Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар   2021/ДШМ/662

 

 

 

 

    2021             7             8                                            2021/ДШМ/662

 

Г.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Нямбат,

хохирогч Б.Бий өмгөөлөгч С.Одгариг,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, шүүгч Л.Баатар, Б.Бямбаабаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/439 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч С.Одгаригийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Г.Бд холбогдох 2108002920268 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

__________________ овгийн Г.Б, _______ оны _ дугаар сарын _-ний өдөр _______________ аймгийн ____________ суманд төрсөн, ____________ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, замын оператор мэргэжилтэй, “________________” ХХК-д ____________ ажилтай, ам бүл _, _______________ нарын хамт _________________________________ бүртгэлтэй, /РД:шв___________________/;

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 9 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.5 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэн;

Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны 128 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Бтэй маргалдаж, улмаар нурууны ар хэвлийн хэсэгт хутгаар нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, нурууны ар бүсэлхийн зүүн хэсгээр хэвлийн хөндий рүү хатгагдаж, зүсэгдэж, нэвтэрсэн шарх, зүүн бөөрний гүн хатгагдсан, зүсэгдсэн шарх, чацархайд хатгагдсан, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, зүүн бөөр авах мэс заслын дараах байдал, зүүн дал, баруун сарвууны хуруунд зүсэгдсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Их монгол овгийн Гантулгын Г.Быг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Г.Бд 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Г.Бд оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Г.Б нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн бичиг баримт хураалгаж битүүмжлэгдээгүй, хохирогчид 887.679 төгрөгийг хүлээлгэн өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутга, 1 ширхэг ягаан өнгийн цамц, 1 ширхэг шар өнгийн футболк зэргийг устгуулахаар шүүхийн Тамгын газарт хүлээлгэн өгч, баримтыг Г.Бд холбогдох 2108002920268 дугаартай хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Т.Сарантуяад даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Бий ажилгүй байсан хугацааны цалин 4.400.000 төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар Г.Баас нэхэмжлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч С.Одгариг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Б.Б нь шүүх хуралдаанд “Ангир заяа” ХХК-д ахлах тогоочийн албан тушаалд сарын 1.100.000 төгрөгийн цалинтайгаар 2018 оны 12 дугаар сарын 1-нээс 3 жилийн хугацаатай ажиллахаар байгуулсан гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтуудыг гаргаж өгсөн. Мөн хохирогч шүүх хуралдаанд “...2020 оны 8 дугаар сараас чөлөө авсан, 2021 оны 1 дүгээр сараас ажилдаа орох гэж байтал энэ хүнд хутгалуулж гэмтээд тогоочийн ажлаа хийж чадахгүй болсон. ...” гэж мэдүүлсэн байхад шүүх энэ нь баримтаар хангалттай тогтоогдохгүй гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Учир нь, хохирогч гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж, ажилдаа орж чадаагүй гээд байхад шүүх түүнийг нь нотлогдохгүй байна гэсэн нь үндэслэлгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй, өөрөө мэдүүлэгтээ энэ талаар тодорхой хэлээд байхад өөр нотолгоо шаардаж байгаа нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирч бүхэл бүтэн эрхтэнээ алдсан хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулж байна.

Иргэний хуулийн 228, 229-д гэм хор учруулсан этгээд нь эмчилгээний зайлшгүй зардлаас гадна хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хөдөлмөрийн чадвар буурсан бол гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд хохирогчид сар тутам мөнгө төлөх замаар гэм хорыг арилгах, олох байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй, гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ гэж тус тус заасан байхад хохиролд зөвхөн эмчилгээний зардлыг гаргуулж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Иймд хөдөлмөрийн чадвар буурч, ажлаа хийж чадаагүйн улмаас олох ёстой байсан орлого гэж нэхэмжилсэн 4.400.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Б “тус шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн талаас гаргаж өгсөн баримт нь 2020 оны 8 дугаар сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдаг. Үүнээс хойш чөлөө авсан гэж хэлдэг боловч чөлөө авсан талаар анх удаа шүүхийн шатанд мэдүүлсэн. Мөрдөн байцаалтын шатанд энэ талаар огт мэдүүлж байгаагүй. Хэрэг болсон цаг хугацаа нь 2021 оны 01 дүгээр сард болсон. Хохирогч тухайн үед ажлаасаа чөлөө аваад хөтөч хийж байсан гэж мэдүүлдэг боловч нотлох баримтаар тогтоогдоогүй. Хохирогч ажиллаж байсан нь бүрэн тогтоогдохгүй байна. Хэдийгээр хохирогч 3 жилийн хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч хугацаанаасаа өмнө ажлаасаа гарсан байх магадлалтай. Хохирогчийг чөлөө авсан гэдгийг нь тухайн байгууллага тодорхойлоогүй байдаг. Шүүхэд хохирлын баримтыг гаргаж өгсөн. Уг хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Шүүгдэгч Г.Б өөрийн үйлдсэн хэргийн гэм буруу дээрээ маргадаггүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг барагдуулсан учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэж өгнө үү гэсэн боловч гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учруулсан хохирол зэргийг харгалзан үзээд анхан шатны шүүхээс хэрэглээгүй байгаа. Шүүхээс оногдуулсан 6 жилийн хорих ял дээр шүүгдэгчийн зүгээс гомдол гаргаагүй. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 6 жилийн хорих ялаас 2 жилийн ялыг өршөөн хасаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Нямбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой танилцсан. Тухайн үед баримт байхгүй байсан учраас иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Хохирогч нь нийгмийн даатгал төлдөг, ажлын газрын тодорхойлолтоо гаргаж өгсөн бол хохирол төлбөр дээр маргахгүй байна. Хүн нэг эд эрхтэнээсээ хагацсан тохиолдолд зөвхөн хохирол төлбөрийн баримтыг гаргуулж байж хохирлыг барагдуулна гэж байгаа нь ёс зүйгүй байна. Шүүгдэгч Г.Бд оногдуулсан ялын хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны 128 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Бтэй маргалдаж, улмаар нурууны ар хэвлийн хэсэгт хутгаар нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, нурууны ар бүсэлхийн зүүн хэсгээр хэвлийн хөндий рүү хатгагдаж, зүсэгдэж, нэвтэрсэн шарх, зүүн бөөр гүн хатгагдсан, зүсэгдсэн шарх, чацархайд хатгагдсан, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, зүүн бөөр авах мэс заслын дараах байдал, зүүн дал, баруун сарвууны хуруунд зүсэгдсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Бий “...Г.Б хутга газраас аваад миний араас хутгалсан, тэр үед бултах гэсэн боловч амжаагүй, Г.Бы хутга миний биед орж, мөн хутга гарч байгаа нь мэдэгдсэн. ...” /хх 17/,

гэрч Ш.Эын “...манай том хүү Б.Б бөөрний хагалгаанд 2021 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 13 цагийн үед орсон. ...Б.Б надад хэлэхдээ Баяраа гэдэг залуу намайг хутгалсан, Сүх-Эрдэнэ дээр ирсэн хоёр залуугийн намхан залуу буюу шар подволктой залуу араас ирээд хутгалсан гэж хэлсэн.  ...” /хх 20/,

гэрч Ц.Аыын “...Б.Б гэнэт орилоод байхаар нь сэрээд Б.Б дээр очиход Б.Бий нуруунаас нус гараад газар хэвтээд байхаар нь цагдаа болон түргэн тусламж дуудсан. ...” /хх 22/,

гэрч Ц.Сийн “...Б.Б, Г.Б хоёр зодолдоод Г.Б зодуулаад шаралхаад Б.Бийг хутгалсан байсан. ...Г.Б шар подволк, хар өмд, хар пүүзтэй байсан. ...” /хх 24/,

гэрч Л.Бийн “...бид нар архи хувааж уугаад сууцгааж байтал Г.Б, Б.Б хоёр хоорондоо зодолдоод байхаар нь эхлээд салгасан. Тэгтэл дараа нь дахин Б.Б, Г.Б хоёр хоорондоо зодолдоод байхаар нь үлдээгээд С, А бид гурав архи ууж байсан чинь гэнэт цагдаа болон эмч орж ирэхээр нь Б.Б рүү харсан чинь нуруундаа хутгалуулсан байсан. ...” /хх 28/,

шүүгдэгч Г.Бы “...орны хажууд байсан шүүгээн дээрээс хутга аваад нурууны хэсэгт нь хутгалсан. Тухайн үед Б.Б Сд хандаж найз чинь намайг хутгалчихлаа шүү дээ гэж хэлсэн. Тэр үед нь би Б.Бээс уучлал гуйгаад Б.Б ч өөрөө зүгээр гээд бид нар хоорондоо эвлэрээд архи дахин уугаад байж байтал Б.Бээс цус гараад байхаар нь Ариунбат 102, 103-т дуудлага өгсөн. ...” /хх 143/

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 5-13/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 1209 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 41-43/, 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 500 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх 57-58, 61/, өвчний түүх /хх 93-112/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Быг “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.Бы хохирогч Б.Бий нурууны ар хэвлийн хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Быг 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь энэ хэм хэмжээний агуулгад нийцсэн төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Хохирогчийн өмгөөлөгч С.Одгариг “...хөдөлмөрийн чадвар буурч, ажлаа хийж чадаагүйн улмаас олох ёстой байсан орлого гэж нэхэмжилсэн 4.400.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол  гаргажээ.

Хохирогч Б.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийнхээ хохирлыг эмчлүүлэхэд гарсан зардлаас гадна хөдөлмөрийн чадвараа түр алдсанаас дутуу авсан цалин хөлсийг нөхөн төлүүлөхээр нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 189/-ыг нотлох баримтаар гаргаж өгчээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн чадвар түр хугацаагаар алдсан ажлын эхний 5 өдрийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ажил олгогчоос, 6 дахь өдрөөс эхлэн чадвар нь сэргээгдэх, эсхүл тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсэх хүртэл хугацааны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын сангаас тус тус олгоно” гэж хуульчилжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, хохирогч Б.Бд ажил олгогч “Ангир заяа” ХХК-иас 2019 оны 1 дүгээр сараас 2020 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь харагдаж байх бөгөөд тодруулбал, хохирогчийн гэмтэл авах үеийн хөдөлмөрийн орлого хэд байсан, олсон орлогоосоо татвар болон нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх, улмаар хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлстэй тэнцэх олговор нь хэдэн төгрөг болох талаар баримтгүй, тэтгэмжийн даатгалын сангаас хэдэн төгрөгийг олгосон нь тодорхойгүй байх тул дутуу авсан цалин хөлсийг шүүхээс тооцон гаргуулах боломжгүй байна.

Анхан шатны шүүх гэм хорын хохирлын хэмжээг тогтоохдоо хохирогчоос гаргаж өгсөн нотлох баримтын хэмжээнд хохирлыг тооцож, шүүгдэгч Г.Баас хохирогч Б.Бд эмчилгээний зардалд 887.679 төгрөгийн төлбөр төлснийг дурдаж, тооцоолох боломжгүй эмчилгээний төлбөр, хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн байх тул хохирогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзэх боломжгүй юм.

Анхан шатны шүүхээс хохирогч Б.Бий авах ёстой байсан цалин болох 4.400.000 төгрөг нэхэмжилснийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйгээр шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Иймд хохирхогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Шүүгдэгч Г.Бд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхэд хянагдаж байх цаг хугацаанд 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсанаар уг хуулийг шат шатны шүүх хэрэглэх хууль зүйн үндэслэл бүрдсэн байна.

Гэвч, дээрх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэж заажээ.

Шүүгдэгч Г.Б Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.5-д зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж /хх 127/, 2006 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 2 сар 24 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагджээ. /хх 123/

Шүүгдэгч Г.Бы дээрх ялаас эдлээгүй үйлдсэн ялыг хэрхэн яаж, ямар үндэслэлээр хугацааны өмнө тэнсэж суллагдсан талаарх нотлох баримт буюу тухайн суллагдсан шийдвэр хавтаст хэрэгт авагдаагүй байх тул энэ удаад түүнд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлал гарснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болдог тул шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нар холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах эсэх асуудлаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй.

Анхан шатны шүүх хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд мөрийн баримтыг устгахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх заалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйл  нь хэргийг шийдвэрлэх явцад хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээтэй уялдаатай хэрэглэгдэх бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйл нь хэргийг шийдвэрлэх явцад хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг шийдвэрлэхэд хэрэглэгддэгээрээ ялгаатай.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад зохих өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Г.Бы шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 52 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор заав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/439 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутга, 1 ширхэг ягаан өнгийн цамц, 1 ширхэг шар өнгийн футболкийг тус тус устгасугай” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад, Эрүүгийн болон Зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журмын 5 дахь хэсгийн 5.3-т тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутга, 1 ширхэг ягаан өнгийн цамц, 1 ширхэг шар өнгийн футболкийг тус тус устгасугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Б.Бий өмгөөлөгч С.Одгаригийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бы 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл нийт 52 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Шүүгдэгч Г.Бы Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах эсэх асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

 

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                       

                        ШҮҮГЧ                                                                        Т.ӨСӨХБАЯР