Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/202

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сарантуяа хөтөлж,

улсын яллагч Д.Номин-Эрдэнэ,

шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч **** ургийн овогт С.Б-д холбогдох эрүүгийн 25*****1 дугаартай, 316/2025/***/Э индекстэй хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19*** оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, Хилийн цэргийн **** ажилтай, ам бүл 1, ганцаараа Сэлэнгэ аймгийн **** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,хэрэг хариуцах чадвартай *** ургийн овогт С.Б. (РД: *****)

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч С.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 678 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар 400 нэгжээр торгуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 09 дүгээр сарын 05-с 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хүртэл 1 жилээр хасуулсан үедээ 2025 оны 08 дугаар сарын 19-ний шөнийн 02 цагийн үед Сүхбаатар сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрт 1,77 хувийн согтолттой үедээ Соната-7 загварын ******* СЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 678 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар 400 нэгжээр торгуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 09 дүгээр сарын 05-с 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хүртэл 1 жилээр хасуулсан үедээ 2025 оны 08 дугаар сарын 19-ний шөнийн 02 цагийн үед Сүхбаатар сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрт 1,77 хувийн согтолттой үедээ Соната-7 загварын **** СЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл,

Гэрч Т.О-н "...2025 оны 08 дугаар сарын 18-наас 19-ныг 02 цагийн үед Сүхбаатар сум 2 дугаар баг 2 дугаар сургуулийн ертөнцийн зүгээр зүүн талын хатуу хучилттай асфальтан зам хэсэгт замын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад "Чингис" паб хэсгийн замаас хойшоо чиглэлтэй Соната 7 загварын ******* СЭН улсын дугаартай тээврийн хэрэгсэл ирж байсныг зогсоон шалгахад жолооч Бямбахүү гэх иргэн нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан мен тухайн иргэнээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул алко тест7510 багажаар үлээлгэн согтолтыг нь шалгаж үзэхэд 1.77 хувийн согтолттой гэж заасан учир тээврийн хэрэгслийг түр саатуулан цагдаагийн газрын жижүүрт илрүүлсэн зөрчлийн талаар мэдэгдсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 05-р хуудас/,

Согтуурал шалгасан тэмдэглэл, шүүгдэгчийн урьд 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ЗШ/678 дугаартай шийтгэврийн хуулбар, шүүгдэгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, шүүгдэгчийн жолоочийн лавлагаа мэдээлэл, шүүгдэгчийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, шүүгдэгчийн урьд захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүгдэгчийн урьд ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч С.Б гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй байна.

Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоохоор улсын яллагч, шүүгдэгч нар тохиролцсон тул саналыг баталж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож шийдвэрлэв.

Хэрэгт эд мөррийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *** ургийн овогт С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил хасч, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгуулийн ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

5.Шүүгдэгч *** ургийн овогт С.Б-н /РД: ***/, В ангилалын *** дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан талаархи мэдээллийг Улсын нэгдсэн бүртгэлд оруулахыг Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасагт мэдэгдэж, мэдээллийг эрх бүхий албан тушаалтан, замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад С.Батболдод, хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Шүүгдэгч С.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АМАРГЭРЭЛ