж, одоо 1,750,000 төгрөг төлөөгүй нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогддог.

 

Нэхэмжлэгч гэрээний үүрэг болох 2,500,000 төгрөг алданги 1,250,000 төгрөг, нийт 3,750,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч 2012 онд 2,500,000 төгрөг төлснөөс хойш 2022 оны 5 сарын 02-ны өдөр 750,000 төгрөг гэрээний үүрэгт төлсөн байна.  

 

Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна”,  73 дугаар зүйлийн 73.2-т “хуанлийн жил нь нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхэлж арван хоёрдугаар сарын гучин нэгний өдрөөр дуусна” гэж заасны дагуу хариуцагч С.Ц 2017 оны 12 сарын 31-нд түрээсийн төлбөр төлснөөр үүрэг дуусгавар болох байсан ба түрээслүүлэгчид 2017 оны 12 сарын 31-ний өдрөөс гэрээний үүргийг шаардах эрх үүссэн байна.

 

Засгийн газрын 2020 оны 01 сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг байгуулж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өглөг авлагыг Хөдөө аж ахуйг дэмжих санд шилжүүлжээ.

 

Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д “нэхэмжлэгдвэл зохих эд хөрөнгө нь эрх залгамжлалын журмаар гуравдагч этгээдэд шилжсэн бол өмнөх эзэмшигчийн эзэмшилд байх үеэс хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тоолно” гэж заасан тул хариуцагч С.Ц-с гэрээний үүрэг шаардах хугацаа Тариалан эрхлэлтийг дэмжих санд үүссэн үеэс эхэлж, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд эрх шилжүүлснээр үргэлжлүүлэн тоологдоно. Эрх шилжсэн, эрх залгамжлан авсан үйл баримт нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан биш, мөн хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах үндэслэл биш юм.

 

Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, гэрээгээр хүлээсэн үүргийг тогтоосон газар хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд талуудын аль нэг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол үүрэг гүйцэтгэхийг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байхаар хуульд заасан.

 

Хариуцагч С.Ц-с 2012 оны 7 сарын 02-ны өдөр байгуулсан 26/17 дугаар санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг шаардах эрх Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд 2017 оны 12 сарын 31-нд үүсч, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 2020 оны 12 сарын 31-ний өдөр гэрээгээр хүлээсэн үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.  

 

Хариуцагч С.Ц  хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа буюу 2022 оны 5 сарын 02-ны өдөр 750,000 төгрөг нэхэмжлэгчид төлснийг Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь: Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан “хөөн хэлэлцэх хугацаа тасалдах”, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д заасан “хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр тоолох” гэсэн зохицуулалтууд нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тохиолдолд хамаарах бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт өнгөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхгүй юм.

 

Хариуцагч 2022 оны 5 сарын 02-ны өдөр 750,000 төгрөг төлөхөөс өмнө Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан нөхцөл байдлыг нэхэмжлэгч тал нотлох баримтаар нотлоогүй. 

 

Иймд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу С.Ц-с 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            8. Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хариуцагч С.Ц-с 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдсугай.

3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАЙГАЛМАА