| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 316/2025/0172/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/193 |
| Огноо | 2025-09-04 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Б.Урангоо |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Маралмаа хөтөлж,
улсын яллагч Б.Урангоо,
шүүгдэгч Ц.Б,
түүний өмгөөлөгч Д.Ариунтуяа нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ***** овогт Ц.Б-д холбогдох эрүүгийн 2******7 дугаартай 316/2025/****/Э индекстэй хэргийг 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Нэг. Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1**** оны *** дүгээр сарын ***-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, ********* тоотод оршин суух, урьд Сэлэнгэ аймгийн шүүхийн 1999 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 155а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ***** овогт Ц.Б /РД: ******/,
Хоёр.Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр)
Шүүгдэгч Ц.Б нь 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өөрийн эзэмшлийн Samsung 50 маркийн унагалдай экскаватор алт угаах төхөөрөмж буюу гитаран буу гар хийцийн Honda WB30XT маркийн ус татах насос, усны шланк зэргийг ашиглан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант 3 дугаар багийн нутаг, “Нарийн ам” гэх нэршилтэй газарт гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 0,013га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын олборолт явуулсны улмаас байгаль экологид 589,275 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлтийн ажлын зардал 208,714 төгрөгийн хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.Б нь 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өөрийн эзэмшлийн “Samsung 50” маркийн унагалдай экскаватор алт угаах төхөөрөмж буюу гитаран буу гар хийцийн “Honda WB30XT” маркийн ус татах насос, усны шланк зэргийг ашиглан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант 3 дугаар багийн нутаг, “Нарийн ам” гэх нэршилтэй газарт гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 0,013га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын олборолт явуулсны улмаас байгаль экологид 589,275 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлтийн ажлын зардал 208,714 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Б гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед бие муу, шулуун гэдэсний хагалгаанд орох гээд мөнгө хэрэгтэй болсон юм. Хагалгаанд орсон, эмчилгээний баримт байгаа л даа. Гэм буруугаа хүлээж байна. Би модны ажил хийлгээд хохирлоо төлсөн...” гэжээ[1],
2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс: “...Манай Бугант тосгоны “Нарийн ам” гэх газар нь дээр үеээс эвдэгдсэн газар талбай ихтэй мөн тухайн газарт үйл ажиллагаа явуулдаг ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллага болон хайгуулын зөвшөөрөл байхгүй. Ерөө сумын нутаг дэвсгэрт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг энэ 2025 онд нөхөрлөл, иргэдтэй байгуулаагүй байна. “Нарийн ам” гэх газар руу очиход хяналтын пост байхгүй байна. Толгойтын уурхай үйл ажиллагаа явуулдаг болохоор хамгаалалтын пост бол байгаа юм. Мөн адил өмнөх хэрэгт мэдүүлэг өгсөнтэй адил манай Бугант тосгоны нутаг дэвсгэрийн хувьд байгалийн дагалдах баялагаа дагаад иргэд хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг тасардаггүй, сумын удирдлагын зүгээс сумын байгаль орчны албан хаагчид, цагдаагийн байгууллагын хамтаар хяналт шалгалтыг Ерөө болон бугант тосгоны нутаг дэвсгэрийн хэмжээнд тогтмол хяналт шалгалтыг зохион байгуулдаг иргэдийн хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа гэмт хэрэг олноор гарч байна. Тийм болохоор цаашдаа хяналт шалгалтыг эрчимжүүлэн төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж урьдчилан сэргийлэн ажиллана. Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагатай байна”[2] гэжээ.
3.Гэрч А.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 10 цагийн орчим байх гэртээ байж байхад манай найз болох Батзаяа ирээд би Улаанбаатар хот руу эмчилгээнд явах гэж байгаа юм, нарийн гэдэсний асуудалтай байна. Тэгээд уул руу явж өөрийнхөө жижиг экскаватороороо алт олборлох гээд цугтаа яваад өгөх хүн олдохгүй байна гэж хэлсэн. Би ч тухайн үед “за тэгье, өнөөдөртөө бол хамт явъя маргааш бол завтай бол явна зав гарахгүй шүү” гэж хэлсэн. Тэгээд намайг буцаж ирээд авъя хөдөө авч явах зүйлээ бэлдчихье гэж хэлээд яваад удаагүй 2 цагийн дараа гэрийн гадаа ирээд бид хоёр Батзаяагийн эзэмшлийн нь хар өнгийн Subary гээд машинтай Бугант тосгоны “Нарийн ам” гэх газар руу явцгаасан. Тухайн газарт очиход Батзаяагийн “Самсунг 50” гээд жижигхэн экскаватор болон алт угаадаг гитаран буу байсан. Харин бид Батзаяагийн машинд багажинд нь усны шланк, ус татах помп, бензин 8литр, дизель түлш 20литр байсныг нь буулгаж бид хоёр нийлээд шланкыг нь тухайн газарт алт угаадаг гитаран буутай угсарч холбосон мөн надад помп яаж асаахыг Батзаяа зааж өгсөн би анх удаагаа би алтанд явж үзсэн. Би модны компаниудад ажилладаг бас самарт явж л амьдралаа авч явдаг. Тэгээд удаагүй Батзаяа өөрөө “Самсунг 50” гээд экскаватороо асааж газар ухаж эхэлсэн 30-40 минут гаран ажиллаж байгаад угаалгаа авсан чинь алт гараагүй тосонцорууд гарчихлаа гэж Батзаяа хэлсэн тэгээд дахин хэсэг хугацаанд экскаватораараа газар ухаж байтал цагдаагийн алба хаагчид ирээд хууль бусаар ашигт малтмал алт олборлож байна гэж хэлээд зогсоож шалгасан. “Нарийн ам” гэх газарт алт олборлох ямар нэгэн тусгай зөвшөөрөл бид хоёрт байхгүй. Би зөвхөн *******гийн эрүүл мэндийн асуудалтай байна гэхээр нь тусалж явсан мөнгө ажлын хөлсөөр яваагүй. Батзаяад тийм тусгай зөвшөөрөл байдаг эсэхийг мэдэхгүй байна. Би усны шланк болон усны помп хамтран холболцож өгсөн өөр ямар нэгэн холбоо байхгүй. Харин ******* нь экскаватороо өөрөө жолоодож газар ухаж, алт угаах гитаран буугаа хийж угаасан” гэх мэдүүлэг[3];
4.”Нуман-Алтай” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №13/033 дугаартай дүгнэлтэд: “1.Нэр бүхий иргэдийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант 3 дугаар багийн нутаг, “Нарийн ам” нэртэй газар нь ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын талбай, бичил уурхайн талбайтай давхцалгүй байна. 2.Тухайн талбайн хүрээлэн буй орчинд 589,275 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд тухайн эвдэгдсэн талбайд хийх нөхөн сэргээлтийн ажлын зардал нь 208,714 төгрөг болж байна” гэх шинжээчийн дүгнэлт[4],
5.”Ашид билгүүн” хөрөнгө үнэлгээний компанийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн №ТХҮ-9258-912246 дугаартай дүгнэлтэд: “Самсунг-50 /бичиг баримтгүй арлын дугааргүй/ -3,000,000 төгрөг, алт угаах төхөөрөмж буюу гитаран буу /гар хийцийн/ -500,000 төгрөг, ус татах насос буюу помп -240,000 төгрөг, усны шланк /80 тойрогтой/ -360,000 төгрөг, нийт үнэ, өртөг 4,600,000 төгрөг” гэх шинжээчийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт[5], 6.Хувийн баталгаа[6], 7.Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа[7], 8.Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[8], 9. Иргэний үнэмлэхийн лавлагаа[9], 10.Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа[10], 11.Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас[11], 12.Хохирол төлсөн баримт[12]зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.6, 4, 4.5 дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгчийн хууль бус ашиглалтаас өртөгдсөн газрын хэвлийд учирсан хохирол 589,275 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 208,714 төгрөгийг тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд шүүгдэгч нь нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Samsung 50” маркийн /бичиг баримтгүй арлын дугааргүй/ унагалдай экскаватор 1 ширхэг, алт угаах төхөөрөмж буюу гитаран буу гар хийцийн “Honda WB30XT” маркийн ус татах насос, 80 метр усны шланк помп зэргийг битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч, Улсын төсөвт орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан техник, хэрэгслийг тус тус битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч, Улсын орлого болгохтой холбогдон гарах зардлыг шүүгдэгчээс гаргуулахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгавал зохилтой.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шийтгэж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсан болно.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэвэл зохилтой.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ****** овогт Ц.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
5.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.6, 4, 4.5 дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгчийн хууль бус ашиглалтаас өртөгдсөн газрын хэвлийд учирсан хохирол 589,275 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 208,714 төгрөгийг тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд шүүгдэгч нь нөхөн төлснийг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 34-36 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 39-41 дүгээр хуудас
[4] Хавтаст хэргийн 53-77 дугаар хуудас
[5] Хавтаст хэргийн85-89 дүгээр хуудас
[6] Хавтаст хэргийн 103 дугаар хуудас
[7] Хавтаст хэргийн 105 дугаар хуудас
[8] Хавтаст хэргийн 106, 112 дугаар хуудас
[9] Хавтаст хэргийн 107,113 дугаар хуудас
[10] Хавтаст хэргийн 111 дүгээр хуудас
[11] Хавтаст хэргийн 114-115 дугаар хуудас
[12] Хавтаст хэргийн 121 -122 дугаар хуудас