| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 312/2025/0183/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/217 |
| Огноо | 2025-04-25 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/217
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,
улсын яллагч Н.Дүүрэнжаргал,
шүүгдэгч *********** нарыг оролцуулан,
Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***********холбогдох эрүүгийн 2525000000144 дугаартай, 312/2025/0183/Э индекстэй хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч ***********нь 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 17 цагийн орчимд *********** улсын дугаартай тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт жолоодон замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *********** өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2525000000144 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч ***********нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ, дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэж (1,93%) промил согтолттойгоор 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 17 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт ***********улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *********** өгсөн: 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр найзынхаа машиныг гуйж аваад хүүгээ эмнэлэгт үзүүлэх гээд явсан. Тэгээд өдөр найз хүүхэнтэйгээ уулзаад бага зэрэг пиво уусан. Хүүхдээ сургуулиас нь авах цаг болоод тэгээд гарч яваад нар гялбаад би гэрлэн дохио хараагүй орчихсон юм. Найзыгаа иртэл нь хүлээх хэрэгтэй байж гэж бодож байна. Нөхрөөсөө салсан учраас сэтгэл тавгүйтээд архи уусан. Жолоочид хохирлын тухайн үед нь төлсөн гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
- Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай 2025 оны 02 дугаар сарын 07-ний өдрийн тэмдэглэл, 7510 серийн дугаартай, Alcotest багажаар Балжинням ***********(РД:***********)-ийн согтуурлын зэргийг хэмжихэд 1,93% согтуурлын зэрэг илэрсэн гэсэн бичиглэл бүхий тэмдэглэл (хавтаст хэргийн 9-10-р тал),
- Амьсгал дахь спиртийн агууламж хэмжигч Alcotest 7510 багажийн физик-химийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ №ФХ002011 (хавтаст хэргийн 10-р тал),
- Гэрч *********** өгсөн “...Би 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн сүмийн уулзварын гэрлэн дохион дээр хөдөлгөөн зохицуулж байсан 17 цагийн орчимд Өргөө кино театрын урд хавьцаа түгжрэл үүсээд тээврийн хэрэгслүүд урагшлахгүй байхаар нь яваад очтол ***********улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч *********** улсын дугаартай тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөсөн байдалтай байсан. Жолооч нартай нь уулзахад хоорондоо зохицсон ямар нэгэн гомдолгүй гэж хэлсэн бөгөөд ***********улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч эмэгтэйгээс илтэд согтууруулах ундааны зүйл үнэртээд байхаар нь согтуурлын зэрэг хэмжих драгер багаж үлээлгэхэд 1,93 хувийн согтолттой байсан. Тэгээд багаж дээр регистрийн дугаараар нь жолоодох эрхийг нь шалгахад 2024 оны 12 дугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож шүүхээр орж жолоодох эрхээ хасуулсан байсан тул ачилтын машин дуудаж тээврийн хэрэгслийг нь ачуулж тухайн эмэгтэйг цагдаагийн газар руу авч явж хүлээлгэн өгсөн..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14-р тал),
- Гэрч ***********ын өгсөн: “...***********2025 оны 02 дугаар сарын 06-ны орой над руу яриад маргааш хүүхдээ аваад эмнэлгээр явах хэрэгтэй байна, машинаа түр өгч байгаач гэж хэлэхээр нь тэгээрэй гэж хэлсэн. Ингээд маргааш нь буюу 02 дугаар сарын 07-ны өглөө 08 цагийн үед машин аваад явсан. Ингэхдээ нэг дүүгийн хамт ирээд машин авч явсан. Тухайн дүүгээрээ машин бариулна, өөрөө эрхээ хасуулсан гэж хэлж байсан юм. Ингээд тухайн өдрийн орой 18 цагийн үед над руу яриад найз нь хүүхдийн ордны энд явж байгаад машины ардаас мөргөөд цагдаа машин аваад явчихлаа гэж хэлсэн. 2025 оны 02 дугаар сарын 07-ны өглөө ***********машин авахаар ирэхдээ эрүүл байсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар хуудас),
- Гэрч ***********өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 13 цагийн орчимд манай найз *********** намайг утсаар дуудахад манай гэрт ирсэн. Манай гэрт ирэхдээ найзынхаа гэх хар өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож ирсэн. Би тухайн үед гэртээ *********** гэх найзтайгаа 2,5 литрийн хэмжээтэй том савтай пиво уугаад сууж байсан. Тэгээд ***********бид гурав хамт нэг том савтай 2,5 литрийн хэмжээтэй пиво хувааж уунгаа юм ярьж сууцгаасан. 16 цаг өнгөрч байхад *********** хүүхдээ хичээлээс нь авна гээд тээврийн хэрэгслээ жолоодоод манай гэрээс явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар тал),
- Гэрч *********** өгсөн: “...Би 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 16 цаг өнгөрч байхад Орхон аймгийн Баян-Өндөр сумын Найрамдал багийн нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын урд талын авто зам зээр сүмийн уулзварын гэрлэн дохионы чиглэлд өөрийн эзэмшлийн *********** улсын дугаартай тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод явж байтал араас хөх өнгийн тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл мөргөсөн. Тэгээд би буугаад хартал арын купер хонхойсон байсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч гэх эмэгтэй бууж ирээд тохиролцъё гэж хэлээд ярилцаад байж байтал уулзвараас замын цагдаа ирсэн. Миний тээврийн хэрэгслийг мөргөсөн жолооч эмэгтэйгээс илтэд маш их архи үнэртэж байсан. Тэрийг нь замын цагдаа хүртэл мэдээд согтолтын зэрэг хэмжих драгер багаж үлээлгэхэд бараг 2 бүхэл гарч байна гэж хэлж байсан. Маргааш нь би тухайн эмэгтэйтэй уулзаж тохиролцож засварын 200,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5217118414 тоот данс руу авсан. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй...” (хавтаст хэргийн 21-22 дугаар тал),
- Яллагдагч *********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:“...Би 2025 оны 02 дугаар сарын 07-ны өглөө 08 цагийн орчимд найз *********** ***********улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг нь гуйж аваад дунд хүү Гантөгсийг өрхийн эмнэлэгт очиж хүүхдээ үзүүлчхээд буцаад гэртээ хариад байж байтал манай найз Отгонцэцэг над руу залгаад хүрээд ирээч гэхээр нь ..гэрт нь яваад очсон чинь миний танихгүй нэг эмэгтэйтэй хамт пиво уугаад сууж байсан. Тэгээд бид гурав хамт пиво ууж юм ярьж суусан. Би 17 цагаас бага хүүгээ 3 дугаар сургуулиас авах ёстой байсан учраас хүүхдээ авахаар явахдаа найз Саранцэцэгийг дуудаж машинаа бариулах гээд утсаар ярьтал хүүхдийн ордон дээр уулзахаар болоод би тээврийн хэрэгслээ жолоодож найз Отгонцэцэгийн гэрээс нь гарч явж байгаад сүмийн уулзвар дээр машины араас мөргөсөн юм. Тэгээд уулзвар дээр байсан цагдаа ирээд намайг согтолтын зэрэг хэмжигч багажаар үлээлгэхэд 1,93 хувийн согтолттой байсан. Би тухайн мөргөсөн тээврийн хэрэгслийн жолооч руу 200,000 төгрөг шилжүүлж хохиролгүй болгосон..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар тал),
- Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл "...*********** ургийн овогт *********** ***********(РД:***********) нь 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар 1 жил эрх хасагдсан..." гэх лавлагаа (хавтаст хэргийн 34 дүгээр тал),
- Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2024/3Ш/2248 дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шүүхийн шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 36-38 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэрч ***********, ***********, ***********, ***********, шүүгдэгч ***********нарын өгсөн мэдүүлэг, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2024/3Ш/2248 дугаартай шийтгэвэр, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 7510 серийн дугаартай, Alcotest багажаар тээврийн хэрэгслийн жолооч ***********(РД:***********)-ийн согтуурлын зэргийг хэмжсэн 1.93% гэсэн бичиглэл бүхий тэмдэглэл зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч ***********нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ, дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэж (1.93%) промил согтолттой үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 17 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт ***********улсын дугаартай тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч ***********нь 1.93% промил согтолттой байсан нь Alcotest 7510 загварын багажаар шалгасан баримтаар тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар *********** согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.
Шүүгдэгч *********** дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж шүүх үзлээ.
Улсын яллагчаас шүүгдэгч *********** тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас оролцож, санал дүгнэлтээ гаргаж,
шүүгдэгч ***********нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд өөрт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцсон болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч ***********нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, гэм буруугийн хувьд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч *********** согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийн улмаас ***********тээврийн хэрэгсэлд 200,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь тээврийн хэрэгслийг мөргөсөн гэх тухайн цаг хугацаанд ***********тай тохиролцож, 200,000 төгрөгийг төлж барагдуулсан, *********** нь гэрчээр хэрэгт мэдүүлэг өгөхдөө мөн энэ талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч *********** бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *********** тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч ***********-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ***********эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Хавтаст хэргийн 32, 34, 36-38, 42-45 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, жолоочийн лавлагаа, 2248 дугаартай шийтгэврийн хуулбар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн зохион байгуулагчийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа зэрэг нотлох баримтаар шүүгдэгч ***********нь хэрэг хариуцах насанд хүрсэн, тусгай дунд боловсролтой, гурван хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр суманд амьдардаг, Хурд каргонд бараа тараагчаар ажилладаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 18 (арван найм) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ...эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс... хугацааг тоолно” гэж зааснаар шүүгдэгч ***********оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс буюу торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч ***********нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********** овогт *********** ***********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********нь шүүхээс оногдуулсан 3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 18 (арван найм) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***********сануулсугай.
5. Шүүгдэгч ***********нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч ***********нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ