Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/663

 

 

 

 

     2021             7             8                                           2021/ДШМ/663

 

Б.Чт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Шагдар,

хохирогч Э.Б, түүний өмгөөлөгч М.Хандармаа,

шүүгдэгч Б.Ч,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/257 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлоор Б.Чт холбогдох 2009021631418 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

___________________ овгийн Б.Ч, _____________ оны __ дүгээр сарын __-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ___ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл _, эх, хүүхдүүдийн хамт ____________________________________ бүртгэлтэй боловч __________________________________, /РД:ха________________/;

Шүүгдэгч Б.Ч нь 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар байрны 64 тоотод буюу гэртээ иргэн Э.Бтай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хоёр шууны цус хуралт, хамрын нурууны зулгаралт, зүүн нүдний доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Чын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Б.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Халхын тайжууд овгийн Батжаргалын Б.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 3 ширхэг сиди болон шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шуудан илгээмжээр тус шүүхэд ирүүлсэн баримтууд, 4 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чаас 120.000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Бд олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал давж заалдах гомдолдоо: “...Хавтас хэрэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 8204 дугаартай хохирогч Э.Бын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлт авагдсан ба уг дүгнэлтийг шүүгдэгч Б.Ч нь эс зөвшөөрч дахин шинжээч томилуулахаар мөрдөгч, прокурорт удаа дараа гомдол, хүсэлт гаргасан боловч түүний гаргасан гомдол, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх тогтоол хэрэгт авагдаагүй ба мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.12, 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.10 дахь заалтад тус тус заасныг зөрчсөн ба хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан үйлдэл гэж үзэхээр байна.

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч н.О нь насанд хүрээгүй гэрч Ч.А, Ч.Х нараас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл хэрэгт авагдсан байдаг.

Ийнхүү насанд хүрээгүй гэрч нараас гэрчийн мэдүүлэг авахдаа тэдний хууль ёсны төлөөлөгчөөр сурган хүмүүжүүлэгч нийгмийн ажилтан Б.О гэх этгээдийг байлцуулан мэдүүлэг авсан байдаг бөгөөд дээрх Б.О гэх этгээд нь хохирогч Э.Бтай найз нөхөдийн харилцаатай ба цаашилвал уг сургуульд нийгмийн ажилтнаар ажилладаггүй, харин албан ёсны нийгмийн ажилтан н.Гантөмөр гэх этгээд ажилладаг талаарх нотлох баримт бий.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Ч.А, Ч.Х нарын өгсөн мэдүүлэгтэй танилцаад тэднээс тодруулахад насанд хүрээгүй гэрч нар “хэрэгт авагдсан мэдүүлгээс өөр байдлаар мэдүүлэг өгсөн, бид тийм мэдүүлэг өгөөгүй хэн нэг нь өөрчилсөн байна” гэдэг асуудал ярьдаг.

Эргэлзээ бүхий дээрх асуудлуудыг тодорхой болгох зорилгоор шүүгдэгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд насанд хүрээгүй гэрч Ч.А, Ч.Х нарыг оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх уг хүсэлтийг тодорхойгүй үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.

Дээрх байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасантай нийцэхгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, мөрдөгч, прокурорын шийдвэр нь хууль зүйн үр дагаврыг ямагт үүсгэж байдаг бөгөөд тухайн хэргийн талаар бусад баримт сэлт хүрэлцээгүй, хомс байсан ч түүнийг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгож болохгүй.

Нотлох ажиллагааны явцад цугларсан шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар цогц тогтолцоо бүрдүүлж түүнд үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах нотлох баримтын чухал суурь болдог.

Мөн хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэснийг зөрчиж зөвхөн яллах талын баримтыг хэргийн материалд цуглуулж, бэхжүүлсэн ба хэрэгт шүүгдэгчийг цагаатгах, ял эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байхад тус шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/257 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Б.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Б намайг зодсон гэж гүтгэсэн зохиомол хэрэг байна. Гол зорилго нь миний ээжээс бэлэглэлээр авсан орон сууцыг зарж борлуулсан мөнгийг заавал дундын дансанд хийнэ эсвэл сална гэж байсан. Үр хүүхэдээ өнчрүүлэхгүйн тулд дундын дансанд хийсэн. Дундын дансанд хийсэн мөнгийг авахын тулд зохиомол хэрэг үүсгэсэн. 2019 оны 2 дугаар сард би Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэр бүл цуцлуулах, 3 хүүхдээ өөр дээрээ авах зорилгоор нэхэмжлэл гаргасан. Э.Б нь Баянгол дүүргийн цагдаатай явалддаг. 2016 оны 3 дугаар сард “Сэтгэцийн эрүүл мэндийн төв”-д амиа хорлох шалтгаанаар хэвтэн эмчлүүлж байсан. 10 хоног болсны дараа би өрөвдөөд батлан дааж гаргаж байсан. Явж байгаа автомашинаас хүүхэд тэвэрсэн мөртлөө үсэрч буудаг. Ажил хийдэггүй. Намайг болон миний ээжийг зоддог. 2018 онд түүнийг нийгэмшүүлэхийн тулд ажилд оруулж өгч байсан. Ажилд орсон ч гэртээ нэг ч талх авч ирж үзээгүй. Хүүхдийн мөнгөөр хүүхдүүддээ тоглоом, хоол хүнс авч үзээгүй. Хамт амьдрахад хэцүү, сэтгэцийн өвчтэй хүн. Манай гэр бүлийн эд хөрөнгийг дээрэмдэх зорилготой. Нийт 50 гаруй удаа цагдаагийн хуурамч дуудлага өгсөн. Намайг болон миний ээжийг цагдаагийн байгууллагаар байнга шалгуулдаг. 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хуурамч дуудлага өгсөн байсан. Эдгээр олон хуурамч дуудлагадаа нэг ч удаа шийтгүүлж байгаагүй. Худал үгийг мянган удаа давтвал үнэн болдог гэдгийг энэ хэрэг харуулж байна. Амьдралынхаа ихэнх цагийг хууль цагдаагийн байгууллагад шалгуулж, хэлмэгдэж байна. Бусад үед гэр бүлдээ цагаа зарцуулдаг. Сургууль цэцэрлэгт хүүхдүүдээ өгч, авдаг. Эцэг эхийн хурал, гэр орны ажлыг би авч явдаг. Миний ээж надад тусалдаг. 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл ийм байсан. 2019 оны 12 дугаар сард Э.Б надтай эвлэрэхээр 3 удаа уулзсан. Э.Б надад үр хүүхдээ бодъё, тэр цагдаатай дахиж уулзахгүй, чамайг болон ээжийг чинь зодохгүй, авсан цалингаа гэр бүлдээ зарцуулна, хүүхдийн мөнгийг одооноос хүүхдүүддээ зарцуулж эхэлнэ, хоёулаа эвлэрье гэхээр нь би итгэсэн. Э.Б эвлэрэхээс өмнө ээжийнхээ байрыг миний нэр дээр худалдах, худалдан авах гэрээгээр хий эсвэл чамайг болон ээжийг чинь амьдын хагацал үзүүлнэ гэж хэлсэн. Хийгээгүй хэргээ хүлээн зөвшөөрч, торгууль төлбөрийг төлөхөд бэлэн байна. Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах хүсэлтэй байна. ...” гэв.

Хохирогч Э.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Б.Чт зодуулсан. Зодуулсан даруйдаа шүүх эмнэлэгт очиж дүгнэлт гаргуулсан. Мэдүүлэг байцаалтаа өгч явсан. Хавтас хэрэгт байгаа нотлох баримтаар тогтоогдож байгаа. Хүүхдүүдийн өгсөн мэдүүлэг худал байх боломжгүй. Хүүхдүүд аавынхаа зааж өгсөн мэдүүлгийг хэлэхгүйгээр хэрэгт үнэн зөв мэдүүлэг өгсөн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч М.Хандармаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг 4 цаг хэлэлцэж шийдвэрлэсэн. 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Э.Б, Б.Ч нарын хооронд гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргаан үүссэн, гэмтлийн зэрэг тогтоосон. Эдгээр байдлыг шүүхээс үндэслэлтэй дүгнэж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Прокурор Ц.Шагдар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна. ...” гэж заасан. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхыг шаардаж байгаа. Гэтэл шүүгдэгч Б.Чыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Ч нь 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар байрны 64 тоотод буюу гэртээ иргэн Э.Бтай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хоёр шууны цус хуралт, хамрын нурууны зулгаралт, зүүн нүдний доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Бын “...би 2020 оны 7 дугаар сарын 16-ны өглөө ... ажилдаа явах гээд байж байтал нөхөр Б.Ч “гэрийнхээ буурин дээр хүмүүс амьдруулна” гэхээр нь дургүйцээд бид хоёр өрөөндөө маргалдсан. Тэгтэл манай хадам ээж манай өрөөнд орж ирээд “чи зайл, дандаа хэрүүл хийж байдаг” гэх мэтээр орилоод байхаар нь “та манай гэрийн буйраас дүүгээ нүү гэж хэл, арай дэндүү юм” гэж хэлтэл нөхөр ээжийгээ түлхэж гаргаад өрөөний хаалга хаагаад “чи ээжид юм хэллээ, даварлаа” гээд миний зүүн нүд, толгой руу 2-3 удаа гараараа цохисон. Би гараараа нүүрээ хаахад миний гарын шуу хэсэг рүү гараараа цохисон. Би гарах гэтэл намайг гаргахгүй ор луу түлхээд зүүн гар мушгиад суугаад байсан. Би баруун гараараа утсаараа нууцаар дуудлага өгөх гэтэл нөхөр харчихаад миний утсыг булааж, цонхоор шидчихсэн. Тухайн үед миний 3-8 насны 3 хүүхэд харж байсан. ...” /1хх 36, 91, 114/, 

гэрч И.Жын “...2020 оны 7 дугаар сарын 16-ны өглөө унтаж байхад хажуу өрөөнд хүмүүс орилоод байхаар нь шагайтал бэр Э.Б орилоод байхаар нь ...чи яагаад байнга хэрүүл хийдэг юм бэ” гэж хэлтэл “хуц, пизда минь чамд хамаагүй” гэж хэлээд түлхтэл Б.Ч намайг зодох нь гэж бодоод Э.Быг тэврээд авсан. Тэгэхэд нь би өөрийнхөө өрөө рүү орчихсон. ...” /1хх 41-42/,

шинжээч эмч Н.Энх-Цолмонгийн “...дүгнэлтэд заагдсан хамрын нурууны зулгаралт, зүүн нүдний доод зовхины цус хуралт, тархи доргилт гэмтэл нь мохоо зүйлийн цохих үйлчлэлээр, баруун зүүн шууны цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн цохих болон дарах үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Өөрөөр хэлбэл, шууны цус хуралт нь цохих болон атгах, базах үйлчлэлээр үүсгэгдэж болно гэсэн үг. ...” /1хх 76/,

шүүгдэгч Б.Чын “...Э.Быг тэвэрч аваад ноцолдож эхэлсэн. ...Э.Б надтай ноцолдож байх үедээ цүнхээрээ миний толгой хэсэгт хоёр удаа цохисон. Гараараа олон удаа цохисон. Би нүцгэн байсан болохоор миний биеийн хэсэгт маажигдсан байсан. Тэгээд ноцолдож байгаад тавихад Э.Б утсаараа цагдаа дуудсан. Тэгээд дахиад намайг цохиод ноцолдож байгаад миний дух хэсэгт цохихоор нь Э.Бын гартаа барьсан гар утсыг нь булааж аваад цонхоор шидсэн. Хүслэн, Анар хоёрыг шидсэн утсыг аваад ир гэж хэлээд гаргасан. Буцаж ноцолдоод Э.Быг тэврээд авсан. Э.Бтай шалан дээр бас орон дээр унасан. ...” /1хх 110-111/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 8204 дугаартай “Э.Бын биед тархи доргилт, хоёр шууны цус хуралт, хамрын нурууны зулгаралт, зүүн нүдний доод зовхины цус хуралт бүxий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон ...” /1хх 48-50/ гэх шинжээчийн дүгнэлт зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Чын хохирогч Э.Бтай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хоёр шууны цус хуралт, хамрын нурууны зулгаралт, зүүн нүдний доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал “...шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлуудыг заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгөх хүмүүсийг олж тогтоон, улмаар тэднээс мэдүүлэг авсан, шинжээчийн дүгнэлт гаргуулжээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх хэрэгт  цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын хүрээнд буюу хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтэд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн үйл баримтыг зөв тодорхойлсон байх бөгөөд шүүгдэгч Б.Чын гэм буруутай эсэхэд эргэлзээ төрүүлэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах байдлаар нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийлгэх хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн гэмт хэргийн хувьд, гэрч болон түүний хууль ёсны төлөөлөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хамаарал бүхий нөлөөнд орсон, хараат байдалд байгаа тохиолдолд гэрчийн эрх ашгийг бүрэн төлөөлж чадах эсэх нь эргэлзээтэй, мэдүүлгээсээ буцах нөхцөл үүсч байдаг тул хөндлөнгийн буюу Нийслэлийн ерөнхий боловсролын 38 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Б.Оюунбилэгийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон оролцуулсан нь хуульд нийцжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан хэргийг прокурорт буцаалгах агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Харин Б.Ч нь гэм буруугаа зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан шүүхээс оногдуулсан ялаас өршөөн хэлтрүүлэх үндэслэлд хамаарагдаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 650 нэгтжэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгийн торгох ялаар шийтгэснийг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсэн, чөлөөлсөн, хэрэгсэхгүй болгосон нь хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөхгүй бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч холбогдох хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хуульчилсан.

Анхан шатны шүүхээр хэлэлцээгүй шүүгдэгч Б.Ч, түүний өмгөөлөгч нараас шуудангаар ирүүлсэн 69 хуудас баримт, 4 ширхэг СиДи-г зэргийг шинжлэн судлаагүйг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/257 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтаар Б.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгийн торгох ялыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            3. Шүүгдэгч Б.Чын өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ОЧМАНДАХ

 

                                 ШҮҮГЧ                                                               Л.ДАРЬСҮРЭН

 

                                 ШҮҮГЧ                                                               Т.ӨСӨХБАЯР