| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/04251/И |
| Дугаар | 102/шш2022/03809 |
| Огноо | 2022-11-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 102/шш2022/03809
2022 оны 00 сарын 00 өдөр Дугаар 102/ШШ2022/000000 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ....,
Хариуцагч: .....,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч З....,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч З.... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Би хариуцагч Э.....т 2020 оны 7 дугаар сард дансаар 5,000,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр бэлнээр 10,000,000 төгрөгийг Гранд плазад байх банкны АТМ-ээс 1,000,000 төгрөгийг түүний эхнэрт гаргаж өгч, нийт 16,000,000 төгрөг зээлдүүлсэн. Үүнээс хариуцагч 5,000,000 төгрөгийг буцааж төлсөн. Иймд үлдэгдэл төлбөр болох 11,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна. Мөнгөө гаргуулмаар байна...гэв.
2.Хариуцагч Э..... нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гардан авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.
3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: Э.....ийн гар бичмэл тодорхойлолт /хх-6/, 5,000,000 төгрөг Э.....т дансаар шилжүүлсэн тухай шилжүүлгийн баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-7/, 9,000,000 төгрөгийн Зарлагын баримт /хх-8/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх Э.....оос 11,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан З....гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч шаардах эрхээ хариуцагчид дансаар 5,000,000 төгрөг, бэлнээр 11,000,000 төгрөг тус тус зээлдүүлж, хариуцагч 5,000,000 төгрөг буцаан төлж, үлдэх зээлээ төлөөгүй учир үлдсэн 11,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардана гэж тодорхойлжээ.
3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гардан авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Э.....ийн бичсэн тодорхойлолт, Хаан банк болон Худалдаа хөгжлийн банк ХХК нарын шилжүүлгийн маягт, зарлагын баримт зэргээр дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
4.1.Нэхэмжлэгч З.... нь хариуцагч Э.....т 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 5,000,000 төгрөгийг дансаар /Хаан банк ХХК дахь 5063532742 тоот данс/, 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 11,000,000 төгрөгийг бэлнээр, нийт 16,000,000 төгрөгийг зээлдүүлжээ.
4.2.Хариуцагч Э..... нь нэхэмжлэгч З....г өөрт нь 16,000,000 төгрөгийг өгсөн талаар 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр тодорхойлсон байна.
4.3.Зээлийн төлбөрөөс 5,000,000 төгрөгийг буцаан төлсөн тухай нэхэмжлэгч З.... хүлээн зөвшөөрч тайлбарлан, үлдэгдэл 11,000,000 төгрөгийг буцаан шаардаж байна.
5.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох ба мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ.
6.Нэхэмжлэгчээс хариуцагчид 5,000,000 төгрөгийг дансаар, 11,000,000 төгрөгийг бэлнээр, нийт 16,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт цугларсан төлбөрийн баримт болон хариуцагч Э.....ийн бичсэн тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ аман хэлбэрээр байгуулагдаж, зээлийн мөнгийг зээлдэгч Э.....т хүлээлгэн өгсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
7.Зээлдэгч Э..... зээлээс 5,000,000 төгрөгийг буцаан төлсөн гэж нэхэмжлэгч тал тайлбарлан, төлсөн мөнгийг хасаж, үлдэгдэл 11,000,000 төгрөгийг шаардсан.
8.Зээлийн мөнгийг буцаан төлөх хугацаа тогтоосон талаар зохигч тайлбарлаагүй учир Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт ...зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж заасны дагуу зээлийн үлдэгдэл 11,000,000 төгрөгийг хариуцагч Э.....оос нэхэмжлэгч З.... шаардах эрхтэй байна.
9.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 190,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 190,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.....оос 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч З....д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 190,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 190,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА