| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 101/2016/00738/и |
| Дугаар | 001/ХТ2016/00738 |
| Огноо | 2016-06-21 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2016/00738
Б.Баянмягмарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/01138 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 710 дугаар магадлалтай,
Б.Баянмягмарын нэхэмжлэлтэй,
Нийслэлийн Засаг даргад холбогдох
Нийслэлийн Засаг даргын Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ууганбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Баянмягмар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, нарийн бичгийн дарга Б.Хүрэлтулга нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Миний бие 74 дүгээр цэцэрлэгийн ерөнхий менежер, эрхлэгчийн албан тушаалд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/267 дугаар захирамжийн дагуу 124 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон, албан үүргээ хуулийн дагуу хэвийн хашиж байсан боловч уг ажлын байранд Нийслэлийн Боловсролын газраас “сул орон тоо гарсан” мэтээр нийтэд зарлаж, сонгон шалгаруулалт явуулсан. Сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн намайг ажлаас чөлөөлсөн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/06 дугаар захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэл нь: 1. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д зааснаар “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж заасан. Үүнээс үзвэл “үр дүнгийн гэрээний хэрэгжилт”-ээс шалтгаалж ажлаас чөлөөлөх ёстой. 2. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын хавсралт “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1-д “Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг томилох эрх бүхий этгээд хууль тогтоомжид заасны дагуу сул орон тоо гарснаас хойш ажлын 14 хоногийн дотор тухайн ажлын байрыг нөхөх, уг албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт ... Боловсролын газарт харьяаллын дагуу ирүүлнэ” гэжээ. Гэтэл 124 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байранд сул орон тоо гараагүй байхад сонгон шалгаруулалт явуулсан нь хууль бус. Нийслэлийн Засаг даргын захирамжийг эс зөвшөөрөн 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр миний бие Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд хандан “Ажилд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийг гаргасан. Уг нь Улсын Дээд шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 32 дугаар тогтоолын 3.1-д зааснаар Төрийн үйлчилгээний албан хаагчтай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхээр заасан тул харьяаллын бус шүүхээс нэхэмжлэлээ татан авах хүсэлт захиргааны хэргийн шүүхэд гаргахад нэхэмжлэлийн татгалзлыг баталсан 166 дугаар захирамж гаргасан. Ингээд уг захирамжийг хүлээн авсан 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан ба иргэний хэрэг үүсгэсэн. Гэвч захиргааны хэргийн шүүхийн 166 дугаар захирамжийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон 16570 дугаар захирамж 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гарсан. Уг захирамжийг эс зөвшөөрч ... гомдол гаргасан. 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гомдлыг хянан хэлэлцсэн. Захиргааны хэргийн шүүхэд дахин хүсэлт гаргаснаар 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр “шүүгчийн захирамжийг хүчингүй болгох” тухай 4428 дугаар захирамж гарч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 16570, 22933 дугаар захирамжийн үндэслэл болсон 166 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Уг захирамжийн гомдол гаргах хугацаа 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдөр дууссан тул шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. Иймд Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгахыг хүсч байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: “Тус цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээлцэж, ажлаас чөлөөлсөн захирамжийг Б.Баянмягмарт гардуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор гомдлоо шүүхэд гаргахаар заасан ба нэхэмжлэгч Б.Баянмягмар нь 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд хандсан нь хуульд заасан хугацаа хэтэрсэн байна. Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 28-д “хүндэтгэн үзэх шалтгаан” гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно. Харин хууль мэдэхгүй нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй гэж заасан. Б.Баянмягмар нь гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй, баримт нотолгоо, тайлбар байхгүй байна. Б.Баянмягмар нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Чингэлтэй дүүргийн 124 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргасан ба 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 1657 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэгэнт дээрх шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ үзэж байна. Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор сонгон шалгаруулах журмыг батлан мөрдүүлэхийг Төрийн албаны зөвлөлд даалгасан. Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 13 дугаар тогтоолоор “Төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх даргыг сонгон шалгаруулах журам”-ыг баталсан. ...дүүргийн Засаг даргаас Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчээр мэргэжлийн бус иргэнийг томилсон, түр томилсон, мөн сонгон шалгаруулалтгүйгээр томилсон зэрэг холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдлууд удаа дараа гарсан байсан. Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар “30.1.15-д зааснаар аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” эрхийг Нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д “...сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох”, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны “Журам батлах тухай” 60 дугаар тогтоолын 8.4-т “Сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг удирдах албан тушаалд томилохгүй”, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 17-ны өдөр баталсан нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчид тавигдах тусгай шаардлага нь сонгон шалгаруулалтад тэнцсэн байх гэж тус тус заасан тул хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар Б.Баянмягмартай харилцан тохиролцож сонгон шалгаруулалтын дүнгээр болон сонгон шалгаруулалтад тэнцэж нөөцөд бүртгэгдсэн иргэдээс уг орон тоог нөхөх хүртэл хугацаагаар хөдөлмөрийн гэрээг 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шинэчлэн байгуулсан. Боловсролын тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.7 дахь заасныг үндэслэн Нийслэлийн Боловсролын газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/89 дүгээр тушаалаар нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох төрийн үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комиссыг томилсон. Чингэлтэй дүүргийн 124 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох төрийн үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Төрийн албаны зөвлөл, Нийслэлийн Боловсролын газрын албан ёсны цахим хуудас болон 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №211 /826/ Үндэсний мэдээ сониноор олон нийтэд нээлттэй зарласан. Нийслэлийн Засаг даргад Нийслэлийн Боловсролын газрын даргын 2015 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 1/07 дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн 2013 оны “Журам батлах тухай” 60 дугаар тогтоолын 8.1.3-т заасны дагуу Чингэлтэй дүүргийн 124 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох төрийн үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтын дүнгээр хамгийн өндөр оноо авсан С.Оюунчимэгийг тус албан тушаалд нэр дэвшүүлж, Б.Баянмягмарыг ажлаас чөлөөлөх саналыг хүргүүлсэн. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б/06 дугаар захирамжаар дээрх сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Б.Баянмягмартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/21 дүгээр захирамжаар С.Оюунчимэгийг тус цэцэрлэгийн эрхлэгчээр томилсон. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны “Журам батлах тухай” 60 дугаар тогтоолд зааснаар сонгон шалгаруулалтын үндсэн дээр уг орон тоог нөхөж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажилласан гэж үзэж байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б/06 дугаар захирамжаар Б.Баянмягмартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн нь хууль эрх зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/01138 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Б.Баянмягмарыг Чингэлтэй дүүргийн 124 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Чингэлтэй дүүргийн 124 дүгээр цэцэрлэгээс дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 460 430 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Баянмягмарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 812 340 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Баянмягмарын болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Чингэлтэй дүүргийн 124 дүгээр цэцэрлэгт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Баянмягмар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Чингэлтэй дүүргийн 124 дүгээр цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамжид 38 316 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 710 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/01138 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2, 5 дахь заалтын “Чингэлтэй дүүргийн 124 дүгээр цэцэрлэгээс” гэснийг “хариуцагч Нийслэлийн Засаг даргын тамгын газраас” гэж, 3 дахь заалтын “Чингэлтэй дүүргийн 124 дүгээр цэцэрлэгт” гэснийг “хариуцагч Нийслэлийн Засаг даргын тамгын газарт” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ууганбаярын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ууганбаярын хяналтын журмаар гаргасан гомдолд: “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/01138 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 710 дугаар магадлалд дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Б.Баянмягмар нь сургуулийн өмнөх боловсролын багшийн мэргэжил эзэмшээгүй, мэргэжлийн бус, ажлын туршлагагүй, сонгон шалгаруулалтад ороогүйгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байсан нь Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх дарга (захирал, эрхлэгч)-ыг сонгон шалгаруулах журам”-ын 8.26-д “Сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг төсвийн байгууллагын дарга (захирал, эрхлэгч)-ын албан тушаалд томилохгүй” гэж заасныг тус тус зөрчсөн. Дээрх хууль тогтоомж зөрчсөн зөрчлийг арилгасан Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/06 дугаар захирамж нь хууль эрх зүйн үндэслэлтэй буруутгах үндэслэлгүй байна. Мөн Б.Баянмягмарыг ажил, албан тушаалд нь эгүүлэн томилох нь дахин хууль зөрчсөн үйлдэл болох тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д зааснаар Б.Баянмягмартай харилцан тохиролцож сонгон шалгаруулалтын дүнгээр болон сонгон шалгаруулалтад тэнцэж нөөцөд бүртгэгдсэн иргэдээс уг орон тоог нөхөх хүртэлх хугацаагаар хөдөлмөрийн гэрээг 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан. Ингэснээр ажил олгогч, ажилтан нарын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байхад шүүхээс хөдөлмөрийн гэрээг байгуулсан нь хуульд нийцэхгүй, хөдөлмөрийн харилцаа үүсээгүй гэж шийдвэрлэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний Монгол Улсын Үндсэн хуулинд заасан өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхийг минь ноцтой зөрчсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний өмгөөлөгч авах хүсэлтийг минь “байгууллага төлөөлж байгаа тул болохгүй” гэсэн үндэслэлээр хангаагүй нь Монгол Улсын иргэн биш гэсэнтэй ижил утга агуулгатай шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 124 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон одоог хүртэл ажил албан тушаалаа гүйцэтгэж байгаа С.Оюунчимэгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байгаа тул гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг хангахгүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/01138 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 710 дугаар магадлалыг тус тус хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Б.Баянмягмар нь хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн, ажлын байранд сонгон шалгаруулалт явуулсан нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч Б.Баянмягмарыг Нийслэлийн Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б/06 дугаар захирамжаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг удирдлага болгон Чингэлтэй дүүргийн 124 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, үндэслэлээ “... төрийн үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтын дүн гарч хөдөлмөрийн гэрээг цаашид сунгахгүй болсон” гэж тодорхойлсон байна. /хх-ийн 8 /
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Баянмягмар нь ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн авснаар Захиргааны хэргийн болон Иргэний хэргийн шүүхэд удаа дараа нэхэмжлэл, гомдол гаргаж байсан хугацаа тус бүрээр дүгнэж, “тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан ... бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэсэн Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэн нь зөв, хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлсэн байна.
Зохигчдын хооронд 2014 оны 10 сарын 10-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд заасан “сонгон шалгаруулалтын дүнгээр болон сонгон шалгаруулалтад орж нөөцөд бүртгэгдсэн иргэдээс томилогдох хүртэл” гэсэн хугацааг анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2.2-т нийцүүлэн тайлбарласан, цэцэрлэгийн эрхлэгчийн ажил, албан тушаал нь байнгын ажлын байр тул хариуцагчийн гаргасан захирамж Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т нийцээгүй гэж дүгнэснийг зөв гэж үзнэ.
Тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд сонгон шалгаруулалт зохион байгуулсан үйл ажиллагааг зөвтгөх боломжгүй. Учир нь уг албан тушаалд сул орон тоо гарсан, томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлан явуулах, түүнийг нөхөх зайлшгүй шаардлагатай байсан гэх үндэслэл тогтоогдоогүй буюу Б.Баянмягмар ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байхад ажил олгогч сонгон шалгаруулалт зарлан явуулж, хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгахгүй болсон үндэслэлээ болгосон нь хуульд нийцээгүй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.
Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Баянмягмарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв боловч хэргийн хариуцагч биш Чингэлтэй дүүргийн 124 дүгээр цэцэрлэгээс ажилтны ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулахаар шийдвэрлэж алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулсан нь хуульд нийцсэн буюу шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ бүхэн хэрэгжүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Нийслэлийн Засаг дарга тул Төсвийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасантай нийцүүлж Засаг даргын тамгын газраас ажилтны ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан эрх зүйн туслалцаа авч, өмгөөлөгч оролцуулах, гуравдагч этгээдээр С.Оюунчимэгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлтийг шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу 2015 оны 11 дүгээр сарын 25, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрүүдэд шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсныг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ууганбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 710 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ууганбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН