Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 553

 

Б.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Тэрбиш, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 293 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 83 дугаар магадлалтай, Б.Б-д холбогдох 1825004460301 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1998 онд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Мажгар овогт Б-ын Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 5,400,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Б- 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд төлөх, мөн эмчилгээний зардлын 5,308,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б гаргасан гомдолдоо “Давж заалдах шатны шүүх эмчилгээний зардалд хамаарахгүй төлбөрийг хэрэгсэхгүй болгож, харин имплант шүд хийлгэх төлбөр болох 5,200,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна. Уг төлбөрийг анхан шатны шүүх нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэхээр шийдвэрлэсэн бөгөөд энэхүү төлбөртэй холбоотой баримтаа бүрдүүлсэн тохиолдолд төлнө гэдгээ удаа илэрхийлсэн болно. Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн гэж үзэж байна. Харин давж заалдах шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нотлох баримтууд нь хуулийн шаардлага хангаагүй байна. Имплант шүд хийлгэх тухай баримт өгсөн эмнэлэг нь эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл байхгүй, үйл ажиллагаа явуулдаг эсэх нь эргэлзээтэй байхад энэхүү баримтыг хууль зөрчиж үнэлж, төлбөр гаргуулсанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Тэрбиш хэлсэн саналдаа “Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, хохирлыг зөв тооцож шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх эмнэлгийн үйл ажиллагаа явуулах эсэх нь эргэлзээтэй нотлох баримтыг үндэслэн хохиролд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Б- нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн байцаалтаар хангалттай нотлогджээ. Б.Б нь согтуугаар хохирогчийн үүдэн 4 шүдийг өшиглөснөөс 3 шүд хугарсан, 1 шүд ганхсан хохирол эрүүл мэндэд нь учруулсан бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд эмчилгээний зардлыг төлөх талаар ямар нэг оролдлого гаргаагүй, дэмжлэг үзүүлээгүй байхад шүүгдэгчид 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь ял хөнгөдсөн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх хохирогчийн нотлох баримтын шаардлага хангасан имплант шүд хийлгэх тухай баримтын дагуу 5,200,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б-ын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тайгер” баарны гадна Л.Г-той маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулжээ.

Шүүгдэгч Б.Б нь хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг үндэслэн хохирол гаргуулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг заалтыг хүчингүй болгох агуулгатай гомдол гаргасан байна.

Шүүх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг зааж, нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхихоос бусад үед иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгохоор эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэдэг билээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Г-ийн үүдэн гурван шүд унаж, нэг шүдний ганхалт хохирол учирсан бөгөөд ийнхүү шүд хийлгэхэд шаардагдах хохирлын тооцоог хуульд заасан үндэслэл журмаар авагдсан нотлох баримтаар нотолж, шүүхэд ирүүлснийг давж заалдах шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.   

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 293 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 83 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН