Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 89

 

    

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга: Б.Одгариг

Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа

Хохирогчийн өмгөөлөгч: Э.Уянга

Хохирогч: А.Ерөөлт

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч: Б.Эрдэнэсан

Шүүгдэгч: Б.Одбямба нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

         Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...................холбогдох 201716000047 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

Монгол улсын иргэн, .........................

                                                               Тодорхойлох нь:

 Шүүгдэгч Н.Одбямба нь 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р багийн нутагт байрлах Галакси кино театрын хойд уулзвар дээр .............. улсын дугаартай автомашиныг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчин О.Ням-Очирын жолоодож явсан ............ улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас О.Ням-Очир, Э.Тэлмэн, А.Ерөөлт нарын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Н.Одбямбыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Одбямба шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн 3-р багийн Галакси кино театрын урд .......... УНН улсын дугаартай автомашин жолоодож явсан. Тухайн үед тээврийн хэрэгслийг мөргөсөн нь үнэн өөр хэлэх зүйл байхгүй. Өвөөгийн эзэмшлийн машиныг жолоодож явсан. Тухайн үед ганцаараа явж байсан. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн. Би уулзварт ороод эргэсэн байсан нөгөө машин хашлага дээгүүр давж орж ирээд миний машины баруун талаас мөргөсөн.

Хохирогч А.Ерөөлт шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би энэхүү гэмт хэрэг гарснаар Өмнөговь аймгийн эмнэлэгт яаралтай тусламж авч маргааш нь Улаанбаатар хотруу явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод үзүүлэхэд яаралтай томаграфийн зураг авахуул гэсэн. Тэгээд нурууны 1-4-р нугалам нь, их биеийн дээд гадаргуу дарагдаж хугарсан. Гэмтлийн эмч Баярсайхан надад 1-3 сарын хугацаатай хэвтрийн дэглэмтэй бай, мөн бүс зүү гэж зөвлөөд эмчилгээний эм бичиж өгсөн. Энэ эм нь Монголд ганцхан газар зардаг үнэ өртөг өндөр байсан. Би 3 сарын хугацаатай хэвт гэсэн учраас 3 дугаар сарын 1-ны өдрөөс эхлээд хичээлдээ явж чадаагүй. Мөн манай эгч намайг асарч хардаг байсан. Эгч ажилтай байдаг учраас зайлшгүй ээжийг Өмнөговь аймгаас дуудаж хамт намайг асран халамжилсан. Би 2 сарын хугацаанд бүтэн нойртой хоносон шөнө үнэхээр байгаагүй. Тэгээд би 2 сарын дараа эмчийн хэлсэн заалтын дагуу хичээлдээ явж эхэлсэн. Зөвхөн нурууны өвдөлт биш 2 хөлийн шилбэрүү өвдөж хатгаж эхэлсэн. Тэгээд би эмчид үзүүлж нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай гэж хэлсний дагуу саяхан цаг авч эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний дагуу “хужирт сувилалд очиж эмчлүүлэх шаардлагатай гэсэн учраас хужирт сувилалд очиж эмчлүүлсэн. Өнөөдөр би анх удаа шүүгдэгчийг харж байна энэ 2 сарын хугацаанд өвчин зовлонтой байхад нэг ч удаа холбоо аваагүй. Би эмчилгээний зардлаа өөрөө төлнө гэж байхгүй ээж минь хүнээс зээлж тухайн үед эмчилгээний зардлыг төлдөг байсан. Одоо нэхэмжилж байгаа зүйл онгоцны зардал биш,  эмчилгээний зардлаа нөхөн төлүүлмээр байна. Тэгээд би одоо болтол удаан сууж чадахгүй зөвхөн хатуу орон дээр хэвтэх ёстой. Эмчид үзүүлж байхад 2-кг-аас дээш зүйл өргөж болохгүй гэсэн учраас би одоо болтол юм өргөж чадахгүй байгаа. Насан туршдаа ийм өвчтэй явна гэдэгтээ харамсаж байна. Би өөрөө сагсан бөмбөг тоглодог сургуулийнхаа шигшээ багт тоглодог байсан үүний улмаас өөрийгөө хөгжүүлэх зүйлээс тасарлаа тэгээд бас бартаатай замаар машинд удаан явж чадахааргүй болсон. Мөн энэ гэмт хэргийн улмаас болоод сургуулийнхаа эрдэм шинжилгээний багт орж чадахааргүй болсон. Хохирлоо барагдуулмаар байна.

Эмчилгээний нийт зардал 1.820.300 төгрөг болсон. Үүнийгээ нэхэмжилж байна. Би явсан суусан зардал нэхэхгүй байгаа зөвхөн эмчилгээний зардал нэхэмжилж байгаа гэдгээ хэлмээр байна.

Иргэний нэхэмжлэгч болон иргэний хариуцагчаар тогтоогдсон Б.Эрдэнэсан шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Миний хувьд осол гаргасан  2 тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэм буруутай нь тогтоогдсон хүнээс машиныхаа төлбөрийг гаргуулж авах хүсэлтэй байна. Нөгөө талаас би Ням-Очирыг жолооны үнэмлэхгүй гэдгийг мэдээгүй өмнө нь асуухад жолооны сургалт төгсөж байсан гэж хэлж байсан. Би өөрөө машинаа эвдлүүлж хохирчихоод байхад эргээд би өөрөө хохирол төлөх  болоод байгааг ойлгохгүй байна.  Энэ хоёрын гэм буруутай нь тогтоогдсон хүнээс машины төлбөрөө төлүүлэх хүсэлтэй байна. 

          Хохирогч А.Ерөөлт мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2017 оны 02 сарын 28-ны орой Галакси кино театрын уулзвар дээр миний сууж явсан автомашин зам тээврийн осолд орсон. Тэгээд миний бие гэмтсэн. Тухайн үед Ням-Очир, Ням-Очирын дүү Тамираа, Тамираагийн найз залуу бид 4 спортын ордны хажуу талын 7-р сургуулийн заалруу зааланд тоглох гээд явж байсан. Нээх хурдан бол яваагүй яг хэдэн км цагийн хурдтай явж байсныг нь бол мэдэхгүй. Эхлээд сигнал өгөөд дараа нь тоормос гишгэсэн. Бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн. Харанхуй болчихсон байсан замын хажуу талын гэрэл асаалттай үзэгдэх орчин хэвийн байсан. Би суудлын бүс зүүгээгүй байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би шоконд орсон байсан болохоор юу гэж хэлснээ санахгүй байна. Би яг мөргөлдөж байхад нөгөө машиныг харсан, хэр хурдан явж байсан талаар мэдэхгүй байна. Нөгөө машины баруун талаар манай машины зүүн талаар мөргөлдсөн. Би машины зүүн гар талын урд сууж явсан. Ням-Очир баруун гар талд урд машин бариад явж байсан. Ард Тамираа найз залуутайгаа ард орж ирж суусан. Ард суусан хоёрыг яг хаана суусныг мэдэхгүй байна. Гомдолтой байна эмчилгээний төлбөрөө төлүүлмээр байна. Өөр гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг/хх-ийн 44-45-р хуудас/,

Хохирогч З.Тэлмэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017.02.28- ны орой 22 цагийн үед би эхнэртэйгээ байж байтал Ням-Очир нэг найзтайгаа ирж бид хоёрыг авч хамт зааланд тоглох гээд төв замаар Галаксигийн хойд талаар явж байсан. Гэнэт туслах замаас нэг машин ирээд манай машиныг мөргөчихсөн. Тэгээд би машины дээд талыг мөргөөд урагшаа бас сандал мөргөсөн. Машинаас буугаад эхнэрээ буулгах гэтэл миний зүүн гар хөдлөхгүй байсан. Тэгээд би тэр шөнөдөө Улаанбаатар хотруу очиж эмчлүүлсэн. Би машинд зүүн талын арын суудалд сууж явсан. Цонхоо хагас нээгээд тамхи татаад эхнэртэйгээ юм яриад явж байтал миний талаас нэг жижиг машин туслах замаас манай машинлуу шахаад даялаад ороод ирсэн. Тэгээд шууд ороод ирж байх шиг байсан. Тэгсэн чинь манай жолооч гэрлээрээ дохиод сигнал дарах шиг болсон. Тэгсэн

чинь нөгөө машин шууд мөргөсөн. Би миллийн заалтыг нь хараагүй. Гэхдээ 40-50 орчим миллтэй явсан байх. Их хурдтай яваагүй. Би тухайн үед утсаа оролдоод явж байсан. Би суудлын хамгаалах бүс зүүгээгүй байсан. Хөгжим асаалттай байсан бид нар хоорондоо юм ярьж байсан болохоор тийм их чангалаагүй байсан” гэсэн мэдүүлэг/хх-ийн 47-р хуудас/,

Хохирогч О.Ням-Очир мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017.02. 28-ны өдөр би ангийнхаа найзуудтай зааланд тоглох гээд 22 цаг өнгөрч байх үед танил ах Эрдэнэсангийн.............. дугаартай тоёота кроун маркийн автомашиныг жолоодоод Сайхантамир, Тэлмэн, Ерөөлт бид нар төв замаар fashion шоп дэлгүүрийн хойгуур өнгөрч байтал Галаксигийн хойд уулзвар дээр нэг машин уулзварлуу орох гээд зогсож байхаар нь би тэр машиныг зогсож байна гэж бодоод чигээрээ явж байсан чинь нөгөө машин шууд уулзварлуу ороод ирсэн. Тэгэхээр нь би баруун гар талруугаа замын хашлага талруу шахаад тоормосоо гишгэсэн чинь нөгөө машин миний машины зүүн урд хэсгээр мөргөсөн. Тэгэхэд доргилтод миний тоормос гишгэсэн байсан хөл мултраад хаазан дээр дараад машин урагшаа хүчтэй хөдлөөд замын хашлаган дээгүүр даваад зогссон. Би тухайн үед 50 гаран миллийн хурдтай явсан байх. Тэр машиныг зогсож байсан болохоор хурдаа хасалгүй чигээрээ явж байтал гэнэт хажуугаас ороод ирэхээр нь би тоормос гишгэж машинаа хажуу тийш нь дарсан. Би тоормос гишгээд хурдаа хасаад эхлэхэд хажуугаар ирж мөргөсөн. Замын гэрэлтүүлэг асаалттай үзэгдэх орчин сайн байсан. Миний баруун хөлний шагай мултарч хугарсан. Шөрмөс тасарсан” гэсэн мэдүүлэг/хх-ийн 49-р хуудас/,

Гэрч Б.Сайхантамир мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”... 2017.02. 28-ны орой 22 цаг болж байх үед манай хамаатны ах Ням-Очир, найзтайгаа хамт манайд машинтай ирээд манай найз Тэлмэн бид хоёрыг зааланд тоглоё гээд хамт явцгаасан. Тэгээд төвөөр явж байсан. Би тухайн үед гар утсаа оролдоод утасруугаа хараад явж байтал гэнэт тас няс гэх дуу гараад манай машин юм мөргөх шиг болоод зогссон. Тэгэхэд би их айсан болохоор машиныхаа хаалгыг ч нээж чадахгүй байсан. Тэгээд машины хаалгаа нээгээд гарч гадаа унасан. Би тухайн үед гар утсаа оролдож байсан болохоор нарийн сайн хараагүй нэг харахад эмнэлэг ойртож байх шиг байсан. Тэгээд гэнэт хажуугаас машины гэрэлд нэг цагаан машин л гялс хийх шиг болсон. Тэгээд мөргөлдсөн. Би жолоочийн арын суудалд сууж байсан. Галаксигийн хойд талын уулзвар дээр байсан. Тухайн үед би хальт хажуу тийш харсан болохоор цагаан машин байх шиг байсан. Миний охор сүүл гэмтсэн байсан одоо эдгэрч байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/,

          Гэрч Б.Эрдэнэсан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”... Би 60x60 авто сервис дээр байж байхад миний хуурай дүү Ням-Очир ирээд машинаа өгчих би заал орж тоголчихоод ирье гэсэн. Тэгэхээр нь машинаа өгөөд явуулсан юм. Би өөрийн машинаа унаж очоод 60x60 гэх авто сервис дээр байж байхад Ням-Очир ирж авсан юм. Би тухайн үед үнэмлэхгүй гэдгийг нь мэдэхгүй байсан сүүлд нь мэдсэн. Ням-Очир намайг Ээдэм гэж дууддаг. Би Улаанбаатар хотоос худалдан аваад удаагүй байсан. Уг машиныг өөрийн нэрдээр шилжүүлж амжаагүй худалдан авах гэрээтэй байсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 160-р хуудас/,

Шүүгдэгч Н.Одбямба мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 02-р сарын 28-ны орой 22 цаг өнгөрөөгөөд төвд байдаг 2-р сургуулийн өмнөх орон сууцанд хүн хүргэж өгчихөөд төв замаар явж байгаад Галаксигийн хойд уулзвар дээр очиж яваад 2-р сургуулийн зааланд цаг захиалах байснаа санаад уулзвараар зүүн гар тийш эргэж төв замын урсгалаар зүүн гар тийш эргээд төв замруу орсон чинь араас кроун маркийн машин замын хашлаган дээгүүр давж гарч ирээд миний унаж явсан машины буруу талын урд талруу мөргөсөн. Тэгээд миний машин замын хойд талруу гаран нөгөө машин замын урд талруу гарч хашлага давж зогссон. Тэгээд би суудлын бүсээ тайлаад машинаасаа гарч ирсэн чинь нөгөө машины жолооч нь хөөе яаж байгаа юм бэ андаа гэж хэлэхээр нь очиж харсан чинь жолооч нь Ням-Очир гэдэг залуу байсан. /өмнө нь таньдаг байсан/ Тэгээд бид нар түргэн дуудаад ар гэрийнхэнлүүгээ яриад байж байсан чинь замын цагдаа Төмөрчөдөр ирсэн. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Би уулзвар дээр зогсож машин ирж байгаа эсэхийг харсан. Тэгэхэд машин хол байсан болохоор уулзвараар нэвтэрсэн. Тухайн үед 10-20 миллийн хурдтай явсан байх. Би уулзвараар нэвтрээд зүүн тийш чигээрээ явах чиглэлтэй явж байсан. Намайг уулзварт орж байхад нэлээд хол машины гэрэл харагдаж байсан. Би уулзвараар эргээд нэгдүгээр эгнээнд орох гэж явтал гэнэт хажуугаас машин мөргөсөн. Тэр үед би машин зогсоох үйлдэл хийгээгүй байсан. Тэр машин манай өвөө Лхагваагийн нэр дээр байдаг. Өвөө надад өгсөн байсан би нэрээ шилжүүлж аваагүй байсан юм. Жолоочийн хариуцлагын даатгал дээр миний нэр байгаа. Тухайн үед осол 22 цаг 10 минутын үед болсон гадаа харанхуй болсон байсан. Төв замын гудамжны гэрэлтүүлэг асаж байсан болохоор гаднах зүйл харагдаж байсан. Миний биед хөл, цээж мөрний зөөлөн эдийн гэмтэл учирсан. Гэмтлийн тасагт 3 хоног хэвтэж эмчлүүлээд гарсан. Урд карлан чихэгдсэн, амортизатор эвдэрсэн, урд гупер салсан, их гэрэл хагарсан, хаалга цөмөрч хонхойсон. ...Бүдүүвч зурган дээр мөргөлдсөн газрыг “А” цэгээр тэмдэглэсэн байсан би үүнтэй санал нийлэхгүй байна. Миний машин уулзвараар ороод машины урд 2 дугуй нь тэгширсэн байсан машины зөв талын хойд талын дугуй замын голын тасархай цагаан шугаман дээр байсан. Миний машин А цэг гэх тэмдэглэсэн газраас ертөнцийн зүгээр урд талдаа замын хашлаганыхаа ойролцоо мөргөлдсөн юм. Нөгөө машин хашлаган дээгүүр давж яваад зогссон газар хүртэлх хэмжээг нь хэмжээгүй байсан. Би өөрийнхөө машиныг унаж очоод осол болсон газар дээр дахин хэмжилт хийлгэх хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 111, 113-114-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 143 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Ням-Очирын биед баруун шагайн дотор хавчаар ясны далд хугарал, шагайн үений гадна хэсгийн урагдаж язарсан шарх гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /хх- ийн 52-р хуудас/,

           Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 09- ний өдрийн 145 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Сайхантамирын биед тархины доргилт, бүсэлхий, аарцаг орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөхгүй. /хх-ийн 55-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 146 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Тэлмэнгийн биед зүүн бугалга ясны дээд 1/3-ийн далд зөрүүтэй хугарал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 58-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 144 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Ерөөлтийн биед бүсэлхийн 1-4-р нугалмын их биеийн дарагдаж шахагдсан хугарал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 61-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 06- ны өдрийн 142 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Одбямбын биед тархины доргилт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх- ийн 63-р хуудас/,

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын замын Цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлтэд: ...Галакси кино театрын хойд талын уулзвар дээр Н.Одбямба нь Тоёота Платз маркийн 22-99 ӨМӨ улсын дугаартай автомашин жолоодож яваад төв замаар чигээрээ явж байсан О.Ням-Очирын жолоодож явсан Тоёота Кроун маркийн ........ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан байна. Тоёота Платз маркийн ......... улсын дугаартай автомашин жолоодож явсан Н.Одбямба нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.8- д “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байраа эзэлнэ" гэсэн заалтыг зөрчсөн байна. Уг зам тээврийн ослын газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, шинжээчийн фото зурган дээр тухайн автомашины тоормосны мөр байхгүй тул хэдэн километр цагийн хурдтай явсныг тогтоох боломжгүй байна. Уг зам тээврийн осол болсны дараа Тоёота Кроун маркийн ........ улсын дугаартай автомашины дугуйн мөр нь үлдсэн байна. Тоёота Платз маркийн........ улсын дугаартай автомашин жолоодож явсан Н.Одбямба нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна. Харин Тоёота Кроун маркийн .......... улсын дугаартай автомашины жолооч О.Ням-Очир нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-ын “а”-д “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” гэсэн заалтыг зөрчсөн байна. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Түмэнжаргалын 2017 оны 03 дугаар сарын 02-ний өдрийн өдрийн зам тээврийн ослын акт үндэслэлтэй байна. /хх-ийн 10-р хуудас/,

           Гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2017.04.06-ны өдрийн 18 дугаартай дүгнэлтэд: ............ улсын дугаартай Платз маркийн автомашины жолооч Н.Одбямба нь МУ-ын ЗХХДүрмийн 7.12-т Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг, ........... улсын дугаартай Тоёота кроун маркийн автомашины жолооч О.Ням-Очир нь МУ-ын ЗХХДүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Тайлбар: МУ-ын ЗХХДүрмийн 1.4 “Зам тавьж өгөх” гэдэг нь замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдэл ............ улсын дугаартай Платз маркийн автомашины жолооч Н.Одбямба нь МУ-ын ЗХХДүрмийн 7.12-т Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тэврийн осол гарсан гэж үзэж байна. Уг зам тээврийн ослын газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, шинжээчийн фото зураг зэргээс харахад тухайн автомашинуудын дугуйн чирэгдсэн мөр буюу тоормосны мөр байхгүй тул тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй гэж үзэж байна. .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н.Одбямба нь МУ-ын ЗХХДүрмийн 7.8-д заасан...“Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэдэг нь үндэслэлгүй байна. Учир нь жолооч

 

 

Н.Одбямба нь буцаж эргэх үйлдлээ дуусгаагүй байсан бөгөөд мөн ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүгт чиглэсэн нэг чигт 2 эгнээгээр зорчдог замд эгнээ байраа гүйцэд эзэлж автомашин шулуун чиглэлдээ орж амжаагүй байсан нь уг 2 автомашиныг зэрэгцээ эгнээнд зорчоогүй гэж үзэж байна. /хх-ийн 101-102-р хуудас/,

          2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 177 дугаартай таван шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтэд: Тоёота платз маркийн автомашиныг жолоодож явсан Н.Одбямба нь Монгол  улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.8-д заасан “Жолооч эгнээ байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байна. Энэ зөрчил нь уг зам тээврийн осол гарах нөхцөлийг бүрдүүлнэ. Тоёота кроун маркийн .............. улсын дугаартай жолооч О.Ням-Очир нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-ын “а”-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний жолоодох эрхийн үнэмлэхийг биедээ авч явна.” гэсэн заалтыг зөрчсөн байна. Энэ зөрчил зам тээврийн осол гарахад шууд нөлөөлөхгүй. 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 18 дугаартай Өмнөговь аймаг дахь бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд жолооч Н.Одбямба ЗХД-ийн 7.12 заалтыг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь осол болох үед тээврийн хэрэгслүүд өөд өөдөөсөө яваагүй. Харин нэг чигт явж байжээ. Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч О.Чулуунбаатарын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Зам тээврийн осол гарах үед Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хөдөлгөөнд оролцогчдын хөдөлгөөний дараалал алдагдсан байдаг. Дүрэм тухайн замын хэсэгт хэн зам тавьж өгөх ёстой, хэн давуу эрхтэй зорчих ёстойг тогтоодог. Энэ осол хэний буруутай үйлдлээс гарсан болохыг шүүх, шүүгч тогтооно. Шинжээч гэм бурууг тогтоох боломжгүй” /хх-ийн 184-р хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/,

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/,

Замын цагдаагийн алба зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 05-08-р хуудас/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-17-р хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29- 39-р хуудас/,

Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд О.Ням-Очир, Б.Сайхантамир, А.Ерөөлт, З.Тэлмэн нарын 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн яаралтай тусламжийн хуудасны хуулбар /хх-ийн 65-84-р хуудас/,

Ашид Билгүүн ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний дүгнэлтэд: Тоуоta crown 180 маркийн автомашины эвдэрлийн үнэлгээ 6.243.000 төгрөг гэжээ. /хх-ийн 92-93-р хуудас/,

Хохирогч А.Ерөөлтийн эмчилгээ хийлгэсэн талаарх баримтууд /хх-ийн 132-139-р хуудас/,

Хохирогч О.Ням-Очирын эмчилгээ хийлгэсэн талаарх баримтууд /хх-ийн 140-146-р хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 128-р хуудас/,

Эд зүйл хураан авах тухай тогтоол тэмдэглэл /хх-ийн 198-199-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол /хх-ийн 200-р хуудас/,

Өмнөговь аймгийн Прокурорын газрын Б.Эрдэнэсанг иргэний хариуцагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 214-р хуудас/,

Хохирогч А.Ерөөлтийн эмчилгээ хийлгэсэн талаарх баримтууд /хх-ийн 243-256, 2-р хх-ийн 01-04-р хуудас/ зэрэг нотлох баримт болно.

            Шүүгдэгч Н.Одбямба нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р багийн нутагт байрлах Галакси кино театрын хойд уулзвар дээр ........... улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас О.Ням-Очирын жолоодож явсан........... улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас О.Ням-Очир, Э.Тэлмэн, А.Ерөөлт нарын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: 

          Хохирогч А.Ерөөлтийн: ”...Би 2017 оны 02 сарын 28-ны орой Галакси кино театрын уулзвар дээр миний сууж явсан автомашин зам тээврийн осолд орсон. Тэгээд миний бие гэмтсэн. ...Би яг мөргөлдөж байхад нөгөө машиныг харсан, хэр хурдан явж байсан талаар мэдэхгүй байна. Нөгөө машины баруун талаар манай машины зүүн талаар мөргөлдсөн. Би машины зүүн гар талын урд сууж явсан. Ням-Очир баруун гар талд урд машин бариад явж байсан. Ард Тамираа найз залуутайгаа ард орж ирж суусан. ...Гомдолтой байна эмчилгээний төлбөрөө төлүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 44-45-р хуудас/,

         Хохирогч З.Тэлмэнгийн: ”...2017.02.28-ны орой 22 цагийн үед би эхнэртэйгээ байж байтал Ням-Очир нэг найзтайгаа ирж бид хоёрыг авч хамт зааланд тоглох гээд төв замаар Галаксигийн хойд талаар явж байсан. Гэнэт туслах замаас нэг машин ирээд манай машиныг мөргөчихсөн. Тэгээд би машины дээд талыг мөргөөд урагшаа бас сандал мөргөсөн. Машинаас буугаад эхнэрээ буулгах гэтэл миний зүүн гар хөдлөхгүй байсан. Тэгээд би тэр шөнөдөө Улаанбаатар хотруу очиж эмчлүүлсэн. ...миний талаас нэг жижиг машин туслах замаас манай машинлуу шахаад даялаад ороод ирсэн. Тэгээд шууд ороод ирж байх шиг байсан. Тэгсэн чинь манай жолооч гэрлээрээ дохиод сигнал дарах шиг болсон. Тэгсэн чинь нөгөө машин шууд мөргөсөн. Би миллийн заалтыг нь хараагүй. Гэхдээ 40-50 орчим миллтэй явсан байх. Их хурдтай яваагүй...гэсэн мэдүүлэг/хх-ийн 47-р хуудас/,

         Хохирогч О.Ням-Очирын: ”...2017.02. 28-ны өдөр би ангийнхаа найзуудтай зааланд тоглох гээд 22 цаг өнгөрч байх үед танил ах Эрдэнэсангийн ............ дугаартай тоёота кроун маркийн автомашиныг жолоодоод Сайхантамир, Тэлмэн, Ерөөлт бид нар төв замаар fashion шоп дэлгүүрийн хойгуур өнгөрч байтал Галаксигийн хойд уулзвар дээр нэг машин уулзварлуу орох гээд зогсож байхаар нь би тэр машиныг зогсож байна гэж бодоод чигээрээ явж байсан чинь нөгөө машин шууд уулзварлуу ороод ирсэн. Тэгэхээр нь би баруун гар талруугаа замын хашлага талруу шахаад тоормосоо гишгэсэн чинь нөгөө машин миний машины зүүн урд хэсгээр мөргөсөн. Тэгэхэд доргилтод миний тоормос гишгэсэн байсан хөл мултраад хаазан дээр дараад машин урагшаа хүчтэй хөдлөөд замын хашлаган дээгүүр даваад зогссон. Би тухайн үед 50 гаран миллийн хурдтай явсан байх. Тэр машиныг зогсож байсан болохоор хурдаа хасалгүй чигээрээ явж байтал гэнэт хажуугаас ороод ирэхээр нь би тоормос гишгэж машинаа хажуу тийш нь дарсан. Би тоормос гишгээд хурдаа хасаад эхлэхэд хажуугаар ирж мөргөсөн. Замын гэрэлтүүлэг асаалттай үзэгдэх орчин сайн байсан. Миний баруун хөлний шагай мултарч хугарсан. Шөрмөс тасарсан” гэсэн мэдүүлэг/хх-ийн 49-р хуудас/,

         Гэрч Б.Сайхантамирын: ”...2017.02.28-ны орой 22 цаг болж байх үед манай хамаатны ах Ням-Очир, найзтайгаа хамт манайд машинтай ирээд манай найз Тэлмэн бид хоёрыг зааланд тоглоё гээд хамт явцгаасан. ...гэнэт тас няс гэх дуу гараад манай машин юм мөргөх шиг болоод зогссон. Тэгэхэд би их айсан болохоор машиныхаа хаалгыг ч нээж чадахгүй байсан. Тэгээд машины хаалгаа нээгээд гарч гадаа унасан. ...гэнэт хажуугаас машины гэрэлд нэг цагаан машин л гялс хийх шиг болсон. Тэгээд мөргөлдсөн. ...Миний охор сүүл гэмтсэн байсан одоо эдгэрч байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/,

          Гэрч Б.Эрдэнэсангийн:”... Би 60x60 авто сервис дээр байж байхад миний хуурай дүү Ням-Очир ирээд машинаа өгчих би заал орж тоголчихоод ирье гэсэн. Тэгэхээр нь машинаа өгөөд явуулсан юм. ...Би тухайн үед үнэмлэхгүй гэдгийг нь мэдэхгүй байсан сүүлд нь мэдсэн. ...Би Улаанбаатар хотоос худалдан аваад удаагүй байсан. Уг машиныг өөрийн нэр дээр шилжүүлж амжаагүй худалдан авах гэрээтэй байсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 160-р хуудас/,

            Шүүгдэгч Н.Одбямбын: ”...2017 оны 02-р сарын 28-ны орой 22 цаг өнгөрөөгөөд төвд байдаг 2-р сургуулийн өмнөх орон сууцанд хүн хүргэж өгчихөөд төв замаар явж байгаад Галаксигийн хойд уулзвар дээр очиж яваад 2-р сургуулийн зааланд цаг захиалах байснаа санаад уулзвараар зүүн гар тийш эргэж төв замын урсгалаар зүүн гар тийш эргээд төв замруу орсон чинь араас кроун маркийн машин замын хашлаган дээгүүр давж гарч ирээдминий унаж явсан машины буруу талын урд талруу мөргөсөн. Тэгээд миний машин замын хойд талруу гаран нөгөө машин замын урд талруу гарч хашлага давж зогссон. ...Би уулзвар дээр зогсож машин ирж байгаа эсэхийг харсан. Тэгэхэд машин хол байсан болохоор уулзвараар нэвтэрсэн. Тухайн үед 10-20 миллийн хурдтай явсан байх. Би уулзвараар нэвтрээд зүүн тийш чигээрээ явах чиглэлтэй явж байсан. Намайг уулзварт орж байхад нэлээд хол машины гэрэл харагдаж байсан. Би уулзвараар эргээд нэгдүгээр эгнээнд орох гэж явтал гэнэт хажуугаас машин мөргөсөн. Тэр үед би машин зогсоох үйлдэл хийгээгүй байсан. Тэр машин манай өвөө Лхагваагийн нэр дээр байдаг. Өвөө надад өгсөн байсан би нэрээ шилжүүлж аваагүй байсан юм. Жолоочийн хариуцлагын даатгал дээр миний нэр байгаа. Тухайн үед осол 22 цаг 10 минутын үед болсон гадаа харанхуй болсон байсан. Төв замын гудамжны гэрэлтүүлэг асаж байсан болохоор гаднах зүйл харагдаж байсан. Миний биед хөл, цээж мөрний зөөлөн эдийн гэмтэл учирсан. Гэмтлийн тасагт 3 хоног хэвтэж эмчлүүлээд гарсан. Урд карлан чихэгдсэн, амортизатор эвдэрсэн, урд гупер салсан, их гэрэл хагарсан, хаалга цөмөрч хонхойсон. ...Бүдүүвч зурган дээр мөргөлдсөн газрыг “А” цэгээр тэмдэглэсэн байсан би үүнтэй санал нийлэхгүй байна. Миний машин уулзвараар ороод машины урд 2 дугуй нь тэгширсэн байсан машины зөв талын хойд талын дугуй замын голын тасархай цагаан шугаман дээр байсан. Миний машин А цэг гэх тэмдэглэсэн газраас ертөнцийн зүгээр урд талдаа замын хашлаганыхаа ойролцоо мөргөлдсөн юм. Нөгөө машин хашлаган дээгүүр давж яваад зогссон газар хүртэлх хэмжээг нь хэмжээгүй байсан. Би өөрийнхөө машиныг унаж очоод осол болсон газар дээр дахин хэмжилт хийлгэх хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 111, 113-114-р хуудас/,

            Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны №143, 146, 144 дугаартай шинжээч эмчийн: Ням-Очир, Тэлмэн, Ерөөлт нарын биед учирсан гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах талаарх дүгнэлтүүд /хх- ийн 52, 58, 61-р хуудас/,            

            Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын замын Цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлтэд: ...Тоёота Платз маркийн ............. улсын дугаартай автомашин жолоодож явсан Н.Одбямба нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.8- д “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байраа эзэлнэ" гэсэн заалтыг зөрчсөн байна. ...Н.Одбямба нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна. Харин Тоёота Кроун маркийн ............. улсын дугаартай автомашины жолооч О.Ням-Очир нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-ын “а”-д “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” гэсэн заалтыг зөрчсөн байна. /хх-ийн 10-р хуудас/,

           2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 177 дугаартай таван шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтэд: Тоёота платз маркийн автомашиныг жолоодож явсан Н.Одбямба нь Монгол  улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.8-д заасан “Жолооч эгнээ байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байна. Энэ зөрчил нь уг зам тээврийн осол гарах нөхцөлийг бүрдүүлнэ. Тоёота кроун маркийн ........... улсын дугаартай жолооч О.Ням-Очир нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-ын “а”-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний жолоодох эрхийн үнэмлэхийг биедээ авч явна.” гэсэн заалтыг зөрчсөн байна. Энэ зөрчил зам тээврийн осол гарахад шууд нөлөөлөхгүй. ...Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч О.Чулуунбаатарын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна./хх-ийн 184-р хуудас/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/, замын цагдаагийн алба зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 05-08-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-17-р хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29- 39-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Одбямба гэм буруутай болох нь тогтоогдож байна.

        Шүүгдэгч, түүний өмгөөлөгч шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрсөн мэдүүлэг, тайлбар гаргаж байх боловч өмгөөлөгчийн удаа дараагийн хүсэлтийг прокурор хангасны үндсэн дээр Цагдаагийн Ерөнхий газрын Замын цагдаагийн албаны 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй тусгай мэдлэгийн мэргэжлийн шинжээчид  зам тээврийн ослын дүгнэлт гаргасан байна.

         Иймд эдгээр шинжээчдийн 2017 оны 5-р сарын 11-ний өдрийн 177 тоот шинжээчийн дүгнэлт, 2017 оны 03-р сарын 09-ний өдрийн 10 тоот шинжээчийн дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлж шүүгдэгчийн гэм бурууг тогтоох үндэслэлтэй гэж шүүх үзсэн болно.

         Түүнчлэн энэ гэмт хэргийн улмаас 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны №143, 146, 144 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон болно.

     Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-т Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.Одбямбын үйлдсэн гэмт хэргийг 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д хуульчилсан байна. 

           Шүүх 2017 оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна.

         Шүүгдэгчийн хувьд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хууль нь 2015 онд батлагдсан Эрүүгийн хууль байх бөгөөд шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

         Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг шүүх дараах байдлаар шийдвэрлэв. Шүүгдэгч Н.Одбямбын гэм буруутай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учирсан болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Одбямбаас хохирогч нарын эрүүл мэндэд учруулсан хохирол болох 646.480 төгрөг гаргуулан хохирогч О.Ням-Очирт, 1.820.300 төгрөг гаргуулан А.Ерөөлтөд, 245.590 төгрөг гаргуулан З.Тэлмэнд тус тус олгохоор, эд хөрөнгийн хохиролд 6.243.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэсанд тус тус олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

       Прокурор З.Эрдэнэсанг ЭБШХуулийн 44 дүгээр зүйлийг баримтлан иргэний хариуцагчаар татах тухай 2017 оны 6-р сарын 20-ны өдрийн 01 тоот тогтоол гаргасан бөгөөд ЭБШХуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт зөвхөн хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татаж болохоор хуульчилсан бөгөөд иргэнийг иргэний хариуцагчаар татсан нь буруу болохыг дурьдах нь зүйтэй.

        Хохирогч О.Ням-Очирын жолоодож явсан .......... улсын дугаартай тоёото кроун маркийн автомашины эзэмшигч Б.Эрдэнэсанг шүүх иргэний нэхэмжлэгчээр тогтоон шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ түүний шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэсэн болно.

         Энэхүү зам тээврийн осол гарахад хохирогч О.Ням-Очирын буруутай үйлдэл байгаагүй болох нь шинжээчдийн 2017 оны 177, 10 тоот дүгнэлтүүдээр тогтоогддог, хохирогч О.Ням-Очирын гэм буруутай үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд гэм хор учирсан гэж үзэх үндэслэлгүй тул О.Ням-Очирын унаж явсан машины хууль ёсны эзэмшигч Б.Эрдэнэсан нь иргэний хариуцагчаар татагдах эрх зүйн үндэслэл үүсэхгүй юм.

       Иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэсангийн эзэмшлийн машинд 6.243.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ний автомашин техникийн үнэлгээний дүгнэлтээр тогтоогдсон тул энэхүү нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэв.

        Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.    

        Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-т тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял байхгүй тул шүүгдэгч Н.Одбямбын жолоочийн үнэмлэхийг буцаан олгохоор шийдвэрлэв.

         Шүүх шүүгдэгч Н.Одбямбад Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.                                                                                                                                                                                                                                      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Одбямбын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилсүгэй.  
  2. Шүүгдэгч ........... овгийн ......................тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Одбямбад 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Н.Одбямба торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар ялтан Н.Одбямба нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор төлөхийг мэдэгдсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Одбямбад хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч Н.Одбямбаас 646.480 /зургаан дөчин зургаа мянга дөрвөн зуун ная/ төгрөг гаргуулан хохирогч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5-р баг Зүүн сайхан шанд 10 тоотод оршин суух, /РД:КЮ97021830/ Нөмгөн овгийн Отгонбаатарын Ням-Очирт, 1.820.300 /нэг сая найман зуун хорин мянга гурван зуу/ төгрөг гаргуулан хохирогч Улаанбаатар хот Баянгол дүүргийн 17-р хороо 4-р хороолол 38а-601 тоотод оршин суух, /РД:КЮ97121814/ Дархчуул овгийн Амгаланбаатарын Ерөөлтөд, 245.590 /хоёр зуун дөчин таван мянга таван зуун ер/ төгрөг гаргуулан хохирогч Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 19-р хороо 12а-345 тоотод оршин суух, /РД:НМ94060414/ Сартуул овгийн Золбатын Тэлмэнд, 6.243.000 /зургаан сая хоёр зуун дөчин гурван мянга/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р баг Баруун сайхны 16-31 тоотод оршин суух Боржигон овгийн Будын Эрдэнэсанд тус тус олгосугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Н.Одбямбын №994626 дугаартай  В, С ангиллын жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч Н.Одбямбад буцаан олгосугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гарах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Т.ДЭЛГЭРМАА