Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/200

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл,

улсын яллагч Б.Содномиший,

хохирогч П.Н,

шүүгдэгч Х.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч **** ургийн овогт Х.У холбогдох эрүүгийн 25******4 дугаартай, 316/2025/0****/Э индекстэй хэргийг 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19**** оны *** дугаар сарын ***-ний өдөр **** аймгийн **** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Сэлэнгэ вагон депод гагнуурчин ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт Сэлэнгэ аймгийн ******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 01 дүгээр шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145-р зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ял оногдуулсан, **** ургийн овогт Х.У, (регистрийн дугаар *****)

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х. У (*****) нь 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сүхбаатар сумын 8 дугаар баг, 4 дүгээр хэсэг, 326 тоотод тодорхой шалтгаангүй буюу үл ялих зүйлээр шалтаглан хохирогч П.Н-н биед зүүн нүдний дээд доод зовхи, баруун бугалга, баруун шуунд цус хуралт, зүүн нүдний ухархайн хана цөмөрсөн хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Х.У (*****) нь 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө ******** тоотод тодорхой шалтгаангүй буюу үл ялих зүйлээр шалтаглан хохирогч П.Н-н биед зүүн нүдний дээд доод зовхи, баруун бугалга, баруун шуунд цус хуралт, зүүн нүдний ухархайн хана цөмөрсөн хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Х.У гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт  шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.У-н: ”...Би 4 сар гараад гэрт нь очиход хар нүдний шилтэй байсан. Нүдээ яасан юм бэ? хэнд цохиулсан юм гэсэн хэлэхгүй байсан. Гэм буруугийн талаар маргаж байна. Бид хоёр 2024 оны 6 дугаар сард файсбүүкээр танилцсан, тухайн үед хэрүүл маргаан үүсч байсан. Ажилд яваад ирэхэд дандаа архи уучихсан байдаг байсан. 2024 оны 03 дугаар сарын 02-ны үеэр цагаан сар болсон, ээж дээр нь золгоод манайд очсон. 0,5грамм архи хувааж уугаад унтахаар буруу хараад хэвтсэн, толгой руу гараа атгаад цохиод нурууны араас өшиглөөд байхаар нь 2 удаа алгадсан нь үнэн, хамар нь таараад хамраас нь цус гарсан... 8 дугаар сарын 28-ны үеэр 250,000 төгрөг өгсөн” гэжээ.

2.Хохирогч П.Н-н 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 06 дугаар сарын 23-ны орчим Facebook-ээр Х.У гэх хүнтэй танилцаж түүнээс хойш харилцах болсон. Түүнээс хойш нэлээд харилцаж байгаад 2024 оны 06 дугаар сарын 25-ны орчим анх уулзсан. Анх уулзаад бид гайгүй таарч тохирч байсан учир ирж очин уулзаж байгаад хэсэг харилцаагаа тасалсан байсан. Ингээд 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр над руу өөрөө дахин мессеж бичиж харилцаж эхэлсэн бөгөөд бид дахин уулзаж манай гэрт хамт амьдрах болсон. Гэтэл бидний дунд хэрүүл маргаан байгаад байсан учир 2025 оны 02 дугаар сарын сүүлээр манай гэрээс явсан. Түүний дараагаар 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Х.У манай ээжтэй золгохоор манай гэрт ирсэн. Тухайн үед манай ах нар гэрт ирчихсэн байсан болохоор би Х.У-н хамт түүний гэрт очиж хонохоор явсан Х.У-н гэрт очоод 0,5 литрийн “Хараа” нэртэй архийг бид хоёр хувааж уугаад унтахаар хэвтсэн. Тухайн үед гэр нь жоохон хүйтэн санагдаад байхаар нь би *******т хандан “Би даараад байна намайг тэврээд унтчихаач” гэтэл Х. У өөдөөс уурлаад “Би дээшээ харж унтмаар байна, заавал чамайг тэвэрч унтах албагүй” гэж хэлэхээр нь би уурлаад “Тэгвэл боль” гэж хэлээд хөлөөрөө У-н нуруу руу жийсэн. Тэгтэл Х.У уурлаад “Чи ер нь надаар тэврүүлж, намайг өөрийнхөө эрхээр байлгах гэлээ” гэж хэлээд миний толгойн зүүн хэсэгт гараа атгаж байгаад 5-6 удаа, баруун гарын булчин, шуу хэсэг рүү гараа атгаж байгаад 4-5 удаа цохисон. Тэгээд намайг цагдаа дуудах гэтэл аргадаж, уучлалт гуйгаад унтуулсан. ...бидний хооронд гэрлэлтийн баталгаа болон хүүхэд байхгүй юмаа. Эхэндээ Х.Усайхан ааштай сайхан хүн байсан юм. Даанч удаан амьдрах тусам намайг харааж доромжилж эхэлсэн. Бүүр сүүлдээ надад гар хүрдэг болсон... Дээрх асуудал Х.У-н гэрт болсон. Х.У-н гэр хашаандаа 2 байшинтай бөгөөд Х.У-н гэр, хашаанд нь шинээр баригдаж байгаа байшин байсан. Тэр гэрт Х.У бид 2 л байсан. Өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг[1],  

-энэ хүнтэй хамтран амьдарснаас хойш урам зориг, эрүүл мэндээр хохирсон, ойр орчмын хүмүүстэй муухай харилцах болсон. Хамгийн анх маш сайхан харилцаж байсан, хүмүүстэй хардаж, хуучин эхнэртэйгээ харилцах болсон. Чи бол хүмүүсийн дэвсгэр болсон, явдалтай хүүхэн, цагдаа нарын дэвсгэр болж намайг шоронд хийнэ гэж бодож байна уу? амжихгүй шүү гэж хэлдэг. Энэ хүн хамгийн анх миний сэтгэлийг уярааж, халамжтай хандсан. Хэл амаар үгийн муухайгаар хэлэх болсон. Архи согтууруулах ундааны зүйл бид 2 цугтаа уудаг байсан, архи уух, тамхи татах, мөнгөний хэрэг гарах, хувцсаа угаалгах болохоор л ирдэг. Миний нүд хөхөрсөн асуудал дээр энэ хүнийг гүтгээгүй. Түлхээд гар хугалсныг гар түлснийг хэлээгүй, байгаагаар нь бичсэн. Манай гэрээс бид 2 эрүүл гарсан, дэлгүүр ороод 0,5 грамм архи авчихаа гээд би авсан. Унтах болохоор даараад байна, хүйтэн болохоор нь чи яагаад тэврэхгүй байгаа юм бэ? гээд хойноос нуруу руу нь өшиглөсөн. Миний толгой руу 4-5 удаа цохиход хамар хэсэг рүү цохиход цус гарсан. Мөрдөн шалгах ажиллагааны үед 6 сард мөрдөгч дуудсан, би байгаагүй тул очиж чадаагүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжилж байна. Эмчилгээний зардалд мөнгө өгөөгүй. Эм бичүүлж эмийн сангаас авсан, баримтаа мөрдөгчид өгсөн” гэжээ[2].

3.Гэрч С.П-н 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шиг санагдаж байна. Ням гараг л байсан, У манай гэрт ирсэн. Тэр үед манай хүүхдүүд ирсэн байсан болохоор ******* “гэрт багтахгүй юм байна” гээд Н, У-н хамт гэрт нь очиж унтахаар явсан. Тэгээд Н маргааш үдээс хойш гэртээ ирсэн. Манай хүүхдүүд ирж золгочихоод явсан болохоор би гэртээ зээ охин Н- хамт байсан. ******* гэрт орж иртэл нүүр ам нь хавдчихсан байсан. Би Н-с юу болсон талаар асуухад “У намайг зодсон” гэж хэлсэн. У нүүр ам, гар хөл рүү нь цохиод нуруу руу нь жийсэн гэж байсан. Тэгээд гар нь хөхөрчихсөн, нуруу нь зурагдчихсан юм шиг болсон байсан. Би тухайн У гэх хүнийг бол мэдэхгүй. Өнгөрсөн жилийн 7-8 сараас манай охинтой уулздаг болсон байсан. Өөрөөр бол мэдэхгүй. П.Н У-т зодуулсан гэж байсан. Өөр хүнд зодуулсан гэсэн зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг[3];

4.Насанд хүрээгүй гэрч Г.Н-н 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... 2025 оны 03 дугаар сарын 02- ны өдөр "Цагаан сар" болж байсан болохоор манай гэрт нагац ах нар гэрийнхэнтэйгээ ирсэн байсан. Тэгээд ээжийн хамт архи уугаад байдаг ******* гэж ах ирсэн. Тэгээд ээж тэр ахтай хамт гэрт нь хононо манай гэрт багтахгүй гээд явсан. Тэгээд ээж маргааш нь 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гэртээ ирэхэд нүүр ам нь хавдаад хөхөрчихсөн согтуу ирсэн. Эмээ юу болсон юм гэж асуухад "У зодсон" гэж байсан. Тэгээд эмээ бид хоёр ээжийн биеийг харахад нүд нь хавдаад хөхөрсөн, гар нь бас хөхөрсөн, нуруу нь бас хөхөрсөн байсан. Ээж гэр рүү нь явахдаа зүв зүгээр байсан...." гэх мэдүүлэг[4];

6.Сэлэнгэ аймгийн шүүх шинжилгээний газрын шинжээч эмч Д.Дарьсүрэнгийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 126 дугаартай: “...1. П.Н-н биед зүүн нүдний дээд доод зовхи, баруун бугалга, баруун шуунд цус хуралт, зүүн нүдний ухархайн хана цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[5], Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол[6], 7.Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл[7], 8.Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл[8], 9.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[9], 10.Гэрлэсний бүртгэлийн лавлагаа[10], 11.Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[11], 12.Шүүгдэгчийн нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт[12], 13.Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[13], 14.Шүүгдэгчийн урьд ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбар[14], 15.Шүүгдэгчийн захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[15], 16.Хохирогчийн эрүүл мэндийн даатгалын сангаас 382,158 төгрөгийг тусламж үйлчилгээ авсан талаарх тодорхойлолт[16], 17.Иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг[17] зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой, хүрэлцээтэй, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж хэргийн бодит байдлыг тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхыг шаардах бөгөөд шүүгдэгч Х.У-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн шинжийг хангасан гэж үзнэ.

 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна” мөн зүйлийн 3.1.1-д “...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна...” гэж зааснаар Х.У нь тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байх бөгөөд хохирогч П.Н нь шүүгдэгч Х.У-н хамтран амьдрагч болох нь хэрэгт авагдсан баримт тэдгээрийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 Улсын яллагчаас шүүгдэгч Х.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагчийн зүгээс гаргасан болно.

Шүүгдэгч Х.У-н үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг хор уршиг, шүүгдэгчийн гэмт үйлдэл хооронд шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч Х.У нь 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сүхбаатар сумын 8 дугаар баг, 4 дүгээр хэсэг, 326 тоотод тодорхой шалтгаангүй буюу үл ялих зүйлээр шалтаглан хохирогч П.Н-н биед зүүн нүдний дээд доод зовхи, баруун бугалга, баруун шуунд цус хуралт, зүүн нүдний ухархайн хана цөмөрсөн хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.Н-н биед хөнгөн хохирол учирсан ба тэрээр нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч П.Н нь 382,158 төгрөгийн тусламж үйлчилгээ[18]авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Иймд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 382,158 төгрөгийн гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэсэн.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Х.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэрэг байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, холбогдсон гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэрэг гарах үед шүүгдэгч болон хохирогч нар хэн аль согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хохирогчийн зүй бус, хууль бус буруутай үйлдэл ямар нэгэн байдлаар нөлөөлсөн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан, шүүгдэгч Х.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсан болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** ургийн овогт Х.У-т 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Х.У-т анхааруулсан болно.

Энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч **** овгийн Х.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** ургийн овогт Х.У-т 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч *******т анхааруулсугай.

4.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн эрүүл мэндэд тусламж үйлчилгээ үзүүлсний 382.158 төгрөгийг шүүгдэгч Х.У-с гаргуулж, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

5.Энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийн уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.АМАРГЭРЭЛ

 

 

[1] Хавтаст хэргийн 27-28 дугаар тал

[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[3] Хавтаст хэргийн 30 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 33 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 39 дүгээр тал

[6] Хавтаст хэргийн 01-02 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 07 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 09-16 дугаар тал

[9] Хавтаст хэргийн 64 дүгээр тал

[10] Хавтаст хэргийн 65 дугаар тал

[11] Хавтаст хэргийн 66 дугаар тал

[12] Хавтаст хэргийн 67 дугаар тал

[13] Хавтаст хэргийн 69 дүгээр тал

[14] Хавтаст хэргийн 71-76 дугаар тал

 

[15] Хавтаст хэргийн 77 дугаар тал

[16] Хавтаст хэргийн 83 дугаар тал

[17] Хавтаст хэргийн 87 дугаар тал

 

[18] Хавтаст хэргийн 83 дугаар тал