Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/233

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

 

Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж,

 Нарийн бичгийн дарга Ч.Г,

 Улсын яллагчаар, хяналтын прокурорын Ц.Ц,

 Шүүгдэгч Ж.Отгонбаатар,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ц-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2419004820022 дугаартай хэргийг 2025 оны 09 сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ,,,,,,,,,,-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд 7 дугаар баг ,,,,,,,,,,,тоотод оршин суух, урьд

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2016/ШЦТ/72 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хорих ялаар,

 -Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/98 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 10 хоногийн хорих ялаар,

-Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийх ялаар,

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/202 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар сарын 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял ногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, Ж.О ,,,,,,,,,,,,,,, /РД:,,,,/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ж.О нь урьд Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 202 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Хөдөлмөр халамж үйлчилгээний төвийн хажуу талын засмал дээр ,,,,,,,, улсын дугаартай Тоёото Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Б.А-ий унаж явсан ,,,,,,, улсын дугаартай Ниссан Нөүт маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж осол гаргасан гэмт хэрэг үйлдсэн ба хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

         Шүүгдэгч Ж.О шүүхийн хэлэлцүүлэгт ярих зүйл байхгүй,хэрэгт өгсөн мэдүүлэг хэвээрээ гэв.

          Яллагдагч Ж.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:” ...Би 2024 оны 11 дүгээр сарын 17-ны шөнийн 22 цагийн үед найз Тогосоо  эцэгээ хоёртой Луна шөнийн клубт Сэнгүр нэртэй 0.5 литрийн 3 ширхэг пиво уугаад 2024 оны 11 дүгээр сарын 17-18 нд шилжих шөнийн 02 цагийн үед гараад найз Ц-ийн ,,,,,,, улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Сайншанд сумын 2-р баг Дэнжийн дэлгүүрээс урд байдаг газарт очоод 2,5 литрийн Сэнгүр пиво аваад тэндээ пивоо уугаад ,,,,,,,,дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод хажууд Ц суугаад хойно Т суусан. Тэгээд Хөдөлмөр халамжийн хажуугаар Ц-ийн нөхрийн ажил руу явж байгаад урдаа байсан машиныг мөргөж зогсоход цагдаа нар ирсэн “гэсэн мэдүүлэг 

 

          Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 3/, Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 4/,

           Хохирогч Б.А-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2024 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө 7 цаг 30 минутын орчим ,,,, улсын дугаартай Ниссан Нөүт маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ Хөдөлмөр халамжийн урдаас засмал дээр явж байхад миний ард явж байсан хар өнгийн ,,,,,,, улсын дугаартай Тоёото приус 20 маркийн тээврийн хэрэгсэл мөргөсөн. Мөргөсний дараа аваарын дохиогоо өгөөд зогссон чинь миний хажуугаар нөгөө машин маань зугтаагаад явсан....." гэсэн мэдүүлэг /хх-ийн 8/,

           ЦЕГ-ын жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 13/,

           Гэрч Т.-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн"...Тус өглөө 08 цагийн орчимд би грашаасаа машинаа аваад Офицерын тийш гэр лүү гээ Хөдөлмөр халамжийн төвийн зүүн талын засмал зам дээр явж байтал миний урд талд явж байсан саарал өнгийн жижиг машиныг ард нь явж байсан хар өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл мөргөчхөөд хажуугаар тойроод зугтаад явчихсан. Тэгэхээр нь би тус саарал жижиг машины хажууд зэрэгцэж зогсоод хартал нүдний шилтэй залуу машин барьчихсан, зорчигчийн урд сандал дээр бага насны хүүхэд тэвэрсэн эмэгтэй гурав явж байсан. нөгөө зугтаасан хар өнгийн приус маркийн машины араас явсан чинь төв дөрвөн замаар ертөнцийн зүгээр зүүн тийш чиглэлтэй явж байгаа харагдсан… ба би тухайн зугтсан хар приүсийг бусад хүмүүст төвөг удалгүйгээр араас нь тийш эргээд 5 дугаар 58 айл, 6 дугаар 58 айлын дундуур орсон засмал замаар яваад цэцэрлэгийн хойд тал гүйцэж очоод зогсоосон чинь дотроос нь нэг залуу хөл дээрээ тогтож чадахгүй  байхаар нь би цагдаа байна аа чи осол хийгээд зугтчихлаа шүү дээ гээд жолоочтойгоо очиж уулзаад цагдаа руу явна гэж хэлээд өөрийн машиндаа суулгаад аваад цагдаа дээр авчирч цагдаагийн дэд ахлагч Э.З, цагдаа жолооч цагдаагийн дэд ахлагч Б.М нарт энэ осол хийгээд зугтсан жолооч шүү гэж хэлээд хүлээлгэн өгсөн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/,

           Гэрч И.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... араас нэг машин ирээд мөргөсөн. Тэр үед А машинаас бууж амжаагүй байхад нөгөө мөргөсөн машин хажуугаар зугтаагаад яваад өгсөн... гэсэн мэдүүлэг,  

          2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 21/,

          Хөрөнгө, даатгалын хохирлын “Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 653 дугаартай авто техникийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 55-57/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

         Шүүгдэгчийн холбогдсон хэргийн гэм буруугийн талаар:

Дорноговь аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ж.О-т холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг удирдлага болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж,бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй,энэ хэрэгт хамааралтай,ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.О нь урьд Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/202 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Хөдөлмөр халамж үйлчилгээний төвийн хажуу талын засмал дээр ,,,,,, улсын дугаартай Тоёото Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь:

Мөн түүнчлэн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Хөдөлмөр халамж үйлчилгээний төвийн хажуу талын засмал дээр ,,,,,, улсын дугаартай Тоёото Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Б.А-ий жолоодсон 49-42 ДГН улсын дугаартай Ниссан Нөүт маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж осол гаргасны дараа хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 3/, Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 4/,

           Хохирогч Б.А-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  мэдүүлэг /хх-ийн 8/, ЦЕГ-ын жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 13/, Гэрч Т.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг /хх-ийн 18/, Гэрч И.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 21/,

         Хөрөнгө, даатгалын хохирлын “Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 653 дугаартай авто техникийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 55-57/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

         Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон...үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгох бөгөөд шүүгдэгч Ж.О нь 2024 оны 09 сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2 жилийн хугацаагаар хасуулсан  байна.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан ба мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан…үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон,Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт авто тээврийн  гэмт хэрэг үйлдсэн  жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийн үндсэн шинжийг  заажээ.

Иймд хяналтын покуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл,хэсэг тохирсон,шүүгдэгчийн хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Ж.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан  “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн,

Мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан” Авто тээврийн  гэмт хэрэг үйлдсэн  жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг явуулах болон мөн хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх,нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

 

            Хохирол төлбөрийн талаар: Хохирогч Б.А эд хөрөнгөд учирсан зардалд  1,850,000 төгрөг, Хас Үнэлгээний эд хөрөнгийн дүгнэлт гаргуулсан 145000 төгрөг нийт 1,995,000 нэхэмжилснийг  шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол нөхөн төлбөр төлөхөөр ажлын 2 өдрийн завсарлага авч тэр хугацаанд хохирлыг төлж барагдуулсан байна.

            Шүүгдэгч Ж.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

           Шүүгдэгч Ж.О нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ замын хөдөлгөөнд оролцсон, согтууруулах ундаа хэрэглэсэн, Замын хөдөлгөөний дүрмийн заалт баримтлаагүй, анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй хандсан  нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлжээ.

           

         Эрүүгийн хариуцлагын  талаар: Шүүхээс шүүгдэгч Ж.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан  “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн,мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан” Авто тээврийн  гэмт хэрэг үйлдсэн  жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл,хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

        Шүүгдэгч Ж.О-ын хувьд хэрэг хариуцах чадвар,сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5,6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.О нь урьд ял шийтгэгдэж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар батлагдаж байна. /хавтаст хэргийн 14-р тал/

 

Улсын яллагчаас: Шүүхээс шүүгдэгч Ж.О-ыг гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Ж.О-ын гэмт хэрэг үйлдсэн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал түүний хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Ж.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 640 цагийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/202 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээний заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан 640 цагийн нийтэд тустай ажил хийх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар тооцож 80 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/202 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг 1 жил 80 хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд оруулж байна. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ж.О нь бусдад төлөх төлбөргүй, түүний цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, түүнд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчлүүлэх саналыг оруулжээ.

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч Ж.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үйлдэлд нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгөөч гэж хүсэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгээд 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү. Тэнсэнтэй байх үедээ гэмт хэрэг үйлдсэн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож байгаа. Тэгэхээр эрх хассан хоёр жилийн хугацааг энэ тогтоолоор оногдуулах 1 жилийн хугацааг нэгтгээд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасагдаж, харин тэнссэн нэг жилийн хорих ял одоо оногдуулж байгаа 480 багийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэх хуулийн боломж байгаа. Энэ хуулийг хэрэглэж тус тусад нь эдлүүлж шийдвэрлэж өгөөч гэж хүсэж байна. Яагаад гэхээр нотлох баримтаар шинжлэн судалсан эхийнх нь эрүүл мэндийн баримтыг шинжлэн судалсан. Өмнө нь тархины хагалгаанд хоёр удаа орсон хүн байдаг. Гэтэл дахин тархинд нь уйланхай үүсээд байгаа учраас харвах магадлал маш өндөр гэсэн оноштой өчигдөр эмнэлгээс гарсан учраас энд байгаа дээрээ гээд шүүх хуралд орж ирсэн байдаг. Эхтэйгээ 1, 2 сарын өмнө хамт байх боломжийг нь олгоод дахиад хорих ял нэмэгдүүлэхгүй байхыг шүүхээс хүсэж байна. Ж.О нь 107 хоног цагдан хоригдоод гарсан. Энэ хугацаанд маш их зүйлийг ухаарсан. Гараад эхийгээ асарч байгаад ирсэн. Дахиж эхийнхээ сэтгэл санааг зовоохгүй энэ үйлдэлдээ гэмшиж байгаа. Ар гэрийнх нь нөхцөл байдлыг харгалзан үзээд хорих ял нэмж оногдуулахгүйгээр ялыг тусад нь эдлүүлж өгөөч гэсэн саналыг гаргаж оролцсон байна.

Шүүгдэгч Ж.О-т ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагын зорилго болох гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэхийн зэрэгцээ шүүгдэгч нь урьд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 02 жилээр хасуулсан үедээ дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон,мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ тээврийн хэрэгслийг дахин жолоодож ял шийтгүүлсэн болон Ж.О түүний ар гэр, ээж нь хүнд өвчтэй зэрэг хувийн байдлыг харгалзан үзсэн болно.

 

Шүүхээс: Шүүгдэгч Ж.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял

Мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 640 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/202 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж,хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийн 2 дахь заалтаас “хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн заалтыг хүчингүй болгож,1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял эдэлж дууссаны дараа 640 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг  тус тусад нь эдлүүлэхээр,мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-т оногдуулсан 1/нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/202 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 1 тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хассан ялыг нэмж нэгтгэн нийт 3 жилээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс тоолох, 

Шүүгдэгч Ж.О-ын цагдан хоригдсон 107 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох,

 

Шүүгдэгч Ж.О-т  авсан хувийн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлаар: Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг, шүүгдэгчид авсан хувийн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,цагдан хорих таслан авч шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ж.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон”, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч Ж.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 640 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/202 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгож,1жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-т оногдуулсан 1/нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 640 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 1 жилийн хорих ял эдэлж дууссаны дараа тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-ын цагдан хоригдсон 107 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолсугай. 

 

9.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

        10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.О-т  авсан хувийн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

          11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.            

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.НАРАНЦЭЦЭГ