Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 94

 

 

             Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

            Нарийн бичгийн дарга: Н.Одгариг,

            Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

            Хохирогч: С.Ариунсувд,

   Шүүгдэгч: С.Сансарбаатар, түүний өмгөөлөгч Э.Наранцацрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........ овгийн ..........................т холбогдох 201716000088 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

...

Холбогдсон хэргийн талаар:

С.Сансарбаатар нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутагт 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр, 05 дугаар сарын 29-ний өдрүүдэд эхнэр С.Ариунсувдын эрх чөлөөнд халдаж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагтаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахь нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

С.Сансарбаатар нь согтуугаар Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутагт 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр, 05 дугаар сарын 29-ний өдрүүдэд эхнэр С.Ариунсувдын эрх чөлөөнд халдаж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Шүүгдэгч С.Сансарбаатарт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон,  гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хуульзүйн үр дагаврыг ойлгосон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

          Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч С.Сансарбаатар нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутагт 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр, 05 дугаар сарын 29-ний өдрүүдэд эхнэр С.Ариунсувдын эрх чөлөөнд халдаж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь

Хохирогч С.Ариунсувд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр нөхөр Сансарбаатарын хамт Даланзадгад сум руу угаалга хийхээр явахаар болсон. Тэгээд замаараа манай гэрээс 20 километр зайнд аймаг явах зам дагуу байдаг Баяа гэх ахын гэрээр орсон чинь Баяа ахын эхнэр Гантуяа эгч гэртээ байсан. Тэгээд бид хоёртой хамт аймаг явна гээд хамтдаа ирсэн. Тэгээд би угаах хувцсаа Гантуяа эгчийн 2 охинд угаачихаарай гэж үлдээгээд 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ирээд авъя гэж хэлсэн. Тэгээд Гантуяа эгч Сансарбаатар бид гурав буцаад тэр өдрийн орой гэрлүүгээ буцахаар болсон. Тэгээд явах гэж байтал Гантуяа эгчийн найз Тунгаа Гантуяа эгчтэй яриад Гантуяа эгчийн гэр лүү хамт явахаар болсон. Тэгээд бид нар Даланзадгад сумаас гарахаас өмнө Сансарбаатар Баяндөхөм дэлгүүр лүү орж 750 грамм Шар чингис архи 1 шилийг, Сэрүүн нэртэй пиво 20 ширхэгийг авсан. Харин Гантуяа эгч Номинговь дэлгүүр лүү орж 500 грамм 2 шил шар чингис архи авсан. Бид нар Гантуяа эгчийн гэр лүү яваад 21 цаг өнгөрөөгөөд Гантуяа эгчийн гэрт очсон. Тэгээд би Гантуяа эгчийн гэрт хоол хийсэн. Тэгээд Гантуяа эгч, Тунгаа эгч, Сансарбаатар бид нар аймгаас авч очсон архи, пивоо уусан. Сансарбаатар над руу жаахан аашлаад яах гээд архи, пиво уугаад байгаад юм бэ гэж хэлэхээр нь би Гантуяа эгчийн гэрээс гарсан. Тэгээд би Гантуяа эгчийн гэрийн гадаа 30 орчим минут сууж байгаад эргээд гэр лүү орох гэсэн чинь Гантуяа эгчийн гэрийн гэрэл нь унтарсан байсан. Тэгэхээр нь би асаагуурын гэрэл тусгаад орсон чинь манай нөхөр Сансарбаатар Гантуяа эгчийн хажуугаар хэвтэж байхаар нь чи наанаа унтах гэж байгаа юм уу гэж асуучихаад гэрээс гарсан. Тэгсэн чинь Сансарбаатар миний араас гарч ирээд чи хайчих гээд байгаа юм бэ гэж асуухаар нь бие засчаад ирье гэж хэлсэн чинь миний гарнаас бариад авсан. Тэгэхээр нь би гараа тавиулах гээд дугтарсан чинь Сансарбаатар газарт унасан. Тэгэхээр нь би дээр нь гараад дарж суучихаад чи яахаараа архи уучхаарай уурлаж байдаг юм бэ, унтаж амар гэж хэлсэн чинь ойлгоод одоо яах ч үгүй гэж хэлсэн. Тэгээд намайг дээрээс нь босох гэтэл миний нүүр лүү духаараа мөргөчихсөн. Тэгээд миний хамарнаас цус гарсан. Тэгээд би уурандаа Сансарбаатарын дээрээс дараад хэвтсэн чинь миний зүүн хөхнөөс хазсан. Тэгээд би дээрээс нь босоод зугтаагаад малын хороонд ороод нуугдсан. Хэсэг хугацааны дараа Гантуяа эгчийн гэр лүү яваад орсон чинь Гантуяа эгч, Тунгаа эгч хоёр хоорондоо маргалдаад байж байсан. Манай нөхөр гэрт нь байхгүй байсан. Тэгээд би Тунгаа эгчтэй хамт засмал зам руу Тунгаа эгчийн хоёр хүүхдийг аваад алхсан. Тэгээд засмал зам дээр гараад Даланзадгад, эсвэл Цогт-Овоо сум явахаар унаанд гараа өргөтөл машин зогсоогүй. Тэгээд утсанд сүлжээ ороод ирэхээр нь би ээж рүүгээ яриад Цогт-Овоо сумын цагдаагийн дугаарыг аваад цагдаатай яриад Сансарбаатар намайг зодчихлоо согтуу байна ирж аваадах гэж хэлсэн. Тэр үед 03 цаг өнгөрч байсан. Тэгээд Цогт-Овоо сумын цагдаа 04 цаг өнгөрөөд Гантуяа эгчийн гэрт ирээд Сансарбаатар бид хоёрыг аваад Цогт-Овоо сум руу явсан. Тэгээд өглөө 11 цаг өнгөрөөгөөд Цогт-Овоо сумын цагдаа аймгийн Цагдаагийн газарт Сансарбаатар бид хоёрыг хүргэж ирсэн. 2017 оны 05 дугаар сарын 29-ний шөнө миний нүүр лүүү нэг удаа мөргөсөн, бас зүүн хөхнөөс хазсан. 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хөдөө Хоолойн шарын бууц гэдэг газарт гэртээ байхдаа согтуудаа хүнтэй хардаад суран бүсээр олон удаа ороолгосон, бас заазуураар тохой хэсгийг гэмтээсэн. Би уурандаа өргөдөл гаргасан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Гэрч Б.Тунгалагтуяа мэдүүлэхдээ... “2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр шиг санагдаж байна. Би найз Гантуяатай байнга л ярьж холбоотой байдаг юм. Гантуяа над руу яриад аймгийн төв дээр ирчихсэн байна гэхээр нь хүүхдээ агаарт гаргаж хэд хоноё гэж бодоод хамтдаа танайх руу явъя гэж хэлсэн чинь зөвшөөрсөн. Тэгээд би хүүхдээ аваад Гантуяагийн байсан газарт нь очиж машинд суусан. Тэгээд Гантуяагийн гэрлүү явах гээд машинд суутал Сансарбаатар гэх залуу эхнэр Ариунсувд гэдэг хүүхний хамт сууж байсан. Тэгээд хөдлөөд Гантуяагийн гэрлүү явсан. Аймгаас гарах замдаа дэлгүүр ороод Сансарбаатар архи пиво авсан, Гантуяа нэг шил архи авах шиг болсон. Би Гантуяагийн гэрт очих гэж байгаа юм чинь гээд чихэр, боов авсан. Тэгээд шууд аймгаас яваад Гантуяагийн гэрт ойролцоогоор 21 цагийн үед очсон. Тэгээд бид 4 шагай тоглосон. Ер нь бол Сансарбаатарын эхнэр нь жаахан халамцуу болж ирээд нөхөрлүүгээ үг хаяад хоорондоо муудалцаад байсан. Ер нь бол Ариунсувд гэдэг эмэгтэй архинаас аягүй их уугаад байсан, бас тамхи татаад байсан. Би тухайн үед Ариунсувдад битгий ингэж их архи, тамхи хэрэглэ, гэж хэлсэн, бас нөхөртөө архи хийж өгөөд шахаад байхаар нь чи битгий нөхрөө архиар шахаад бай гэж хэлсэн. Тэгээд бид нар нилээд удаан тоглосон. Гантуяа ядраад байна гэж байгаад бүхлээрээ газраар унтаад өгсөн. Ариунсувд, Сансарбаатар нар хоорондоо маргалдаад бие биенээ доромжлоод байсан. Би тэр хоёрын хэрүүлийг нээх их ойшоогоогүй, дандаа нахаалны үг хэлээд хэрэлдээд байсан. Тэгж байтал Ариунсувд нь гэрээс гүйгээд гарсан. Тэгээд нилээд удаж байгаад бараг 10 орчим минутын Сансарбаатар эхнэрийнхээ араас гарсан. Тэгээд Сансарбаатар буцаж орж ирээд эхнэр алга болчихлоо гэрлүүгээ явсан юм байхдаа гэж хэлээд сууж байтал гаднаас эхнэр нь ороод ирсэн. Тэгээд тэр хоёр гэрээс гараад явсан. Гадаа гараад чанга чанга дуугараад хэрэлдээд байсан. Тэгээд Ариунсувд Тунгаа эгчээ гээд намайг дуудсан. Тэгээд шууд гэрт орж ирсэн, харсан чинь нүүр нь цус болчихсон байсан. Ариунсувд надад хэлэхдээ зам руу гаръя, Цогт-овоо сумаас унаа дуудъя эсвэл цагдаа дуудъя гэж хэлсэн. Тэр үед би их сандраад юу болчих юм билээ гэж бодоод хүүхдээ хувцаслаад Ариунсувдтай хамт Улаанбаатарын засмал зам руу гарсан. Гантуяагийн гэр тэр засмал замаас 500 орчим метр зайтай байдаг юм. Тэгээд зам дээр очоод машин явахад нь гараа өргөсөн боловч зогсоогүй. Тэр зам дээр сүлжээ байхаар нь Ариунсувд Цогт-Овоо сумын цагдаа ярьчихлаа дуудлага өгсөн гэж хэлсэн. Тэгээд буцаад Ариунсувдын хамт Гантуяагийн гэрт очсон. Тэгээд би хүүхдээ аваад унтсан. Сансарбаатар гэрт байгаагүй, Ариунсувд гэрлүү орж ирээгүй, гадаа байсан. Гантуяагийн машин орж унтах шиг болсон. Тэгээд үүрээр цагдаа ирээд Сансарбаатар, Ариунсувд хоёрыг аваад явсан. Би лаазтай пивоноос 3 ширхэгийг уусан, архинаас огт амсаагүй, би согтоогүй эрүүл байсан. Гантуяа уг нь гайгүй байсан. Ариунсувд аймгаас гарахдаа л архи пивоноос задлаад угаад байсан, нилээд согтсон байсан. Сансарбаатар нилээд их согтсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/

Гэрч П.Гантуяа мэдүүлэхдээ... “2017 оны 05-р сарын 29-ны өдөр намайг гэртээ байж байхад Сансарбаатар, эхнэр Ариунсувдын хамт манай гэрт ирсэн. Манайх Цогт-Овоо сумаас баруун тйиш 40 километр зайтай, аймгийн төвөөс 70 километр зайнд хөдөө мал маллаж аж төрж амьдардаг. Тэр хоёр хүрч ирээд аймгийн төв орж хувцас хунар угааж ирнэ, бас бензин тос авна гэхээр нь би өөрийн машиндаа бас бензин авах зорилгоор тэр хоёртой хамт аймгийн төв рүү өөрийнхөө машинтай явсан. Тэгээд бид гурав аймгийн төвд 16 цагийн үед ирсэн. Манай охин Бямбазаяа аймгийн төв дээр 10-р ангид сурч амьдардаг юм. Сансарбаатар, Ариунсувд хоёр угаах хувцасаа манай охинд үлдээгээд уугаачихаарай 2017 оны 06-р сарын 01-ний өдөр ирээд авна гэж хэлсэн. Манай охин хувцсыг нь угаахаар авч үлдсэн. Ингээд бид гурав аймгийн төвөөс буцаад манай гэрлүү явах болсон. Тухайн үед манай нөхөр Улаанбаатар хот руу явчихсан эзгүй байсан. Тухайн үед аймгийн төв дээр байдаг манай найз Тунгалагтуяа над руу яриад танай гэрт очиж 2 хоноё агаарт гарах гэсэн юм гээд байхаар нь гэрлүүгээ авч явахаар болсон. Ингээд бид дөрөв аймгийн төвөөс манай гэрлүү явахаар болсон. аймгийн төвөөс гарахаас өмнө замаараа дэлгүүр ороод Сансарбаатар 2 шил Алтан чингис, 20 лаазтай пиво авсан, би 1 шил 500 гр-тай Алтан чингис нэртэй архи авсан. Тэгээд шууд манай гэрлүү явсан. Манайд очиход цаг 21 цагийн үед манай гэрт очсон. Манай гэрт очоод бид нар шагай тоглож байхдаа авч очсон архи задлаж уусан. 2 шил архийг нь ууж дуусгасан. Пивонуудыг бараг ууж дуусгасан. Би өдөр нь 2 худаг дээр очиж малаа усалсан болохоор маш их ядраад 00 цаг гээд унтаад өгсөн. тэгээд намайг өглөө босоход Сансарбаатар Ариунсувд хоёр байхгүй байсан. Тунгалагтуяа байж байсан. Тунгалагтуяа надад хэлэхдээ Сансарбаатар, Ариунсувд хоёрыг цагдаа ирээд аваад явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу болсон яасан юм бэ гэж асуусан чинь Сансарбаатар Ариунсувд хоёр хоорондоо хэрэлдээд зодолдоод тэгээд сумын цагдаа ирээд аваад явсан гэж хэлсэн. Би унтаж байсан болохоор мэдээгүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

Гэрч Б.Нарандэжид мэдүүлэхдээ... “2017 оны 03-р сарын 07-ны өдөр билүү 08-ны өдөр билүү Ариунсувд манай гэрт ирээд нөхөртөө зодуулсан гэж хэлэхээр нь яаж зодсон юм бэ гэж асуусан чинь суран бүсээр ороолгож зодсон, бас заазуураар гарыг зүссэн гэж хэлсэн. Тэгээд би хувцсыг нь тайлаад харсан чинь хөх няц болсон байхаар нь дараа нь баримт болох байх гэж бодоод би өөрийнхөө rap утсаар хөхөрсөн, гэмтсэн газрынхан зургийг авсан. Дараа нь утаснаасаа зургийг угаалгаж Ариунсувдад өгсөн. Тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй. Манай хүргэн Сансарбаатар уг нь их гайгүй зантай, архи уухаарай эхнэртээ агсам тавьдаг хүн гэж хэлэхүү дээ. Өөрөөр ямар нэгэн гаж зан байхгүй. 2017 оны 03-р сарын эхээр нэ гудаа зодсон, дараа нь 2017 оны 05-р сарын 29-ны өдөр зодсон гэж Ариунсувд надад хэлсэн. өөрөөр надад мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/

Гэрч Д.Цогнэмэх мэдүүлэхдээ... “Тухайн үед цагаан cap болоод удаагүй байсан юм. Би найз Ням-Очиртой хөдөө айлаар явж байтал Сансарбаатар эхнэртэйгээ явж байгаад таарсан. Тэгээд манай гэрээр ороод гар гээд уриад байхаар нь гэрт очоод бууз жигнүүлж идээд 1 шил архи хувааж уугаад гараад явсан. Сансарбаатар гэртээ эхнэртэйгээ хоёулаа үлдсэн. Манай найз Ням-очир бид хоёр хамтдаа Цогт-овоо сумын төв рүү явсан. Улаанбаатар хот руу барилгын ажил хийнэ гэж хэлээд 2017 оны 04-р сард явсан. Одоо болтол хэл сураг авч чадахгүй байна. хаана ямар хэлж мэдэхгүй байна, хуучин барьж байсан дугаар нь холбогдох болможгүй болсон.” Гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.06.02-ны өдрийн №255 дугаар дүгнэлт:

1. Ариунсувдын биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, 2 нүдний зовхи, зүүн хацар шанаа, шилбэний цус хуралт, зүүн хөхөн дэх хазагдсан шарх гэмтэл үүсчээ.

2. 5. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

6.Ирүүлсэн 8 ширхэг гэрэл зургаас 4 нь шинжилгээний объектын шаардлага хангахгүй, 1-4-р зурагт баруун тохойн өнгөц эсгэгдсэн шарх, баруун бугалга, 2 талын өгзөг, зүүн гуя, баруун шилбэ дэх цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хэзээ үүсгэгдснийг тогтоох боломжгүй ба баруун тохойн эсгэгдсэн шарх гэмтэл нь иртэй зүйлийн бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

7.Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 27 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Сансарбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хөдөө гэртээ байж байтал эхнэр Ариунсувд аймаг яваад хувцсаа угааж цэвэрлээд ирье гэж надад санал тавьсан. Тэгээд бид хоёр аймаг явахаар болоод гэрээс угаах хувцас хунараа бөөгнүүлж баглаад аймаг руу мотоциклиор явсан. Замдаа Гантуяагийн гэрээр ороод аймаг явж байна гэж хэлсэн чинь Гантуяа би ч гэсэн аймаг яваад ирье гэж хэлсэн. Тэгээд бид гурав Гантуяагийн машинаар аймаг явахаар болсон. Аймаг дээр ирээд шууд худалдааны төв ороод би Ариунсувдад гар утас авч өгсөн. Тэгээд манай эхнэр Гандирс худалдааны төв рүү ороод гарч ирэхдээ 3 ширхэг лаазтай пиво аваад гараад ирсэн. Тэгээд колонк дээр очоод бензин авах гээд очоод зогссон чинь манай эхнэр авсан пиво задлаад уухаар нь би “чи цангасан мал биш дээ гэж" хэлээд загнасан. Тэгээд Гантуяагийн 9 дүгээр ангийн аймаг дээр байдаг охины гэрт очсон. Тэгээд Ариунсувд бид хоёр Гантуяагийн охинд угаах хувцаснуудыг угаачихаарай 06 дугаар сарын 01-ний өдөр ирээд авъя гэж хэлээд үлдээгээд явсан. Тэгээд тэндээс шууд гараад Баяндөхөм дэлгүүр дээр очиж зогсоод эхнэр Ариунсувдын хамт орсон. Дэлгүүрээс 20 лааз сэнгүүр нэртэй пиво, 1 шил 750 граммтай Алтан чингис нэртэй архи авсан. Гантуяа 2 шил Алтан чингис архи авсан. Тэгээд Гантуяагийн найз гэх Тунгаа гэдэг хүүхэн 2 жаахан хүүхэдтэйгээ ирээд хамтдаа Гантуяагийн гэр лүү явсан. Тэгээд Гантуяагийн гэрт орой нар арай жаргаагүй байсан санагдаж байна 21 цагийн орчимд очсон. Тэгээд хэдэн ишигнүүдийг нь пүнзнээс гаргаад эхэд нь нийлүүлчихээд Гантуяагийн гэрт ороод пиво уусан. Манай эхнэр Ариунсувд шагай булааж аваад тоглож чадахгүй байхаар нь эхнэртэйгээ жаахан маргалдсан. Би Гантуяагийн гэрийн баруун хойд талд газраар хэвтэж байхад манай эхнэр нэг шил архи бариад энийг ууя гэж хэлээд задлаад аяганд хийгээд өгөхөөр уусан. Түүнээс хойш юу болсон талаар сайн мэдэхгүй байгаа. Тэгээд Гантуяагийн машинд ороод унтаад өгсөн. Өглөө 05 цагийн үед сумын цагдаа Цогнэмэх ирээд намайг эхнэртэй минь аваад Цогт-Овоо сум руу явсан. Цогт-Овоо суманд очоод өдөр нь аймаг дээр авч ирсэн. Би 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр эхнэр Ариунсувдыг зодсон. Тухайн үед цагаан cap болоод удаагүй байсан учир хөдөө айлаар явж байгаад сумын цагдаа Цогнэмэхтэй таарсан. Цогнэмэх нэг залуутай хамт явж байсан. Тэр залуу нь манай эхнэр Ариунсувдын ангийнхан хүүхэд гэсэн. Тэгээд би тэр хоёрыг гэртээ уриад бууз жигнээд 1 шил архи задлаад уусан. Тэр үед манайд монгол банхарын гөлөг байсан, нохойн гөлгийг Цогнэмэх авна гэж хэлсэн чинь манай эхнэр өгөхгүй гээд тэгээд Цогнэмэх, манай эхнэр хоёр ноцолдоод байсан. Тэгээд Цогнэмэх найзтайгаа яваад өгсөн. Тэгээд би эхнэртэйгээ хоёулхнаа гэртээ үлдсэн. Тухайн үед би жаахан архи уучихсан байсан учир эхнэрээ Цогнэмэхтэй хардаад суран тэлийгээр ороолгосон. Манай эхнэр хэлэхдээ заазуураар гар зүссэн гэж хэлээд байгаа юм би заазуураар гарыг нь зүссэн гэдгээ мэдэхгүй байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Сансарбаатарын мэдүүлсэн ...”хийсэн хэрэгтээ гэмшиж байна, эхнэрээсээ уучлалт гуйгаад сайн дураараа эвлэрсэн, эхнэр хүүхэдтэйгээ сайхан амьдарна” гэх мэдүүлэг,

Хураан авах тогтоол 2017.06.28-ны өдөр “Хохирогч С.Ариунсувдаас 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр С.Сансарбаатарт зодуулсны дараа биед учирсан гэмтэл шархыг харуулсан гэх 8 кадр зургийг хураан авав” /хх-ийн 09 дүгээр хуудас/

Хураан авах тогтоол 2017.06.30-ны өдөр “яллагдагч С.Сансарбаатараас 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр С.Ариунсувдын бие эрх чөлөөнд халдаж зодохдоо ашигласан 120 сантиметр урттай бор өнгийн суран тэлээ 1 ширхэг, ногоон өнгийн заазуур 1 ширхэг зэргийг хураан авав” /хх-ийн 15 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч С.Сансарбаатарт холбогдох хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан буюу давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргээр зүйлчлэгдэж байсан бөгөөд шинэ эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжид нийцэж, давтан үйлдсэн гэж хүндрүүлэхгүй байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэж байх тул аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

          Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирснаар гэмт хэрэг төгссөнд тооцогдох ба гэм буруутай этгээдийн үйлдэл, учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

          Шүүгдэгч С.Сансарбаатарт холбогдох хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт нь хууль ёсны бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэлээ.

          Шүүгдэгч С.Сансарбаатар согтуугаар эхнэр С.Ариунсувдын халдашгүй байдал шууд санаатай халдаж, эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулсан буюу хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч С.Сансарбаатар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч С.Ариунсувдтай эвлэрлийн гэрээ байгуулсан, хохирол төлбөрөө нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг төлөх төлбөр, хохиролгүй гэж үзлээ.

          Шүүгдэгч С.Сансарбаатарын үйлдэлд ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Сансарбаатарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон нотлох баримт:

С.Сансарбаатарын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 36 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз багийн Засааг даргын тодорхойлолт /хх-ийн 37 дугаар хуудас/

Ял шийтгэлийн тэмдэглэл /хх-ийн 38 дугаар хуудас/

Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 2012.09.27-ны өдрийн шийтгэх тогтоол /хх-ийн 40-42 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах тогтоол болон банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-ийн 45-52 дугаар хуудас/

Эвлэрлийн гэрээ /хх-ийн 59 дүгээр хуудас/

С.Сансарбаатараас С.Ариунсувдад 100000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 60 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн суран тэлээ, ногоон өнгийн заазуурыг шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нь хөдөлбөргүй тогтоогдсон бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн хэрэгт хураан авсан эд мөрийн баримтыг шийдвэрлэх журмын дагуу  устгуулахаар шилжүүлэх нь зүйтэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч С.Сансарбаатар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болох дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4,  36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ........ овгийн С........... .........г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Сансарбаатарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.Сансарбаатарт оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.Сансарбаатар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-д зааснаар шүүгдэгч С.Сансарбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, 1.5-д зааснаар шүүгдэгчид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 8 ширхэг фото зургийг хэргийн хугацаа дуустал хэрэгт үлдээж, 120 сантиметр урттай бор өнгийн суран тэлээ 1 ширхэг, ногоон өнгийн заазуур 1 ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тус тус шийдвэрлэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.9 –д зааснаар шүүгдэгч С.Сансарбаатар нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дудсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.ТӨМӨРХҮҮ