Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/165

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн,

улсын яллагч О.Мөнхтуяа /томилолтоор/,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц,

түүний өмгөөлөгч Б.Алтанзул,

хохирогч Б.,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ч.У, хохирогч Б. нарын өмгөөлөгч Д.Амаржаргал,

шинжээч С.М /цахимаар/,

шинжээч Н.М /цахимаар/,

шүүгдэгч Н.Б*******, түүний өмгөөлөгч А.Ариунаа нарыг оролцуулан Тээврийн  прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Б*******д холбогдох эрүүгийн 2415001370905 дугаартай, 304/2025/0158/Э индекстэй хэргийг 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т******* овогт Н*******гийн Б*******, ******* аймгийн ******* суманд 1989 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ******* аймгийн ******* ******* сумын 1 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, одоо ................................ оршин сууж байгаа, дээд боловсролтой, ..................... ажиллуулдаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: *******.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Н.Б******* нь 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн сумын 1-р баг, ******* гэх газарт маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэх заалтыг зөрчсөний улмаас, тээврийн хэрэгсэл замаас гарч онхолдон, тус тээврийн хэрэгслийн зорчигч болох 44 настай, эмэгтэй, Б.Ж /РД:/-ын амь нас хохирч, 38 настай, эмэгтэй Д.Г /РД:/-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, 51 настай, эрэгтэй, Б. /РД:/-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.Б******* нь 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр аймгаас ******* аймагт очих зорилгоор жолооч Б.гийн Улаанбаатар хотоос аймаг хүртэл жолоодож ирсэн  “ 200” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Булган аймгийн сумын нутгаар дамжин өнгөрөх *******-Булганы чиглэлийн улсын чанартай, хатуу хучилттай авто замаар замын хөдөлгөөнд оролцож явахдаа Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэх заалтыг зөрчсөний улмаас Булган аймгийн сумын 1-р баг, ******* гэх газарт “замын зорчих хэсгийн хажуу руу онхолдсон” зам тээврийн осол гаргасны улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Жын амь нас хохирч, зорчигч  Б.гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

1.2.Нотлох баримтын үнэлгээ:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

-Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 5 дахь тал/,

-Цогцост үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 16-19, 59-61 дэх тал/,

-Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 6-15 дахь тал/,

-“Саnon” брэндийн принтер, “Самсунг” брэндийн гар утас, зөөврийн компьютерыг нийт 1,624,920 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 224-230 дахь тал/,

-Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохиролтой холбоотой гаргаж өгсөн баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 234-250, 2 дугаар хавтаст хэргийн 1-10 дахь тал/,

мь хохирогч Б.Ж  ЭМД-ын 65,000 төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /2 дугаар хавтаст хэргийн 12 дахь тал/,

-Иргэний нэхэмжлэгч Д.Г  ЭМД-ын 272,979 төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /2 дугаар хавтаст хэргийн 13 дахь тал/,

-Хохирогч Б.  ЭМД-ын 971,828 төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл - /2 дугаар хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

-“ -200” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд  2023, 2024 онд үзлэг хийсэн “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн №1139192833, №11400086076 дугаартай хуудас” /2 дугаар хавтаст хэргийн 64, 65 дахь тал/,

-“ -200” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирол 84,509,320 төгрөг болохыг тогтоосон “Арвижих-Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 79-95 дахь тал/,

-Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цын: “...2024 оны 05 дугаар сарын 11-ний өглөө 10 цагийн орчим манай хамаатны залуу Э гэх хүн залгаад Ж эгч хөдөө явж байгаад зам тээврийн осолд орчихсон байна, очихгүй бол болохгүй юм шиг байна гэж хэлээд сүлжээ нь тасраад утас нь салчихсан. Тэгээд удалгүй залгаж хамт явж байсан эмэгтэйн дугаар гээд нэг дугаар өгсөн. Тухайн дугаар луу нь залгаад юу болсон талаар асуухад зам тээврийн осолд ороод Ж эгч нас барчихлаа гэж хэлсэн.

...Талийгаачийн нас барсан тал дээр ямар нэг гомдол, санал байхгүй. Харин тухайн тээврийн хэрэгслийг түрээслүүлсэн талын хүмүүс талийгаачийг машин түрээсэлж авч явсан тул эвдрэл, гэмтлийн мөнгийг нэхэмжилнэ гэвэл миний зүгээс тухайн мөнгийг буруутай этгээдээс нэхэмжилж машинаа түрээслүүлсэн хүний хохирлыг барагдуулах болно...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 35-37 дахь тал/,

-Хохирогч Б.гийн: “...Би 2024 оны 05 дугаар сарын эхний долоо хоногийн үед манай эхнэрийн үеэл дүү С.М надад хандаад “жолооч хийх ажил байна та явах уу” гэж хэлсэн. Би зөвшөөрөөд С.Мын эхнэрийнх нь нэр дээр бүртгэлтэй “Т ” маркийн улсын дугаартай автомашиныг 2024 оны 05 сарын 07-ны өдрийн орой очиж авсан. Ингээд байж байтал над руу 05 сарын 10-ны өглөө 10 цагийн орчимд талийгаач Ж залгаад “Мын ярьсан жолооч мөн үү” гэж асуугаад хүрээд ирээ, хөдөө явья” гэж хэлсэн. Би 12 цагийн орчимд Хятадын элчингийн урд талд байдаг газарт очиход талийгаач эмэгтэй намайг тосож аваад уулзсан, тэгээд байрнаас ачаа бараа зөөгөөд миний жолоодож явсан машинд тавьсан, би орой 20 цаг хүртэл талийгаач эмэгтэйг хүлээсэн, тэгэхэд үл таних 1 эмэгтэй ирээд хамт явна гээд машинд суусан, тэгээд Ж гэх эмэгтэйг хүлээж байгаад машинд ачсан зүйлийг Зурагтын ойролцоо буулгаад, дараа нь Толгойт ороод үл таних нэг эрэгтэйг машинд суулгасан, сүүлд нь Буянт-Ухаа 2 хорооллоос мөн нэг эмэгтэйг суулгаад ******* аймаг орохоор Улаанбаатар хотоос хөдөлсөн.

Улаанбаатар хотоос гарах үед цаг 05 сарын 11-ний 00 цаг 30 минут болж байсан. Ингээд замдаа яваад аймагт үүрийн 05 цагийн орчимд очсон, тэгээд сэтгүүлч гэх эмэгтэйн нөгөө эмэгтэй нь буусан, би тэр хүний ачаа барааг буулгаж өгөөд орцны үүдэнд зогсоод өгчихөөд буцаад машин дээр ирэхэд, хамт явсан залуу жолоочийн суудал дээр сууж байсан, “би явах уу” гэхэд “та ядарч байгаа байлгүй би машин бариад явья” гэхээр нь би “ахынх нь нойр сэргэчихлээ, ах нь хүртэл бариад явчихья” гэхэд талийгаач Ж гэх эмэгтэй “та ядарч байгаа хойшоо суугаад унтаад яв” гэж хэлэхээр нь би жолооч залуугаас “чи жийп машин барьж байсан уу” гэхэд “би тендерт явж байсан жийп машин барьж байсан” гэсэн тэгээд би машины хойд суудал дээр жолоочийн ард суусан, талийгаач эмэгтэй урд зорчигчийн суудал дээр суугаад сэтгүүлч гэх эмэгтэй миний баруун гар талд суугаад хөдөлсөн. Ингээд би жолоочтой юм яриад явж байгаад хурдны хайрцгийг харахад 80 км цагийн хурдтай замын зарим хэсэгт 90 км хүрээд явж байсан. Би Булган аймгийн төвөөс ******* аймаг руу салаад явж байхад хэсэг унтсан байсан Түлүүгийн давааны ойролцоо зогссон, машины багажны гэрэл асаад байсан юм, тэгэхээр нь жолооч бид хоёр машинаас буугаад би тамхи татчихаад буцаж суугаад би унтсан, тэгээд осол болсны дараа би сэрсэн, таныг намайг сэрэхэд би машинаас гарсан, газар руу хараад духнаас цус гараад сууж байсан, машин доошоо хараад 4 дугуй нь дээш харсан онхолдсон байдалтай байсан, миний хажууд сэтгүүлч эмэгтэй сууж байсан, нөгөө жолооч залуу талийгаачийн хажууд Жавзаа эгчээ гээд орилоод байсан, дараа нь түргэн болон цагдаа нар ирсэн.

...Миний эрүүл мэндтэй холбоотой 700-800 орчим төгрөгийн хохирол зардал гарсан...Сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ, жолоочид өөр гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна.

...Би “Т ” маркийн дугаартай автомашиныг өмнө нь удаа дараа жолоодож явж Улаанбаатар хотын замд хөдөлгөөнд оролцож явж байсан бүрэн бус тээврийн хэрэгсэл бол огт биш. Би Улаанбаатар хотоос аймаг хүртэл тээврийн хэрэгслийг жолоодож явахад ямар ч бүрэн бус зүйл, жолоо булаах тэнхлэг тохиргоо бус байдал мэдэгдээгүй, машин зүгээр байсан.

Би явах замдаа Б*******ыг нойрмоглож магадгүй гэж бодоод зүгээр үү гэж асуугаад нойр чинь хүрвэл хэлээрэй, солигдъё ах нь бариад явъя гэж хэлсэн, Б******* зүгээр байнаа гээд л явсан. Түлүүгийн даваа хүртэл би Б*******тай юм яриад явсан бас унтчихаж магадгүй гэж бодоод, тэгээд Түлүүгийн даваанаас хөдлөөд би унтсан тэгээд удаагүй л осол болсон байсан.

 ... аймгаас Б******* машин жолоодоод хөдлөх үед би Б*******д хандаад ах нь хүртэл жолоодоод явъя гэхэд жолоочийн суудал дээрээс буухгүй байсан тэгээд би хойд суудал дээр суугаад бүсээ бүслээрэй гэж хэлсэн тэгэхэд Б******* бүсээ бүслээд, талийгаач болон хамт явсан сэтгүүлч эмэгтэй бид нар бүсээ бүслээгүй хөдөлцгөөсөн, Б******* зорчигч нарт бүсээ бүслэх талаар ямар нэгэн шаардлага хэлээгүй...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 189, 2 дугаар хавтаст хэргийн 62 дахь тал/,

-Иргэний нэхэмжлэгч Д.Гын: “... 2024 оны 05 дугаар сарын 11-ний өглөө 05 цаг өнгөрч байхад аймагт ирсэн, тэгээд машинд хамт явсан Ц гэж дуудсан эмэгтэйг буулгасан. Жолооч ах Ц гээд эмэгтэйн ачаа барааг буулгаад багажны хэсэгт зогсож байхад талийгаач Ж урд зорчигчийн суудал дээр сууж байснаа, миний зүүн гар талд сууж байсан залууд хандан “Одоо чи машин бариад явчихаа, наад ах чинь жоохон удаан яваад байна төлөвлөгөөгөөр бол одоо Булган аймаг өнгөрөөд явж байх байлаа” гэж хэлээд миний хажууд сууж байсан залууг жолооны ард суулгасан. Тэгээд Улаанбаатараас машин барьж ирсэн А гэх ах миний хажууд суугаад талийгаач урд зорчигчийн суудал дээр суугаад, нөгөө залуу машин жолоодоод хөдөлсөн. Тэр үед нь би нөгөө хэдэд “одоо А ах бид хоёр унтаад явна шүү, та хоёр шөнө унтаад ирсэн бид хоёр огт унтаагүй” гэж  хэлээд инээлдээд ******* аймаг руу хөдөлсөн, би замдаа унтаад явсан болохоор юу ч мэдэхгүй байна, унтаж байхад “Түлүүгийн даваа” гэх яриа чимээ надад сонсогдсон, тэгээд нэг сэрэхэд машин онхолдсон би машин дотроо толгой доош харчихсан, машины аваарын дэр нь хий нь гараад дуусаж байсан, тэр үед би осол болоод онхолдсон байна гэж мэдсэн. Хажууд сууж байсан А ах их цус алдсан байсан. Би харахад урд суудал дээр зорчиж явсан талийгаач байгаагүй, би хаалга өшиглөөд онгойлгох гэтэл хөл хөдөлж болохгүй байсан, тэгээд би оролдож байгаад хаалга онгойлгоод буусан, жолооч, жолооны ард бүсээ тайлах гээд орилоод байсан. А ах ухаангүй байсан, машины гадаа би талийгаачийг хайгаад олоогүй, тэгэхээр нь би гар утсаа хайгаад цүнхнээсээ аваад дуудлага өгсөн. Тэгээд ахиад талийгаачийг хайхад машинаас зайтай доошоо харсан байдалтай ухаангүй байсан, цус их гарсан байсан. Дараа нь би А ахыг машинаас гаргасан. Жолооч залуу өөрөө буугаад ирсэн, дараа нь хэсэг хугацааны дараа түргэний эмч ирээд талийгаач Ж эгчийг үзээд нас барсан байна гэж хэлээд бид гурвыг машинаар эмнэлэг рүү аваад явсан.

...Хойд суудал дээр сууж явсан болохоор би болон А ах хамгаалах бүс бүслээгүй, жолооч хамгаалах бүс бүсэлсэн, талийгаач хамгаалах бүс бүслээгүй явж байсан... Миний эрүүл мэндтэй холбоотой 3 сая орчим төгрөгийн хохирол зардал гарсан байгаа, баримт нь одоо байхгүй байна... Жолооч Б******* нь надад учирсан хохирлыг төлж барагдуулсан байгаа, тийм болохоор одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 194 дэх тал/,

-Иргэний нэхэмжлэгч Д.Гын  2025 оны 04 дүгээр сарын 04-ний  өдөр бичгээр гаргасан “...машины эзэмшигч өмчлөгчөөс Голомт банкны цалингийн зээл, кредит картын төлбөр болох 16,813,267 төгрөг гаргуулах...” тухай нэхэмжлэл /3 дугаар хавтаст хэргийн 46-54 дэх тал/,

-Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ч.Уын: “...2024 оны 05 дугаар сарын 11-ний үдээс хойш 15 цагийн үед байх би гэртэй байж байсан чинь манай нөхөр миний гар утас руу залгаад ах зам тээврийн осолд орсон гэнэ гэж хэлсэн. ах манай нөхрийн үеэл эгч Даваасүрэнгийн нөхөр байгаа юм. Тэгээд тухайн өдрөөс буюу зам тээврийн осол гарахаас өмнө ойролцоогоор миний санаж байгаагаар 7 хоногийн өмнө ахад түрээсийн ажил гарвал жолоочоор ажиллуулахаар машиныг манай нөхөр хүлээлгэн өгсөн байсан юм... Би гомдолтой байна, тээврийн хэрэгслийн мөнгийг нэхэмжлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

-Иргэний нэхэмжлэгч Д.Ггийн: “...Б.Ж,  Б., Д.Г нар нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1,244,807 төгрөгийн зардал гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын лавлагааны баримт бичгээр тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 19 дэх тал/,

-Иргэний нэхэмжлэгч Д.Оы: “...Би Булган аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Батбаярын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор улсын дугаартай “Т ” маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлийн болон зах зээлийн үнэлгээг 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар тогтооход шинжээчээр ажилласан. Тухайн үед уг тээврийн хэрэгслийн явах эд ангитай холбоотой эвдрэлийг зөвлөх инженерийн гаргаж өгсөн дүгнэлтийг үндэслэл болгон үнэлгээний эцсийн тооцооллыг гаргасан ба тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг 2024 оны 05 дугаар сарын байдлаар 115.950,000 төгрөг, уг тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээг 84,509,320 төгрөг гэж тус тус тооцоолсон... Тухайн үнэлгээний ажлын хөлс 4,600,000 төгрөг болсныг холбогдох этгээдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 71-72 дахь тал/,

-“Арвижих-Эстимейт” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 15 дугаартай албан бичгийн хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 41 дэх тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 39 дугаартай:

1.2.Талийгаач Ба овогтой Жын цогцост баруун чамархай ясны дунд хэсэгт цөмөрсөн хугарал уг хугарлаас дээш зулай руу чигэлсэн шугаман хугарал, суурь ясны ташуу хугарал, тархины баруун тал бөмбөлгийн цус харвалт, зүүн 1-8-р хавирганы хугарал, бүсэлхийн нурууны L3, L4-р нугалам шахагдаж няцарсан хугарал, нугасны бүрэн тасрал, элэгний баруун дэлбэнгийн няцрал, цус хуралт, баруун, зүүн уушгины дэлбэнгийн цус хуралт, зүүн уушгины урагдал, цээжний хөндийд 200.0-250.0 мл, хэвлийн хөндийд 200.0 мл цус хуралт, толгойн хуйхны дотор гадаргууд зулай хуйх язарч урагдсан шарх, зулай, баруун, зүүн чамархай, дагзны хальсанд хар хүрэн өнгийн цус хуралт, хуйхны доор баруун чамархайгаас зулайн оройн зүүн хэсэг хүртэл гавал ясны хальсанд, баруун, зүүн чамархай, зулай, дагзны хуйханд хар хүрэн өнгийн цус хуралт, зүүн, баруун хөмсөгний дээр зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун гарын бугалга, зүүн гарын тохойн урд, зүүн гарын шууны дотор дээд, гадна дээд хэсэг, зүүн гарын тохойны гадна хэсэгт цус, баруун гарын бугалгад цус хуралт, баруун гуяны гадна дунд, баруун өвдөгний урд, зүүн гуяны дотор, зүүн хөлийн өвдөгний урд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой нэг цаг хугацаанд нэг механизмаар үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

4.Талийгаач Ба овогтой Жын цогцост баруун чамархай ясны дунд хэсэгт цөмөрсөн хугаралтай, уг хугарлаас дээш зулайруу чиглэсэн шугаман хугарал, суурь ясны ташуу хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Тархины баруун тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бүсэлхийн нурууны L3, L4-р нугалам шахагдаж няцарсан хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6- д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Нугасны бүрэн тасрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.7-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн 1-8-р хавирганы хугарал, элэгний задрал, цус хуралт, баруун, зүүн уушгины дэлбэнгийн цус хуралт, зүүн уушгины урагдал, цээжний хөндийд 200.0-250.0 мл, хэвлийн хөндийд 200.0 мл цус хуралдалт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун, зүүн чамархай, дагзны хальсанд улаан хүрэн өнгийн цус хуралт, хуйхны доор баруун чамархайгаас зулайн оройн зүүн хэсэг хүртэл гавал ясны хальсанд, баруун, зүүн чамархай, зулай, дагзны хуйханд хар хүрэн өнгийн цус хуралт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зулай хуйх язарч урагдсан шарх, зүүн, баруун хөмсөгний дээр зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун гарын бугалга, зүүн гарын тохойн урд, зүүн гарын шууны дотор дээд, гадна дээд хэсэг, зүүн гарын тохойны гадна хэсэгт цус, баруун гарын бугалгад цус хуралт, баруун гуяны гадна дунд, баруун өвдөгний урд, зүүн гуяны дотор, зүүн хөлийн өвдөгний урд зулгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Талийгаач Ба овогтой Жын цогцост шинжилгээгээр үхэлд хүргэх архаг, хууч өвчингүй байна.

6.Талийгаач Ба овогтой Ж нь баруун чамархай ясны дунд хэсэгт цөмөрсөн хугарал, зулай руу чигэлсэн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн цус харвалт, бүсэлхийн нурууны L3, L4-р нугаламын шахагдаж няцарсан хугарал, нугасны бүрэн тасрал, зүүн 1-8-р хавирганы хугарал, элэгний баруун дэлбэнгийн няцрал, цус хуралт, баруун, зүүн уушгины дэлбэнгийн цус хуралт, зүүн уушгины урагдал, цээжний хөндийд, хэвлийн хөндийд цус хуралдалт зэрэг хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ. Нас бараад 8-9 цаг орчим болжээ гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 62-67 дахь тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 9813 дугаартай:

1.Б.гийн биед өвчүү ясны их биеийн дээд, доод хэсэг, мөгөөрслөг хэсгийн зөрүүтэй цөмөрсөн хугарал, баруун 4,5,6, зүүн 6,7 дугаар хавирганы зөрүүгүй далд хугарал, баруун эгэм яс ясны бага зэргийн зөрүүтэй далд хугарал, баруун шуу ясны хөндлөн шахагдсан хугарал, зүүн тавхайн куб хэлбэрийн ясны гадна булангийн сэлтэрсэн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, духанд няцарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэ, тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.

3.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 107-109 дэх тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 7873 дугаартай:

1.Д.Гын биед баруун 12-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 135-136 дахь тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Байгалын ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 3555 дугаартай:

1.Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд ирүүлсэн “ 52 эр” гэж хаягласан цуснаас спиртийн агууламж илрээгүй” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 73-74 дэх тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Байгалын ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 3554 дугаартай:

1.Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж  нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд ирүүлсэн “44 эм Ж” гэж хаягласан цуснаас спиртийн агууламж илрээгүй” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 81-82 дахь тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Байгалын ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 3557 дугаартай:

1.Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж  нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд ирүүлсэн “Г 38” гэж хаягласан цуснаас спиртийн агууламж илрээгүй” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 90-91 дэх тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Байгалын ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 3556 дугаартай:

1.Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж  нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд ирүүлсэн “Б******* 35” гэж хаягласан цуснаас спиртийн агууламж илрээгүй” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 98-99 дэх тал/,

-Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 736 дугаартай “...Т ” маркийн улсын дугаартай автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмжөөр үзэх боломжгүй их хэмжээний эвдрэлтэй байгаа тул Шүүх шинжилгээний хуулийн 19.1.6 дугаар заалтыг үндэслэн дүгнэлт гаргах боломжгүй болно...” гэх албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 206 дахь тал/,

-Булган аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Мын тээврийн хэрэгсэлд 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 183-185, 186-191 дэх тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Инженер-Техникийн шинжилгээний газрын Автотехникийн шинжилгээний лабораторийн мэргэшсэн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ЕГ0225/415 дугаартай:

1.Шинжилгээнд ирүулсэн “Т ” маркийн улсын дугаартай автомашины /*0558520РВR2*/ дугаартай АIR ВАG SENSOR-оос мэдээллийг уншуулахад 105 км/цагийн хурдтай явсан байх боломжтой байна.

2.ЕDR-н мэдээллээс ослын өмнө зогсоох арга хэмжээ аваагүй байна. Жолооч ослын 0,65 дахь секундэд тоормос гишгэсэн байна.

3.Асуултад дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 204-205 дахь тал/,

-ШУТИС-ийн Механик Инженер, Тээврийн сургуулийн “Тээврийн салбар”-ын шинжээч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 08/205 дугаартай “Техникийн шинжээчийн”:

1.“Т ” маркийн улсын дугаартай автомашины жолооч Ц.Б******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-р заалт буюу “Тээврийн хэрэгслийн хурдыг ... суурин газрын гадна цагт 80 км....-ээс хэтрүүлэхийг хориглоно”, 3.4 “б”-р заалт буюу "Жолооч ... хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх... үүргийг хүлээнэ” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

2.Хавтаст хэрэгт авагдсан фото зургаас харахад зам тээврийн осол болж байх үед зорчигч Б.Ж нь автомашинаас шидэгдсэн байна. Хамгаалах суудлын бүсийг зааврын дагуу зөв ашигласан тохиолдолд зам тээврийн ослын үед зорчигч автомашинаас шидэгдэн гарах боломжгүй байдаг. Тиймээс “Т ” маркийн улсын дугаартай автомашины зорчигч Б.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.1 "а"-р заалт буюу "Тээврийн хэрэгслээр зорчигч... хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх... үүргийг хүлээнэ" гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

3.EDR-ийн мэдээллээс харахад хамгаалах хийн дэр задрахаас 0.65 секундийн өмнө тоормосны дөрөөн дээр гишгэсэн байна.

5.“Т ” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.Б******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон гэж үзэж байна.

Оролцогч нарын асуултын хариулт:

1.1.Замын нөхцөл байдал осол гарахад нөлөөлөөгүй гэж үзэж байна.

1.3.Зам тээврийн осолд орсон автомашины жолооны механизм болон дамжуулгад үзлэг хийн жолооны хүрд зүүн тийш булааж байсан эсэхийг тогтоох боломжгүй. Харин өнцөгийн жигд хурдтай кардан дамжуулгын (таван бул) гэмтэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй гэж үзэж байна.

1.5.ЕDR-н мэдээлэл нь автомашины жинхэнэ хурдыг тогтоох бөгөөд жолооч Ц.Б******* нь хурдыг хэтрүүлсэн байна гэх дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 3-5 дахь тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1631 дугаартай:

1.Бгийн /РД:/-ийн сэтгэцэд 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна.

2.Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна гэх дүгнэлт /З дугаар хавтаст хэргийн 19-21 дэх тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2251 дугаартай:

1.Бын Ц /РД: РЭ85032306/-ын сэтгэцэд дээрх гэмт хэргийн улмаас уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна.

2.Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна гэх дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 39-41 дэх тал/,

-Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цын өгсөн: “...2024 оны 5 дугаар сарын 11-ний өглөө 9 цагийн үед хамаатны залуу залгасан байсан. Тухайн үед дуудлагыг сонсоогүй. Манай хамаатны залуу над руу залгаад эгчийн талаар яриад осолд орсон юм шиг байна гэж хэлсэн. Ах, эгч 2 хаана байгаа юм гэж хэлсэн. Тухайн үед юу болж байгааг ойлгоогүй. Нөхрөө дуудаад эгчийн талаар ярьсан эгч Булган явна гэж ярьж байсан гэж хэлсэн. Эргэж залгаад асуухад утасны дугаар олж өгье гэж хэлсэн. Нэг мөрдөгчийн дугаарыг өгсөн. Тухайн дугаар луу залгахад авахгүй байсан. Тэгээд би ээж, аав руу явсан. Дахиад 1 хүний утасны дугаар өгсөн. Тэгээд залгаад асуусан чинь бид нар Булган аймаг өнгөрөөд явж байгаад аваарт орчихлоо гэсэн. Тэгэхээр нь эгч яасан бэ гэсэн уйлаад юм ярьж чадахгүй байсан. Эгч амьд юм уу гээд асуусан чинь газар дээрээ өнгөрчихлөө гэж хэлсэн. Тэгж сонссоныхоо дараа граш руу буугаад машинаа бариад ээж, аав руу явж байхад ээж над руу яриад орилоод байсан. Би юу гэж хэлэхээ мэдээгүй байсан. Тэгээд ээж аав 2 дээрээ очсон. Ээж, аав хоёрыг Улаанбаатар хотод авчраад цогцсыг авчрах гээд Булган аймаг руу гарсан. 9 цагийн үед Булганд ирсэн. Эрдэнэбаатар гэдэг байцаагч цагдаа дээр ирж мэдүүлэг өгчхөөд яваарай гэж хэлсэн. Тухайн үед намайг хохирогчоор тогтоогоод надаас мэдүүлэг авсан. 2 цаг мэдүүлэг өгсөн. Манай гэрт маш их хүмүүс ажил явдлаар ирж эмгэнэл илэрхийлсэн. Тухайн үед хамт явж байсан хүмүүс эмгэнэл илэрхийлээгүй. Ямар хүмүүстэй явж байсныг нь мэдээгүй. Б******* өөрөө ч яриагүй. Нэг танихгүй хүнээр ээж рүү яриулсан. Сүүлд ээжтэй уулзахдаа хоригдох юм байна гэдэг байдлаар ярьсан нь надад муухай санагдаж байсан...” гэх мэдүүлэг,  

-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.гийн өгсөн: “...Би 2024 оны 5 дугаар сарын 8-ны өдөр дүүгийнхээ машиныг гуйгаад авсан байсан. Тэгээд зарын дагуу талийгаачтай танилцсан. 5 дугаар сарын 10-ны өглөө над руу талийгаач ярьсан. 12 цагийн үед намайг хүрээд ирээрэй гэж хэлсэн. Сонгуулийн ажлаар ******* аймаг руу явах гэж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд бид 2 тохиролцсон. Надад танилцуулахдаа өнөө шөнөжингөө явсаар байгаад ******* аймаг руу явна шүү гэж хэлсэн. Хотоос хөдлөхөд 24 цаг болж байсан. Өглөө 06 цагийн үед аймагт ирж хүнээ буулгасан. Тухайн эмэгтэй буугаад ачааг нь би буулгаж өгсөн. Би ороод хүүхдээ гаргаад ирье гээд яваад орсон. Тэгээд би хараад зогсож байсан чинь чи хамжаад оруулаад өгөөч гэж хэлсэн. Гэрт нь оруулчхаад гарч ирэхэд Б******* миний суудал дээр суучихсан байсан. “За явах уу”  гэсэн Б******* намайг “хойшоо суучих” гэж хэлсэн. Талийгаач юм хэлсэн. Тэгэхдээ сайн сонсоогүй. Би дуугуй хойшоо ороод суусан. аймгаас хөдлөөд явахдаа бүс бүслээрэй гэж хэлсэн. Газрын уруу 100 км хүрээд тэгээд 90 км багцаа явж байсан. Миний духнаас цус гоожиж байсан. Сэтгүүлч Г эмэгтэй амьд уу гэсэн. Ямар ч гэсэн хүмүүс зүгээр үү гэсэн Б******* зүгээр байна гэж хэлсэн. Хүмүүсээ танихгүй байсан. Тэгж байсан Булган аймгийн Онцгойгийн нэг залуугаас талийгаачийг нас барсан байна гэж  сонссон. Өөрөө их шаналсан. Би ухаан ороод Б*******ыг гайгүй юу гэсэн рүүл маань булаагаад гэнэт ингэчлээ гэсэн. Тэгэхээр нь үүрэглэсэн үү гэсэн чинь тэгсэн юм шиг байна гэсэн. Цус их гоожиж байсан болохоор их даарсан. Удаагүй эмч ирээд аваад явсан. Эмнэлэг дээр ирээд цусаа тогтоолгоод гараа боолгосон. Машинаа бариад явчих сонирхол байсан. Санаандгүй юм болсон их харамсаж байна...” гэх мэдүүлэг,

-Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч С.М: “...Энэ төхөөрөмж нь 2024 онд орж ирсэн. Албан ёсны лицензтэй, Монгол улсад ашиглах стандарттай төхөөрөмж байгаа. 2024 оноос хойш Монгол улсад EDR төхөөрөмжөөр дүгнэлт гаргаж эхэлсэн. Энэ төхөөрөмж тухайн агшны 5 секундэд үнэн зөв мэдээллийг авч болно. EDR гэдэг гэсэн үг нь Зам тээврийн ослыг бичигч гэсэн үг. Монгол улсын Шүүх шинжилгээний ерөнхий газар тусгай зөвшөөрөлтэй ашигладаг. MNSISO12353123 стандартын дагуу гаргасан. EDR тухайн тээврийн хэрэгслийн хамгийн аюулгүй газар байрладаг. EDR төхөөрөмж осол болоход хамгийн сүүлийн мэдээллийг хадгалдаг гэж ойлгож болно. Моторын эргэлт бүрэн бичигддэг тул буруу бичигддэг гэсэн алдаа байхгүй...” гэв.

-Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Н.М: “...Бид нарын дүгнэлт EDR-тай холбоогүй. Өмнөх шинжээч тодорхой хэлсэн. EDR зөвхөн хаазны болон тоормосны дөрөөн дээр гишгэсэн мэдээллийг сүүлийн секундийн хугацаагаар гаргаж ирдэг. Замын хөдөлгөөний тухай венийн конвенц гэж байдаг. Монгол улс уг конвенцод нэгдэн орсон. Уг конвенцид нэгдэн орсон улс нь тухайн үйлдвэрлэгчийн стандартын дагаж мөрдөх ёстой. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм нь 2018 онд батлагдсан байх. EDR төхөөрөмж нь сүүлд орж ирж байгаа. Тухайн төхөөрөмжийн үйлдвэрлэгч орны нэгдэн орсон конвенцоор дагах ёстой. Авто машины хувьд 3 цэгийн суудлын бүсийг суулгасан байсан. 3 цэгийн суудлын бүсийг зөв ашигласан тохиолдолд суудлаасаа гарч шидэгдэх боломжгүй. Тээврийн хэрэгслийн зорчигч замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэж дүгнэлтдээ тусгасан. Тээврийн хэрэгслийг туулж өнгөрүүлсэн цаг/км-ээр дундаж хурд гарна. Тухайн зам тээврийн осол гарахад явсан хурд гэж үзэж болохгүй гэв...” гэв.

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б*******ын өгсөн: “...Ийм зүйл болсонд харамсаж байгаа. Намайг 7 хоног яваад өгөөч гуйсан. Би мөнгөгүй юм чинь яах юм бэ гэсэн. Тухайн өдөр хувьцаа маань зарагдсан. Эхнэр намайг орой явж яах гээд байгаа юм гэсэн. Намайг оройны 10 цагт очиж авсан. Улаанбаатараас гарахдаа надаар бензин хийлгэсэн. Бид нар нэг, нэг  ус авсан. А ах ачаа буулгаад би гарч тусалсан. Би хойно нь суучихсан байсан. Тэгсэн амь хохирогч намайг машиныг барьчих гэж хэлсэн. Амь хохирогч ахыг хэсэг амарчих гээд надаар машин бариулсан. Булган аймгаас хөдлөхдөө би бензин хийсэн. Түлүүгийн даваа хэсэг дээр би Уньт өнгөрөөд явж байсан хажуу тийшээ гараад унасан Эрдэнэтээс гарахад ахад жолоо булааж байсан гэж хэлж байсан...” гэв.

                                                                                     зэрэг нотлох баримт болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн эцэслэн шийдвэрлэх хангалттай байна.

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт:

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Н.Б******* нь өөрийн сонгон авсан өмгөөлөгч А.Ариунаагийн хамт шүүх хуралдаанд оролцсон болно.

1.4.Эрх зүйн дүгнэлт:

Шүүгдэгчийн буруугийн талаар талуудын хууль зүйн дүгнэлт:

Улсын яллагч: “...Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Б******* нь 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн сумын 1-р баг, ******* гэх газарт маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэх заалтыг зөрчсөний улмаас, тээврийн хэрэгсэл замаас гарч онхолдон, тус тээврийн хэрэгслийн зорчигч болох 44 настай, эмэгтэй, Б.Жын амь нас хохирч, 38 настай, эмэгтэй Д.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол, 51 настай, эрэгтэй, Б.гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан болох нь шүүхийн хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэлэлцүүлэгдсэн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай. Гэмт хэргийн улмаас Ж нас барсан. Түүний хууль ёсны төлөөлөгч тодорхой баримтуудыг гаргаж өгсөн. Нийт 12,898,000 төгрөгийг хохиролд тооцсон. Үүнээс 10,000,000 төгрөгийг шүүгдэгч нь төлж барагдуулсан. Үлдэгдэл 2,298,000 төгрөгийг төлөөгүй байна. Хохирогч гийн хувьд эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй. Шүүхийн шатанд 6,600,000 төгрөгийг нэхэмжилж баримтыг гаргаж өгсөн. Үүнээс шүүгдэгч нь 500,000 төгрөгийг төлсөн байх тул 6,100,000 төгрөг төлөгдөөгүй байна. Иргэний нэхэмжлэгч Д.Г нь 16,813,267 төгрөгийг нэхэмжилсэн. Тус нэхэмжлэлийг иргэний шүүхээр шийдвэрлүүлэхийг нээлттэй үлдээх саналтай. Иргэний нэхэмжлэгч Ч.У нь тээврийн хэрэгслийн хохирол болох 84,509,320 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнийг төлөөгүй. Иргэний нэхэмжлэгч “Арвижих- Эстимейт ХХК-ийн үнэлгээний зардал 4,600,000 төгрөгийг нэхэмжилсэн төлөгдөөгүй. Хохирогч болон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Б.гийнх 2 дугаар зэрэглэл, Цынх 3 дугаар зэрэглэл гэж тогтоогдсон байгаа…” гэв.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: “…Амь хохирогчийн хувийн байдлын талаар яръя. 2001 онд Монгол Улсын Их Сургуулийн эрх зүйн танхимыг төгссөн байдаг. Нэгэн төгсөлтийн нэг үеийнх хүн би байгаа. Амь хохирогч 3 охинтой байсан. 1 охин нь насанд хүрсэн. 2 охин нь ээжийнхээ асрамжид байсан нөхцөл байдал байдаг. Б******* анх мэдүүлэхдээ зүүрмэглэсэн гэж мэдүүлдэг. Дараагийн мэдүүлэгтээ би зүүрмэглээгүй машин буруутай гэж мэдүүлэг өгдөг. Өнөөдөр ч гэсэн та энэ мэдүүлэг өгсөн үү гэхэд өгөөгүй гэж хариулж байна. Шүүгдэгч энэ хэрэгт хандсан шигээ хохирогчийн ар гэрт ингэж хандсан. Би 180 км замыг 2 цагийн хугацаанд туулсан гэж хариулдаг. Шүүгдэгч нь хурд хэтрүүлж явж байсан нь харагдаж байна. Нөгөө талын урсгал руу орж байгаа нь өөрийнх буруутай үйлдэл. Шүүгдэгч руль булааж байгаа талаар ярьдаг. Руль булааж байгаа нөхцөл байдал аймгаас гарахад байсан бол би барихгүй гэж хэлэх боломж 180 км замын турш байсан байна. Шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэж харж байна. Шүүх хуралдааны явцад амь хохирогчийн буяны зардалд 22,500,000 төгрөгийг өгөхөө хүлээн зөвшөөрөхөө илэрхийлж тайлбарлалаа. Нэхэмжлэлийн зарим баримтыг “И-Баримт”-аас “screenshot” хийж авсан байгаа. Энэ баримтыг шүүх үнэлж дүгнээсэй. Мөн шүүгдэгч энэ нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч байгааг шүүх ач холбогдол болгоосой гэж хүсэж байна. Өнөөдөр амь хохирогчийн 2 охины сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох байсан. Тэгэхдээ тогтоогоогүй. Яагаад гэвэл 2 охиныг аав дээр байгаа гэдэг үндэслэлээр тогтоогоогүй. Гэм буруугийн хувьд захиргааны хэм хэмжээг зөрчиж байгаа. Шүүгдэгч Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү…” гэв.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ч.У, хохирогч Б. нарын өмгөөлөгч: “...Шүүгдэгч Б*******ын анхны гэрчээр өгсөн мэдүүлэг дээр зүүрмэглээд осол гарсан гэдэг. Сүүлдээ руль булааж байсан гэж мэдүүлж байгаа. Руль булааж эсрэг урсгал руу ороод 500 метр явсан байгаа. Хэрвээ руль булааж байсан бол зогсоох арга хэмжээ авах боломж байсан. Гэрч Г Б******* өөрөө суусан гэж мэдүүлдэг. Гэтэл шүүгдэгч нь би өөрөө суугаагүй гэж зөрүүтэй мэдүүлэг өгдөг. 180 км явсан гэж байгаа. аймагт 5 цаг 30 цаг минутад ирсэн. Тэгээд 40 минут болоод гарсан байх гэж мэдүүлдэг. Ослын дуудлагыг 8 цаг 20 минутад өгсөн байдаг. Б******* нь аймгаас осол гарсан газар хүртэл 1 цаг 50 минут явсан байна. Тээврийн хөдөлгөөний шинжээч хурд хэтрүүлж замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна гэж дүгнэлт гаргасан байдаг. Б******* хурд хэтрүүлсний улмаас дээрх осол гарсан. ий хувьд хавирга нь хугарч хүндэвтэр гэмтэл авсан байдаг. Иргэний нэхэмжлэгч Уод анх хохирлыг төлнө гэж байгаад сүүлдээ шийдвэр гарахаар болно гэж хэлсэн. Иргэний нэхэмжлэгч Уод 84,509,320 төгрөгийн хохирол учирсан байдаг. Үүнийг төлөөгүй байгаа. Тээврийн хэрэгслийн эзэмшигч У мөн. Хохирогч нь аман гэрээ хийгээд аваад явсан. Амаиртүвшингийн зөвшөөрөлгүй Б******* машиныг унасан. Тэгэхээр Б******* тухайн учирсан хохирлыг төлөх ёстой юм байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тийм учраас шүүгдэгч Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна…” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “…Б*******ын өмгөөлөгчөөр мөрдөн шалгах ажиллагаанаас хойш хууль зүйн туслалцаа үзүүлж ирсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтууд эргэлзээтэй байх тул түүнийг гэм буруутайд тооцох боломжгүй гэсэн байр суурьтай оролцож байна. Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсанаар нэгдүгээрт нь хамгаалах бүсээ хэрэглээгүй зорчигч, хоёрдугаарт нь хурд хэтрүүлсэн гэдэг үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдал зайлшгүй нотолсон байх ёстой. Цаг минутын хувьд маш нарийн тодорхойлох ёстой байсан. Зорчигчийн хамгаалах бүсээ зүүгээгүй нь хэний буруутай үйлдэл юм. Хурд хэтрүүлсэн нь юугаар тодорхойлогдож байгаа нь тодорхой байх ёстой. Тийм учраас бид нар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч, гэрч нараас асуугаад байгаа. Замын хөдөлгөөний аюулгүйн байдлын эсрэг гэмт хэрэг болгоомжгүй байдлаар үйлдэгдссэн байдаг. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг тодорхойгүй. Өмчлөгч, эзэмшигч хариуцагч нар нь тогтоогдоогүй. М, У нар машиныэзэмшигч нь бол иргэний хариуцагч мөн. Иргэний нэхэмжлэгч болоод хариуцагч 82,000,000 төгрөг гэж байгаа. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.” гэж, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан байна. Хэн нь иргэний нэхэмжлэгч хэн нь иргэний хариуцагч гэдгийг тогтоогоод өгөөч гэж залхтлаа хэллээ. бол тээврийн хэрэгслийн өмчлөгч мөн. Тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч хариуцах үүрэгтэй. Б******* хариуцах зүйл байхгүй. Прокурорын яллах дүгнэлтэд хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигчийг тээвэрлэхгүй байх үүргийг хэн хүлээж байгаа юм. Шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр би энэ машиныг Маас аваад амь хохирогчтой тохиролцоод сонгуулийн ажлаар өдрийн 250,000 төгрөгийн цалин авахаар аман гэрээ хийсэн. аймаг хүртэл зорчигч хамгаалах бүс зүүсэн эсэхийг хариуцах ёстой байсан. аймгаас Б******* машиныг шилжүүлэн авсан. Б******* шаардлага тавих боломж байсан уу. Арын хүмүүс бүс зүүсэн байсан эсэхийг тогтоох ёстой байсан юм биш үү. Бүс зүүх нь зорчигчийн үүрэг. Энэ шинжээчийн тайлбараар батлагдаж байна. Зүүгээгүй байсныг мэдэх боломжтой эсэхийг тогтоогоогүй. Хамгаалах бүс зүүгээгүй зорчигчийг Б******* хүлээх үү үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. энэ үүргийг хүлээж явсан. зүүсэн гэж хэлдэг. Гэтэл зүүсэн хүн осол гарахад яагаад зүүгээгүй болчихдог юм. Эхнээсээ хамгаалах бүсээ зүүгээгүй байна. Шинжээч нарын тухай яръя. Техникийн шинжээч нарын хувьд Шүүх шинжилгээний тухай хуулийн 14.5 дугаар зүйлд Лабораторид хийгдэх шинжилгээг стандартын шаардлага хангасан техник, тоног төхөөрөмж бүхий орчинд хийнэ гэж заасан. 14.6 дугаар зүйлд Шинжилгээний техник, тоног төхөөрөмж бүхий лаборатори нь магадлан итгэмжлэгдсэн байна. 14.1 дүгээр зүйлд Шинжээч хүлээн авсан шинжилгээний объектыг гэрэл зураг болон бусад арга хэрэгслээр бэхжүүлсний дараа батлагдсан шинжилгээ хийх үйл ажиллагааны стандарт, журмын дагуу шинжилгээ хийнэ. Шинжилгээ хийж байгаа лабораториор магадлан итгэмжлэгдсэн юм уу, үгүй юм уу. Өнөөдөр ЕDR нотлох баримтаар үнэлэх ямар боломжгүй байгаа. Аль лабораторид хэрхэн яаж уншуулж байгааг заасан байх байтал заагаагүй. Шинжээч ар талыг хараач гэж байсан. Ар талд нь англиар бичсэн байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөвхөн Монгол хэлээр явна. Тийм учраас шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаас хасуулах саналтай байна…” гэв.

Шүүгдэгч Н.Б******* нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа тээврийн хэрэгслийн хурдыг Замын хөдөлгөөний дүрэмд заасан хэмжээнээс хэтрүүлэн явсны улмаас зам тээврийн осол гаргасан үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл байхын зэрэгцээ тэрээр Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч зам тээврийн осол гаргаж, зорчигч Д.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Жын амь нас хохирсон хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Эрүүгийн хэрэгт шүүгдэгч Н.Б*******ын жолоодож явсан “Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох, жолооч зогсоох арга хэмжээ авсан эсэх” талаар Шүүх шинжилгээний ерөнхий газрын Инженер-Техникийн шинжилгээний газрын Автотехникийн шинжилгээний лабораторийн мэргэшсэн шинжээч С.Мгийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр  ЕГ0225/415 дугаартай дүгнэлт гарсан байна /2 дугаар хавтаст хэргийн 204-205 дахь тал/.

Шинжээч шинжилгээний обьектийг Шүүх Шинжилгээний ерөнхий газрын Инженер-Техникийн шинжилгээний газрын Автотехникийн шинжилгээний лабораторид 2025 оны 03 дугаар сарын 25-наас 2025 оны 04 дүгээр сарын 01-ний хооронд явуулжээ.

Шинжээч шинжилгээний үр дүнг дүгнэлтдээ тусгасан байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт дүгнэлт гарсан үндэслэл аргачлалаа тайлбарласан.

Зам тээврийн осол, хэрэг гарсан шалтгааныг тогтоох талаар ШУТИС-ийн Механик Инженер, Тээврийн сургуулийн “Тээврийн салбар”-ын эрхлэгч, ахлах багш, багш нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 08/205 дугаартай “Техникийн шинжээчийн дүгнэлт” хэрэгт авагдсан байна /3 дугаар хавтаст хэргийн 3-5 дахь тал/.

Тус шинжилгээг ШУТИС-ийн Механик Инженер, Тээврийн сургуулийн “Тээврийн салбар”-ын эрхлэгч, ахлах багш, багш нарын бүрэлдэхүүнтэй гаргасан байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шинжээч Н.М дээрх дүгнэлтийг шинжээч нар санал нэгтэй гаргасан болохоо илэрхийлж, дүгнэлтийн үндэслэл аргачлалаа тайлбарласан.

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан байх бөгөөд шинжээчийн дүгнэлт бүрэн бус, үндэслэлгүй, үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул нотлох баримтаар үнэлж, шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр  ЕГ0225/415 дугаартай дүгнэлт, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн гаргасан “Техникийн шинжээчийн дүгнэлт” -ийн зарим хэсгийг нотлох баримтаас хасуулах тухай шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунаагийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзсан болно.

Тээврийн хэрэгсэл осолд орох үеийн хурдыг зорчигч нарын мэдүүлэгт дурдсан “нийт туулсан замд зарцуулсан цаг минут”-д үндэслэн тооны аргаар тогтоох боломжгүй, энэ аргачлалаар тухайн тээврийн хэрэгслийн дундаж хурд тогтоогдох магадлалтай  бөгөөд үүнийг осол гарах үеийн хурд гэж дүгнэхгүй, харин тээврийн хэрэгсэлд үйлдвэрлэгчийн тавьсан төхөөрөмжийг ашиглан Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын лабарторид тусгай мэдлэгийн хүрээнд  хийсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, энэ нь осол болохоос өмнөх 5 секундийн хугацааны “тээврийн хэрэгслийн хурд, жолоочийн үйлдэл”-ийг тогтоосон талаарх шинжээч нарын дүгнэлт, мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Дээр дурдсан шинжээч нарын дүгнэлтээр шүүгдэгч Н.Б******* нь “ 200” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэх заалтыг зөрчсөн болох нь нотлогдсон байна гэж дүгнэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохирсон” гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд өөр гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт  зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Н.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлгийн эцэст шүүгдэгч Н.Б******* “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болохоо илэрхийлсэн...” болохыг тогтоолд тэмдэглэв.

1.5.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тодорхойлжээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн...”-ийг ойлгоно гэж тодорхойлсон.

Шүүгдэгч Н.Б******* нь аймгийн нутагт дэвсгэрээс 200” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож эхэлснээр хууль зааснаар жолоочийн үүрэг хүлээх эрх зүйн дагавар үүснэ.

Шүүгдэгч Н.Б******* нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хориглосон заалтыг зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас нэг  хүний эрүүл мэндэд хөнгөн, нэг хүний эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол, нэг хүний амь хохирсон хохирол болон бусдын эд хөрөнгөд хор уршиг учруулсан байх тул Иргэний хуулийн 230, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3 заалтад заасныг тус тус баримтлан гэм хор, хохирол, иргэний нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:

1.5.1.Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цаас амь хохирогчийг оршуулахтай  холбогдон гарсан зардалд 22,805,878 төгрөг нэхэмжилж, баримтыг мөрдөгчид гаргаж өгсөн байна.

Нэхэмжлэлтэй холбоотой баримтыг шинжлэн судлаад хуульд заасан шаардлага хангасан “үнэлгээний төлбөр” 118,000 төгрөг, “Хайрхан шүтээн буян” ХХК-д буяны үйлчилгээнд төлсөн зардал 7,880,000 төгрөг, Гандантэгчэлэн хийдийн “Бадма-Ёго” дацанд буяны үйлд зарцуулсан 6,780,000 төгрөгийг нийт 14,778,000 төгрөгийг /2 дугаар хавтаст хэргийн 3-5 дахь тал/  шүүгдэгч Н.Б*******аас гаргуулж Б.Цад олгуулах.

Бусад зардалтай холбоотой 1 дүгээр хавтаст хэргийн 235-250 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 1-2 дахь талд авагдсан 23 ширхэг 8,027,878 төгрөгийн үнийн дүн бүхий баримт нь хуулбар хувь буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө...” гэх шаардлагыг хангахгүй, шүүхийн хэлэлцүүлэгт Б.Цын тайлбарласнаар түүний “И/Баримт”-ын сисиемд  үзлэг хийн зардлыг тооцох боломжгүй тул хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд зааж шийдвэрлэв.

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ЕГ0825/2251 дугаартай “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох” шинжилгээ хийсэн дүгнэлтэд “...Б.Цын сэтгэцэд гэмт хэргийн улмаас уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна...” гэжээ /3 дугаар хавтаст хэргийн 39-41 дэх тал/.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын 3.3-т Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно”, 3.4-т Энэ хэсгийн 3.3-т заасан хэмжээ нь хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн болон нөхөн төлбөрийн дээд хязгаар буюу “100 хувь” болно. Иймд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан эмгэгийг таван зэрэглэлд ангилсан шалгуурын дагуу хувьчилж, хор уршгийн нөхөн төлбөрийн мөнгөөр илэрхийлэгдэх дээд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөс тооцох үндсэн аргачлалыг баримталсан. Сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу 1-р зэрэглэл 0-3%, 2-р зэрэглэл 4-8%, 3-р зэрэглэл 9-15%, 4-р зэрэглэл 15-30%, 5-р зэрэглэл 31-99% гэж тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээс нөхөн төлбөрийн хэмжээг хувьчлан тус тус тооцно (Хүснэгт) гэх аргачлал баталсан.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 12 дугаартай тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цагт 3929 төгрөг буюу сард 660,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоожээ.

Иймд Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийсэн дүгнэлт, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “жишиг аргачлал”-ын 3.3, 3.4-т заасныг үндэслэн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цын сэтгэцийн хор уршгийн хэмжээг “гуравдугаар зэрэглэл 15 хувь” гэж тогтоон гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учрах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэн /99,000,000/ дүнгээс нөхөн төлбөрийн хэмжээг 15 хувиар тооцон 14,850,000 төгрөгийг шүүгдэгч Н.Б*******аас гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цад олгуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Б*******аас амь хохирогчийг оршуулахтай холбогдсон зардал 14,778,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршиг 14,850,000 нийт 29,628,000 төгрөг гаргуулахаас шүүхийн өмнөх шатанд шүүгдэгчийн нөхөн төлсөн, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц хүлээн авсан болохоо илэрхийлсэн /бичгийн баримтгүй/ 10,000,000 төгрөгийг хасаж тооцон, үлдэх 19,628,000 гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цад олгуулахаар шийдвэрлэв.

1.5.2.Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 05-ний өдрийн 1631 дугаартай “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох” шинжилгээ хийсэн дүгнэлтэд “...Б.гийн   сэтгэцэд 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэжээ /3 дугаар хавтаст хэргийн 19-21 дэх тал/.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын 4 хэсэгт заасан аргачлалаар  “хоёрдугаар” зэрэглэлд сэтгэцийн хор уршиг 4-8 хувь гэж тооцон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл тооцож нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохоор тус тус заажээ.

Иймд Б.д гэмт хэргийн улмаас хохирол хор уршгийг 2 дугаар  зэрэглэлд  тооцон, хор уршиг учрах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 8 дахин нэмэгдүүлэн 5,280,000 төгрөгийг шүүгдэгч Н.Б*******аас гаргуулах үндэслэлтэй байна.

Үүнээс шүүхийн өмнөх шатанд шүүгдэгчийн нөхөн төлсөн, хохирогч хүлээн авсан болохоо  илэрхийлсэн /бичгийн баримтгүй/ 500,000 төгрөгийг хасаж тооцон үлдэх 4,780,000 төгрөгийг шүүгдэгч Н.Б*******аас гаргуулж хохирогч Б.д олгуулахаар шийдвэрлэв.

Хохирогч Б.гээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн “эмчилгээ хийсэн зардал”-тай холбоотой 6,600,000 төгрөгийн нэхэмжлэл бүхий баримт нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан “...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах...” зэрэгт зарцуулсан зардал болохыг нотлох баримтгүй зөвхөн “худалдан авалт хийсэн”-тэй холбоотой баримт байх тул нэхэмжлэлийг тооцон шийдвэрлэх боломжгүй гэж үзэн хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх холбогдох баримтыг  бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж шийдвэрлэв.

1.5.3.Иргэний нэхэмжлэгч Д.Гаас “...осолд орж, ажил хийх боломжгүйгээс шалтгаалан зээлийн эргэн төлөлтөө хийж чадахгүй байгаа тул машины эзэмшигч өмчлөгчөөс “Голомт” банкны цалингийн зээл, кредит картын төлбөр болох 16,813,267 төгрөг нэхэмжлэх...”-тэй холбоотой баримтыг судлахад Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан “хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого”-той холбоотой нотлох баримт хангалттай бус байх тул энэ хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэн, хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхтэйг зааж шийдвэрлэв.

1.5.4.Иргэний нэхэмжлэгч Ч.У нь зам тээврийн осолд орсон авто машины өмчлөгч болох нь Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 44 дэх тал/, Тээврийн хэрэгслийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 108 дахь тал/ зэрэг баримтаар тогтоогдож байх бөгөөд тус тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нэхэмжилжээ.

“Арвижих-Эстимейт” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 06 сарын 13-ны өдрийн 24/613 дугаартай дүгнэлтээр улсын дугаартай “Toyota Criuser 200” маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээ 84,509,320 төгрөг болохыг тогтоожээ.

Эрүүгийн хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох  баримтаар тээврийн хэрэгслийн өмчлөгч Ч.У, түүний гэр бүлийн гишүүн н.М, хохирогч Б., амь хохирогч Б.Ж, шүүгдэгч Н.Б******* нарын хооронд “Toyota Criuser 200” маркийн тээврийн хэрэгслийг эзэмших ашиглах, түрээслэх, зорчигч тээвэрлэх, хөлс төлөх, тээврийн хэрэгсэл ашиглаж олох орлого, гарах эрсдэл, үүрэг хариуцлага, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл зэргийг  хэн хэрхэн хариуцах талаарх нотлох баримт хангалттай бус байх тул нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэн хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч Ч.У нь дээрх харилцаатай холбоотой нотлох  баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй зааж шийдвэрлэв.

1.5.5.Гэмт хэргийн улмаас амь хохирогч Б.Ж 65,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Д.Г 272,979 төгрөгийн, хохирогч Б. 971,828 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас иргэний нэхэмжлэгчээр тус газрын Эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Гг томилжээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр заасныг баримтлан дээрх дурдсан хүмүүсийн эрүүл мэндийн даатгалын сангаас авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг холбогдох баримтад үндэслэн  тооцож,  1,309,807 төгрөгийг шүүгдэгч Н.Б*******аас гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.

1.5.6.“Арвижих-Эстимейт” ХХК-ийн шинжээч Д.О “Toyota Criuser 200” маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээг тогтоох шинжээчээр ажиллан, ажлын хөлс 4,600,000 төгрөгийг нэхэмжилжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал дараахь зардлаас бүрдэнэ”, тус хэсгийн 1.1 дэх заалтад “шинжээчид төлөх зардал” хамаарахаар заасан. Мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж заасан болно.

Иймд хэрэгт авагдсан Шинжээчийн дүгнэлт, “Арвижих-Эстимейт” ХХК-ийн 2024 оын 11 дүгээр сарын 05-ны өдрийн 15 дугаартай албан бичгийн хуулбар, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг зэргийг үндэслэн шүүгдэгч Н.Б*******аас 4,600,000 төгрөгийг гаргуулж шинжээч, иргэний нэхэмжлэгч Д.Од олгуулахаар шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Н.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болон, түүнээс хохирол, төлбөр гаргуулахаар шийдвэрлэснийг уншиж танилцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлөх” талаар санал байгаа эсэхийг тодруулахад шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунаа “...хохирлыг нөхөн төлөх зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг завсарлуулах эсэхийг шүүгдэгчтэй зөвлөлдөх...” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч зөвлөлдөх боломжоор хангасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүх хуралдааныг үргэлжлүүлэх” санал гаргасан тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэн болно.

Шүүгдэгч Н.Б*******ын өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруугийн талаар хууль зүйн дүгнэлт гаргах явцдаа “...амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 3,000,000 төгрөгийг төлөхөөр бэлнээр авчирсан...” болохоо илэрхийлж байсан болохыг дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1.Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч Н.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дараах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Б*******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь эргэлзээтэй байна гэж үзэж байна. Түүний өмгөөлөгч, шүүгдэгч хоёрын санал зөрчилдөж байна гэж үзэж байна. Тиймээс шүүгдэгч Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна...” гэв.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: “...Улсын яллагчийн байр суурийг дэмжиж байна. Б*******ын хувьд энэ хэргийг үйлдсэнээс хойш нэг удаа хүнээр дамжуулж ар гэртэй нь холбогдсон. Гэмт хэрэг үйлдсэн этгээд түүнийгээ ухамсарлаж байгаа байдал гэм буруугаа нөхцөл байдал, талийгаачийн ар гэрийнхэн хэцүү үед ядаж 1 удаа холбогдоод уучлалт гуйчихгүйдээ гэсэн зүйлийг хэлдэг. Шүүх  гэм буруутайд тооцох хүртэл хүлээн зөвшөөрөхгүй байж байгаад өнөөдрийн нөхцөл байдалд хүрч байна. Тийм учраас улсын яллагчийн саналыг дэмжиж оролцож байна...” гэв.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ч.У, хохирогч Б. нарын өмгөөлөгч: “...Анх осол гарснаас хойш шүүгдэгч Б******* нь машины эзэн болох Мад хохирлыг төлнө гэж итгэл төрүүлсэн байдаг. гийн хувьд сэтгэл санааны хохирол гарлаа. Шүүх хуралдааны явцад шүүгдэгч Б*******ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэж байна. Тийм учраас улсын яллагчийн саналыг дэмжиж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч “... Эрүүгийн хариуцлагыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзэж оногдуулдаг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн үйлдлийн улмаас болгоомжгүй үйлдэгдсэн гэмт хэрэг байна. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж үзэх нь зүйтэй байна. Б******* нь тодорхой эрхлэх ажилгүй, эхнэр М******* нь тодорхой эрхэлсэн ажилгүй байдаг. 3-10 насны 3 хүүхэдтэй. Энэ 5 ам бүлийг тэжээн тэтгэх үүрэг нь зөвхөн Б*******ын үүрэг. Шүүгдэгчийн өөрийнх нь биеийн байдал маш муу. Хүнд ажил эрхлэх боломжгүй. Б******* нь битүү өртэй хүн байгаа. Хохирол хор уршгийн талаар оршуулгын зардалд 10,000,000 төгрөг өгснийг хүлээн зөвшөөрсөн. Төлөгдөөгүй үлдсэн 3,000,000 төгрөгийг авчирсан байгаа. Сэтгэцэд учирсан хор хохирлыг төлөхөөс илэрхийлж байгаа. Эрүүл мэндийн даатгалын санд төлөх 1,309,807 төгрөгийг шүүхийн дансанд хийж болох уу гэсэн байдалтай байна. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлөхөөр авчирсан байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж байна.

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Харамсаж байна гэдгээ илэрхийлж байна. Гэтэл яагаад гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гээд байгаа юм. Улсын яллагч, амь хохирогчийн өмгөөлөгч хоёрыг гайхаж байна. Шүүгдэгч гэм буруугаа дахин дахин хүлээн зөвшөөрч байгаа. Хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал санаатай үйлдэгдсэн гэмт хэрэг биш. Шүүгдэгч өөрөө ч гэсэн хохирсон байгаа. Энэ нөхцөл байдлыг харгалзаж үзэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзээсэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг нь сонгох санкцитай байгаа. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оноож өгнө үү. Хор уршгийн асуудал зарим нь иргэний журмаар явагдах байх. Хорихоос өөр төрлийн ял оноож өгнө үү. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг багасгаж өгөөч...” гэв.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: “...Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна…” гэв.

Хохирогч: “...Миний тухай их харамсаж байгаа. Хохирлыг барагдуулаасай…” гэв.

Шүүгдэгч: “…Би гомдлыг барагдуулна. Хөнгөн ял шийтгэл оноож өгөөч. Манай эхнэр хүүхдүүдээ хараад би гадуур ажил хийдэг. Гэм хорыг бүгдийг хүлээн зөвшөөрч байна. ах мөнгө хэрэгтэй гэсэн бол олоод өгөх байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Бүх хохирлыг төлнө…” гэв.

2.2.Эрүүгийн хариуцлага:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 196 дахь тал/, жолоодох эрхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 197 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 198 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 199 дэх тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 200 дахь тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 201-202 дахь тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 203 дахь тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 204 дэх тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Н.Б*******ын хувийн байдлыг тодорхойллоо.

Шүүгдэгч Н.Б*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан  “учирсан хохирлын зарим хэсгийг төлсөн” зэргийг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан...эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндсэн нөхцөлийг тодорхойлжээ.

Тус зохицуулалт нь шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзан үзэж болох буюу шүүхэд эрх олгосон хэм хэмжээ бөгөөд шүүгдэгч Н.Б*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас  учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад  зааснаар түүнд “хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” боломжгүй гэж шүүх дүгнэв.

Шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, талуудын санал дүгнэлт, шүүгдэгчийн хувийн байдал, болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жил 06 сарын  хугацаагаар хасаж, 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ...хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа хугацааг тоолно гэж” заасныг баримтлан шүүгдэгч Н.Б*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жил 06 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

2.3.Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Н.Б******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт, жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорихоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 38.2 зүйлийн 1 хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Т******* овогт Н*******гийн Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын  хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б*******д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын  хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

5.Шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд цагдан хорьсугай.

6.Шүүгдэгч Н.Б******* нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт, жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Иргэний хуулийн 230, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан шүүгдэгч Н.Б*******аас сэтгэцэд учирсан хор уршиг, амь хохирогчийг оршуулахтай холбогдсон зардал 19,628,000 төгрөгийг  гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цад, сэтгэцэд учирсан хор уршигт 4,780,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.д, амь хохирогч Б.Ж, иргэний нэхэмжлэгч Д.Г, хохирогч  Б. нарын  эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардал 1,309,807 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд, шинжээчийн зардал 4,600,000 төгрөгийг гаргуулж Арвижих-Эстимейт” ХХК-ийн шинжээч, иргэний нэхэмжлэгч Д.Од тус тус  олгосугай.

8.Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цын гаргасан 8,027,878 төгрөгийн нэхэмжлэл, хохирогч Б.ий гаргасан 6,600,000 төгрөгийн нэхэмжлэл,  иргэний нэхэмжлэгч Д.Гын гаргасан 16,813,267 төгрөгийн нэхэмжлэл, иргэний нэхэмжлэгч Ч.У гаргасан 84,509,320 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус  хэлэлцэхгүй орхиж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь  энэ талаарх нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд иргэний нэхэмжлэгч, тэдний өмгөөлөгч нар шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт, шийтгэх тогтоолд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б*******д авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ЁНДОНСАМБУУ