Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 83

 

“П д т” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн

улсын байцаагч Т.Б, Ж.Г,

Л.Р, Ч.Э нарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                М.Батсуурь

Шүүгчид:                   Х.Батсүрэн

                                    Ч.Тунгалаг

                                    П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:         Д.Мөнхтуяа

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0000209 дүгээр актыг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0731 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2017/0887 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Хариуцагч: Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтангэрэл нар,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтангэрэл нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0731 дүгээр шийдвэрээр:  Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 16 дугаар зүйлийн 1, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтыг баримтлан “Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0000209 дүгээр актыг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах” тухай “П д т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2017/0887 дугаар магадлалаар:  нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0731 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсэгт “2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0000209 дүгээр актаар ногдуулсан 396.874.607 /гурван зуун ерэн зургаан сая, найман зуун далан дөрвөн мянга, зургаан зуун долоон мянган/ төгрөгийн алдангийн алдангиас “П д т”  ХХК-ийг өршөөн хэлтрүүлсүгэй” гэж нэмж, 2 дахь заалтын дугаарыг “3”, 3 дахь заалтын дугаарыг “4” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэгийн гомдол: ... анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.

4. “П д т” ХХК нь 2005-2016 оны хооронд Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэдийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон суутгахдаа Нийгмийн даатгалын тухай хуулийг чанд баримталж ирсэн.

5. Нийгмийн даатгалын Улсын байцаагч нараас эдгээр он жилүүдэд нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтөд хяналт тавьж байсан бөгөөд уг томилолтын зардал болон манай тайланг хүлээн зөвшөөрч байсан болно.

6. Гэтэл Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын газрын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нар нь 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0000209 дүгээр актаар манай компанийг 3,347,792,863.0 төгрөгийн хөдөлмөрийн хөлсийг бууруулсан гэж үзэн, уг төгрөгт ногдох 793,749,218 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлүүлэх, шимтгэлийн үнийн дүнгийн 50 хувиар тооцон 396,874,609 төгрөгийн алданги, нийт 1,190,623,827 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон нь үндэслэлгүй юм.

7. Шүүхүүд “П д т” ХХК-ийн 2005-2015 онуудад ажилтандаа олгосон хээрийн талбайд ажиллах томилолтын мөнгийг нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах орлого гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна.

8. Тодруулбал, хээрийн нөхцөлд, гэрээсээ хол амьдарч байгаа ажиллаж байгаа ажиллагсадын хувийн хэрэглээнд шаардагдах зайлшгүй хэрэгцээний зүйлс, ажлын бус цагаар аймаг, сумын төвд орох буцах замын зардал, монгол хүнд шаардлагатай нэмэлт хоол хүнс авах зэрэг шаардлага тулгарч байгааг харгалзан компанийн удирдлагын шийдвэрээр томилолтын зардал олгохоор шийдвэрлэсэн билээ.

9. Энэхүү зориулалтаар олгосон албан ажлын томилолтын мөнгө гэдэг нь ажиллагсадын цэвэр зардалд зориулагддаг учраас орлого гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэхүү томилолтын мөнгөнд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах үндэслэлгүй байсан.

10. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд ямар нотлох баримтыг үндэслэн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах орлого гэж үзсэн нь тодорхойгүй байгаагаас үзвэл шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

11. Иймд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 731 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2017/0887 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

12. Хариуцагчийн итгэмжлэгдсан төлөөлөгч Д.Алтангэрэл гомдолдоо: ... нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.10-ны өдрийн 128/ШШ2017/0731 дүгээр шийдвэрийн тогтоох хэсэгт “2. Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг баримтлан БЗД-ийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2016.11.20-ны өдрийн 0000209 дүгээр актаар ногдуулсан 396 874 607 төгрөг /гурван зуун ерөн зургаан сая найман зуун далан дөрвөн мянга зургаан зуун долоон/-ийн алдангийн алдангиас “П д т” ХХК-ийг өршөөн хэлтрүүлсүгэй.” гэж нэмж, ... өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай гэжээ.

13. Дээрх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт орсон “2. Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг баримтлан БЗД-ийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2016.11.20-ны өдрийн 0000209 дүгээр актаар ногдуулсан 396 874 607 төгрөг /гурван зуун ерөн зургаан сая найман зуун далан дөрвөн мянга зургаан зуун долоон /-ийн алдангийн алдангиас “П д т” ХХК-ийг өршөөн хэлтрүүлсүгэй” гэх нэмэлт өөрчлөлтийг бид хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

14. Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэсэн байх ба уг хуулийн Дөрөвдүгээр бүлэг 10-р зүйл “Хууль хэрэглэх журам”-ын 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015.07.02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” хэмээн тус тус заасан байхад дээрх БЗД-ийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2016.11.20-ны өдөр гаргасан, 0000209 тоот актаар ногдуулсан 396 874 607 төгрөг /гурван зуун ерөн зургаан сая найман зуун далан дөрвөн мянга зургаан зуун долоон/-ийн алдангийг чөлөөлж, “П д т” ХХК-ийг өршөөлд хамааруулсан нь уг хуулийн заалтуудад нийцэхгүй байна.

15. “П д т” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэчимэгийн шүүхэд гаргасан тайлбарт тус компаниас “Хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг санаатайгаар бууруулсан гэж үзээгүй, тухай бүр нь нийгмийн даатгалын байцаагч нийгмийн даатгалын тайланг хүлээн авч, зөвшөөрч байсан учраас ийнхүү дээрх өршөөлийн хуулиудын дагуу шинээр тайлагнах шаардлагагүй байсан тул уг хуульд заасан хугацаанд акт тавигдаагүй нь нэхэмжлэгчийн буруу биш юм” гэжээ.

16. Үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: “Нийгмийн даатгалын тухай хууль”-ийн 17 дугаар зүйл “Ажил олгогч даатгуулагчийн шимтгэл төлөх үүрэг”-ийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 17.1.1-д “хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, ба 17.1.2-т “шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон мэдээ, тайланг тогтоосон хугацаанд гаргаж даатгалын байгууллагад ирүүлэх” хэмээн тус тус үүргүүдийг заасан байдаг.

17. Энэхүү үүргийн хүрээнд манай байгууллага нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоог үнэн зөв, хуулийн дагуу зохих ёсоор тайланг хийж ирүүлж байсан гэж үзэж, тайланг хүлээн авч баталгаажуулж ирсэн.

18. Тус байгууллагын талаар даатгуулагчдаас нийгмийн даатгалын байгууллагад хандаж нэг ч иргэн гомдол ирүүлж байгаагүй учраас шилдэг шимтгэл төлөгч байгууллагаар шалгаруулж байсан.

19. Харин 2016 онд иргэн Баатар гомдол гаргаж, даатгуулагчийн гомдлын дагуу шалгахад даатгуулагчдын хөдөлмөрийн хөлсийг бууруулж тайлагнаж байсан зөрчлийг илрүүлж хуулийн дагуу нөхөн төлүүлэх улсын байцаагчийн 0000209 тоот актыг 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нэр бүхий улсын байцаагчид тогтоосон болно.

20. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан шийдвэрээ гаргадаг. Гэвч “П д т” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэчимэг нь анхан шатны шүүх хуралдаанд тус компанид өмнө нь шалгалт хийгдэж байсан тухай тайлбарлан ярьдаг боловч төрийн хяналт шалгалт хийх эрх бүхий ямар байгууллага, хэзээ, хэдэн удаа шалгалт хийгдсэн тухай нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй тул хавтас хэрэгт авагдсан нэг ч нотлох баримт байхгүй.

21. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх ЗХШХШТХ-ийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан “... хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн,...” байх тул 2017.12.21-ны өдрийн 221/МА2017/0887 тоот магадлалд дурдсан нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.10-ны өдрийн 128/ШШ2017/0731 тоот шийдвэрийн тогтоох хэсэгт нэмэлт өөрчлөлтөөр орсон 2 дахь заалтыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

22. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт, шийдвэр зөв байна.

23. -... нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлийн талаар:

24. Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0000209 дүгээр актаар “...”П д т” ХХК нь 2005-2016 онд даатгуулагч нарт олгосон хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогыг бууруулж нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлж даатгуулагчдын эрх ашгийг хохироосон” гэх зөрчил тогтоож, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д “... нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн ... нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид дараахь хариуцлага хүлээлгэнэ”, 20 дугаар зүйлийн 1-ийн 1/-д “... ажил олгогч шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол нуусан буюу бууруулсан орлогод ногдох шимтгэлийг нөхөн төлүүлж, мөн орлоготой тэнцэх хэмжээний алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж тус тус заасныг баримтлан, “П д т” ХХК-нд нийгмийн даатгалын төлөөгүй шимтгэл 793,749,218 төгрөг, шимтгэл төлөх хугацаа хэтрүүлсний алданги 396,874,609 төгрөг, нийт 1,190,326,827 төгрөгийн төлбөр тогтоосон, нэхэмжлэгч, хариуцагч нар зөрчил гаргасан хугацаа, түүнд ногдуулсан нөхөн төлбөр, алдангийн хэмжээний талаар маргаагүй байна.

25. Нэхэмжлэгч “П д т” ХХК нь маргаан бүхий актаар тогтоосон зөрчилд холбогдуулан, “... ажилтандаа олгосон хээрийн талбайд ажиллах томилолтын мөнгө нь нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах орлого биш, ... албан ажлын томилолтын мөнгө гэдэг нь ажиллагсадын цэвэр зардалд зориулагддаг учраас орлого гэж үзэх үндэслэлгүй” гэх боловч маргаан бүхий актаар тогтоосон “... 793,749,218 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх” үүрэгт хамаарах мөнгөн хөрөнгийн “зардал гаргасан” гэдэг нь санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдоогүй, энэ талаар шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

26. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөгч-“ажил олгогч” нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д зааснаар “... ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого”-оос хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлөх үүрэгтэй, тухайн тохиолдолд, “П д т” ХХК-иас “хээрийн хоногийн нэмэгдэл” гэх нэрээр ажилтнууддаа цалин дээр нь нэмж олгосон мөнгө нь “цалин хөлс, түүнтэй адилтгах орлого”-д хамаарна, санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдоогүй тохиолдолд ажилтанд олгосон мөнгийг “зардал” гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... хээрийн нөхцөлд, гэрээсээ хол амьдарч байгаа ажиллаж байгаа ажиллагсадад ... томилолтын зардал олгосон, ... /энэ нь/ цэвэр зардалд зориулагддаг учраас орлого гэж үзэх үндэслэлгүй” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй байна.

27. -... хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлийн талаар:

28. Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1-д “энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө ... /гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн/ хүнд хамаарна”, 4 дүгээр зүйлийн 4.3-т “хууль тогтоомж зөрчиж, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж тус тус заасныг маргааны үйл баримтад холбогдуулан авч үзвэл, уг хуулийн үйлчлэлд 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө “нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн” зөрчил гаргасан боловч уг зөрчилдөө аливаа шийтгэл хүлээгээгүй этгээд, түүнчлэн, мөн хугацаанаас өмнө захиргааны зөрчил гаргаж, уг зөрчилдөө шийтгэл хүлээсэн этгээд тус тус хамаарах бөгөөд мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан “... өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байх” хуулийн шаардлага нь дээр дурдсан зөрчил гаргасан боловч уг зөрчилдөө аливаа шийтгэл хүлээгээгүй этгээдэд хамаарахгүй юм.

29. Анхан шатны шүүх  Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2 дахь заалтуудыг маргааны үйл баримтад холбогдуулан буруу тайлбарлан хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх уг алдааг залруулж, нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийн төлөөгүй шимтгэлийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлүүлэх “захиргааны шийтгэл”-ийг уг хуулийн үйлчлэлд хамааруулж, өршөөн хэлтрүүлсэн нь зөв, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... /давж заалдах шатны шүүх/ маргааны бүхий актаар ногдуулсан төлбөрөөс ... алдангийг чөлөөлж, “П д т” ХХК-ийг өршөөлд хамааруулсан нь ... Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, ... 10.2... –т заасантай нийцэхгүй байна” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй гэж үзлээ.

30. Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2017/0887 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтангэрэл нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч  “П д т” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Т.Б-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА