Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 95

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Одгариг,

Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч: А.Н,

Шүүгдэгч: Н.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Аийн Н, Б овгийн Н М нарт холбогдох 17280000100000 дугаартай нэг хавтас хэргийг 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

А.Н, Н.М нар нь бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 6 дугаар баг Их-Уулын 3-20 тоотод оршин суух Т.Цийн гэрт хохирогч Т.Цийн бие эрх чөлөөнд нь халдан бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

А.Н, Н.М нар нь бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 6 дугаар баг Их-Уулын 3-20 тоотод хохирогч Т.Цийн бие эрх чөлөөнд нь халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Шүүгдэгч А.Н, Н.М нарт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон,  гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хуульзүйн үр дагаврыг ойлгосон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч А.*******, Н.******* нар нь бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 6 дугаар баг Их-Уулын 3-20 тоотод хохирогч Т.*******гийн гэрт шүүгдэгч А.*******... “хүү *******ыг гэртээ орогнуулаад, гэрээрээ архидууллаа” гэсэн шалтгаанаар хохирогч Т.*******гийн зүүн талын шанаа руу 1 удаа алгадаж бие эрх чөлөөнд халдаж зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, шүүгдэгч Н.******* нь “миний ээжийг доромжилдог хэн бэ” гэж хэлэн баруун талын шанаа, дух руу цохиж баруун талын шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан улмаар хэрүүл маргаанаа үргэлжлүүлэн хэл амаар доромжлон үснээс нь доош дарж нуруу толгой руу нь цохиж зодох зэргээх эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох хохирогч Т.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 07 дугаар 02-ны өдөр 15 цагийн үед манай хажуу айлын ******* орж ирээд намайг “Хүүхэд уруу татаж нийлж архидлаа гээд миний баруун талын шанаа руу алгадсан. Надтай маргалдаж байгаад гэрээс гараад явсан. Орой 18 цагийн үед би гэртээ *******той муудалцахад ******* миний цээж рүү 1 удаа гараараа цохиж, гуя руу нэг удаа өшиглөсөн. Би гэрээс гараад *******ийн гэр лүү ороход ******* миний араас орж ирээд миний гэзэгнээс зулгаасан. Энэ үед ******* гаднаас орж ирээд миний мөрлүү цохисон. Миний цээжээр амьсгаа авч болохгүй хөндүүрлээд байсан. ******* бид нарыг гэрээсээ гар гэхэд ******* намайг гэр рүү оруулж өгсөн. Гэртээ байж байтал ******* манай гэрээс утсаа авъя гээд орж ирэхэд ******* араас нь орж ирээд чи миний хүүхдийн утсыг хулгай хийсэн гээд дахиад намайг үсдэж дараад толгой хүзүү рүү хэд хэдэн удаа цохьсон. ******* ээжийгээ өмөөрөөд намайг бас үсдэж толгой, цээж рүү цохиод байсан. Би зөрүүлээд гэдэснээс нь самардсан. Өөр зүйл болоогүй. Одоо миний бие зүгээр байгаа. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 3-5, 6-7 дугаар хуудас/,

Гэрч Б.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны  07 дугаар сарын 02-ны өдөр би хөдөө “Говь мераж” жуулчны баазаас 15 цагийн үед Өмнөговь аймгийн төв Их-Уулын 3-17 тоотод гэртээ ирсэн. 16 цагийн үед хажуу хашаанд байдаг танил *******гийн гэрт очиход манай хажуу хашааны ******* газарт, ******* орон дээр унтацгааж байсан. Тэгээд гэрийн хаалгаар шагайж харчихаад эргээд гэр лүүгээ орсон. Шөнө 21 цагийн үед хөдөө яваад ойрд уулзаагүй учир *******тай уулзах гээд гэрт нь очих үед манай зүүн хашааны ******* гэх хүн замд таараад намайг “Янхан гичий минь манай хүүхэдтэй орж уулз, чи хов зөөсөн байна гээд архи уусан байдалтай агсраад байсан. Тэгээд би *******д хэл амаар доромжлуулаад *******гийн гэр лүү ороход ******* зодуулсан байдалтай амьсгаа нь давхцаад, өвдөг нь цус болчихсон толгойгоо дараад сууж байсан. Би юу болсон талаар асуухад мэдэхгүй намайг *******, ******* 2 зодчихлоо гэсэн. Тэгээд би гарч гэртээ орж ирээд хаалгаа түгжиж хөшгөө хааж байгаад цагдаа дуудсан. Т.******* манай зүүн талын хашаанд байдаг айл. Бид 2 нэг нэгнийхээрээ орж гардаг танилууд байгаа юм. ******* манай зүүн талын хашаанд байдаг айлын хүүхэд. Түүний талаар өөр мэдэх зүйл байхгүй. ******* намайг *******, ******* эгч 2 зодчихлоо л гэж хэлсэн. Өөр хүмүүс гэрт нь байгаагүй. ******* гэх хүн *******ын ээж нь байгаа юм. ******* нь архи уусан байх шиг байсан. Надтай таараад хэл амаар доромжлоод байсан. Ер нь архи хэрэглэдэг хүн. ******* нь өмнө нь *******г 2, 3 удаа зодож байсныг манай тэнд амьдардаг хүмүүс мэднэ. Хашаа хороогоор чинь хүмүүс холхиод байна янхан, гичий минь нохой хуцуулаад байна гэх мэтээр загнаж зоддог байсан. Байшингийнх нь цонхыг хагалж байсан удаа байгаа. Хөрш амьдардаг болохоор цаашид ийм асуудал гаргаад байвал надад хэцүү байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/

Гэрч Ж.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 20 цагийн үед би гэртээ зурагт үзэж байгаад унтаж байсан чинь манай хойд талын  хашааны ******* гэх эмэгтэй хөл нүцгэн гүйж орж ирээд “Надаас утсаа өг, цагдаа дуудах гэсэн юм, би зодуулчихлаа” гэж хэлээд миний утсыг аваад цагдаа руу залгаж байсан. *******гийн үс нь сэрлийгээд нүд нь хөхөрсөн байсан. Удалгүй манай хойд хашааны ******* гэрт орж ирээд *******тай хэрэлдээд байсан. Энэ хооронд *******ын ээж болох ******* гаднаас орж ирээд *******г зодсон. Тэгээд би манайх хэрүүлийн газар биш манайхаас гарцгаа гэж хэлээд би та нарын гэрч болж чадахгүй гээд хөөгөөд гэрээсээ гаргасан. Манайхаас гараад тэд нар гэр гэртээ харьцгаасан байх, би хашааныхаа хаалгыг түгжээд амарсан. Орой нь цагдаа нар ирсэн байсан. Жоохон хүүхэд байхаасаа л манайхтай айл хөрш байсан. *******гийн ээжийг амьд сэрүүн байхаас нь мэднэ. *******, ******* нарын харилцааны талаар нарийн зүйл сайн мэдэхгүй. *******г *******той суух гэхээр ээж нь дургүй байдаг юм шиг байна лээ. ******* нь айлын ганц хүүхэд болохоор ээж нь гайгүй хүнтэй суулгах гэдэг байх. Өмнө нь хэл ам хийсэн талаар сонсож байснаас цохиж зодсон зүйлийн талаар бол мэдэхгүй байна. ******* архи уусан байсан. Нөгөө 2 нь архи уусан эсэхийг би мэдээгүй. ******* *******г доороо хийгээд зууралдаад байсан би гэрийн баруун хойд талын орон дээрээс хойд талд байдаг зурагтаа хараад хэвтэж байсан. Тэд нар манай зүүн талын орон дээр ноцолдоод байхаар нь би салгаад гэрээсээ гаргасан. Хэн нь яг хаана яаж цохисныг мэдэхгүй байна. Ямарч байсан *******г ******* цохисон байх, манай гэрт орж ирэхэд *******гийн нүүр нь хөхөрчихсөн байсан. ******* бол гэрт орж ирээд *******г цохиж зодсон зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 314 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...А.*******гийн биед хэвлий хэсгийн цус хуралт, зулгарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулаагүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-ийн 20 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 313 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Н.*******ын биед уруулын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулаагүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-ийн 22 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 315 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Т.*******гийн биед баруун 2-р хавирганы хугарал, зүүн дээд баруун доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Шүүгдэгч А.*******гийн... “2017 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн орой манай зүүн талд амьдардаг ******* гэртээ үглэж дуулаад янз бүр болоод байхаар нь чагнатал манай хүү *******ын дуу нь гарч байсан. Би тэдний гэр лүү нь ортол тэр хоёр согтуу байсан. Тэр хоёрыг “Яах гэж архи дарс уугаад байдаг юм бэ, болиоч” гэтэл ******* над руу салаавч өгсөн. Тэгэхээр нь би гарынхаа ар талаар түүний нүүр хавьд нь алгадсан. *******гийн ар талд 0.75 граммын дундуур архи байж байсан Тэр миний гэдэснээс самардахаар нь би түүнийг үсдээд арагш түлхсэн. Тэгсэн манай хүү ******* намайг салгаад гэр лүү оруулсан. Манай хүү гэртээ орж ирэхэд гар утас нь байхгүй байхаар нь би хүүтэйгээ хамт *******гийн гэрт ороод гар утсаа авсан. ******* *******ыг эхнэр хүүхдээс нь салгаад гэр орондоо нууж, архидуулаад байдаг. Манай хүү архи уудаггүй хүүхэд байсан. Би энэ хоёрыг ... явалддаг хүмүүс гэж боддог.” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/

Шүүгдэгч Н.******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр би *******гийн гэрт хоёулаа архи уугаад сууж байтал ээж гаднаас ороод ирсэн. Бид хоёрыг архи уулаа гэж загнаад маргалдаж байгаад гэрээс гараад явсан. ******* бид хоёр унтаж байгаад сэрсэн. ******* өөрийгөө толинд харснаа “Танай ээж намайг цохисон байна” гээд ээжийг хараагаад муухай үг хэлээд байхаар нь би түүний нүүр шанаа хэсэгт нь гараараа цохиод авсан. Ээж удалгүй гаднаас орж ирээд тэр хоёр хоорондоо маргалдсан. ******* манай ээжийг доромжлоод хоорондоо зууралдан, нэг нэгнийгээ үсдэлцсэн. Би тэр хоёрыг салгаад ээжийг аваад гэр лүү явсан. Гэртээ орж ирээд гар утсаа үзтэл байхгүй байсан. Буцаад *******гийн гэрт ороход ээж араас орж ирээд дахиад маргалдсан. Би ээжийг аваад тэднийхээс гараад гэртээ орсон. ******* бид хоёр найз нөхөд, хөршийн л харьцаатай. Би тухайн үед *******гийн нүүр рүү л цохисон. Тэгсэн дараа нь ******* хавирга гэмтсэн гэж хэлээд байсан. Би түүний хавирга руу цохисноо санахгүй байна. Учир нь би архи уусан согтуу байсан. Манай ээж архи уугаагүй эрүүл байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн 1728000010011 дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

            Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 25 дугаар хуудас/

            Согтуурал шалгасан магадалгаа /хх-ийн 36-37 дугаар хуудас/

            Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 38-39 дүгээр хуудас/

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн ******* сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтууд /хх-ийн 40-41, 43-44 дүгээр хуудас/

Шүүгдэгч Н.*******, А.******* нарын нотариатаар гэрчлүүлсэн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 42 дугаар хуудас/

Шүүгдэгч Н.*******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/

Шүүгдэгч А.*******гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар хуудас/

Шүүгдэгч А.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа гэмшиж байна дахин ийм гэмт хэрэг гарахгүй” гэх мэдүүлэг

Шүүгдэгч Н.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа гэмшиж байна дахин ийм гэмт хэрэг гарахгүй” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирснаар гэмт хэрэг төгссөнд тооцогдох ба гэм буруутай этгээдийн үйлдэл, учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

            Шүүгдэгч А.*******, Н.******* нар эрүүгийн хуулийн  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт үйлдэлдээ санаатай нэгдэж, үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хор уршигт зориуд хүргэсэн байх тул шууд санаатай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж тухайн гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлыг заажээ. Иймд шүүгдэгч нарын үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт нь хууль ёсны бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэлээ.

            Шүүгдэгч А.*******, Н.******* нар бүлэглэн хүний халдашгүй байдалд шууд санаатай халдаж, эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулж хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******, Н.******* нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй байна.

            Хохирогч Т.******* гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэж байх тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4,  36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овгийн А На, Б овгийн Н М нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн А Н, Б овгийн Н нарыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр тус тус торгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******, Н.******* нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******, Н.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******, Н.******* нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.ТӨМӨРХҮҮ