Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2022/03363

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ............ тоотод оршин суух, Х ургийн овогтой П-ийн Б /РД:....../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, .................тоотод оршин суух, Т ургийн овогтой Б Д /РД:......../ холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 35,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д,

Хариуцагчийн өмгөөлөгч О.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч П.Бийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын агуулга: П овогтой Б би иргэн Б.Дтой түүний эзэмшлийн газар дээр түүний хүсэлтийн дагуу үйлчилгээний зориулалттай 3 давхар объектыг суурийн ажилтай хамт хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээг 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан. Бидний хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт гэрээний үйлчлэх хугацаа В-1 давхрыг 13 хоногт, дээших давхруудыг 7 хоногт гэж харилцан тохиролцсон ба П.Б би суурийн ажлын нийт талбай нь 1,400 м.кв ба миний бие өөрийн ажилчидтай хамт 700 м.кв суурийн ажлыг хийсэн ба суурийн ажлын нүх буюу хажуу талын ирмэгүүдийг 10 гаруй ажилчдын хамт 10 хоног ажиллаж, гар тэгшлэгээ, ул бетон авч шугаман сууриа зангидаж, хэв хашмал хийж, бетоноо цутгаж 20-иод хүнтэй арматур төмөр зангидаж, арматурын бригадад 6,000,000 төгрөг өгч, бетон авч, бүс бетон цутгаж, шороо дүүргэлт хийсний дараа ул бетон авч үүний дараагаар 1 давхрын ажил үргэлжилж, миний бие 3 давхар объектын ажлыг бүрэн хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Мөн гэрээний 3.1 дэх хэсэгт 1 м.кв талбайн ажлын хөлс 50,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон ба гэрээнд заасан ёсоор захиалагч Б.Д нь В-1 давхрын 700 м.кв талбайн төлбөрт 35,000,000 төгрөг төлөх ёстой боловч В-1 давхрын тооцоог хоёулаа сүүлд хийе, эхлээд бусад давхруудынхаа тооцоог дуусгая хэмээн хэлж, бусад давхрын тооцоог дараах байдлаар хийж дуусгасан боловч өнөөдрийг хүртэл В-1 давхрын ажлын хөлсийг өгөхгүй байх тул шүүхийн байгууллагад хандаж байна. Бусад давхрын гүйцэтгэсэн ажлын хөлс нь миний өөрийн эзэмшлийн Хаан банкны .................... тоот дансаар 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 4,000,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 13,000,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 3,500,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 8,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 1,500,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 6,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 9,950,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 7,000,000 төгрөг, нийт 73,950,000 төгрөгийг төлсөн. П.Бийн хийж гүйцэтгэсэн ажлыг тодруулбал суурийн ажил 700 м.кв нэг давхарт 1050 м.кв, хоёр давхарт 750 м.кв, 3 давхарт 750 м.кв, нийт 3250 м.кв карказ угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн ба 1 м.кв талбайн төлбөр нь 50,000 төгрөг ба нийт 162,500,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн боловч суурийн ажлын 700 м.кв талбайн төлбөр болох 35,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл авч чадаагүй байгаа болно. Иймд Б.Доос 35,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Б надад олгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Б.Дийн тайлбар, татгалзлын агуулга:П.Б нь 73,950,000 төгрөг манай барилга дээр ажиллаж байх хугацаандаа авсан. Одоо 35,000,000 төгрөг ажлын хөлсийг аваагүй хэмээн нийт 108,950,000 төгрөг тухайн цаг хугацаанд манай барилгаас авах ёстой байсан хэмээн нэхэмжилсэн байна. П.Бийн нэхэмжилж байгаа мөнгөн дүн болох 35,000,000 төгрөг манайх бүрэн барагдуулсан төдийгүй ажилчдынх нь цалинг нэмэгдүүлэхээр илүү мөнгө төлж байсан болно. Манайх иргэн П.Бийн .................... тоот дансанд Б.Дийн Хаан банк дахь ........................... данснаас 73,950,000 төгрөг, Б.Дийн Хас банк дахь ................ данснаас 26,5000000 төгрөг, нийт мөнгөн дүн 100,450,000 төгрөг, мөн ажлын хөлсний бартер болгон Б.Дийн эхнэр Н.У-ын нэр дээрх Volkswaken Toureg ........... ... улсын дугаартай загварын дунд оврын жийп машиныг П.Бийн эхнэр н.М-ийн нэр дээр 15,000,000 төгрөг бодож шилжүүлсэн. Бид П.Бт нийт 115,450,000 төгрөг баримттай шилжүүлсэн байхаас гадна бэлнээр ажилчдад нь цалингийн нэмэгдэл болгож 10,960,000 төгрөг, нийт 126,410,000 | төгрөг өгсөн байна. П.Б нь манай өөрсдийн ажилчиддаа удаа дараа манайхаас мөнгө аваагүй байгаа хэмээн ажилчдынхаа цалинг өнөөг хүртэл залилж байгаа төдийгүй манай нэр хүндэд байнга халдаж, ажилчиддаа болон өөр бусдад буруугаар ойлгуулж явдаг хүн. Бид нэхэмжлэлийг ямар нэгэн үндэслэлгүй хэмээн үзэж байна. П.Бийг нэр хүндэд халдсан гэж үзэж шүүхэд хандахаас гадна илүү төлсөн мөнгөн дүн 17,460,000 төгрөг хариу нэхэмжлэл гаргаж, дээрх бартерийн машинаа буцаан нэхэмжлэх болно. Иргэн П.Бийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байна. П.Бтэй харилцан тохиролцож 2019 оны 8 дугаар сард барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, барилгын В-1 давхраас 2 давхар хүртэл хийж талбайн тодорхой хэсгийн карказ угсралтын ажлыг гүйцэтгүүлсэн. 2019 оны 12 дугаар сард барилга угсралтын ажил дуусаж, П.Бийн тооцоог бүрэн дуусгасан байдаг. Үүнээс хойш 1 жил 10 сарын дараа гэнэт ийм нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Б.Д нь Т.Бт төлбөр төлөх ямар нэгэн үндэслэл байхгүй, тооцоо бүрэн дууссан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Хэрэгт нэхэмжлэгчээс: Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ \хх-ийн 5,6\, депозит дансны дэлгэрэнгүй хуулга \хх-ийн 7-14\, фото зургууд \хх-ийн 15-24\, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ...... оны .... дүгээр сарын ...-ний өдрийн .................. дугаар захирамж /хх-ийн 25/, барилгын зураг төсөл \хх-ийн 140, 141\, хариуцагчаас цахим төлбөрийн баримт \хх-ийн 41-48\, тээврийн хэрэгслийн лавлагаа \хх-ийн 49\, гэрлэсний бүртгэлийн лавлагаа \хх-ийн 50\, депозит дансны дэлгэрэнгүй хуулга \ХХ-ийн 51-72\, барилгын ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 114-117/, барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлт \хх-ийн 118-124/, шүүхээс гэрч А.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 108-110/, гэрч О.С-ийн мэдүүлэг /хх-ийн 111, 112/, гэрч Д.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 132, 133/, гэрч Б.Э-ийн мэдүүлэг /хх-ийн 134, 135/, хөрөнгийн үнэлгээний тайлан \хх-ийн 152- 165\ зэрэг баримтыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч Б.Дид холбогдуулан 1,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 34,000,000 төгрөгөөр ихэсгэж, хариуцагчаас 35,000,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд барилгын ажил хийж гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу ..... автобусны хойд талд байрлах үйлчилгээний зориулалтай В1 давхартай 4 давхар үйлчилгээний объектын ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Талуудын хооронд үүсээд байгаа маргааны зүйл нь 700 м.кв талбай бүхий барилгын суурийн ажлын хөлсийг 1м.кв нь 50,000 төгрөгөөр тохиролцсон боловч төлөхгүй байгаа асуудал юм. Гэрээний дагуу барилгын суурь 700м.кв ажлыг хийж гүйцэтгэн үр дүнг захиалагч Б.Д-д хүлээлгэж өгсөн. Хийсэн ажлын хэмжээ, хийж гүйцэтгэсэн талаар маргаангүй. Суурийн 700 м.кв талбайтай ажлын хөлс 1м.кв нь 50,000 төгрөгөөр тооцож 35,000,000 төгрөг нэхэмжилж байна. гэж тайлбарласан.

 

4.Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ ...Гэрээ байгуулж, 1м.кв ажлын хөлс 50,000 төгрөг гэж тохирсон талаар маргахгүй. Харин суурийн ажлын хөлсийг давхрын ажлын хөлстэй ижил үнээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Барилгын компаниуд суурын ажлын хөлсийг давхрынхаа ажлын үнийн 50 хувиар тооцдог. П.Б нь манай барилын ажлаас хамгийн том м.кв талбайтайн ажлыг хийхээр болсон учир суурын ажлыг үнэгүй хийхээр тохирсон. Ажлаа 2019 онд хийж дууссан. Үүнээс хойш уулзалдаж байсан ч энэ тухай дурдаж байгаагүй. гэж тайлбарласан.

 

5. П.Б, хариуцагч Б.Д нарын хооронд 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд талуудын хороонд байгуулагдсан гэрээний дагуу үйлчилгээний зориулалттай 3 давхар барилгыг суурийн ажлыг 1.м.кв талбайг 50,000 төгрөгөөр тооцон хийж тохиролцсон эсэх нь маргааны зүйл болжээ.

 

6.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх, ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ үүргийг тус тус хүлээнэ. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний нөхцөлөөс үзвэл Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 434.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсжээ.

 

7.Гэрээний 2.1-т В-1 давхрыг 13 хоногт дээших давхруудыг 7 хоногт гүйцэтгэхээр тохиролцов, 3.1-т Гэрээний нийт үнийн дүн нь ажлын талбайг 1 м.кв 50,000 төгрөг байна. гэж тусгасан байна. /хх-ийн 5/

 

8.Нэхэмжлэгч П.Б барилгын суурийн 700м.кв ажил, барилгын В-1 давхар дээших 2 давхарт ажил хийж гүйцэтгэсэн, нийт хийсэн ажлын хөлс 115,450,000 төгрөг авсан, В1 болон дээших давхрын ажлын хөлсний талаар зохигч маргаагүй.

 

9.Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан. Талууд гэрээнд хийх ажил, ажлын хөлс тохирсон бөгөөд гэрээний дагуу суурийн ажлыг хариуцагч хийж гүйцэтгэсэн байна. Гэрээнд суурийн ажлыг хийх үнэ тохиролцоогүй байх бөгөөд гэрээг байгуулахдаа барилгын суурийн ажлыг хийж, болон В1 давхар, дээш 2 давхрын ажлыг 1м.кв нь 50,000 төгрөгөөр хийхээр тусгасан байна.

 

10.Мөн суурийн ажлыг давхрын ажлын хөлсөнд нэгтгэн тооцохоор тохиролцсон гэж үзэх үндэслэл шүүхэд гэрч Шүүхэд гэрч А.Батдэлгэр ...зоорийн давхраа суурьтай нь 50,000 төгрөгөөр хийнэ гэсэн юм. чинийх том талбай, олон хүн ажиллуулж байгаа юм чинь зоорио суурьтай нь 1, 2 давхраа дуустал 50,000 төгрөгөөр хийвэл ор гэхэд зөвшөөрсөн. Нөгөө 2 хүмүүс нь 400м.кв, 300м.кв сууриа зоорьтой нь 50,000 төгрөгөөр 1, 2 давхраа 45,000 төгрөгөөр хийсэн юм гэх, /хх-ийн100/ гэрч О.Самдан суурийн ажлын талаар ...50 хувь гэж хийлгэдэг. 0.3, 0.5, 0.7 гээд тухай бүр дээр нь тохиролцдог. Би бол 50 хувиар хийж байсан. ...Бага мөнгөөр гарч байгаа тул амархан зүйл гэж тооцсон байх. Бага мөнгөөр л хийдэг. ...үгүй. Давхартай харьцуулахад 2 давхрын ажил хүнд гэх, /хх-ийн 112ар нүүр/ гэрч Д.Б ...Доод аяган суурь В1 давхраа 1м.кв 50,000 төгрөгөөр, дээд давхрыг 1м.кв 45,000 төгрөгөөр тохирсон. ...Базаад тохирсон. Дараагийн ажлаа авъя гэсэн зорилготой байсан. Барилгын ажил хомс байсан. /хх-ийн 132/ гэрч Т.Энхбаясгалан ...Суурийг В1 давхартай нь 1м.кв 50,000 төгрөг, 1, 2 давхрыг 45,000 төгрөгөөр тохирсон гэх /хх-ийн 134/ гэх мэдүүлгээр давхар нотлогдож байна.

 

11.Хэрэгт авагдсан нотлох баримтаар талууд гэрээгээр барилгын суурийн ажлыг 1м.кв талбайг 50,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон, тохиролцсон хөлсийг нэхэмжлэгч төлөөгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

12.Иймд хариуцагч Б.Доос 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

13.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн, 60.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шүүхийн зардал буюу шинжээчийн зардал 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч П.Бээс гаргуулан шинжээч И ХХК-д олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Б.Доос 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч П.Бээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.Бээс шинжээчийн зардал 1,000,000 төгрөгийг гаргуулан И ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 


 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР