Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 91

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга:Б.Одгариг,

Улсын яллагч:  Б.Болор-Эрдэнэ

Шүүгдэгч: Д.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Сүмбэнхүүд холбогдох 201716000101 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 03-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 

Тодорхойлох нь:

Шүүгдэгч Д.Сүмбэнхүү нь 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7-р багийн нутагт Тоёота эстима маркийн 64-59 УБЧ улсын дугаартай автомашин жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.5в заалтуудыг зөрчиж Даланзадгад сумын Оюутын 3-48 тоот хашааны хойд хэсэгт байрлах Ж.Батчимэгийн эзэмшлийн улаан өнгийн тоосгон байшинг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Н.Шинэсарын эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Сүмбэнхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Би архи уугаагүй эрүүл байсан. Намайг 450.000 төгрөгөөр торгож өгнө үү.

            Хохирогч Н.Шинэсар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 07 дугаар сарын 10-ны шөнө намайг айлд байхад Сүмбэнхүү утсаар залгаад гар утаснаас дуу татна гээд дуудсан. Тэгээд би Ганбаяр, Энхээ, Бямбагэрэл нартай хамт явсан. Бид нар морь барианы засмал замаар гараад морь барианы газраас хойшоо гарч зогсоод нөгөө хэд хүрэн өнгийн савтай том пиво ууцгаасан. Ганбаяр, Сүмбэнхүү хоёр хоорондоо машины түлхүүрээс болоод маргалдсан. Тэнд нэлээд их удсан. Шөнө 04 цаг өнгөрч байхад бид нар буцаад аймгийн төв рүү явсан. Сүмбэнхүү машин жолоодоод явж байсан засмал замаар явж байгаад Сүмбэнхүү машинаа хурдлаад явсан, би жолоочийн хажуу талын суудлын ар талд суугаад цонхоороо юм хараад явж байгаад уулзвар дээр ирээд чигээрээ яваад улаан өнгийн байшин мөргөөд зогссон нэг сэрсэн амьсгаа авч чадахгүй байсан утаа манараад байсан машины хаалга нээх гэж байгаад би юу болсныг мэдээгүй ухаан алдсан. ... Сүмбэнхүү бага зэрэг пиво уусан байх гэхдээ би сайн мэдэхгүй байна. Миний баруун гар хугараад нуруу хазайсан гэж онош гарсан. Миний бие эрүүл болвол надад гомдол байхгүй, нэхэмжилж байгаа зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

Гэрч Б.Ганбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Тухайн өдрийн орой 20-21 цагийн хооронд Сүмбэнхүү, Энх-Амгалан бид гурав Шинэсарын суудаг дэлгүүр дээр утсандаа дуу татах гэж очсон. Тэнд Шинэсар Бямбагэрэл хоёр байсан. Шинэсарыг Сүмбэнхүү таньдаг юм. Тэгээд бид гурав дуу татаж дуусгасан. Тэгсэн Шинэсар, Бямбагэрэл хоёр караокед орсон. Бид нар Эрдэнэбулган авто засвар дээр очоод байж байхад нөгөө хоёр дуудсан эргээд нөгөө хоёрыг аваад буцаад дэлгүүр дээр нь очоод 6 том савтай пиво аваад аймгийн төвөөс хойшоо гарсан. Тал дээр очоод хоёр том савтай пивыг уусан. Сүмбэнхүү надад машины түлхүүрийг өгсөн. Тэгээд түлхүүрээ надаас авах гэхээр нь би өгөхгүй гэж хэлсэн. Тэгээд Сүмбэнхүү ах машинаа унаад буцаад аймгийн төв рүү 4 цагийн алдад хөдөлсөн. Тэгээд явж байгаад Солонго дэлгүүрийн баруун талд байдаг уулзвараар ороод чигээрээ урагшаа яваад өмнө талд байсан улаан тоосгон байшинг очиж мөргөөд зогссон. Тэгсэн нөгөө хоёр охин бид хоёрыг хүргээд өг бид хоёр зүгээрээ гээд байхаар нь бид нар тэндээс явсан. Сүмбэнхүү бид хоёр ах дүүсийн хүүхдүүд. Осол болох үед машиныг Сүмбэнхүү жолоодож явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,

Гэрч Г.Бямбагэрэл мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 06 дугаар сарын 10-11-ний шилжих шөнө би Шинэсар, Ганбаяр, Сүмбэнхүү, Энхээ нартай уулзсан. Шинэсар бид хоёр байж байхад нөгөө хэд хүрээд ирсэн. Тэгээд тэд нар утаснаас дуу татна гэж хэлээд түүнийгээ дуусгах гээд аймгийн төвөөс хойшоогоо талруу гараад Сүмбэнхүү, Ганбаяр, Энхээ гурав 2 том савтай пиво хувааж уусан. Шинэсар бид хоёр уг нь хамт явахгүй байсан болохоор алхах уу гэж хэлээд ярилцаж байсан. Тэгсэн Ганбаяр Сүмбэнхүүг машинтай явуулахгүй гээд машины түлхүүрийг аваад өгөхгүй байсан. Түүнээс болоод тэр хоёр хоорондоо маргалдсан тэр хоёр нэлээд их маргалдсан. Тэгээд Сүмбэнхүү машинаа унаад аймгийн төв рүү явсан. Тэр нэлээд хурдтай явж байгаад цэргийн ангийн зүүн талд ирээд чигээрээ урагшаагаа яваад байшин мөргөөд зогссон. Машиныг Сүмбэнхүү жолоодож явсан, хажууд нь Энхээ нь суугаад Энхээгийн ар талд Шинэсар, голд Ганбаяр, би жолоочийн ар талд суугаад явж байсан. Сүмбэнхүү пивоноос бага зэрэг уусан гэхдээ согтоогүй. Ганбаяр Сүмбэнхүү хоёр машинд явж байхад хоорондоо хэрэлдээд байсан тэгээд Мод үржүүлэхийн хажуу талаас машиныг хурдлуулаад эхэлсэн би милл хараагүй болохоор хэдэн км цагийн хурдтай явсныг хараагүй гэхдээ машин их хурдтай явж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

Гэрч Ч.Энх-Амгалан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сүмбэнхүү, Ганбаяр бид гурав Шинэсарын суудаг дэлгүүр дээр  дуу авна гэж хэлээд хамтдаа явсан. Дэлгүүр дээр очиход Шинэсар, Бямбагэрэл хоёр байсан. Тэгээд гар утсандаа дуу татаж авсан. Бид нар тэнд ярьж хөөрч байгаад хоёр том савтай пиво авч уусан. Тэгээд байж байхад 23 цаг өнгөрч байсан нөгөө хоёр караокед орно гэхээр нь тэр хоёрыг караокед оруулаад бид гурав Эрдэнэбулган дээр очоод байж байхад удаагүй нөгөө хоёр хүрээд ир дуусчихлаа гэж хэлсэн. Тэгээд бид нар нөгөө хоёр дээр очиж тэр хоёрыг аваад дэлгүүр дээр очсон. Тэнд ярьж байгаад тал руу явахаар болоод дэлгүүрээс дахиад 4 том савтай пиво аваад аймгийн төвөөс хойшоогоо тал руу гарсан тал дээр гараад 2 савтай пиво уусан. Бямбагэрэл, Шинэсар хоёр гэрт хүргээд өг гэж хэлсэн тэгэхээр нь Сүмбэнхүү унаад аймгийн төв рүү явсан морь барианы засмал замаар яваад 131 дүгээр ангийн зүүн талын уулзвар дээр очоод чигээрээ урагшаагаа яваад байшин мөргөөд зогссон. Сүмбэнхүү рүүл гэх шиг болсон. Тэгээд бид нар машинаасаа гараад ирцгээсэн. Тэгсэн нөгөө хоёр охин бид хоёр зүгээр байна та нар машинаа янзал гэж хэлсэн тэгээд бид нар тарцгаасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

Гэрч Ж.Батчимэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”... Би одоо он сар өдрөө санахгүй байна. Тэр өдрийн өглөө үүрээр манай байшингийн ар талд машин ирж мөргөөд зогссон байсныг нь нөгөө хүмүүс салгаж байгааг нь харсан. Харин манай байшинг мөргөхөд нь би мэдээгүй гэрт унтаж байсан юм. Манай байшингийн ар талаас саарал өнгийн эстима гэдэг машин ирж мөргөсөн байсан. Харин дугаарыг нь санахгүй байна. Тэгээд дараа нь байшин мөргөсөн хүн ирж манай байшинг янзалж өгөөд хохирол барагдуулсан. Манай байшингийн ар талын хана нь цуураад, тааз нь доошоогоо буусан байсан одоо бүгд зүгээр болсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

Шүүгдэгч Д.Сүмбэнхүү мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн орой 20 цагийн үед би Энх- Амгалан, Ганбаяр хоёртой хамт Шинэсарын суудаг дэлгүүр дээр очсон. Тэгсэн тэр Бямбагэрэлтэй хамт байсан. Би гар утсандаа дуу суулгах гэж очсон байсан. Тэнд гар утсандаа дуу суулгаад дууссан. Тэгсэн тэр хоёр Онги караокед хүргээд өг гэхээр нь тэр хоёрыг хүргэж өгсөн. Бид нар Эрдэнэбулган дээр очоод байж байхад араас Шинэсар залгаад цаг дууслаа гараад ирсэн байна хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинаа унаад тэр хоёрыг аваад дэлгүүр дээр нь очиж ярьж хөөрч сууж байгаад тал руу гарахаар болсон тал гарахдаа бид нар 6 том савтай пиво аваад гарсан аймгийн төвөөс хойшоогоо тал руу гараад 2 том савтай пивыг уусан. Харин би машин барьж явсан болохоор тэр пивоноос нь уугаагүй тэгээд 2 цаг өнгөрч байхад аймгийн төв рүү орохоор хөдөлсөн. Аймгийн төв рүү орж ирээд 131-р ангийн доод уулзвар дээр чигээрээ урагшаагаа очоод өмнө талд байсан байшингийн араас мөргөөд зогссон. Машинаас бүгдээрээ гараад ирэхэд Бямбагэрэл Шинэсар хоёр бид хоёр зүгээр байна гэхээр нь цагдаа эмнэлэг гэлгүй тарсан. Би өөрийнхөө машиныг жолоодож явсан миний машин 61-59 УБЧ гэсэн дугаартай, банк бус санхүүгийн газрын нэр дээр байдаг. Би Улаанбаатар хотын хүний нэр дээр зээл аваад одоо үлдэгдлийг 11 дүгээр сард дуусгах ёстой. Би дүү Ганбаяртай хэрэлдэж байгаа юм шиг харьцсан түүнийг л хамт явсан хүмүүс хэрэлдсэн гэж бодоод байгаа юм. Би архи пивоноос огт уугаагүй. Манай найз миний хажуу талд суугаад ар талд Ганбаяр Бямбагэрэл Шинэсар гурав суусан байсан. Би 100 км цагийн хурдтай явж байсан байх. Тэрнээс их хурдтай яваагүй. Жолооны хүрд гацсан байх гэж бодож байна. Би бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна миний буруу” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/,

          Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №279 дүгээр шинжээч эмчийн дүгнэлтэд: Шинэсарын биед баруун атгаалын булууны далд хугарал, зүүн чихний дэлбээний зулгаралт цээжний зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, зүүн гуяны цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын улмаас тухайн хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. Атгаалын булууны далд хугарал  гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

 

             Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасаг шинжээчийн дүгнэлтэд: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7-р багийн нутагт Оюутын 3-48 тоотын хашааны хойд талын байшинг Даваасүрэн овогтой Сүмбэнхүү нь автомашин жолоодож яваад мөргөж зам тээврийн осол гаргасан ба ослын улмаас зорчигч Н.Шинэсарын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байна. Тоуоtа Еstima маркийн 61-59 ӨМӨ улсын дугаартай автомашины жолооч Д.Сүмбэнхүү нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн мөн дүрмийн 2.5в-д “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Зорчигч Н.Шинэсар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. Тоуоtа Еstima маркийн 61- 59 ӨМӨ улсын дугаартай автомашины жолооч Д.Сүмбэнхүү нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “Тээврийн хэрэгслийн хурд” хэтрүүлэх журмыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж дүгнэлт гаргав. Уг зам тээврийн ослын газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, шинжээчийн фото зурган дээр Тоуоtа Еstima маркийн 61-59 ӨМӨ улсын дугаартай автомашины тоормосны мөр байхгүй шарвалтын мөртэй байх тул хэдэн километр цагийн хурдтай явсныг тогтоох боломжгүй байна. /хх-ийн 29-р хуудас/,

Ашид билгүүн ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний дүгнэлтэд: Тоуоtа Еstima маркийн 61-59 ӨМӨ улсын дугаартай автомашины эвдрэлийн үнэлгээ 1.062.000 төгрөг гэжээ. /хх-ийн 41-р хуудас/,

            Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/,

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 05-р хуудас

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 06-р хуудас/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-12-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Сүмбэнхүү нь 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7-р багийн нутагт Тоёота эстима маркийн 64-59 УБЧ улсын дугаартай автомашин жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.5в заалтуудыг зөрчиж Даланзадгад сумын Оюутын 3-48 тоот хашааны хойд хэсэгт байрлах Ж.Батчимэгийн эзэмшлийн улаан өнгийн тоосгон байшинг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Н.Шинэсарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Сүмбэнхүү нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээр тогтоогдож байна.  

Прокурор шүүгдэгч Д.Сүмбэнхүүг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял сонсгосон ба шүүгдэгч уг ялыг хүлээн зөвшөөрч байгаа болох нь түүний “450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзэв. 

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Шинэсарын биед хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 279 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Н.Шинэсар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байна.

Түүнчлэн энэ гэмт хэргийн улмаас иргэн Ж.Батчимэгийн эзэмшлийн орон сууцны байшинд хохирол учирсан бөгөөд иргэн Ж.Батчимэг нь “...Манай байшингийн ар талаас саарал өнгийн эстима гэдэг машин ирж мөргөсөн. ...Тэгээд байшин мөргөсөн хүн ирж манай байшинг янзалж өгөөд хохирол барагдуулсан” гэх мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөр хохиролгүй гэж үзлээ.  

Иймд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрэн тогтоогдож байна гэж үзэн, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь

хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1.               . Шүүгдэгч Б овгийн Д С-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.С-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.С нь 450.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Д.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

              5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Д.С нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө эд зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

              6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Сд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.   

              7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                                                             ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ДЭЛГЭРМАА