Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар  2021/ДШМ/651

 

 

 

 

 

 

     2021          7              6                                           2021/ДШМ/651                              

 

 

Л.Пт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Батсайхан,

шүүгдэгч Л.Пын өмгөөлөгч Г.Ичинхорол, 

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 2021/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч байгууллагын өмгөөлөгч Б.Уранцэцэг, Ц.Цэцэгсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ичинхорол, Г.Баяржаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Л.Пт холбогдох эрүүгийн 1802 00261 0081 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С овгийн Лын П, .... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ..................... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............... дүүргийн .... дугаар хороо, ............... байрны .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............................../;

Шүүгдэгч Л.П нь “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-ын даргаар ажиллаж байхдаа “Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн ...гэрээ байгуулах... үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”-ийг хориглоно гэсэн хэм хэмжээг зөрчиж, өөрийн эхнэр Н.Сийн захирлаар ажилладаг “Нимонс” ХХК-ийн өмчлөлийн Лексус-570 загварын 00-36 УНТ улсын дугаартай автомашиныг хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор иргэн Б.Э-Агийн нэр дээр 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр шилжүүлснийг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Б.Э-Атай “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-ыг төлөөлж Лексус-570 загварын автомашиныг 153.000.000  төгрөгөөр худалдан авах тухай ХХ/150/11 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулан, уг автомашиныг худалдан авч, замын даргад “Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмээр олгогдсон 22.в: “Төрөл бүрийн хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийг худалдан авах, түрээслэх, шилжүүлэх, борлуулах, тогтоосон журмаар данснаас хасах” албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-д 153.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Л.Пын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүгдэгч С овогт Лын Пыг 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан “Төрийн бус байгууллага, аж ахуй нэгжийн албан тушаалтан хувьдаа болон бусдад давуу байдал тогтоож, хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуй нэгж байгууллагад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Пт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Монгол-Оросын хувь Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нэхэмжилсэн 22.384.340 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Паас шинжээчийн хөлс 2.688.000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцон гаргуулж Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтэд олгож, шүүгдэгч Л.П нь хохиролд 13.930.443 төгрөг нөхөн төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Л.Пын өмчлөлийн “KTM Super endure” маркийн 61-81 УБ улсын дугаартай суудлын мотоциклийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 40 дугаартай “Эд хөрөнгө битүүмжпэх тухай” тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Пт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж...” шийдвэрлэжээ.

Хохирогч байгууллагын өмгөөлөгч Б.Уранцэцэг давж заалдах гомдолдоо: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 22.384.340 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцогдохгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Нэхэмжилж буй 22.384.340 төгрөгийн зардлын баримтууд автомашины үндсэн үйл ажиллагаатай холбоогүй, автомашины ашиглалтын зардал байна гэж шүүгчийн дүгнээд байгаа нь буруу байна.

Нэгдүгээр хавтаст хэргийн 152 дугаар талд 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр аккумулятор сольсон 252.336 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр обуд дугуй сольсон 2.160.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр амортизатор сольсон 1.756.000 төгрөг гэх мэтчилэн нийт 22.384.340 төгрөгийн засвар үйлчилгээг 2018 он хүртэл нийт 3 жилийн хугацаанд хийж баримтаар нотолсон бөгөөд тус хавтсын 155-180 хуудаст байгаа бүх зарлагын баримт, нэхэмжлэлийн шаардлага зэрэг баримтууд хэрэгт байхад үүнийг нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй гэж дүгнэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж байна. Мөн дээрх засварыг автомашины үндсэн үйл ажиллагаатай холбоогүй, автомашины ашиглалтын зардал байна гэж үзээд байгаа нь үндэслэлгүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “…Худалдах, худалдан авах гэрээний хавсаргасан харьцуулсан үнийн судалгаанаас үзвэл 2015 онд үйлдвэрлэсэн Ланд 200 загварын автомашин “Мөнххада” ХХК, “Таванбогд” ХХК-иас худалдан авах боломжтой байсан. Эдгээр албан ёсны нийлүүлэгч компаниуд нь шинэ автомашинуудаа 20.000 км буюу 3 жилийн баталгаат засварын үйлчилгээг үнэгүй хариуцан ийм хөнгөлөлт урамшуулал дагалдуулан өгч байна” гэж шүүх хуралдаанд мэдүүлснийг шүүгч ач холбогдол өгч дүгнэлтээ гаргаагүй болно.

Өөрөөр хэлбэл, 153.000.000 төгрөгөөр шинэ автомашин худалдан авсан бол 3 жилийн хугацаанд засвар үйлчилгээний зардал гарахгүй байсан юм гэж мэдүүлээд байхад шүүгч 22.384.340 төгрөгийн засвар үйлчилгээний зардлыг автомашины ашиглалтаас үүдэж гарсан урсгал засварын энэ зардал нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор гарсан зардал гэж шүүх дүгнэх боломжгүй, үүнийг нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоод байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн “...шүүгдэгч Л.П нь шүүхийн шатанд 13.390.443 төгрөг нөхөн төлсөн нь хэргийн үйл баримтаар тогтоогдлоо. Иймд энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол нөхөн төлөгдсөн гэж шүүх дүгнэв...” гэжээ.  

Шүүгдэгч Л.П 13.390.443 төгрөгийг төлж хохирол төлсөн нь хуучин 139.755.668 төгрөгийн үнэлгээтэй автомашиныг 153.000.000 сая төгрөг болгож өсгөж худалдан авсны зөрүү үнэ болох хохирол төлсөн.

Харин шүүгдэгч Л.П нь аж  ахуйн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж, хувьдаа болон бусдад давуу байдал үүсгэн өөртөө болон өөрийн төрөл садан, ойр дотны хүмүүст ашиг олох зорилгоор  өөрийн гэр бүлийн хэрэгцээнд унаж байсан хуучин автомашиныг ашиглах, унах үйл ажиллагаандаа зайлшгүй шаардлагатай сэлбэг, дугуй авах, засвар үйлчилгээний зардлууд гарсан байхад шүүгч шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн шууд шалтгаант холбоо гэж үзэхгүй гэж дүгнээд байгаа нь хууль бус байна.

Иймд гэмт хэргийн улмаас үүссэн хор уршиг болох хохирогчийн нэхэмжилсэн 22.384.340 төгрөг нь төлөгдөөгүй бөгөөд энэ нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гарсан зардал мөн гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг гарсан гэх 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 139.755.668 төгрөгийн үнэлгээтэй байсан Лексус-570 загварын, 00-36 УНТ улсын дугаартай автомашиныг “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам” нь нийт 153.000.000 төгрөгөөр худалдан авсан гэж үзэх үндэслэлийг бий болгож байна гэж дүгнэсэн мөртлөө хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхэд мэдүүлээд байгаа 153.000.000 төгрөгөөр албан ёсны нийлүүлэгч компаниудаас шинэ автомашин энэ үнээр худалдан авсан бол сэлбэг материал, засвар үйлчилгээний үнэ 22.384.340 төгрөгийн хор уршиг учрахгүй байсан гэдгийг автомашины үндсэн үйл ажиллагаатай холбоогүй, автомашины ашиглалтын зардал байна. Автомашин ашиглалтаас үүдэж гарсан урсгал засварын энэ зардал нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор гарсан зардал гэж шүүх дүгнэх боломжгүй, үүнийг нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна гэж дүгнээд байгаа нь үндэслэлгүй байна.

Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын “Магадлан шалгалтын тайлан”-д магадлагч үнэлгээчдийн хариуцлага хязгаарлах нөхцөл хэсэгт бичигдсэн “...бидний давтан тооцоолж гаргасан үнэлгээний үр дүн нь магадлагч үнэлгээчдийн бие даан хийсэн үнэлгээ биш бөгөөд гаргасан үр дүн нь тухайн хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг илэрхийлнэ гэсэн баталгаа гаргахгүй, тийм байдлаар талуудыг хангахгүй гэж Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан хөрөнгийн үнэлгээ хийх ажил биш...” гэдгээ илэрхийлээд байхад шүүгч энэ үнэлгээнд илүү ач холбогдол өгч, хуучин автомашины элэгдэл хорогдлыг тооцсон гэж үзэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч гэм буруугаа ойлгож, хохиролд зөрүү 13.390.443 төгрөг төлсөн байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарна гэж шүүх дүгнээд байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

Хохирогч байгууллагын өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Пын хууль бус үйлдлийн улмаас “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-д 153.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн атлаа Үнэлгээний олон улсын хорооны албан ёсны гишүүн, Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгийн үнэлгээчдийг нэгтгэсэн, Монгол Улсын хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагааг хэрэгжүүлэгч мэргэжлийн байгууллага болох Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын “Магадлан шалгалтын тайлан”-аар үнэлэгдэж буй Лексус-570 загварын автомашины зах зээлийн үнэ цэнийг хоёр хувилбараар тооцоолж дундаж үнэ цэнийг 139.755.668 төгрөг гэж тодорхойлж гаргасан үнэлгээ нь бодит байдалд нийцсэн гэж дүгнэсэн.

Шүүгч шинжээчийн тайланг бодит байдалд нийцсэн гэж үзэж байгаа боловч Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын “Магадлан шалгалтын тайлан” нь шүүгчийн захирамжийн дагуу хийгдсэн ажиллагаа бөгөөд уг шинжээчийн тайланг гаргасан шинжээчид нь тайландаа энэхүү тайлантай холбоотойгоор ямар нэгэн үүрэг, хариуцлага хүлээхгүй болно” гэж дурьдсан байна. Шинжээчид нэгэнт үүрэг хариуцлага хүлээхгүй гэдгээ илэрхийлсэн байхад шалтгааныг тогтоолгүй, нотлох баримтаар үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримт мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэснийг зөрчсөн. Мөн шинжээч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ” гэснийг зөрчиж, үүрэг, хариуцлага хүлээхгүй гэсэн нь тайланг үнэн зөв гаргасан гэдэгт өмгөөлөгчийн зүгээс эргэлзэж байна. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцсэн боловч өмгөөлөгчийн дүгнэлтийг үгүйсгэж няцаах, эсвэл хүлээн авах аль нь болохыг шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан.

Мөн “...шүүгдэгч Л.П нь шүүхийн шатанд 13.390.443 төгрөгийг төлсөн нь хэргийн үйл баримтаар тогтоогдлоо... шүүх хэрэгт авагдсан хохирлын баримтуудад дүгнэлт хийж. дараах үндэслэлээр 22.384.340 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв...” гэсэн байх бөгөөд Л.Пыг хэдэн төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл, 153.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн атлаа Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын “Магадлан шалгалтын тайлан”-аар үнэлэгдэж буй Лексус-570 загварын автомашины зах зээлийн үнэ цэнийг хоёр хувилбараар тооцоолж дундаж үнийг 139.755.668 төгрөг гэж тодорхойлж гаргасан үнэлгээ нь бодит байдалд нийцсэн гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна.

Мөн шийтгэх тогтоолын 22 дахь хуудаст “...Л.П нь шүүхийн шатанд 13.390.443 төгрөгийг төлсөн нь баримтаар тогтоогдлоо...” гэж, харин тогтоох хэсэгт “...шүүгдэгч Л.П нь хохиролд 13.930.443 төгрөгийг нөхөн төлсөн...” гэсэн нь хохиролд хэдэн төгрөг төлөгдсөн болох нь тодорхойгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргал давж заалдах гомдолдоо: “...Л.Пт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.17 дугаар зүйлийн 4 дэх заалтыг зөрчин Өршөөл үзэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг баримтлан шийдвэрлэснийг буруу гэж үзэн гомдол гаргаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Л.Пын үйлдэл нь 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр үйлдэгдэж дууссан. Л.Пыг 2002 оны Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн шүүхээс гэм буруутайд тооцсон. Хэрвээ 2002 оны Эрүүгийн хуулиар гэм буруутайд тооцсон тохиолдолд тухайн үед хэрэглэгдэж байсан хуулиар 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр түүнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т заасны дагуу тоологдох ёстой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн, 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно гэж хуульчилсан байдаг. Энэ хэсэгт 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөлт оруулсан. Одоо 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг Үндсэн хуулийн цэцээс түдгэлзүүлсэн тул Л.Пт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Л.Пт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацааг ялагдагчаар татагдсан өдрөөс, эсвэл хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн тоолох уу гэдэг нь хууль хэрэглээний асуудал хөндөгдөж байна. Эрүүгийн хуулийн тулгуур үзэл санаа, зарчим болох “Эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх зарчим”- аар бол Л.Пт холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар биш хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэдгээр шийдвэрлэх нь түүнд ашигтай юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлох”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах” талаар хуульчилсан. Үйлчлүүлэгч болон өмгөөлөгч нарын зүгээс “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-ын зүгээс хуурамч нотлох баримт гаргаж өгсний улмаас гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохирол буруу тогтоогдсон гэж үзэж холбогдох байгууллагуудад гомдол гаргасан. Энэ асуудал хэрэг бүртгэлтийн шатанд шалгагдаж байгаа /холбогдох нотлох баримтыг хавсаргав/.

Нэгдүгээр хавтаст хэргийн 17 дугаар талд анх автомашин хүлээлцсэн гэх 01 тоот актыг хохирогч байгууллагаас гаргаж өгсөн байдаг. Шүүгдэгчийн зүгээс дээрх актыг нөхөж бичсэн, засвар хийсэн гэж үзэж байгаа. Учир нь нэгдүгээр хавтаст хэргийн 180 дугаар талд автомашин хүлээлцсэн акт давхар авагдсан байдаг бөгөөд акт дээр ямар нэгэн сэв зураас, гэмтлийн талаар огт дурдагдаагүй байдаг. Харин хавтаст хэргийн 17 дугаар талд авагдсан машин хүлээлцсэн акт гэх баримт дээр бичлэг хоорондын зайд уг автомашин урд гупер сэвтэй, зүүн талын хаалганы будаг халцархай, баруун хойд хаалга зураастай, зүүн талын гишгүүр сэвтэж, баруун талын шаврын хаалт уранхай, эргэн тойрон жижиг зурааснуудтай гэх нэмэлт бичиглэл нэмж хийсэн байдаг. Нэгдүгээр хавтаст хэрэгт авагдсан 3 ширхэг автомашин хүлээлцсэн акт №1 дээр хүлээлгэн өгсөн иргэн Э-Аийн гарын үсэг өөр хоорондоо зөрүүтэй, өөрөөр бичигдсэн байгаа дээр эрхэм шүүх бүрэлдэхүүн анхаарлаа хандуулахыг хүсье.

Мөн миний үйлчлүүлэгчийн зүгээс нэгдүгээр хавтаст хэргийн 152 дугаар талд авагдсан “...Автобаазын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хэсэгчилсэн шалгалтын тайлан” гэгч материалыг хохирогч байгууллагын зүгээс хуурамчаар үйлдэн шүүхэд хүргүүлсэн гэж үзэж байгаа болно. Шалгалтын тайлан гэх 2 хуудас материалын доод хэсэгт шалгалт хийсэн хүмүүсийн гарын үсэг зурагдаагүй байдаг бөгөөд 3 дахь хуудсанд авагдсан тамга, нэр бүхий хуудсыг өөр материалаас татан авч эвлүүлсэн гэж үзэж байгаа. Учир нь шалгалтын тайланд гарын үсэг зурсан Л.Ц нь давж заалдах шатны шүүх хурлын дараа үйлчлүүлэгч Л.Птай тааралдсан байдаг бөгөөд тухайн шалгалтын тайланг хийгээгүй, хийсэн тохиолдолд хуудас бүр дээр гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулдаг гэж хэлсэн байна.

Дээрх нөхцөл байдал нь нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй байгаагаас гадна шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлөх үндэслэл бүхий баримтууд гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байх тул эрхэм давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн эрхийнхээ дагуу хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Пт холбогдох хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргаж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ичинхорол давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бусдад их хэмжээний хохирол учруулсан тохиолдолд хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан бөгөөд тэрээр бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 265.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Мөн шийтгэх тогтоолд уг гэмт хэргийн улмаас “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-д шүүхийн шатанд Л.П нь 13.390.443 төгрөг нөхөн төлсөн гэж дүгнэсэн боловч уг мөнгийг хохиролд тооцсон эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй, орхигдуулсан байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн үгүйсгэгдэж байхад зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

Хохирогч талаас гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Автомашин худалдан авсан үнэ буюу 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдан авах гэрээ байгуулагдаж 153.000.000 төгрөгөөр хохирлын хэмжээг тооцсон. Харин шүүхээс автомашины ашиглалтын зардал болон урсгал зардлуудыг шууд бус хохирол гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй байх Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчингүй болсонтой холбоотойгоор миний үйлчлүүлэгчид холбогдох гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр буюу тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан өдрөөс тооцох ёстой. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол үүссэн гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

Прокурор Б.Батсайхан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хэрэгт цугларсан нотлох баримт, уг нотлох баримтад үндэслэж хэргийн үйл баримт, бодит байдлыг зөв тогтоож шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд прокуророос анхан шатны шүүх хуралдаанд тайлбар гаргаж байсан. Автотээврийн хэрэгслийн ашиглалтын зардал 22.384.340 төгрөгийг гаргуулах асуудлаар тухайн үед ямар чанар, шаардлагыг хангасан, ямар тоног төхөөрөмж нь сайн, муу гэх зэрэг нарийвчилсан актыг автомашин хүлээж авахдаа үйлдээгүй байсан. Тэгэхээр автомашиныг 3 жилийн хугацаанд ашиглах явцад гарсан зардлыг тухайн шүүх хуралдаанаар шууд гаргуулан шийдвэрлэх боломжгүй. Харин хохирогч байгууллага баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгөхийг хүссэн байр суурьтай байсан. Энэ байр сууриа дэмжиж байна. Үнэлгээтэй холбоотой асуудлын хувьд хамгийн эхний үнэлгээгээр зах зээлийн ханш нь тухайн худалдаж авсан үнэлгээтэй тохирч байсан. Дараа нь Авлигатай тэмцэх газраас гаргасан тогтоосон шинжээчийн дүгнэлт буюу хөрөнгийн үнэлгээгээр бага гарч, уг хоёр зөрүүг арилгах үүднээс шүүх дахин шинжээч томилсон. Үүний улмаас гаргасан дүгнэлтийн дунджаар автомашины зах зээлийн ханшийг тогтоож шүүх шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд 153.000.000 төгрөгөөр хохирол тооцсон нь буруу гэж байна. Гэтэл Л.Пын үйлдэл анхнаасаа хууль бус буюу гэрээ хууль бус байсан. Өөрөөр хэлбэл, эхнэрийнхээ нэр дээр байсан тээврийн хэрэгслийг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлж, мөн өдрөө “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-д худалдан авч байгаа нь хууль бус учраас хууль бус гэрээний үнийн дүнгээр гэмт хэргийн хохирлыг тогтоосон нь үндэслэл бүхий болсон. Энэ нь шударга ёсны зарчимд нийцсэн гэж дүгнэж байна. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд Л.Пын үйлдэлд хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж заасан. Энэ зохицуулалт одоогоор хүчин төгөлдөр. Үндсэн хуулийн цэцээс Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болгосноор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг хэрэглэх үндэслэл бий болж байна. Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэл харагдахгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч байгууллагын өмгөөлөгч Б.Уранцэцэг, Ц.Цэцэгсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ичинхорол, Г.Баяржаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.П нь “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-ын даргаар ажиллаж байхдаа “Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн ...гэрээ байгуулах... үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”-ийг хориглоно гэсэн хэм хэмжээг зөрчиж, өөрийн эхнэр Н.Сийн захирлаар ажилладаг “Нимонс” ХХК-ийн өмчлөлийн Лексус-570 загварын 00-36 УНТ улсын дугаартай автомашиныг хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор иргэн Б.Э-Агийн нэр дээр 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр шилжүүлснийг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Б.Э-Атай “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-ыг төлөөлж Лексус-570 загварын автомашиныг 153.000.000  төгрөгөөр худалдан авах тухай ХХ/150/11 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулан, уг автомашиныг худалдан авч, замын даргад “Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмээр олгогдсон 22.в: “Төрөл бүрийн хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийг худалдан авах, түрээслэх, шилжүүлэх, борлуулах, тогтоосон журмаар данснаас хасах” албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-д 153.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Д.Минжмаагийн “...Л.П нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаад өөртөө болон гэр бүлийн гишүүддээ давуу байдал үүсгэх үүднээс мөн түүнчлэн байгууллагыг хууран мэхлэх аргаар өөр хүний нэр дээр шилжүүлж “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-д зах зээлийн ханшнаас өндөр үнээр хуучин чанарын доголдолтой автомашин нийлүүлсэн...” /1 хх 51- 54, 3 хх 64/,

гэрч Б.Э-Агийн “...2015 оны 1 дүгээр сарын үед Бат-Эрдэнэ нь надад хэлэхдээ “Улаанбаатар төмөр зам автомашин худалдан авах тендер зарлах гэж байгаа, таны нэр дээр шилжүүлээд энэ тендерт орчихъё” гэж хэлсэн. Тэгээд би таньдаг хүн гуйгаад ирж байхад гээд зөвшөөрсөн, би мөнгө төгрөг аваагүй. Би тэр “Лексус-570” маркийн автомашиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Тухайн үед энэ автомашин нь “Нимонс” ХХК-ийн нэр дээр байсан юм...” /1 хх 55-56/,

гэрч С.Я.Угийн “...Замын дарга Л.П нь мөнгийг шилжүүл гээд үүрэг өгсөн тул би за гээд төлбөрийн даалгаварт гарын үсэг зураад шилжүүлэг хийсэн. ...Үнийн комиссоор оруулаагүй шууд гэрээ байгуулсан гэхээр өөрөө бүрэн хариуцлагаа хүлээнэ гэдгээ бүрэн ухамсарлаж гарын үсгээ зурсан байна...” /1 хх 64-66/,

гэрч Г.Эны “...миний мэдэхээр энэ худалдан авалтыг үнийн комиссоор ороогүй юм шиг санагдаад байна. ...Энэ гэрээг бидэнд танилцуулахаас өмнө Л.П дарга гэрээгээ байгуулчихсан өөрөө гэрээнд гарын үсэг зурчихсан байсан. Үнийн комиссын хурлаар орж зөвшөөрөл гараагүй хэдий ч гэрээний төгсгөлд үнийн комиссын гишүүд зөвшөөрч гарын үсэг зурсан. Миний хувьд мөнгө байхгүй хямралтай байгаа учраас хямд машиныг нь авч байна гэж ойлгож байсан...” /1 хх 72-74/,

гэрч Б.Цлийн “...0036 УНТ улсын дугаартай “Лексус-570” маркийн автомашин нь ямар нэгэн байдлаар манай албаар дамжаагүй юм. Яагаад гэхээр автомашин худалдан авах тохиолдолд надаас өөр машин худалдан авах асуудлыг хариуцсан мэргэжилтэн байхгүй. Энэ “Лексус-570” маркийн автомашиныг худалдан авахад үнийн комиссын хуралдаанаар оруулаагүй...” / 1 хх 77-79/,

гэрч П.Бсны “...“Нимонс” ХХК-ийг манай ээж Н.С нь 1993 онд авто засвар үйлчилгээний чиг үүрэгтэйгээр үүсгэн байгуулж байсан бөгөөд тус компанид миний бие 2016 оноос эхлэн гүйцэтгэх захирлаар томилогдон үйл ажиллагаагаа явуулж байна. ...Би 2014 оны сүүлээр “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-ийн жолооч нараас дарга нар автомашин худалдаж авах гэж байгаа талаар сонсож мэдээд аав Л.Паас асуухад “...Манайх машин авна, гэхээр нь өөрийнхөө “Лексус-570” маркийн автомашиныг өгчих боломжтой юу гэхэд юу ч гэсэн материалаа өгөөд үзэхгүй юу, шийдэх хүмүүс нь шийднэ, үнэлгээ доогуур авна” гэсэн юм...” /1 хх 80-81/ гэх мэдүүлгүүд,

ХХ/15/011 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ” /1 хх 11-13/,

Б.Э-Агийн “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-д гаргасан өргөдөл /1 хх 20/,

“Нимонс” ХХК-ийн захирал Н.Сийн 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн “...LХ 570 маркийн 00-36 УНТ улсын дугаартай автомашиныг Батдэлгэр овогтой Энх-Амгалангийн нэр дээр шилжүүлж өгнө үү...” гэх хүсэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /1 хх 107-108/,

шүүгдэгч Л.П, Н.С нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1 хх 129/,

төлбөрийн даалгаврын “...Б.Э-Агийн Худалдаа хөгжлийн банкны 452538152 дугаартай дансанд 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр XX гэрээ автомашины үнэ гэсэн утгаар 8.000.000 төгрөг, Улаанбаатар төмөр замаас XX гэрээ автомашины үнэ 85.000.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр “Лексус-570” машины үлдэгдэл төлбөр 44.700.000 төгрөгийн гүйлгээ хийсэн...” 186, 319, 2429 дугаар баримтууд /1 хх 230-232/,

Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 01/666 дугаартай “...Улаанбаатар төмөр замын авто тээврийн төв нь Хувь хүний орлогын албан татварт 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 15.986.111 төгрөг төлсөн байна...” гэх албан бичиг /3 хх 75, 5 хх 43-44/,

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 02/1248 дугаартай “...Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар төрийн албыг төрийн улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т төрийн албан тушаалыг төрийн улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний албан тушаал гэж тус тус ангилсан бөгөөд энэ 4 ангиллын албан тушаалд “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-ын удирдах, гүйцэтгэх албан тушаал хамаарахгүй байх тул уг албан тушаалыг төрийн албан хаагч, төрийн албан тушаал гэж үзэхгүйг үүгээр уламжилж байна...” гэх албан бичиг /3 хх 52/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.Пыг “Төрийн бус байгууллага, аж ахуй нэгжийн албан тушаалтан хувьдаа болон бусдад давуу байдал тогтоож, хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуй нэгж байгууллагад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Хохирогч байгууллагын өмгөөлөгч Б.Уранцэцэг, Ц.Цэцэгсүрэн нарын “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...2015 онд үйлдвэрлэсэн “Ланд-200” загварын автомашиныг “Мөнххада” ХХК, “Таванбогд” ХХК-иас худалдан авах боломжтой байсан. Эдгээр албан ёсны нийлүүлэгч компаниуд 3 жилийн баталгаат засварын үйлчилгээг үнэгүй хариуцах хөнгөлөлт, урамшуулал дагалдуулан өгч байна...” гэж мэдүүлсээр байхад дүгнээгүй. Нэхэмжлэлийн шаардлага болох 22.384.340 төгрөг нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцогдохгүй, уг зардлыг автомашины ашиглалтаас үүдэн гарсан. Хохирлын зөрүүд 13.390.443 төгрөг төлсөн, шүүхээс тогтоосон хохирлыг төлнө гэж мэдүүлсэн байх тул  Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарна гэж дүгнэсэн нь буруу...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой зохицуулалтуудаас үзэхэд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг хохирогч, иргэний нэхэмжлэгчид төлөхөөр заасан ба шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцохдоо хэрвээ “Мөнххада” ХХК, “Таванбогд” ХХК-иас “Лексус-570” маркийн автомашиныг худалдан авсан бол гэж бий болсон нөхцөл байдлыг өөрөөр таамаглан дүрсэлж, дүгнэх боломжгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтад тулгуурлан “...нийт 153.000.000 төгрөгөөр худалдан авсан ...139.755.668 төгрөгийн үнэлгээ бүхий “Лексус-570” маркийн 00-36 УНТ улсын дугаартай автомашин нь одоо 16-00 УНҮ улсын дугаартайгаар “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, тус байгууллагын өмчлөлд ажлын хэрэгцээнд эзэмшиж, ашиглагдаж байгаа, шүүгдэгч Л.П нь хохирлын зөрүүд 13.390.443 төгрөгийг хохирогч байгууллагад төлсөн. Иймд энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол нөхөн төлөгдсөн” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргал, Г.Ичинхорол нарын “...Өршөөл үзүүлэх тухай хуулиар бус хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг шийдвэрлэж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын энэ хэсгийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь, 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж заасныг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчилж, үүнтэй холбогдуулан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд тус ангийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэж зохицуулж байв.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж баталсан өдрөөс хүчингүй болгосон байна.

Шүүгдэгч Л.Пын гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт “Энэ хэргийг давтан үйлдсэн, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан ба 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх 5 жилийн хугацаа өнгөрсөн байх бөгөөд анхан шатны шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Пт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх явцад шүүгдэгчид ашигтай нөхцөл байдал үүссэн байх тул “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн өөрчлөлтийг тогтоолд оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн, шүүгдэгч Л.Паас шинжээчийн хөлс 2.688.000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцон гаргуулж, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтэд олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд уг ажиллагааг гүйцэтгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 2021/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 1 дэх заалтыг “...2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Пт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэснийг “...Шүүгдэгч Л.Пт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэж,

- 4 дэх заалтыг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Паас шинжээчийн хөлс 2.688.000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцон гаргуулж Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтэд олгосугай.” гэснийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Паас шинжээчийн хөлс 2.688.000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцон гаргуулж Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтэд олгох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргал, Г.Ичинхорол нарын давж заалдсан гомдлоос “...Өршөөл үзүүлэх тухай хуулиар бус хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хохирогч байгууллагын өмгөөлөгч Б.Уранцэцэг, Ц.Цэцэгсүрэн нарын давж заалдсан гомдлын хамт хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

           

                                    ШҮҮГЧ                                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

ШҮҮГЧ                                                Б.АРИУНХИШИГ