Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямын Амарзаяа |
Хэргийн индекс | 112/2021/0010/З |
Дугаар | 118/ШШ2023/0005 |
Огноо | 2023-02-02 |
Маргааны төрөл | Газар, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 118/ШШ2023/0005
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг даргалж, ерөнхий шүүгч Н.Амарзаяа, шүүгч Ч.Цэнд-Очир нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч Г.ыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч аймаг дахь Нисэх буудлын дарга Д.,
Хариуцагч: аймгийн Засаг дарга нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж., гуравдагч этгээд Д.*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.*******, иргэдийн төлөөлөгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/513 дугаар захирамжийг хүчингүй болгуулах
2. Хэргийн нөхцөл байдал: аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/513 дугаар захирамжаар Алтай хотын Жаргалант баг, хуучин нисэх онгоцны буудлын зүүн талд 6000 м.кв газрыг ******* ХХК-д техникийн захын зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байна.
3. Нэхэмжлэгч “Маргаан бүхий газрыг ******* ХХК-д олгохдоо Иргэний нисэхийн ерөнхий газар болон Алтай нисэх буудалтай зөвшилцөөгүй, тухайн олгосон газар нь Алтай нисэх буудлын аэродром орчмын аюулгүйн бүсэд хамрагдаж байгаа тул манай байгууллагын хууль ёсны эрх ашгийг зөрчиж нисэхийн болон нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хөндөж байна“ гэж, хариуцагч “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт заасны дагуу Есөнбулаг сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтын дагуу төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар шийдвэрлэсэн, нисэхийн болон нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хэрхэн зөрчиж байгаа талаар тодорхой бус байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж тус тус маргасан.
4. Нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/513 дугаар захирамжийн талаар 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 146 дугаар захирамжаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байх боловч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар тогтоолоор 146 дугаар захирамжийг хүчингүй болгосноор шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 18 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байна.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээ дэмжиж байгаа. аймгийн Засаг даргын 513 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах саналтай байна. Манай аэродромын аюулгүйн бүсэд орсон байгаа юм. Агаарын хөлөг буухад эрсдэлтэй. Эрсдэл нь юу вэ гэхээр нохой шувуу цуглах нь хөөрч буух үед саад болох учир хүчингүй болгуулах гэж байгаа юм. Манайд гэрээ байхгүй. Төсөл сонгон шалгаруулсан гэж байгаа боловч тухайн захирамж өөрөө дуудлага худалдаагаар гэж гарсан байдаг. Яг нэг огноотой, нэг дугаартай мөртлөө нэг нь орлогч дарга Ганбат гэсэн хүн, нөгөө нь аймгийн Засаг дарга ******* гэсэн гарын үсэгтэй 2 янзын захирамж байдаг. Би ойлгохдоо энэ хоёр захирамжийн аль нь хүчинтэй байгаа юм. Засаг даргын орлогч гэдэг хүн эрх бүхий албан тушаалтан мөн үү, төсвийн захирагч мөн үү. Газар эзэмшүүлэх захирамж гаргах эрх байдаг юм уу, энэ хоёр захирамж эргэлзээ төрүүлээд байгаа юм. Аймгийн Засаг дарга *******ийн аюулгүйн бүс тогтоосон 2018 оны А/23 дугаартай захирамжийн 3 дахь хэсэгт аэродром орчмын аюулгүйн бүсэд иргэн, аж ахуй нэгжийн явуулж буй үйл ажиллагаа нисэхийн аюулгүй байдалд нөлөөлж байгаа эсэхэд хяналт тавих, тусгай бүсийн дэглэмтэй холбоотой мэдээллээр олон нийтийг хангаж ажиллана гээд Есөнбулагийн Засаг дарга, нисэх буудлын даргад даалгасан байгаа. Үүний дараа энэ захирамжийг хүчингүй болгосон 2019 онд аюулгүйн бүс тогтоосон захирамж одоо мөрдөгдөж байгаа. Заавал иргэний нисэх эсвэл Алтай нисэх буудалтай зөвшилцөнө гэсэн байгаа гэв.
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нисэхийн ерөнхий газрын үндэсний төвөөс итгэмжлэл олгогдсон. Тухайн итгэмжлэлийн дагуу Алтай нисэх буудлын газрын дарга нь нэхэмжлэл гаргасан. Итгэмжлэлд бусад эрх гээд зааж өгсөн агуулга бас явж байгаа. Эрх нь олгогдсон байна гэж үзэхээр байгаа. Итгэмжлэл дээр гарын үсэг зурах эрх олгогдоогүй байсан бол нэхэмжлэлийг хүлээж авах эсэх асуудал яригдах ёстой. Гэтэл өнөөдөр удаа дараа шат шатны шүүхүүд хүлээж аваад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т заасан бүрдүүлбэр хангагдсан байна гэж нэхэмжлэл дээр хэрэг үүсэж явсан гэдгийг дурдах нь зүйтэй байх.
Тухайн захиргааны актыг гаргах болон Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт гаргах зарчмыг баримтлаагүй байна гэж дүгнэхээр байна. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2.1-т зааснаар ******* ХХК-д газар эзэмших эрх олгоод байгаа энэ захиргааны акт хуульд дүрэмд үндэслэсэн байх ёстой. Хоёрдугаарт, зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон шийдвэрийг гаргах ёстой. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 29.2, Газрын тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэсэн. Үүнээс харахад ******* ХХК-д газар олгохдоо дуудлага худалдаагаар газрыг олгосугай гэсэн агуулга бүхий захирамж байдаг. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хувьд төсөл сонгон шалгаруулах журмаар олгогдсон гэсэн. Дуудлага худалдаагаар олгогдсон гэж алдаатай бичигдсэн байна гэж ярьж байгаа хэдий боловч хэргийн материалтайгаа бүрэн дүүрэн танилцаагүй байна гэж харагдаж байна. Гуравдагч этгээдийн хувьд өмнөх хурлууд дээр хэлдэг. Би бол дуудлага худалдаагаар 24.000.000 төгрөгөөр авсан гэдэг. Хариуцагч талаас юу гэж хэлдэг вэ гэхээр дуудлага худалдаа гэж нэг хэлдэг, нэг болохоор төсөл сонгон шалгаруулах журмаар олгосон гэж ярьдаг. Хамгийн анхны хурал дээр дуудлага худалдаагаар олгосон гэсэн асуудлыг ярьж байсан боловч үзлэг хийж материалыг нь аваад ирэхээр төсөл сонгон шалгаруулах журмаар олгосон гэж материал бүрдүүлж орж ирдэг. Тэгэхээр дуудлага худалдаагаар тухайн газрыг аваагүй нөхцөл байдал харагддаг. Төсөл сонгон шалгаруулах журмаар авсан гэж өмгөөлөгч нь хэлж мэтгэлцээд, нотлох баримт шинжлэн судлаад байгаа боловч төсөл сонгон шалгаруулах журамд газрын төлбөрт тэр их 24.000.000 төгрөгийг төлөхгүй. Гуравдагч этгээдийн тайлбараар төсөл сонгон шалгаруулах журмаар авах ажиллагаанд баримт бүрдүүлэх ажиллагаанд техникийн захын зураг, холбогдох схемийг гаргаж өгөх ёстой. Газрыг эзэмшихээс өмнө гэтэл энэ асуудал ерөөсөө байдаггүй. Сүүлд зургийг хийлгэж гуравдагч этгээдээс гаргаж өгсөн асуудал байдаг. Энэ нь өөрөө хуульд үндэслэх шаардлагаа биелүүлээгүй байна. Зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирч тухайн захиргааны акт гараагүй байна. Бусдын эрх ашгийг хөндөж захиргааны акт гаргаж байгаа тохиолдолд урьдчилан мэдэгдэж зөвшилцөх ёстой. Ялангуяа энэ онцгой бүс буюу аймгийн нисэх буудалд холбоотой аюулын бүсэд газар олгохдоо аймгийн Алтай нисэх буудалтай зөвшилцөнө үү гэсэн Засаг даргын захирамж байгаа юм. Гэтэл Засаг дарга энэ газрыг олгохдоо аймгийн Алтай нисэх буудалд мэдэгдээгүй. Зөвшилцөх ёстой. Зөвшилцөж байж газрыг олгох ёстой захирамж шийдвэр байдаг. Зөвшилцөх нь битгий хэл урьдчилан мэдэгдэж газрыг олгоогүй. Тэгэхээр тухайн захиргааны акт бол Захиргааны ерөнхий хуулийн захиргааны акт гаргах зарчмыг зөрчсөн байна. Захиргааны актыг бичгээр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн 40.2.1.захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын нэр, хаяг, тамга, тэмдэг болон гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтны нэр, гарын үсэг, захиргааны актын нэр, он, сар, өдөр, дугаарыг тодорхой заасан байх гэж заасан байгаа юм. Газар эзэмших эрхийг Засаг даргын орлогч олгох ёстой. аймгийн Засаг дарга *******ийн гаргасан захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага явсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд харахад тухайн газрыг нэг нь орлогч дарга олгоод нэгийг нь Засаг дарга олгоод байгаа юм. Ийм нөхцөл байдал харагдаад байдаг. Гэтэл нөгөө захиргааны акт гаргаад байгаа субъект нь тодорхой биш болоод байгаа. Хоёр агуулга бүхий захирамжийн алийг нь баримтлах ёстой юм. Аль захирамжаар эрх олгогдоод байгаа нь ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгээд байна. Үүн дээрээс ашиг сонирхлыг зөрчил харагдаад байгаа юм. ******* ХХК-н буюу аж ахуй нэгжид газар эзэмшүүлэх гэрээ хүчин төгөлдөр бус асуудал яригдана. Тухайн гэрээнд тамга дарах ёстой. Тамга нь ч байхгүй. Ийм гэрээ хавтаст хэргийн материалд авагдаад явж байгааг дурдаж хэлэх нь зүйтэй байх. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах гэсэнтэй нийцээгүй байдаг. Газрын тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаад байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэл гаргахгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаад хэргийг хэрэгсэхгүй болгох гэдэг байдлаар яриад байна. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч талаас холбогдох бүрдүүлбэрээ хангаад итгэмжлэлээ аваад аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаад дахин давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Гомдлыг хүлээж авах талаар анхан шатны шүүхэд буцаасан. Нэхэмжлэлийг хүлээж аваад энэ хурал үргэлжилж байгааг дурдах нь зүйтэй байх. Ямар нэгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн зүйл байхгүй. Анхан шатны шүүгчийн захирамж хэргийг хэрэгсэхгүй болгосон гээд байгаа, хэргийг хэрэгсэхгүй болгосон гээд байгаа тэр захирамж хүчин төгөлдөр гэсэн боловч өнөөдөр нэхэмжлэлийг гаргах эрхийг хязгаарласан зүйл бол биш. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.2-т зааснаар нэхэмжлэл гаргах эрх нь байсан. Захиргааны анхан шатны шүүхээс хэрэг буцсан шалтгаан юу вэ гэхээр шинжээчийн дүгнэлт гаргасан байгууллага нэхэмжлэгч талтай ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж дүгнэлт гаргасан байдаг. Завхан аймгийн захиргааны хэргийн шүүх дээр шүүхийн журмаар шинжээч томилогдсон гэж бодож байгаа. аймгийн Алтай нисэх буудлын аюулгүйн бүсэд ******* ХХК-д 6000 м.кв газар олгосон нь нисэхийн журам, аймгийн Засаг даргын аюулгүйн бүстэй холбоотой журмыг зөрчөөд байна гэсэн дүгнэлтүүд удаа дараа гарч байгаа гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хувьд өөрөө дүгнэлт гаргаж байгаа мэтээр нотлох баримт шинжлэн судлуулаад байна. Ингэж дүгнэлт гаргасан юм биш үү гэж нарийн мэргэжлийн шинжээчийн дүгнэлт дээр өөрийнхөө дүгнэлтийг хэлээд байгаа юм уу, санал бодлоо хэлээд байгаа юм уу, энэ бол ойлгомжгүй байна. Мэргэжлийн байгууллагын нарийн шинжээч нарын дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтээр Алтай нисэх буудлын хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байна. Аэродромын аюулгүйн бүсэд орсон газар байна гэдгийг тогтоосон. Алтай нисэх буудлын хууль ёсны эрх ашгийг хөндөж байна. аймгийн 56.000 иргэний хууль ёсны эрх ашгийг хөндөж байна гэж үзэж байна. Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагын агуулга буюу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг шийдэгдэх ёстой. ******* ХХК-д олгогдсон газар эзэмших эрх бүхий захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн байгаа юм. Гуравдагч этгээд болон өмгөөлөгчийн асууж байгаа асуулт болон нотлох баримт шинжлэн судалж байгаа байдлыг харахад бусадтай барьцсан зүйл харагдаад байна. Энд айлууд, дэлгүүрүүдэд олгогдсон байхад яагаад манайх дээр гомдол гаргаад байгаа юм бэ гэдэг асуудал ярьдаг.
Бусадтай барьцсан зүйл бусдад олгосон асуудал маргаанд хамааралгүй асуудал гэдгийг дурдаж хэлэх нь зүйтэй байх. Нэхэмжлэгч тал хэлж байсан ажил авснаасаа хойш аюулгүйн бүсэд газар олгоод байгаа асуудлыг болиулъя гэж Засаг даргатай зөвшилцөж, Засаг даргын захирамж нь гарсан. Зөвшилцөж байж Алтай нисэх буудлаас зөвшөөрлөө авч байж газар эзэмших нь эрх нь гарна гэж ярьдаг. Хууль зүйн хэм хэмжээний акт бүртгэгдээгүй байна гэдэг асуудал яваад байдаг. Хууль зүйн яамнаас тодорхойлолт авсан байгаа. Хэдийгээр өнөөдөр хууль зүйн яаманд бүртгэгдээгүй олон хэм хэмжээний акт байгаа. Ихэнх захиргааны хэргийн маргаан дээр явж байгаа маргаанууд бүртгэгддэггүй боловч бодит байдал дээр тэр хэм хэмжээний акт дээр үндэслэж үйл ажиллагаа явуулаад байж харагддаг. Ялангуяа энэ Алтай нисэх буудлын үйл ажиллагаа энэ актууд дээр үндэслээд олон шийдвэр гараад явж байгаа. Засаг даргын захирамж дээр үндэслэж үйл ажиллагаа явуулж байгааг дурдаж хэлэх нь зүйтэй байх. Энэ актыг хүчин төгөлдөр болоогүй гээд шийдвэр тогтоол гараад байна гэдэг нь өрөөсгөл ойлголт юм. Захиргааны актууд чинь амьдрал дээр хэрэгжээд явж байгаа актууд байгаа гэдгийг дурдаж хэлэх нь зүйтэй байна гэв.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:
1. Аймгийн Засаг даргын 2018 оны 12 сарын 12-ны өдрийн А/513 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт заасны дагуу Есөнбулаг сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан.
2. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтын дагуу төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар шийдвэрлэсэн.
3. аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2019 оны 11 сарын 29-ны өдрийн 112/ШШ2019/0032 дугаар шийдвэрт “Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны хяналтын байцаагчийн 732/19 дүгээр шинжээчийн дүгнэлтийн 7.1-7.5 дугаар шаардлагуудыг хэрэгжүүлж, ******* ХХК-д олгогдсон газрыг зориулалтын дагуу, тусгай хяналт доор эсхүл Алтай нисэх буудалтай байгуулсан нисэхийн аюулгүй ажиллагааг хамтран хангах гэрээний үндсэн дээр ашиглах боломжтой төдийгүй барилгын ажлыг гүйцэтгэх, барилга байгууламжийг ашиглах явцад шувуу үүрлэх болон цугларах нөхцөл бүрдүүлж байгаа эсэхэд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, мэргэжлийн хяналтын газар, Алтай нисэх буудал хяналт тавьж ажиллах боломжтой байна” гэж дурдсан ба нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Мөн ******* ХХК нь Алтай нисэх буудалтай гэрээ байгуулсан эсэх, байгуулсан бол ямар зүйл заалтыг зөрчсөн, барилга байгууламж барих үйл ажиллагаа явуулаагүй байгаа нь нэхэмжлэлд дурдсан нисэхийн болон нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хэрхэн зөрчиж байгаа талаар тодорхой бус байгаа тул Алтай нисэх буудлын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
8. Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би аймагт төрж өссөн хүн. Миний авсан газар онгоцонд саад болоод байх зүйл байхгүй. Хэрвээ саад учруулна гэж үзээд байгаа юм бол хажууд нь байгаа айлуудыг яах юм бэ, мөн шатахуун түгээх газар, том том агуулахуудыг нь яах юм бэ. Би энэ газрыг зохих журмынх нь дагуу авсан. Аймгийн газрын төлөвлөгөөнд нь оруулж байж авсан газар. Аймгийн Засаг дарга шийдвэр гаргаад авсан газар. 2, 3 км газар нисэхийн А бүсэд байгаа гэж үзээд байгаа юм бол шатахууны том том станцууд нь цуваад байрлаж байгаа. Контейнер тавьж сэлбэгийн зах хийх гэж байхад нохой шувуу цуглана гээд байх юм. Юунд нь нохой шувуу цуглах вэ дээ. Би ямар гуанз хийх гэж байгаа биш гэв.
9. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эхлээд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбартай холдуулж тайлбараа гаргаад дараа нь өөрийнхөө тайлбарыг гаргах саналтай байна. Итгэмжлэл олгогдсон асуудал дээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараах эрх эдэлнэ” гэж заасан байгаа. Итгэмжлэл дээр тусгагдсан бусад эрх гэдэг дээр хамаарна гэж үзэж болохгүй, яагаад гэхээр тусгайлан заах хуулийн шаардлагатай. Нэхэмжлэлийг буцаасан давахаар шийдэгдсэн юм чинь энэ асуудлыг яриад байх шаардлагагүй гэж ярьж байна. Давж заалдах шатны шүүх гомдлын хүрээнд асуудлыг шийдсэн. Шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах ёстой гэсэн агуулгатай захирамж гарч тэр захирамжид гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн юм байна. Энэ гомдолд болон захиргааны давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэгдээгүй асуудал үлдсэн байгааг хэлэхээс аргагүй. Яагаад гэвэл хууль баримталж энэ асуудлыг шийдвэрлэнэ. Гуравдагч этгээд дуудлага худалдаагаар олгосон гэж байна. Гуравдагч этгээд өөрөө хууль зүйн мэдлэггүй этгээд учраас дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалтын талаар нарийн заагийг нь мэдэхгүй учраас ялгаж салгаж ойлгож чадахгүй байх боломжтой хүн. Хариуцагчийн тухайд төсөл сонгон шалгаруулалтын журмаар олгосон гэж бичгээр өгсөн тайлбартаа ч хэлсэн байдаг. Шүүх хуралдааны тэмдэглэл дээр ч тусгагдаад явж байсан. Үүнийг зөрүүтэй хэлсэн зүйл харагдаагүй. Бусдын эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргаж байж мэдэгдэх ёстой гээд байх юм. Энэ Засаг даргын захирамж нь гуравдагч этгээдэд хандсан эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт. Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг өөр нэг этгээдээс хүчингүй болгуулах шаардлага гаргаж байгаа бол хуулийн хүчинтэй, хуулийн тодорхой зүйл заалтуудыг үндэслэж, эрх ашиг нь ямар үндэслэлээр зөрчигдсөн хөндөгдсөн талаар тайлбарлаж нотолж орох шаардлагатай байгаа юм. Ийм зүйл байсангүй. Нэхэмжлэл дээр харагдаагүй. Хууль зүйн үндэслэл гээд тодорхой нэг хэм хэмжээний актуудыг тусгасан ч гэсэн эрх зүйн үйлчлэлгүй баримт бичгүүд байсан. Өөдрөг баян гэсэн компани хуулийн байгууллагаар шалгагдах нь гуравдагч этгээдэд хамааралгүй. Шинжээчийн дүгнэлтийг зайлшгүй шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоно гэсэн зүйл ч байхгүй. Хэн ч харсан ойлгомжтой масштабыг нь заагаад өгсөн байна. Шугамтай хэн ч байсан нэхэмжлэгчийн өмгөөлөгч ч гэсэн шугамаараа хэмжээд масштаб руу хөрвүүлээд үзэхэд хэр хэмжээний газар байгаа юм. Энэ газруудын хооронд ямар зайтай юм бэ, аль нь аль хэсэгт байгаа юм бэ? гэдгийг нь бодитоор буулгах боломжтой. Заавал нисэхийн мэргэжилтэн байхаараа л ойлгодог хуулийн мэргэжилтэн байхаараа ойлгодоггүй зүйл биш, энэ бол газар зүйн хичээл орсон сургуулийн хүүхэд ч ойлгохоор асуудал байгаа юм. Хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн дээр 50.000 иргэний эрх ашгийг нэмж ярьж байна. Өнөөдөр нэхэмжлэгч байгууллагыг төлөөлөөд байгаа юм уу, аймгийн иргэдийг төлөөлөөд байгаа юм уу гэдэг дээр эргэлзээтэй ойлгомжгүй зүйлийг ярьж байна. Бусадтай барьцсан зүйл байхгүй харин нэхэмжлэгчийн эрх ашиг үнэхээр зөрчигдөж хөндөгдөөд байгаа юм уу, бодитой юм уу гэдэг дээр эргэлзээ төрүүлж байгаа юм.
Яагаад зарим нэг нь аэродромын аюулгүйн бүсэд тоглоомын талбай байсаар байхад 5 метрээс өндөр байж болохгүй гэж өндрөөр нь хязгаарлалт тогтоогоод байхад техникийн нэг давхар захыг аэродромын аюулгүйн бүсэд ороогүй байхад энэ нь онгоцны хэвийн үйл ажиллагааг алдагдуулна гэж ялгамжтай үзээд байгаа нь ойлгомжгүй байгаа учир үнэхээр эрх ашиг нь хөндөгдсөн бодитоор учирсан зүйл байгаа юм уу гэж ярьснаас биш барьцаж байгаа зүйл байхгүй. Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох гэдэг чинь хуулийн хэм хэмжээ зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны актыг хүчингүй болгох асуудал яригдана. Гэтэл өнөөдөр ямар хуулийн ямар хэм хэмжээ зөрчөөд, нэхэмжлэгчид ямар хор хохирол учруулсан, эрхийг нь зөрчсөн, хязгаарласан зүйл байна уу гэхээр тийм зүйл ярихгүй байна. Иргэдийн нисэхийн аюулгүй ажиллагаа гэсэн зүйлийг л яриад байна. Мэдээж нисэхийн үйл ажиллагаа бол хүнд хэрэгцээтэй үйл ажиллагаа мөн. Гэхдээ энэ тохиолдолд 6000 метр квадрат газрыг олгосноороо нисэхийн үйл ажиллагаа зогсчих юм уу гэдэг чинь өөр асуудал гэж харж байгаа юм. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны А/513 дугаартай газар олгосон захирамж нь Газрын тухай хууль тогтоомжийн дагуу хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд гарсан хууль зүйн үндэслэл бүхий захирамж байна. Захирамжийн нэгдүгээр хэсэг нь дуудлага худалдаагаар гэсэн боловч үндэслэх хэсгийн хуулийн заалтууд болон Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 10.2 дахь заалтаас энэ нь төсөл сонгон шалгаруулалтаар олгосон болох нь харагдаж байгаа юм. Дуудлага худалдаа гэж бичигдсэн техникийн алдаа болсон гэж хариуцагч тэгж тайлбарлаж байсан. Энэ захирамжаар газар олгосонтой холбоотойгоор нэхэмжлэгч байгууллагад хохирол хор уршиг бий болсон зүйл харагдахгүй байна. Алтай нисэх буудлын үйл ажиллагаа урьдын адил хэвийн явагдаж байгаа юм байна. Нисэх буудал цаашид өргөжих боломжийг хязгаарласан гэж байгаа боловч хэзээ ямар хэмжээний өргөтгөл хийх гэж байгаа нь тодорхойгүй, батлагдсан төлөвлөгөөгүй хийсвэр зүйл ярьж байгаа. Нөгөө талаар аймгийн төвийн нэлээдгүй хэсэг нь аюулын бүсэд орсон талаар нэхэмжлэгч хэлсэн. Газрын зургаас ч харагдаж байгаа. Гэтэл гуравдагч этгээдэд стандарт зөрчиж газар олголоо гэдэг мөртлөө нэхэмжлэгч нь аюулын бүсийн стандартыг зөрчихгүйгээр яаж өргөтгөл хийнэ гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн маргаж байгаа газрыг техникийн зах болгож ажиллахаар төлөвлөсөн аймгийн иргэдийн төлөөлөгчийн Хурлын шийдвэртэй нэхэмжлэгч маргадаггүй. Маргадаггүй хэр нь энэ шийдвэрт үндэслээд ******* ХХК-нд газар эзэмшүүлсэн захирамжид маргаад байгаа нь ойлгомжгүй байна. Тухайн газрын зориулалт төлөвлөлтөд нь асуудал үүсээд байгаа юм уу эсвэл олгосон компанид нь асуудал байна уу гэдэг нь ойлгомжгүй харагдаж байна. Засаг даргын А/513 дугаар захирамжид үндэслээд байгаа Газрын тухай хууль, Засгийн газрын 10 дугаар тогтоол, Иргэдийн төлөөлөгчийн хурлын тогтоолууд бол нийтээр дагаж мөрдөх хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүд юм. Засаг дарга уг төсөл сонгон шалгаруулах ажиллагааг эхлэх үеэр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлуулж олон нийтэд мэдээлж байсан байна. Энэ нь мэдэгдэх, сонсох ажиллагааны нэг хэлбэр байдаг. Гэтэл нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа удаа дараагийн шүүх хуралдаан дээр тайлбарладаг. Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/131 дүгээр аэродромын төлөвлөлт ба ашиглалт гэсэн журам, түүнд өөрчлөлт оруулсан 56 дугаартай тушаалаар баталсан төлөвлөлт ба ашиглалт техникийн баримт бичиг, аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдийн А/23, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 457 дугаар захирамжууд нь нийтээр дагаж мөрдөх шинжтэй боловч хуулийн хүчин төгөлдөр болоогүй эрх зүйн үр дагаваргүй баримт бичгүүд байна. Өөрөө хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 64.1,64.2, 64.3, 67.2-т заасныг зөрчсөн учраас 67.3-т зааснаар эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй юм. Мөн иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/367 дугаартай тушаалаар иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2010 оны А/245 дугаартай тушаалыг хүчингүй болгосон. Хүчингүй болгосон журмыг буцаан хэрэглэх боломжгүй. Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг буцаан хэрэглэхгүй гэж заасан. Иймд Засаг даргын А/513 дугаартай захирамжийг хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлгүй. Мөн Говь-алтай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх 8 дугаартай тогтоолдоо нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч гомдол гаргаагүй. Шүүхэд дахин 2020 оны 11 дүгээр сарын 23-нд нэхэмжлэл гаргахдаа өөрийн байгууллагын хэвлэмэл хуудас дээр өөрөө гарын үсэг зурж нэхэмжлэл гаргасан. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.2-т Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараах эрх эдэлнэ гээд 28.2.1.нэхэмжлэлд гарын үсэг зурах гэснийг зөрчсөн. Тодруулбал, Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өрийн өдрийн 02/2878 итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох албан бичиг, Иргэний нисэхийн үндэсний төвийн 2021оны 04 дүгээр сарын 09-ний дугаар албан бичгээр Захиргааны ерөнхий хуулийн 28.2 дугаар зүйлийн 28.2.1-т заасан эрх олгогдоогүй. Эрх олгогдоогүй байхад дахин нэхэмжлэл гаргасан. Мөн аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 08 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол хүчин төгөлдөр байгаа учраас Захиргааны хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл дахин бүрдсэн гэж үзэж байна. Нэхэмжлэлд дурдагдсан гуравдагч этгээдэд хандсан эерэг нөлөөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр хэм хэмжээ биш нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд ямар нэгэн нөлөө үзүүлээгүй бөгөөд тийм эрсдэлийг урьдчилан гаргасан дүгнэлт байхгүй нөхцөлд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт онгоцны нисэх буудлыг өргөтгөх асуудал Улсын Их хурлын шийдэх асуудал зурвас өргөтгөснөөр олон улсын стандартад нийцэх эсэхийг мэдэхгүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж байсан. Иймд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг байгаа эсэх тэр эрх ашиг нь хөндөгдсөн эсэх нь тодорхойгүй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
10. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Алтай нисэх буудал нь ******* ХХК-аас түрүүлж байгуулагдан газрын захирамж, зурвас газрын хамгаалалтыг тогтоолгож, Засаг даргын захирамж гаргуулсан. Нисэх газрын хамгаалалтын зурвас газарт газар эзэмшүүлсэн байна. ******* ХХК нь захиргааны байгууллагаас хууль журмын дагуу газрыг эзэмшсэн. Иймд ******* ХХК-нд газартай холбоотой төлбөрийг холбогдох байгууллагаар гаргуулж, дахин өөр газарт газар эзэмшүүлэх арга хэмжээ авах гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. аймаг дахь Алтай нисэх буудал нь Иргэний нисэхийн ерөнхий газар ТӨААТҮГ-ын салбар болох нь салбарын гэрчилгээгээр тогтоогдож байна. Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/240 дүгээр тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын ээлжийн амралттай байх хугацаанд даргын үүрэгт ажлыг 2020 оны 11 сарын 02-ны өдрөөс 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд тус газрын дэд дарга Б.*******д түр орлон гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна. /1-р хавтаст хэргийн 47-р хуудас/
2. аймгийн Засаг даргын 2018 оны А/813 дугаар захирамжтай холбоотой хэрэг маргааныг шүүхээр хянан шийдвэрлүүлэх ажиллагаанд аймгийн Алтай нисэх буудлын дарга Д.ыг төлөөлөн оролцуулахаар анх Иргэний нисэхийн ерөнхий газрын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 02/2878 дугаар албан бичгээр итгэмжлэл олгосон, дараа нь байгууллагын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Иргэний нисэхийн үндэсний төвийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 10-1/414-р албан бичгээр итгэмжлэлийг шинэчлэн олгосон байна. /1-р хавтаст хэргийн 48, 239-р хуудас/
Дээрх итгэмжлэлийн агуулгаас харахад Д.т нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлд гарын үсэг зурах эрх олгогдсон гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс төлөөлөгчид олгосон итгэмжлэл дээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн үндсэн эрхүүдийг төлөөлөгч нэг бүрчлэн эдлэхээр зааснаас үзэхэд нэхэмжлэгчийг шүүхэд бүрэн төлөөлөх эрх олгогдсон гэж үзэхээр байна.
Тухайлбал; Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, эвлэрэх” эрх нь нэхэмжлэлийн үр дагаврыг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэсэн субьектив боломж тул нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлд гарын үсэг зурах агуулга шууд илэрхийлэгдэж байна.
3. Иймд “нэхэмжлэлд гарын үсэг зурах” эрх итгэмжлэлээр олгогдоогүй тул нэхэмжлэлийг гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
4. Итгэмжлэл олгосон нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж Д.т удаа дараа итгэмжлэл олгосон байгаагаас харахад түүний гаргасан буюу гарын үсэг зурж баталгаажуулсан нэхэмжлэлээр шүүхэд маргаан үүсгэснийг үгүйсгээгүйг дурдах нь зүйтэй.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд цахимаар оролцсон бөгөөд шүүх хуралдаан 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 10:00 цагт хуралдахаар хойшилсныг мэдэж байсан, мөн түүний 89233131 дугаарын утсаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байхад өнөөдрийн шүүх хуралдаанд ирээгүй байна. Шүүх хуралдаанд оролцохгүй байх хүндэтгэн үзэх шалтгаантай талаар холбогдох баримтыг ирүүлээгүй, ямар нэгэн тайлбар, хүсэлт гаргаагүй, шүүх хуралдаанаас өмнө шүүгчийн туслах залгахад түүний утас холбогдоогүй байна. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулах талаар санал гаргаж байх боловч тухайн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2023 оны 01 дүгээр сарын 18, 27-ны өдрүүдэд нэхэмжлэгч талын хүсэлтээр хоёр удаа хойшилсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон хугацаа дуусаж байгаа, хариуцагч нь шүүх хуралдаанд оролцохгүй байх хүндэтгэн үзэх шалтгааны талаар холбогдох тайлбар, баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар авагдсан бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
6. аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/513 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дараах үндэслэлүүдээр зөрчөөгүй байна.
7. Хариуцагч аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/513 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны “Төлөвлөгөө батлах тухай” 17 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 10.2 дахь заалтыг үндэслэн Алтай хотын инженерийн байгууламж бүхий бүсэд газар эзэмшүүлэх дуудлага худалдаагаар ялагч болж газар эзэмших эрх авсан “*******” ХХК-д Жаргалант баг, хуучин нисэх онгоцны буудлын зүүн урд талд техникийн захын зориулалтаар 6000 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж /1-р хавтаст хэргийн 98-99-р хуудас/, 000000504 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож /1-р хавтаст хэргийн 70-р хуудас/, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна. /1-р хавтаст хэргийн 71-р хуудас/
8. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах, төсөл сонгон шалгаруулах журам”-ыг баталсан байна.
9. аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/308 дугаар захирамж болон хавсралтаар Жаргалант баг, хуучин нисэх онгоцны буудлын зүүн урд талд 6000 м.кв газрыг төсөл сонгон шалгаруулалтын журмаар олгохоор шийдвэрлэж /1-р хавтаст хэргийн 100-101-р хуудас/, 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/346 дугаар захирамжаар төсөл сонгон шалгаруулах комиссыг 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. /1-р хавтаст хэргийн 103-р хуудас/
10.Төсөл сонгон шалгаруулах комиссын 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэлээс харахад аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/308 дугаар захирамжаар тогтоосон газруудыг эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтад нэг ч төсөл ирээгүй тул газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг дахин явуулах саналыг аймгийн Засаг даргад танилцуулахаар болсон байна. /1-р хавтаст хэргийн 104-105-р хуудас/
11. аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/384 дүгээр захирамжаар өмнөх А/308 дугаар захирамжид заасан газруудад төсөл сонгон шалгаруулалтыг дахин явуулахаар шийдвэрлэсний дагуу /1-р хавтаст хэргийн 106-р хуудас/ 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас газар эзэмших төсөл сонгон шалгаруулалт явуулах тухай урилга гаргаж, аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/397 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулах комиссыг дахин 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. /1-р хавтаст хэргийн 108-р хуудас/
12. Дээрх төсөл сонгон шалгаруулах комиссын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэлд түлшний зах барих төсөлд “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК-иуд төслөө ирүүлснээс шаардлага хангах төсөл ирээгүй тул газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтын хугацааг 14 хоногоор сунгаж, төслийг дахин хүлээн авахаар шийдвэрлэсэн байх боловч төсөл сонгон шалгаруулалтыг эцсийн байдлаар шалгаруулж, дүгнээгүй, энэ талаарх нотлох баримтыг хариуцагчаас гаргаж өгөөгүй байна.
13. аймгийн Засаг даргын маргаан бүхий дээрх А/513 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх дуудлага худалдаагаар ялагч болж газар эзэмших эрх авсан “*******” ХХК-д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
14. Гуравдагч этгээдээс тухайн үед дуудлага худалдаа болж, 24 сая төгрөг төлж газар эзэмшсэн гэх боловч дуудлага худалдаа явагдсан талаарх баримтыг хариуцагчаас гаргаж өгөөгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар шийдвэрлэсэн гэж шүүхэд тайлбар ирүүлснээс үзэхэд гуравдагч этгээд “*******” ХХК-д 6000 м.кв газрыг эзэмшүүлэхдээ ямар журмаар эзэмшүүлсэн нь тодорхойгүй, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг эцсийн байдлаар шалгаруулж дүгнэсэн талаарх баримт байхгүй байна. Иймд гуравдагч этгээдэд техникийн захын зориулалтаар газар эзэмшүүлэхдээ хууль, журамд нийцүүлж эзэмшүүлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй.
15. Гэвч маргаан бүхий захиргааны акт нэгдүгээрт хуульд нийцээгүй, хоёрдугаарт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх хоёр нөхцөл зэрэг хангагдсан тохиолдолд хүчингүй болгох боломжтой. Дээрх тохиолдолд гуравдагч этгээдэд газар эзэмшүүлснээр нэхэмжлэгч байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
16. Аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т зааснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэхээр байна. аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Алтай хотын инженерийн шугам, сүлжээ бүхий бүсийн “Газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөө”-г баталсан байх ба Есөнбулаг сумын Жаргалант баг, хуучин нисэх онгоцны буудлын зүүн урд талд техникийн захын зориулалтаар 10000 м.кв газрыг эзэмшүүлэхээр уг төлөвлөгөөнд тусгасан байх тул ******* ХХК-д тухайн байршилд 6000 м.кв хэмжээтэй газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй байна. /1-р хавтаст хэргийн 142-144-р хуудас/
17. аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтний гаргасан зураглалаар гуравдагч этгээд болох ******* ХХК-ийн эзэмшил бүхий 6000 м.кв газар нь Алтай нисэх буудлын аэродром орчмын аюулгүйн бүсээс /онгоц хөөрч, буух зурвасын чиглүүлэгч гэрлээс/ хамгийн ойрдоо 173,9 метр зайд байгаа болох нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тухайн олгосон газар нь Алтай нисэх буудлын аэродром орчмын аюулгүйн бүсэд хамрагдаж байгаа тул манай байгууллагын хууль ёсны эрх ашгийг зөрчиж, нисэхийн болон нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хөндөж байна гэж маргасан. /2-р хавтаст хэргийн 225-227-р хуудас/
18. Иргэний нисэхийн тухай хуулийн 20.1-д “Нислэгийн аюулгүй ажиллагааг хангах шаардлагын үүднээс иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага харьяалах сум, дүүргийн Засаг даргатай хамтарч аэродром орчмын аюулгүйн бүсийг тогтооно” гэж заасны дагуу Зам, тээврийн хөгжлийн Сайд, Барилга, хот байгуулалтын Сайдын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 32/38 дугаар хамтарсан тушаалаар зарим аймгуудын нисэх буудлын эзэмшил газар болон харьяалах сумдын Засаг даргатай хамтарч аэродром орчмын аюулгүй байдлыг хангах зориулалттай хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох, газар дээр нь тэмдэгжүүлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан байна. /2-р хавтаст хэргийн 89-91-р хуудас/
аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Хамгаалалтын бүс тогтоох тухай” А/23 дугаар захирамжаар Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа аймаг дахь нисэх буудлын аэродром орчмын аюулгүйн бүсийн эргэлтийн цэгийн солбицол болон хамгаалалтын бүсийн зураглалыг тус тус тогтоож, бүс тогтоосноор Алтай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр хууль тогтоомжийн дагуу эрх бүхий этгээдэд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах үйл ажиллагаанд нөлөөлөхгүй байхаар шийдвэрлэсэн байна. Мөн тус аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/457 дугаар захирамжаар дээрх хамгаалалтын бүсийг тогтоохдоо өмнөх эргэлтийн цэгийн солбицлууд хэвээрээ гагцхүү өргөргийн 6-р цэг өмнө нь 46 18 28,417 гэсэн координаттай байсан бол 2019 оны А/457 дугаар захирамжаар 46 15 28,417 гэсэн координатаар тогтоожээ. /1-р хавтаст хэргийн 5, 95-р хуудас/
19. Ийнхүү аймгийн Засаг даргын захирамжаар нисэх буудлын аэродром орчмын аюулгүйн бүсийн эргэлтийн цэгийн солбицол, хамгаалалтын бүсийг тогтоосноос тухайн бүсэд газар эзэмшүүлэхийг хориглоогүй ба аэродромын ойртолтын бүс буюу тусгай бүсээс цааш 12100 метр урттай зурвасын дагуу голчоос 2 тийш 500 метрийн өргөнтэй талбайд барилга, байгууламж барих тохиолдолд Иргэний нисэхийн ерөнхий газар болон Нисэх буудалтай зөвшилцөж газрын зөвшөөрөл олгохыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт зөвшөөрсөн байна.
20. Мөн Иргэний нисэхийн тухай хуулийн 20.2-т “Аюулгүйн бүсийн нутаг дэвсгэрийн ашиглалттай холбогдсон асуудлыг Иргэний нисэхийн багц дүрмээр зохицуулна” гэжээ.
Нэхэмжлэгч компанид газар эзэмшүүлэх үед Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/245 дугаар тушаалаар батлагдсан аэродромд тавигдах шаардлагууд мөрдөгдөж байсан байна. Тус шаардлагын 7.3.2-т аюулгүйн бүсийн ангилал ба ашиглалтыг тодорхойлж, аэродромын аюулгүйн бүсийг А ба Б бүсэд хуваасан байна. А бүс нь аэродромын хяналтын цэг дээр төвтэй, 3 километрийн радиус бүхий дугуй хэлбэртэй, Б бүс нь аэродромын хяналтын цэг дээр төвтэй, 10 километрийн радиус бүхий дугуй хэлбэртэй талбайгаас дотогш, А бүсээс гадагш байрлах талбай байхаар тус тус тогтоосон байна. 7.3.2.2-т аэродромын аюулгүйн бүсэд хүснэгт 7.3-1-ийн дагуу газар ашиглалтын асуудлыг хянаж, зохицуулах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гээд А болон Б бүсэд аль алинд нь худалдааны төвүүд байж болохоор заасан байна. /1-р хавтаст хэргийн 123-138-р хуудас/
21. Нэхэмжлэгч компанид газар олгохдоо техникийн захын зориулалтаар олгосон байх бөгөөд уг газар нь дээрх баримт бичигт заасан аэродромын аюулгүйн А болон Б бүсэд хамаарч байсан ч дээрх аэродромд тавигдах шаардлагад нийцсэн тул нислэгийн аюулгүй ажиллагаанд саад болохооргүй байна гэж үзлээ.
22. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/131 дүгээр тушаалаар “Аэродромын төлөвлөлт ба ашиглалт” техникийн баримт бичгийг баталсан байх ба уг тушаал нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй болохыг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн Яамны 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 3-2/76 дугаар, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 3-2/1 дүгээр лавлагааны хуудсаар тус тус тодорхойлсон байна. /1-р хавтаст хэргийн 220-р хуудас, 2-р хавтаст хэргийн 177-р хуудас/
23. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ, 67.3-т “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэж заасан тул А/131 дүгээр тушаалаар батлагдсан техникийн баримт бичиг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байх тул эрх зүйн үйлчлэлгүй байна.
Түүнчлэн уг баримт бичиг нь нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүссэний дараа буюу 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан байгааг дурдах нь зүйтэй.
24. Иймд эрх зүйн үйлчлэлгүй хэм хэмжээний актыг буюу Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/131 дүгээр тушаалыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байгаа нь үндэслэлгүй бөгөөд уг тушаалаар батлагдсан “Аэродромын төлөвлөлт ба ашиглалт” баримт бичгийн дагуу гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх үндэслэлгүй талаар шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.
25. Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны хяналт шалгалтын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 732/19 дүгээр шинжээчийн дүгнэлтэд ... ******* ХХК ... олгогдсон газрыг зориулалтын дагуу тусгай хяналт доор эсхүл аймгийн Алтай нисэх буудалтай нисэхийн аюулгүй ажиллагааг хамтран хангах гэрээний үндсэн дээр ашиглах боломжтой” гэж дүгнэж байсныг дурдах нь зүйтэй.
26. Мөн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 38 дугаар албан бичгийн хавсралт зураглалаар Алтай нисэх буудлын аэродромын бүс дотор тоглоомын талбай буюу парк, нисэхийн хашаан дотор авто тээврийн газар, нисэхийн хашаатай залгаа Ус цаг уур, орчны газар зэрэг байгууллагууд байгаа болох нь тогтоогдож байх бөгөөд манайхаас гадна, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, шатахуун түгээх станцууд нисэхийн ойр орчим байгаа гэсэн гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлтэй байна.
27. Иймд гуравдагч этгээд ******* ХХК-д техникийн захын зориулалтаар 6000 м.кв газрыг эзэмшүүлснээр нэхэмжлэгч байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, өөрөөр хэлбэл нисэхийн болон нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хөндөхөөргүй байх тул түүний гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “Нисэх газрын хамгаалалтын зурвас газарт газар эзэмшүүлсэн байна. Иймд ******* ХХК-д газартай холбоотой төлбөрийг холбогдох байгууллагаар гаргуулж, дахин өөр газарт газар эзэмшүүлэх арга хэмжээ авах” гэсэн дүгнэлтийг дээрх үндэслэлүүдээр хүлээн авах үндэслэлгүй байна.
28. Газар эзэмшүүлснээс хойш нислэгийн аюулгүй ажиллагаатай холбоотой шинэ нөхцөл байдал үүссэн тохиолдолд газрыг нийтийн болон тусгай хэрэгцээнд нөхөх олговортойгоор эргүүлэн авах талаар хуулийн өөр зохицуулалт хэрэглэгдэх боломжтойг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний нисэхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, 67.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Иргэний нисэхийн үндэсний төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч аймгийн Алтай нисэх буудлын дарга Д.ын гаргасан “ аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/513 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА
ШҮҮГЧИД Л.ТУНГАЛАГ
Ч.ЦЭНД-ОЧИР