Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 125/ШШ2023/0008

 

НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛЭЭСЭЭ

ТАТГАЛЗСАНЫГ БАТАЛЖ, ХЭРГИЙГ

ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл би “М” ХХК-нийн Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Улсын бүртгэлийн ...... тоот регистрийн дугаартай “М ” ХХК-нийг бүртгэсэн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2022 оны 12 сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч “М” ХХК-нийн захирал Л.Б нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай компани Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасныг үндэслэн уг нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Иймээс бидний хүсэлтийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч “М ” ХХК нь Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Улсын бүртгэлийн ...... тоот регистрийн дугаартай “М” ХХК-нийг бүртгэсэн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э-ыг оролцуулахаар 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр итгэмжлэл олгосон.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Эрх зүйн чадамж бүхий хүн шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөө оролцуулна.”, 27.7-д “Итгэмжлэлээр төлөөлүүлж байгаа хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй байж болно.” гэж тус тус заасан ч нэхэмжлэгчийн хэргийн оролцогчийн хувьд хуульд заасан эрхийг хязгаарлахгүй.

Нэхэмжлэгч “М” ХХК-нийн захирал Л.Б нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлсэн хүсэлтийг шүүхэд ирүүлжээ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй ...” гэж заасан ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа бичгээр  илэрхийлж маргаанаа дуусгавар болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусдын  эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй гэж үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан “М” ХХК-нийн Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Улсын бүртгэлийн .......... тоот регистрийн дугаартай “М” ХХК-нийг бүртгэсэн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                                               С.ОЮУНГЭРЭЛ