Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2022/02558

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2022/02558

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, шүүгч Б.Билгүүн, шүүгч Д.Батхуяг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н.Г/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Р.Б/РД: /,

 

Хариуцагч: О.Э// нарт холбогдох,

 

Гэм хорын хохиролд 3,800,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Гантулга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, хариуцагч Р.Балжинням, хариуцагч О.Эрдэнэ-Усын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Балжинням, хариуцагч нарын өмгөөлөгч Ш.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Гантулга нь 2020 оны 02 дугаар сарын 10-11-нд шилжих шөнийн 01.00 цагийн орчимд СБД-ийн 8-р хороо Авзага 101-р байранд өөрийн найз Кенжегүлийг хүргэж өгч байхад лифтний хажууд зогсож байсан үл таних залуу ямарч үгийн зөрөөгүй нүүр нүдгүй цохиж зодож, зугтааж уг байрны 38 тоотод орсон тул хойноос нь ороход гэрт нь хижээлдүү насны 2 хүний хамт уг залуу байсан. Би зүгээр явж байхдаа зодуулсан учраа хэлээд СБД-ийн Цагдаагийн 1-р хэлтэст гомдол гаргаж хандсан ба гэмтийн хөнгөн зэрэг тогтоогдож ЭХТА-ийн 11.6-р зүйлээр Б.Болд-Эрдэнийг яллагдагчаар татаж шалгасан. Намайг цохисон этгээд нь Балжиннямын Болд-Эрдэнэ/РД: УП99022835/ гэж залуу байсныг хожим цагдаа дээр мэдсэн. Гэтэл энэ этгээдийн ар гэр нь өмгөөлөгч авч гомдол гаргаж намайг мөн Б.Болд-Эрдэнийг цохиж зодсон талаар гомдол гаргаж бүтэн 1 жил гаран шалгуулсан боловч миний үйлдэлд гэмт хэргийн шинжгүй, цохиж зодсон нь тогтоогдохгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн.

Харин Б.Болд-Эрдэнэ нь хэрэг хариуцах чадваргүй, сэтгэцийн өвчтэй хүн байсан нь сэтгэцийн шинжилгээ, өвчний түүх зэргээр нотлогдож хэрэг хариуцах чадваргүй үндэслэлээр хэрэг нь хэрэгсэхгүй болсон.

Миний бие Б.Болд-Эрдэнэд цориулсны улмаас гэмтэл учирч 2.800.000/хоёр сая найман зуун мянга/ төгрөгийн эмчилгээ хийлгэсэн, мөн эцэг, эхийн хамт намайг гүтгэж гэмт хэрэгт яллагчаар татуулсаны улмаас өмгөөлөгч авч хөлсөнд нь 1.000.000/нэг сая/ төгрөг төлж, нийт 3.800.000/гурван сая найман зуун мянга/ төгрөгөөр хохирсон болно.

Б.Болд-Эрдэнэ нь сэтгэцийн өвчний улмаас өмнө байнга эмчлүүлж, эмнэлгийн хяналтад байдаг хий юм харах шизофрени өвчтэй, өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй, эцэг, эхийн байнгын хяналтад байх шаардлагатай этгээд байхад шөнийн цагаар гадуур харгалзан дэмжигчгүй явуулж, улмаар бусдын эрүүл мэнд эрх чөлөөнд халдаж гэм хор учируулах нөхцлийг бий болгосон эцэг Банхар овогт Р.Балжинням, хамтран хариуцагч эх О.Эрдэнэ-Ус нар нь хуулийн дагуу миний эрүүл мэндэд Б.Болд-Эрдэнийн учруулсан гэм хорын хариуцлагыг хүлээх үүрэгтэй байх тул уг нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд Иргэний хуулийн 503-р зүйлийн 503.3-т зааснаар Б.Болд-Эрдэнийн асран хамгаалагч Р.Балжинням, О.Эрдэнэ-Ус нараас гэм хохиролд 3.800.000/гурван сая найман зуун мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

Нэхэмжлэлийг хүлээн авч хуульд зааснаар хянан шийдвэрлэж гэм хорын хохирлыг гаргуулж өгч шийдвэрлэнэ үү. гэв.

 

Нэхэмжлэгч Н.Гантулгын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НӨАТ-ын баримтаар эмнэлгийн баримт баталгаажна гэсэн зүйл байхгүй. Эрүүгийн хэрэгт нотлох баримтаар тооцогдоод бэхжүүлэгдэж ирсэн баримт байгаа. 1,000,000 төгрөгийн өмгөөлөгчийн зардал хуулиар шүүхийн зардалд орж явдаг. Танай хүүхэд энэ хүнийг зодсон, зодоогүй гэж гүтгэсэн учраас өмгөөлөгч авсан. Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.3-т зааснаар сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон байна лээ. Асран хамгаалагчийг засаг даргын тамгын газраас томилсон юм байна лээ. Учруулсан гэм хорыг асран хамгаалагч буюу түүнд байнга хяналт тавьдаг үүрэг бүхий этгээд хариуцна гэсэн хуулийн заалттай. Энэ хуулийн заалтын дагуу шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Хариуцагч Р.Балжинням, О.Эрдэнэ-Ус нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагч Р.Балжинням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Гантулгын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараахи тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Н.Гантулга, Б.Болд-Эрдэнэ нарт холбогдох хэргийн талаар гэж дурдсан байдаг. Харин 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 21 дугаартай тогтоолд Б.Болд-эрдэнэд холбогдох хэргийг, мөн 26 дугаартай тогтоолоор Н.Гантулгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

2. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй гэж заажээ. Мөн Сангийн сайдын 2017 оны 347 дугаар тушаалаар хуулийн дээрх заалтын дагуу хөтлөгдөх маягтын загварыг баталж өгсөн байдаг. Н.Гантулгын гаргаж өгсөн баримт хуулийн заалтыг зөрчсөн байгаагаас үзэхэд төлбөр төлсөн эсэх нь эргэлзээтэй бөгөөд хуурамч баримт гэж үзэхээр байна.

3. Н.Гантулга урьд нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1320 дугаартай шийтгэх тогтоолоор бусдыг дарамт шахалт үзүүлэн мөнгө авсан гэмт үйлдэл тогтоогдож шийтгүүлсэн байдаг эндээс дүгнэж үзвэл бусдаас мөнгө салгахын тулд ямарч хуурамч байдлыг бий болгож чадах хүн байна гэх бодол төрдөг. Тухайн өдөр урьд нь зүгээр л гарч ороод байдаг байсан хүүхэд гэнэтхэн орилж хашгиран сандарч нүүрэн тус газар зулгарч шалбарсан байдалтай гэртэй орж ирснийг бид Н.Гантулга мөнгө салгах зорилготой миний хүүг зориуд цохиж зодсон байх магадлалтай нөгөө талаар архидан согтуурч явсан этгээд хаана зодуулж цохиулсныг бид мэдэх боломжгүй.

4. Өмгөөлөгчөөр эрхээ хамгаалуулах эсэх асуудал хувь хүний сайн дурын асуудал. Өөрийн хүсэл зоригоор өмгөөлөгч хөлсөлсний төлбөрийг бид төлөх ёсгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгааг илэрхийлж тайлбар гаргав. гэв.

 

Хариуцагч Р.Балжинням, О.Эрдэнэ-Ус нарын өмгөөлөгч Ш.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нотлох баримтыг үндэслэж үндэслэл бүхий шийдвэр гаргадаг. Татварын Ерөнхий хуульд заасан баримтыг өгөх шаардлагагүй гэж байна. Татварын ерөнхий хуулийн 28.5-т татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй гэж заасан. Нэхэмжлэгч талын гаргасан 2006 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Санхүү, эдийн засгийн яамны баталсан маягттай баримт байсан. Энэ маягтыг Сангийн яамны сайдын 2017 оны 347 дугаар тушаалаар хүчингүй болгосон. Хууль зөрчсөн баримтыг нотлох баримтаар үнэлүүлэх гээд байгаад гайхаж байна. Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан 30,000 төгрөгийн баримт байгаа. Үүнийг миний үйлчлүүлэгч төлөх үүрэгтэй. Шүд унасан, солиулсан гэдэг. Энэ Эрүүгийн хэрэгт яригддаг. Тэр нь эд мөрийн баримтаар авагдсан зүйл байдаггүй. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 09 дүгээр сарын 04-ний өдрийн 834 дугаар Яллах дүгнэлт, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/235 Б.Болд-Эрдэнэд харгалзан дэмжигч тогтоох тухай захирамж, шүүхийн журмаар бүрдүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолтын хуулбар, Натур эмнэлэгийн компьютер томографийн оношилгооны хуулбар, 007 дугаар Бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбар, 233 Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбар, Мөрдөгчийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай тогтоолын хуулбар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 26 дугаар тогтоолын хуулбар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 21 дугаар тогтоолын хуулбарыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.Гантулга, хариуцагч Р.Балжинням, хариуцагч О.Эрдэнэ-Ус нарт холбогдуулан гэм хорын хохиролд буюу эмчилгээний зардалд 2,800,000/хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг, өмгөөлөгчийн хөлсөнд 1,000,000/нэг сая/ төгрөгийг, бүгд 3,800,000/гурван сая найман зуун мянга/ төгрөгийг тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Р.Балжинням, хамтран хариуцагч О.Эрдэнэ-Ус нар нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргасан.

 

Шүүх бүрэлдэхүүн дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэн Б.Болд-Эрдэнэ нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Авзага 10/1 дүгээр байранд Н.Гантулгын биед тархи доргилт, дээд үүдэн нэг шүдний булгарал, нэг шүдний сулрал, зүүн нүдний зовхи, зүүн хацар, дээд уруул, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 21 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Б.Болд-Эрдэнэ нь 1999 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн насанд хүрсэн иргэн болох нь 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 834 дугаар Яллах дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн 2009007100950 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан яллагдагч Б.Болд-Эрдэнэд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон болох нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 21 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэн Б.Болд-Эрдэнэ нь Шизофренийн хий үзэгдэлт дэмийрлийн хэлбэр өвчний улмаас сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй болох нь Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 233 дугаар Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтийн хуулбараар тогтоогдож байна.

 

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/235 дугаар захирамжаар байнгын асаргаа шаардлагатай Б.Болд-Эрдэнийн харгалзан дэмжигчээр эх Ойдовын Эрдэнэ-Усыг тогтоосон болох нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/235 дугаар захирамжаар тогтоогдож байна.

 

Б.Болд-Эрдэнэ нь өөрийн хууль бус үйлдлээр нэхэмжлэгчийн биед дээр дурдсан хөнгөн зэргийн гэмтэл учруулсны улмаас нэхэмжлэгч нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Натур эмнэлэг-т Толгойн компьютерт томографийн шинжилгээнд хамрагдаж 120,000/нэг зуун хорин мянга/ төгрөгийн, Цахиурдент ХХК-д шүдний эмчилгээ, хиймэл шүд хийлгэж 2,496,000/хоёр сая дөрвөн зуун ерэн зургаан мянга/ төгрөгийн, Хашдент ХХК-д шүдний дэлгэмэл зураг авахуулж 30,000/гучин мянга/ төгрөгийн, бүгд 2,646,000/120,000+2,496,000+30,000=2,646,000/ /хоёр сая зургаан зуун дөчин зургаан мянга/ төгрөгийн зардал гаргасан болох нь Натур эмнэлэг-ийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбар, Цахиурдент ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаар Бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбар, Хашдент ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 30,000/гучин мянга/ төгрөгийн НӨАТ-ын баримтын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх ... эрүүл мэнд ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., мөн хуулийн 503 дугаар зүйлийн 503.3Сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон иргэний бусдад учруулсан гэм хорыг түүний асран хамгаалагч ... этгээд хариуцан арилгана. гэж заасан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.3 дахь хэсэгт зааснаар Б.Болд-Эрдэнэ нь сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн чадамжгүй байх тул түүний учруулсан гэм хорыг асран хамгаалагч болох О.Эрдэнэ-Ус хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч нь яллагдагчаар татуулсны улмаас өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн гэх 1,000,000/нэг сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4Хууль бусаар яллагдагчаар татагдсан ... саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн ... зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг ... төр хариуцан арилгана. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь 1,000,000/нэг сая/ төгрөгийг хууль бусаар яллагдагчаар татагдсан холбоотой учирсан хохирол гэж үзэж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь тус учирсан гэх хохирлыг хариуцах үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас 1,000,000/нэг сая/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 2,800,000/хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байх боловч 154,000/нэг зуун тавин дөрвөн мянга/ төгрөгийн гэм хорын хохирол нь баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 154,000/нэг зуун тавин дөрвөн мянга/ төгрөгийн гэм хор учирсан болохыг баримтаар нотлоогүй болно.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.Эрдэнэ-Усаас гэм хорын хохиролд нийт 2,646,000/хоёр сая зургаан зуун дөчин зургаан мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Гантулгад олгож, үлдсэн 1,154,000/1,000,000+154,000=1,154,000/ /нэг сая нэг зуун тавин дөрвөн мянга/ төгрөгийг, хариуцагч Р.Балжиннямд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх бүрэлдэхүүн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Эрдэнэ-Усаас нийт 2,646,000/хоёр сая зургаан зуун дөчин зургаан мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Гантулгад олгож, үлдсэн 1,154,000/нэг сая нэг зуун тавин дөрвөн мянга/ төгрөгийг, Р.Балжиннямд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Эрдэнэ-Усаас улсын тэмдэгтийн хураамжид 57,446 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.               Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Эрдэнэ-Усаас нийт 2,646,000/хоёр сая зургаан зуун дөчин зургаан мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Гантулгад олгож, үлдсэн 1,154,000/нэг сая нэг зуун тавин дөрвөн мянга/ төгрөгийг, Р.Балжиннямд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Гантулгын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Эрдэнэ-Усаас улсын тэмдэгтийн хураамжид 57,446 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Гантулгад олгосугай.

 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ

 

 

ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН

 

 

Д.БАТХУЯГ