| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2022/00738/И |
| Дугаар | 129/ШШ2022/00734 |
| Огноо | 2022-12-08 |
| Маргааны төрөл | Санхүүгийн түрээс /лизинг/, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 129/ШШ2022/00734
|
| 129/ШШ2022/00734 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: У хот, Х дүүрэг, .... хороонд байрлах ХАА
Хариуцагч: А аймгийн Т сумын .. багт оршин суух Б овгийн Х.О
Нэхэмжлэлийн шаардлага: 3,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б
Хариуцагчийн төлөөлөгч Д.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих Сангийн ажлын алба нь хариуцагч Х.О-т холбогдуулан 3,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Хариуцагч Х.О нь бага оврын тракторын тавин хувь болох 2,500,000 төгрөг төлж, үлдэгдэл 50 хувь болох 2,500,000 төгрөгийг 2013-2017 онд хувааж төлөхөөр харилцан тохиролцож 2012 оны 07 сарын 06-ны өдөр 33 дугаар гэрээ байгуулсан. Хөдөө аж ахуйг дэмжих санд 2,500,000 төгрөг төлөх төлбөрийн үлдэгдэл гарсан. Гэрээнд заасны дагуу 1,250,000 төгрөгийн анз тооцсон. Х.О-тай байгуулсан гэрээний 6 дугаар зүйлд гэрээний үүргийг биелүүлсэн тохиолдолд гэрээ дуусгавар болно гэж заасан бөгөөд хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээ дуусгавар болоогүй. 2020 оны 01 сарын 01-ний өдөр Хөдөө аж ахуйг дэмжих сан нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн өр авлага, санхүүг хүлээн авсан. Энэ нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэсэн нөхцөлд хамаарна. Мөн Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д тухайн шаардлагад хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа тогтоосон ч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр бол хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байна гэсэн. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т заасан хөөн хэлэлцэх хугацааг сэргээх зохицуулалтыг шүүх харгалзан үзнэ үү. Энэ талаар шүүхийн шийдвэр өмнө нь гарч байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
2. Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
- Хариуцагч Х.О трактор хүлээж авсантай болон зээлийн гэрээ байгуулсантай маргахгүй. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж хуульд заасан. Маргаан бүхий гэрээний үүргийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс:
- Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 сарын 08-ны өдрийн “Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай” 16 дугаар тогтоол
- Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 4 сарын 24-ний өдрийн “Хөдөө аж ахуйг дэмжих санд хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай” А-134 дугаар тушаал
- 2012 оны 7 сарын 06-ны өдрийн 33 дугаар “бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ”
- 2012 оны 7 сарын 06-ны өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 3406012236 тоот дансанд О-с зээлийн тракторын үнэ 2,500,000 төгрөг шилжүүлсэн тухай Төрийн банкны орлогын баримт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч Х.О-ас 3,750,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих Сангийн ажлын албаны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:
- Хариуцагч Х.О нь бага оврын тракторын тавин хувь болох 2,500,000 төгрөг төлж, үлдэгдэл 50 хувь болох 2,500,000 төгрөгийг 2013-2017 онд хувааж төлөхөөр харилцан тохиролцож 2012 оны 07 сарын 06-ны өдөр 33 дугаар гэрээ байгуулсан. Хөдөө аж ахуйг дэмжих санд 2,500,000 төгрөг төлөх төлбөрийн үлдэгдэл гарсан. Гэрээнд заасны дагуу 1,250,000 төгрөгийн анз тооцсон. Х.О-тай байгуулсан гэрээний 6 дугаар зүйлд гэрээний үүргийг биелүүлсэн тохиолдолд гэрээ дуусгавар болно гэж заасан бөгөөд хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээ дуусгавар болоогүй. 2020 оны 01 сарын 01-ний өдөр Хөдөө аж ахуйг дэмжих сан нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн өр авлага, санхүүг хүлээн авсан. Энэ нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдах нөхцөлд хамаарна. Мөн Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д тухайн шаардлагад хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа тогтоосон ч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр бол хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байна гэсэн. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т заасан хөөн хэлэлцэх хугацааг сэргээх зохицуулалтыг шүүх харгалзан үзнэ үү. Энэ талаар шүүхийн шийдвэр өмнө нь гарч байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.
3. Хариуцагч доорхи үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж байна. Үүнд:
Хариуцагч Х.О трактор хүлээж авсантай болон зээлийн гэрээ байгуулсантай маргахгүй. Хариуцагч нь тухайн тракторыг байнга хэрэглэдэггүй зөвхөн намар өвс зөөх гэж л ашигладаг гэж тайлбарладаг. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж хуульд заасан. Маргаан бүхий гэрээний үүргийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 сарын 08-ны өдрийн “Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай” 16 дугаар тогтоол, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 4 сарын 24-ний өдрийн “Хөдөө аж ахуйг дэмжих санд хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай” А-134 дугаар тушаал, 2012 оны 7 сарын 06-ны өдрийн 33 дугаар “бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ” , 2012 оны 7 сарын 06-ны өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 3406012236 тоот дансанд О-с зээлийн тракторын үнэ 2,500,000 төгрөг шилжүүлсэн тухай Төрийн банкны орлогын баримт зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь хариуцагч Х.От-тай 2012 оны 7 сарын 06-ны өдөр 33 дугаар “бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ” гэрээ байгуулсан бөгөөд талууд гэрээг 5 жилийн хугацаатай байгуулж, FT-200 маркийн хадлангийн иж бүрдэл болох 5,000,000 төгрөгийн үнэтэй эд хөрөнгийг түрээслэгчийн хадлан бэлтгэх үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх зориулалтаар олгох, эд хөрөнгийг хүлээн авахдаа 2,500,000 төгрөгийг түрээслэгч нь түрээслүүлэгчид төлөх, үлдэгдэл төлбөрийг 2013 онд 500,000 төгрөг, 2014 онд 500,000 төгрөг, 2015 онд 500,000 төгрөг, 2016 онд 500,000 төгрөг, 2017 онд 500,000 төгрөг төлж дуусгах, түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд түрээсийн эд хөрөнгө өмчлөх эрх түрээслэгчид шилжихээр, түрээслэгч түрээсийн зүйлээ зориулалтаар нь ашиглаагүй, түрээслэгчийн санхүүгийн байдал доройтож түрээсийг буцаан төлөх чадваргүй болсон тохиолдолд гэрээг хугацаанаас өмнө цуцалж түрээсийн зүйлийг үл маргах журмаар буцаан авахаар гэрээнд тохиролцжээ.
Гэрээний хугацаа болон эд хөрөнгө ашиглуулахтай холбоотой тохиролцсон байдал, эд хөрөнгийг ашигласнаар төлбөр төлөх, түрээсийг хугацаанд нь бүрэн төлснөөр эд хөрөнгийг өмчлөх эрх түрээслэгчид шилжихээр талууд тохиролцсон зэргээс үзэхэд зохигч Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулжээ.
Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.1-д зааснаар гэрээ бичгээр байгуулагдсан, мөн Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасны дагуу талууд гэрээнд гарын үсэг зурсан тул гэрээ байгуулагдсан гэж үзэх ба гэрээ хүчин төгөлдөр байна.
Хариуцагч Х.О нь эд хөрөнгийг хүлээн авахдаа 5,000,000 төгрөгийн 50 хувь болох 2,500,000 төгрөгийг 2012 оны 7 сарын 06-ны өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих санд төлж, тракторыг хүлээн авсан болох нь Х.О-ас Тариалан эрхлэлтийг дэмжих санд 2,500,000 төгрөг төлсөн тухай Төрийн банкны орлогын баримтаар тогтоогддог.
Нэхэмжлэгч нь хариуцагч Х.О-с гэрээний үүргийг шаардаж шүүхэд 2022 оны 10 сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан.
Талууд 2012 оны 7 сарын 06-ны өдрийн 33 дугаар санхүүгийн түрээсийн гэрээний 3.2-т төлбөр төлөх талаар 2013-2017 онд жил бүр 500,000 төгрөг нийт 2,500,000 төгрөгийг 2017 онд төлж дуусгахаар тохиролцсон байна. Хариуцагч Х.О 2013-2017 онд жил бүр 500,000 төгрөг төлөөгүй гэсэн үйл баримттай маргаагүй.
Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна”, 73 дугаар зүйлийн 73.2-т “хуанлийн жил нь нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхэлж арван хоёрдугаар сарын гучин нэгний өдрөөр дуусна” гэж заасны дагуу хариуцагч Х.О 2017 оны 12 сарын 31-нд түрээсийн төлбөр төлснөөр үүрэг дуусгавар болох байсан ба түрээслүүлэгчид 2017 оны 12 сарын 31-ний өдрөөс гэрээний үүргийг шаардах эрх үүссэн байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б- “Х.О-тай байгуулсан гэрээний 6 дугаар зүйлд гэрээний үүргийг биелүүлсэн тохиолдолд гэрээ дуусгавар болно гэж заасан. Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээ дуусгавар болоогүй. Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д тухайн шаардлагад хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа тогтоосон ч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр бол хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байна гэж заасан. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. 2020 оны 01 сарын 01-ний өдөр Хөдөө аж ахуйг дэмжих сан нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн өр авлага, санхүүг хүлээн авсан. Энэ нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэсэн нөхцөлд хамаарна. Мөн Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т заасан хөөн хэлэлцэх хугацааг сэргээх зохицуулалтыг шүүх хэрэглэж болно” гэж тайлбарладаг.
Засгийн газрын 2020 оны 01 сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг байгуулж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өглөг авлагыг Хөдөө аж ахуйг дэмжих санд шилжүүлжээ.
Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д “нэхэмжлэгдвэл зохих эд хөрөнгө нь эрх залгамжлалын журмаар гуравдагч этгээдэд шилжсэн бол өмнөх эзэмшигчийн эзэмшилд байх үеэс хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тоолно” гэж заасан тул хариуцагч Х.О-с гэрээний үүрэг шаардах хугацаа Тариалан эрхлэлтийг дэмжих санд үүссэн үеэс эхэлж, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд эрх шилжүүлснээр үргэлжлүүлэн тоологдоно. Эрх шилжсэн, эрх залгамжлан авсан үйл баримт нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан биш, мөн хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах үндэслэл биш юм.
Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан нөхцөл байдлыг нэхэмжлэгч тал нотлох баримтаар нотлоогүй.
Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гэрээний 6.1-д “гэрээнд заасан үүрэг биелэгдэж, түрээслэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлснээр гэрээ дуусгавар болно” гэж заасны дагуу гэрээний хугацаа дуусаагүй гэж тайлбарлаж байна. Гэрээний 3.2-т хариуцагч гэрээний үүрэг 2,500,000 төгрөгийг 2013, 2014, 2015, 2016, 2017 онд жил бүр 500,000 төгрөг төлснөөр үүрэг дуусгавар болохыг заасан бөгөөд гэрээний 6.1 дэх заалтыг гэрээнд заасан үүрэг гүйцэтгэх хугацаа гэж үзэхгүй.
Нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн үндэслэлээ тайлбарлаж нотлоогүй тул хөөн хэлэлцэх хугацааг шүүх сэргээх үндэслэлгүй, мөн тэрээр урьд энэ маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарч байгаагүй гэж тайлбарладаг, шүүхийн шийдвэр гарсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй тул Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан хуулийн хүчин төгөлдөр шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа энэ маргаанд хамаарахгүй байна.
Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, гэрээгээр хүлээсэн үүргийг тогтоосон газар хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд талуудын аль нэг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол үүрэг гүйцэтгэхийг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байхаар хуульд заасан.
Иймд хариуцагч Х.О-с 2012 оны 7 сарын 06-ны өдөр байгуулсан 33 дугаар санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг шаардах эрх нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд 2017 оны 12 сарын 31-нд үүсч, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 2020 оны 12 сарын 31-ний өдөр гэрээгээр хүлээсэн үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу Х.О-с 3,750,000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
6. Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хариуцагч Х.О-с 3,750,000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдсугай.
3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА