Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 1183

 

          

ХБНГУ-ын иргэн РС-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/01104 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч ХБНГУ-ын иргэн РС-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Л” ХХК--д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Талуудын хооронд байгуулагдсан гэрээг контракт мөн болохыг тогтоолгож, контрактыг цуцлуулах, ашиглалтын шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүний үнэд төлсөн 5 674 000 төгрөг, томилолтын зардал 6 128 797 төгрөг, нийт 11 802 797 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхболор, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Өлзийсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч ХБНГУ-ийн иргэн РС-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхболор нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Герман улсын иргэн РС- нь “Л” ХХК--д 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл түр хугацаагаар, 2018 оны 10 сарын 01-ний өдрөөс 2 жилийн хугацаанд буюу 2020 оны 10 сарын 01-ний өдөр хүртэл ахлах тогоочоор ажиллахаар сарын цалинг гэрээгээр 4,000 ам.доллар гэж байгаа боловч 10.000.000 төгрөг байхаар харилцан тохиролцож ажиллаж эхэлсэн. Гэвч 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр гүйцэтгэх захирал н.Батцэнгэл уулзаад чамайг халлаа, ажлаа одоо хүлээлгэж өг гэж хэлсэн. Ямар нэг ажлаас чөлөөлсөн тушаал гардуулж өгөөгүй. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэл гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Л” ХХК--ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болорчулуун шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч “Л” ХХК- нь зөвлөх үйлчилгээний Хоспиталити менежмент консалтинг ХХК-тай 2018 оны 10 сарын 24-ний өдөр Менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан ажилласан бөгөөд энэхүү компани нь хариуцагчийн үйлчилгээг сайжруулах зөвлөгөөг өгч ажилласан юм. Энэ гэрээ хэрэгжиж эхэлсэн үеэс нэхэмжлэгч РС- ажиллаж эхэлсэн. Тус зөвлөх компанийн 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай Хоолны амт чанарт дүгнэлт гаргах нь албан бичгээр “...Хоолны амт чанарыг сайжруулах тал дээр яаралтай арга хэмжээ авахгүй бол хоолны борлуулалт, шингэн хүнсний борлуулалтад шууд нөлөөлж, цаашид байгууллагын нэр хүнд хэвийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлөх хор уршигтай..." хэмээн дүгнэснийг баттай эх сурвалж хэмээн үзэж нэхэмжлэгчийг ажиллуулахаа зогсоох гол үндэслэл болсон. Иймээс, нэхэмжлэгч РС-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд шударга бус хандсан, ур чадвар нь дутсан түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Л” ХХК--ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болорчулуун шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Л” ХХК- болон РС-ын хооронд 2018 онд байгуулагдсан гэх гэрээг Хөдөлмөрийн хуульд заасан контракт мөн болохыг тогтоолгох, РС- нь хийвэл зохих ажлын үр дүнг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хангаагүй буюу хангалттай ажиллаж чадаагүй гэж өмчлөгч үзсэн тул контрактыг цуцлуулах, РС-ын “Л” ХХК--д худалдсан ашиглалтын шаардлага хангахгүй аяга таваг угаагч машин болон бусад хэрэглэгдэхүүнийг нь буцаан өгч, “Л” ХХК--ийн төлсөн 5.674.000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулах шаардлага гаргаж байна. “Л” ХХК- нь РС-ад итгэж хангалттай хэмжээний цалин хөлс төлөхөөр тохиролцсоноос гадна ийнхүү зардал мөнгийг нь бүрэн хариуцаж гадаад руу явж, хэрэгтэй гэх болгоныг нь авсан боловч хариуцагч нь өнөөдөр үүргээ зохих ёсоор биелүүлж чадаагүй, итгэлийг алдсан байдалд хүрсэнд харамсаж байна. РС-аас гадаад орон руу явахад нь нэхэмжлэгчийн төлсөн томилолтын зардал болох нийт 6.128.797 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ХБНГУ-ын иргэн РС-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхболор сөрөг нэхэмжлэлд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-д заасны дагуу  надтай байгуулсан гэрээнд дээрх асуудлуудыг огт тусгаагүй атлаа надтай байгуулсан гэрээг контракт гэж тайлбарлаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. РС- нь “Л” ХХК--д аяга таваг угаагч машин болон бусад хэрэглэгдэхүүн худалдаагүй тул 5.674.000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь 2018 оны 8, 9 сард тухайн үед хариуцагчийн интерьер дизайны зөвлөхөөр ажиллаж байсан иргэн н.Наранбаярын хамт БНХАУ-ын Гуанжоу хот руу томилолтоор ажиллаж ресторанд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авсан билээ.  Хариуцагч компанийн удирдлага РС-ыг тус ажлыг хийгээд өгөөч хэмээн удаа дараалан хүсэлт гаргасны дагуу томилолтоор ажилласан. Мөн тухайн үед хариуцагч нэхэмжлэгчтэй албан ёсоор хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан бөгөөд энэ нь сөрөг нэхэмжлэлд хавсаргасан төлбөрийн баримт, дансны хуулгын огноогоор тогтоогдоно. Томилолтоор ажиллахаасаа өмнө нэхэмжлэгч БНХАУ-ын компанитай холбоо тогтоон гал тогооны хэрэгсэл худалдан авах үнийн саналыг авсан ба тус үнийн саналд нийт тоног төхөөрөмжийн үнэ 123.757 ам.доллар байсан бөгөөд нэхэмжлэгч нь томилолтоор ажиллаж, үйлдвэрлэгчтэй амжилттай хэлэлцээр хийсний үр дүнд барааны нийт төлбөр 82.431 болж буурсан. Өөрөөр хэлбэл 41.326 ам.доллар буюу ойролцоогоор 100 гаруй сая төгрөгийн хэмнэлт хийсэн. Нэхэмжлэгчийн мэргэжлийн ур чадварын талаар өөрт нь ганц удаа ч болов ам нээж хэлээгүй, мэдэгдээгүй байж байгаад гэнэт халах тухай хэлсэн. Нэхэмжлэгчийг үүргээ зохих ёсоор биелүүлж чадаагүй, итгэл алдсан гэж үзэж байгаа нь эсрэгээрээ хариуцагчийн итгэл алдсан, гэрээний дагуу хүлээх үүрэг, хариуцлагаа биелүүлээгүй үйлдэл юм. Иймд тус нэмэгдүүлсэн шаардлагын бичигт дурдсан шаардлагыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: .  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.3, 69 дүгээр зүйлийн 69.1, 243 дугаар зүйлийн 243.1 дахьзаалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч РС- /Suckert Rocco/-ыг Л ХХК-ийн Л ресторан, лоунж, шөнийн клубын Ерөнхий тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Л ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 36.299.807 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч РС- /SR/-д олгож, хариуцагч Л ХХК-ийн нэхэмжлэгч РС- /SR/-д холбогдуулан гаргасан аяга таваг угаагч машин болон бусад хэрэглэгдэхүүний үнэд төлсөн 5.674.000 төгрөг, гадаад орон руу явахад нь төлсөн томилолтын зардал болох 6.128.797 төгрөг, нийт 11.775.797 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч РС- /SR/-ын ажилгүй байсан хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийхийг хариуцагч “Л” ХХК--д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан үндсэн нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 339.449 төгрөгийг хариуцагч “Л” ХХК--аас гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч \Л ХХК-аас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 3 сарын 25-ны өдөр урьдчилан төлсөн 105.740 төгрөг, мөн өдөр төлсөн 183,340 төгрөг, мөн өдөр төлсөн 183,340 төгрөг, 2019 оны 4 сарын 23-ны өдөр төлсөн 113.100 төгрөг, нийт 585.520 төгрөгийн 218.744 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 366.766 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч “Л” ХХК--д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Л” ХХК- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хооронд маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх субьект мөн эсэхийг шалгаагүй. Үүнээс шалтгаалан төлөөлүүлэгч нь төлөөлөгчид үүсэх эрх, үүргийг бүрэн ойлгосон эсэх, хууль зүйн үр дагаврыг хангалттай ухамсарласан эсэх нь тодорхойгүй байхаас гадна итгэмжлэлийн герман хэл дээрх хувилбар 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр буюу шүүхэд нэхэмжлэл өгсөнөөс хойш 3 сарын дараа үйлдэгдсэн байгаа нь дээрх хугацаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шйидвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн эрх , үүргийг хэрэгжүүлэх боломжгүй байсан гэж үзэхэд хүргэж байна. Нэхэмжлэлчийн гаргасан зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1.1, 141.1.4-т зааснаар санхүүгийн алдагдалд хүргэхүйц зөрчилд хамаарч байсан. Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иимд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.  

Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн техникийн алдааг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй.

Нэхэмжлэгч ХБНГУ-ын иргэн РС- нь хариуцагч “Л” ХХК--д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч  талуудын хооронд байгуулагдсан гэрээг контракт мөн болохыг тогтоолгож, контрактыг цуцлуулах, ашиглалтын шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүний үнэд төлсөн 5 674 000 төгрөг, томилолтын зардал 6 128 797 төгрөг, нийт 11 802 797 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. 

Зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр нэхэмжлэгчийг ахлах тогооч /рестораны менежер/ гэсэн ажлын байранд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллуулах, нэг сарын 4000 ам.долларын цалин хөлс олгохоор тохиролцсон, хариуцагч нь 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш нэхэмжлэгчийг ажил үүргийг нь гүйцэтгүүлэхийг зогсоосон  үйл баримт тогтоогджээ.

Хариуцагч тал зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг контрактын гэрээ гэж тайлбарласан ба нэхэмжлэгчийн ажилд орохыг хүссэн өргөдлийн агуулга, гэрээний агуулга зэргийг үндэслэн анхан шатны шүүх талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний нэг төрөл болох Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан контрактын гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлтэй.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн   шийдвэр гаргаагүй атлаа  2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлээгүй, цалин хөлс олгоогүй  тул ажлаас халсантай адилтган үзэх бөгөөд нэхэмжлэгч  нь ажлаас буруу халсан тухай гомдлыг  Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн  129.2 дах хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд гаргасан энэ талаар талууд маргаагүй.

Хариуцагч нь “ХМК” ХХК-ийн 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 03 тоот албан бичигт “...хоолны амт чанарыг сайжруулах тал дээр анхааран тогоочийн мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, гал тогооны дотоод менежментийг сайжруулах шаардлагатай” гэснийг үндэслэж нэхэмжлэгчийг ажиллуулахгүй болсон гэж тайлбарлаж байгаа боловч уг албан бичиг, түүнд хавсаргасан  “Хоол амталгаанд хийсэн санал зөвлөмж” гэсэн баримтыг өөрт нь танилцуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар  контрактыг дүгнээгүй, тайлбар гаргах боломжоор хангаагүй, улмаар контрактыг цуцалсан ямар нэгэн шийдвэр гаргаагүй нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн  байна.

Түүнчлэн контракт байгуулахдаа ажилтны гүйцэтгэх ажлын эцсийн үр дүн, ажил олгогчийн өмнө хүлээх үүрэг, контрактыг дүгнэх журмыг тодорхой тусгаагүй байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийхийг хариуцагч “Л” ХХК--д даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т тус тус заасантай нийцжээ.

Мөн хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан 5 674 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага хэрэгт авагдсан 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн төлбөрийн баримтаар нотлогдоогүй, хариуцагчийн гаргасан томилолтын зардал болох      6 128 797 төгрөгийг нэхэмжлэгч хариуцах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3 дах заалтад  тус тус нийцсэн байна. /хх-ийн 61,86-89/

Нэхэмжлэгч ХБНГУ-ын иргэн РС-аас Ч.М олгосон итгэмжлэл нь гадаад хэлнээс монгол хэлэнд орчуулагдсан  байдлаар авагдсан, уг баримт буруу ташаа орчуулагдсан гэх байдал тогтоогдоогүй, уг итгэмжлэлтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн зүгээс маргаан гаргаагүй, итгэмжлэлийн герман хэл дээрх хувилбар 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр үйлдэгдсэн тул  шүүхэд нэхэмжлэл өгсөнөөс хойш 3 сарын дараа нөхөж үйлдэгдсэн гэх байдал тогтоогдоогүй байна. /хх-ийн 81/

 

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт “243 дугаар зүйлийн 243.1” гэсний өмнө “Иргэний хуулийн” гэж нэмж өөрчлөлт оруулах  нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/01104 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “243 дугаар зүйлийн 243.1” гэсний өмнө “Иргэний хуулийн” гэж нэмж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 558 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.ИЧИНХОРЛОО

                                         ШҮҮГЧИД                                       С.ЭНХТӨР

                                                                                                 Н.БАТЗОРИГ