Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 129/ШШ2023/00054

 

 

 

 

 

 

 

 

 

 

129/ШШ2023/00054

 

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                       

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: У  хот, Хл дүүрэг, ...  хороонд байрлах ХАА

Хариуцагч: А аймгийн Х суманд оршин суух Ц овгийн Х.Э

Нэхэмжлэлийн шаардлага: 3,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл

Хариуцагчийн төлөөлөгч Б.Д өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих Сангийн ажлын алба нь хариуцагч Х.Э-д холбогдуулан 3,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:  

- н.Э нь гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийн үнэ бүхий бага оврын тракторыг урьдчилгаа 50 хувь болох 2,500,000 төгрөг төлж, үлдэгдэл 50 хувь болох 2,500,000 төгрөгийг 2013-2017 онд хувааж төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Хэрэгт авагдсан Х.Б-с 2012 оны 7 сарын 16-ны өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 3406012236 тоот дансанд тракторын үнэ 2,500,000 төгрөг шилжүүлсэн тухай Төрийн банкны орлогын баримт нь Хөдөө аж ахуйн сангийн архивт байгаа баримтаас хуулбарлагдсан. н.Энх-Амгалан 2,500,000 төгрөгийг өөр хүнээр тушаалгасан байх. н.Энх-Амгалан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг боловч 3,750,000 төгрөгийг төлөхгүй гэсэн үндэслэлээ нотолж чадахгүй байна. Хариуцсан мэргэжилтэнгүүд нь тодорхой хэмжээнд холбогдож 2,500,000 төгрөгийг төлөхийг н.Энх-Амгалангаас шаардаж байсан. Энэ талаар баримт байхгүй. Н.Энх-Амгалан гэрээний үүргээ биелүүлээгүй, 2,500,000 төгрөгийг огт төлөөгүй учраас гэрээний 3 дугаар зүйлийн 3.3, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алданги тооцсон. Иймд үндсэн төлбөр 2,500,000 төгрөг, анз 1,250,000 төгрөг, нийт 3,750,000 төгрөгийг хариуцагч н.Э-с гаргуулахаар нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

2. Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хөдөө аж ахуйг дэмжих Сангийн ажлын албаны нэхэмжилсэн 3,750,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. 2012 онд трактор авахдаа 2,500,000 төгрөгөөр авч байна, үлдэгдэл төлбөр байхгүй гэж ойлгосон гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс:  

- Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 сарын 08-ны өдрийн “Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай” 16 дугаар тогтоол

- Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 4 сарын 24-ний өдрийн “Хөдөө аж ахуйг дэмжих санд хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай” А-134 дүгээр тушаал

- 2012 оны 7 сарын 16-ны өдөр байгуулсан 069 дүгээр “бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ”

- 2012 оны 7 сарын 16-ны өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 3406012236 тоот дансанд Х.Б тракторын үнэ 2,500,000 төгрөг шилжүүлсэн тухай Төрийн банкны орлогын баримт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хариуцагч Х.Э-с 3,750,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих Сангийн ажлын албаны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

            - н.Э нь гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийн үнэ бүхий бага оврын тракторыг урьдчилгаа 50 хувь болох 2,500,000 төгрөг төлж, үлдэгдэл 50 хувь болох 2,500,000 төгрөгийг 2013-2017 онд хувааж төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. н.Энх-Амгалан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг боловч 3,750,000 төгрөгийг төлөхгүй гэсэн үндэслэлээ нотолж чадахгүй байна. Хариуцсан мэргэжилтэнгүүд нь тодорхой хэмжээнд холбогдож 2,500,000 төгрөгийг төлөхийг н.Энх-Амгалангаас шаардаж байсан. Н.Энх-Амгалан гэрээний үүргээ биелүүлээгүй, 2,500,000 төгрөгийг огт төлөөгүй учраас гэрээний 3 дугаар зүйлийн 3.3, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алданги тооцсон. Иймд үндсэн төлбөр 2,500,000 төгрөг, анз 1,250,000 төгрөг, нийт 3,750,000 төгрөгийг хариуцагч н.Э-ас гаргуулахаар нэхэмжилж байгаа гэжээ.

 

3. Хариуцагч доорхи үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж байна. Үүнд:

Хөдөө аж ахуйг дэмжих Сангийн ажлын албаны нэхэмжилсэн 3,750,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. 2012 онд трактор авахдаа 2,500,000 төгрөгөөр авч байна, үлдэгдэл төлбөр байхгүй гэж ойлгосон гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 сарын 08-ны өдрийн “Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай” 16 дугаар тогтоол, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 4 сарын 24-ний өдрийн “Хөдөө аж ахуйг дэмжих санд хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай” А-134 дүгээр тушаал, 2012 оны 7 сарын 16-ны өдөр байгуулсан 069 дүгээр “бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ”, 2012 оны 7 сарын 16-ны өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 3406012236 тоот дансанд Х.Б-с тракторын үнэ 2,500,000 төгрөг шилжүүлсэн тухай Төрийн банкны орлогын баримт зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

           

            5. Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь хариуцагч Х.Э-тай 2012 оны 7 сарын 16-ны өдөр байгуулсан 069 дүгээр “бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ” байгуулсан бөгөөд талууд гэрээг 5 жилийн хугацаатай байгуулж, FT-200 маркийн хадлангийн иж бүрдэл болох 5,000,000 төгрөгийн үнэтэй эд хөрөнгийг түрээслэгчийн хадлан бэлтгэх үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх зориулалтаар олгох, эд хөрөнгийг хүлээн авахдаа 2,500,000 төгрөгийг түрээслэгч нь түрээслүүлэгчид төлөх, үлдэгдэл төлбөрийг 2013 онд 500,000 төгрөг, 2014 онд 500,000 төгрөг, 2015 онд 500,000 төгрөг, 2016 онд 500,000 төгрөг, 2017 онд 500,000 төгрөг төлж дуусгах, түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд түрээсийн эд хөрөнгө өмчлөх эрх түрээслэгчид шилжихээр, түрээслэгч түрээсийн зүйлээ зориулалтаар нь ашиглаагүй, түрээслэгчийн санхүүгийн байдал доройтож түрээсийг буцаан төлөх чадваргүй болсон тохиолдолд гэрээг хугацаанаас өмнө цуцалж түрээсийн зүйлийг үл маргах журмаар буцаан авахаар гэрээнд  тохиролцжээ.

 

Гэрээний хугацаа болон эд хөрөнгө ашиглуулахтай холбоотой тохиролцсон байдал, эд хөрөнгийг ашигласнаар төлбөр төлөх, түрээсийг хугацаанд нь бүрэн төлснөөр эд хөрөнгийг өмчлөх эрх түрээслэгчид шилжихээр талууд тохиролцсон зэргээс үзэхэд зохигч Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулжээ. 

 

Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.1-д зааснаар гэрээ бичгээр байгуулагдсан, мөн Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасны дагуу талууд гэрээнд гарын үсэг зурсан тул гэрээ байгуулагдсан гэж үзэх ба гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Хариуцагч Х.Э нь 2012 онд трактор авахдаа 2,500,000 төгрөгийг Тариалан эрхлэлтийг дэмжих санд төлж, тракторыг хүлээн авсан болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогддог.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Х.Э-с гэрээний үүргийг шаардаж шүүхэд 2022 оны 10 сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

 

Талууд 2012 оны 7 сарын 16-ны өдөр байгуулсан 069 дүгээр санхүүгийн түрээсийн гэрээний 3.2-т төлбөр төлөх талаар 2013-2017 онд жил бүр 500,000 төгрөг нийт 2,500,000 төгрөгийг 2017 онд төлж дуусгахаар тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна”,  73 дугаар зүйлийн 73.2-т “хуанлийн жил нь нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхэлж арван хоёрдугаар сарын гучин нэгний өдрөөр дуусна” гэж заасны дагуу хариуцагч Х.Э 2017 оны 12 сарын 31-нд түрээсийн төлбөр төлснөөр үүрэг дуусгавар болох байсан ба түрээслүүлэгчид 2017 оны 12 сарын 31-ний өдрөөс гэрээний үүргийг шаардах эрх үүссэн байна.

 

Засгийн газрын 2020 оны 01 сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг байгуулж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өглөг авлагыг Хөдөө аж ахуйг дэмжих санд шилжүүлжээ.

 

Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д “нэхэмжлэгдвэл зохих эд хөрөнгө нь эрх залгамжлалын журмаар гуравдагч этгээдэд шилжсэн бол өмнөх эзэмшигчийн эзэмшилд байх үеэс хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тоолно” гэж заасан тул хариуцагч Х.Э-с гэрээний үүрэг шаардах хугацаа Тариалан эрхлэлтийг дэмжих санд үүссэн үеэс эхэлж, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд эрх шилжүүлснээр үргэлжлүүлэн тоологдоно. Эрх шилжсэн, эрх залгамжлан авсан үйл баримт нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан биш, хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах үндэслэл биш юм.

 

Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, гэрээгээр хүлээсэн үүргийг тогтоосон газар хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд талуудын аль нэг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол үүрэг гүйцэтгэхийг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байхаар хуульд заасан.

 

Иймд хариуцагч Х.Э-с 2012 оны 7 сарын 16-ны өдөр байгуулсан 069 дүгээр санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг шаардах эрх Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд 2017 оны 12 сарын 31-нд үүсч, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 2020 оны 12 сарын 31-ний өдөр гэрээгээр хүлээсэн үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.  

 

Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу Х.Э-с 3,750,000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            6. Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдах нь зүйтэй.

 

            7. Хэрэгт авагдсан 2012 оны 7 сарын 16-ны өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 3406012236 тоот дансанд Х.Б-с  тракторын үнэ 2,500,000 төгрөг шилжүүлсэн тухай Төрийн банкны орлогын баримт нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй учир нотлох баримтаар үнэлээгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хариуцагч Х.Э-с 3,750,000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдсугай.

 

3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй зохигчид гардуулах, гардуулах боломжгүй бол хүргүүлэх бөгөөд ийнхүү хүргүүлснийг гардан авсанд тооцохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАЙГАЛМАА