| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Хосбаяр |
| Хэргийн индекс | 171/2021/0039/Э |
| Дугаар | 0038 |
| Огноо | 2021-06-16 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Л.О |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 0038
О.Д, Ё.Б, Ц.Ү
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Л.О
Шүүгдэгч О.Д, Ц.Ү
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г, М.М, Д.Э О.С, Э.Т, Д.Н /онлайн/
Хохирогч С.О, Г.У, Ч.Б, У.А, П.Д /онлайн/
Хохирогчийн өмгөөлөгч С.Б, Д.О /онлайн/
Нарийн бичгийн дарга М.А нарыг оролцуулан хийж
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолтой, О.Д, Ё.Б, Ц.Ү нарт холбогдох, эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Х овгийн Ц-н Ү.
Монгол Улсын иргэн, Т овогт Ё-ын Б.
Монгол Улсын иргэн, Б овогт О-н Д.
Шүүгдэгч Ц.Ү нь “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын фондны байр авч өгнө, Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгнө гэж итгэл төруүлэн ганцаараа 2018 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сарын хооронд Ё.Бгаас 13.700.000 төгрөгийг, 2019 оны 4 сард Б.М-с 3 620 000 төгрөгийг,
Ё.Бтай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сараас 03 дугаар сарын хооронд хохирогч Ж.О-с 5.260.000, Ж.М-с 7.500.000 төгрөгийг Ө.О-с 6.250.000, 2018 оны 09 дүгээр сард Ч.Б-с 12.250.000 төгрөгийг, 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд 3 удаагийн гүйлгээгээр Э.М-с нийт 3.050.000 төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 13-аас 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрүүдийн хооронд М.Н 6.700.000 төгрөгийг,
О.Дтэй бүлэглэн 2019 оны 06 дугаар сард хохирогч Б.Б-с 25.000.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр У.А-с 28.000.000 төгрөгийг, 2019 оны 04 дүгээр сард Т.У-с 23 000 000 төгрөгийг,
О.Д, Г.Д нартай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч С.О-с 25.000.000 төгрөгийг, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр П.У-с 25.000.000 төгрөгийг, 2018 оны 07 дугаар сард хохирогч П.Д-с 17.000.000 төгрөгийг,
О.Д, Г.Д, Ё.Б нартай бүлэглэн 2018 оны 9,10 дугаар сард хохирогч Б-с 18.240.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, бусдад нийт 219.570.000 /хоёр арван есөн сая таван зуун далан мянга/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт,
Шүүгдэгч Ё.Б нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын фондны байр авч өгнө, Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгнө гэж итгэл төрүүлэн Ц.Үтай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сараас 03 дугаар сарын хооронд Ж.О-с 5.260.000, Ж.М-с 7.500.000 төгрөгийг, Ө.О-с 6.250.000, 2018 оны 09 дүгээр сард Ч.Б-с 12.250.000 төгрөгийг, 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд 3 удаагийн гүйлгээгээр Э.М-с нийт 3.050.000 төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 13-аас 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрүүдийн хооронд М.Н 6.700.000 төгрөгийг,
Ц.Ү, О.Д, Г.Д нартай бүлэглэн 2018 оны 9,10 дугаар сард хохирогч Б-с 18.240.000 төгрөгийг,
О.Д, Г.Д нартай бүлэглэн 2018 оны 9, 10 дугаар сард хохирогч Ч.Б-с 22.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, бусдад нийт 81.250.000 /наян нэгэн сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэрэгт,
Шүүгдэгч О.Д нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын фондны байр авч өгнө, Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгнө гэж итгэл төрүүлэн ганцаараа 2019 оны 09 дүгээр сард Г.Б-с 3 удаагийн гүйлгээгээр нийт 6.200.000 төгрөгийг, 2018 оны 11 дүгээр сард А.А-с 20.000.000 төгрөгийг,
Г.Д-тэй бүлэглэн 2018 оны 6 дугаар сард У.Т-с 23000000 төгрөгийг,
Ц.Үтай бүлэглэн 2019 оны 06 дүгээр сард хохирогч Б.Б-с 25.000.000, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр У.А-с 28.000.000 төгрөгийг, 2019 оны 04 дүгээр сард Т.У-с 23.000.000 төгрөгийг,
Ц.Ү, Г.Д нартай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч С.О-с 25.000.000 төгрөгийг, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр П.У-с 25.000.000 төгрөгийг, 2018 оны 07 дугаар сард хохирогч П.Д-с 17.000.000 төгрөгийг,
Ц.Ү, Г.Д, Ё.Б нартай бүлэглэн 2018 оны 9,10 дугаар сард хохирогч Б-с 18.240.000 төгрөгийг
Г.Д, Ё.Б нартай 2018 оны 9,10 дугаар сард хохирогч Ч.Б-с 22.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, бусдад нийт 232.440.000/ хоёр зуун гучин хоёр сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор:
Шүүгдэгч Ц.Ү, О.Д, Ё.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг Орхон аймгийн Прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол шүүгдэгч О.Д, Ё.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ц.Үт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмээг тус тус хэвээр үргэлжлүүлж,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7 ширхэг CD болон битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдаж, Энэ тогтоолыг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл болон гомдол бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Л.Б эсэргүүцэлдээ:
... Шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхээс өмнө талуудын гаргасан хүсэлт, гомдлоор болон шүүгчийн санаачилгаар зайлшгүй тогтоосон байх шаардлагатай шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэж, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол” болон “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол”-ыг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ гэж заасан байдаг.
Гэтэл шүүх дээрх асуудлыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд гомдол, хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн атлаа шүүхийн хэлэлцүүлэг явуулалгүйгээр шүүх хуралдааныг нээн хүсэлтийг хэлэлцэн хэргийг шууд прокурорт буцааж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35 дугаар бүлэгт заасан шүүх хуралдааны ерөнхий нөхцөл, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тус тус ноцтой зөрчсөн төдийгүй шүүхийн хэлэлцүүлэг нь яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдах зарчмыг ноцтой зөрчсөн.
Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 18 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг шүүхийн урьдчилан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив ... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.О дүгнэлтдээ: ... Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Мөрдөн байцаалтад буцаасан тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах саналтай байна ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Ү, Ё.Б, О.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.д заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Үыг 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 04 дүгээр сарын хооронд ганцаараа болон бусадтай бүлэглэн нэр бүхий иргэдийг залилж, нийт 219.570.000 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.д зааснаар,
Ё.Бг 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сарын хооронд ганцаараа болон бусадтай бүлэглэн нэр бүхий иргэдийг залилж, нийт 81.250.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2.т зааснаар,
О.Дийг 2018 оны 06 дугаар сараас 2019 оны 09 дүгээр сарын хооронд ганцаараа болон бусадтай бүлэглэн нэр бүхий иргэдийг залилж, нийт 232.440.000 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхийн тогтоолд заасан ... шүүгдэгч Ё.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... материалыг мөрдөгч нар алга болгосон нь шүүгдэгчийн гомдол гаргах эрх зөрчигдсөн байж болзошгүй ... мөн хохирогч С.О-н О.Д Ц.Ү нарын хохирол барагдуулахаар уулзан ярилцаж байсан хуурцгийг нотлох баримтаар гаргаж өгөөгүй байгаа нь хохирогч нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрхээ зориуд хэрэгжүүлээгүй, эсвэл зөрчигдсөн байж болзошгүй яллах дүгнэлтэд заасан алдааг засуулах тухай хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэх тухай заалтыг хэрэгжүүлээгүй ... гэсэн үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах бөгөөд шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой байхад хэрэгт нотлох баримтаар авагдаагүй баримтуудад дүгнэлт хийж, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг прокурор хуульд заасан эрх, үүргийнхээ хүрээнд нотолж, яллах дүгнэлт үйлдсэн байх ба шүүгдэгч нарын гэм бурууг тогтоох эсхүл няцаан үгүйсгэх нь гагцхүү шүүхийн бүрэн эрхэд хамаарах асуудал юм.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдсэн ямар, ямар ажиллагаанууд зөрчилтэй болохыг тогтоосон, тухайн зөрчлийг засуулахаас өөрөөр үнэлэх, хэргийн нөхцөл байдлыг тогтоох боломжгүй болсон, эсхүл шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх шийдвэрийн аль нэгийг гаргахад нөлөөлж болохуйц гэж үзсэн ажиллагаанууд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанд хамаарах бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлүүд тодорхой ойлгомжтой байх шаардлагатай.
Харин анхан шатны шүүх нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчигдсөн эсэх асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн ажиллагаа явуулахгүйгээр шууд хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нийтлэг журмыг зөрчсөн байгаа боловч энэ зөрчлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ноцтой зөрчил гэж давж заалдах шатны шүүх дүгнээгүй болно.
Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1. 3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Ц.Ү нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР