Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар  2021/ДШМ/650

 

 

       

 

 

 

   2021             7              6                                        2021/ДШМ/650                             

 

 

П.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Гэрэлчимэг,

шүүгдэгч П.Эийн өмгөөлөгч Х.Отгончимэг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Отгончимэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн П.Эд холбогдох эрүүгийн 2007 00384 0069 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М овгийн Пийн Э, .... оны ... дугаар сарын ....-ны өдөр .............. аймгийн ................. суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ..................... компанид ачигчаар ажилладаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ................. дүүргийн .... дүгээр хороо, ................... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:........................./;

Дорноговь аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хураалгаж, 5 сарын хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдөр суллагдаж байсан.

Шүүгдэгч П.Э нь согтуурсан үедээ 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 22-03 тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий өөрийн дагавар хүүхэд болох насанд хүрээгүй Ү.Үцг нүүр хэсэгт нь гараараа цохих, толгойгоор нь шал мөргүүлэх зэргээр зодож биед нь зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2020 оны 7 дугаар сарын 11, 8 дугаар сарын 25-ны өдрүүдэд Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 22-03 тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр П.Үчийг зодсон, 2020 оны 7 дугаар сарын 26, 8 дугаар сарын 25-ны өдрүүдэд Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 22-03 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий өөрийн дагавар хүүхэд болох насанд хүрээгүй Ү.Үцг зодож, гэр бүлийн хүчирхийллийг хүүхдийн эсрэг үйлдсэн улмаар дээрх үйлдлийг таслан зогсоох гэсэн хохирогч П.Үчийг эсэргүүцэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: П.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Мөр овгийн Пүрэвдашийн Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн” , 2.3 дахь заалтад заасан “таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эийг 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч П.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн 40 /дөч/ хоногийн хугацаагаар хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 7 /долоо/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял гэж тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Эд оногдуулсан 7 /долоо/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч П.Э нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, П.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгож түүний эдлэх ялыг 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Эийн өмгөөлөгч Х.Отгончимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...П.Э нь өөрийн хийсэн үйлдэл холбогдлыг хүлээн зөвшөөрч анхан шатны шүүхээс оногдуулсан ялын талаар маргаагүй болно. Гэвч өмгөөлөгчийн хувьд ар гэрийн байдлыг харгалзан давж заалдах гомдлыг гаргаж байна.

Эхнэр П.Үч нь тодорхой эрхэлсэн ажилгүй 1-16 насны 4 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд 2008 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Ү.Эрдэнэчимэг нь төрөлхийн тархины болон хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй, унаж татдаг, байнгын асаргаатай байдаг. Мөн эхнэр 4 хүүхэд нь өөрийн гэсэн орон гэр байхгүй. Налайх дүүргийн Тохижилт үйлчилгээний компанийн грашийн 1 өрөөнд амьдардаг бөгөөд нөхөр П.Э шоронд явснаас болж эхнэр 4 хүүхдийг тухайн байшингаас нүүлгэн гаргасан байна. П.Эийн хувьд Налайх дүүргийн Тохижилт үйлчилгээний компанид ачигчаар ажиллаж өдөрт 1247 тонн хогийг ганцаараа ачиж цэвэрлэдэг байсан ба ар гэр эхнэр 4 хүүхдээ тэжээж байсан болно.

Өнөөдөр эцэг П.Э нь шоронд явснаас болж 1-16 насны 4 хүүхэд орох орон, хоол хүнсний гачигдалд орж маш хүнд байдалтай амьдарч байгааг хараад эх хүний хувьд гомдол гаргахгүй байж чадсангүй. Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахал Монгол улсад гарсантай холбогдуулан нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлж тэр тусмаа бага орлоготой иргэд нийгмийн эмзэг бүлгийнхэнд маш хүндээр тусаж байгаа бөгөөд шүүгдэгч П.Эийн хүүхдүүдийн хувьд өлөн зөлмөн өлсгөлөн амьдарч байна.           

Миний үйлчлүүлэгч П.Э нь өөрийн эрхэлсэн ажлыг маш сайн хийдгээс гадна удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг талаар Налайх дүүргийн Тохижилт үйлчилгээний газраас тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн ба мөн өмгөөлөгчийн зүгээс ар гэрийн болон хувийн байдлын талаар анхан шатны шүүхэд маш тодорхой хэлсэн боловч шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Өмгөөлөгчийн хувьд гэмт хэрэг хийсэн үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж эрх зүйн байдлыг нь дээрдүүлэх нь зүй ёсны хэрэг боловч ар гэрийн байдлыг мөн хүүхдүүдийнх нөхцөл байдал эрх зүйн орчныг хараад үнэхээр их өрөвдлөө. Түүнээс эхнэр хүүхдээ зодсон үйлчлүүлэгчээ өөгшүүлж байгаа юм биш ээ.

Иймээс шүүгдэгчийн ар гэрийн байдал 1-16 насны хүүхдүүдийн амьдрал ахуйг харж үзэн П.Эд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан 7 сар 10 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-д заасныг удирдлага болгон хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ авч мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу үүрэг хүлээлгэж эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү.” гэв.

Прокурор Ч.Гэрэлчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч П.Эийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг дагавар охин 16 настай Ү.Үцгийн эсрэг үйлдсэн, мөн уг үйлдлийг таслан зогсоох гэж эсэргүүцсэн эхнэр П.Үчийн үйлдлийг эсэргүүцэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргадаггүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хоёр ба түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж заасны дагуу шүүгдэгчийг тэнсэх боломжгүй. 7 сар 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Отгончимэгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх буюу насанд хүрээгүй хохирогч Ү.Үцгийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж, зөрчсөн гэх үндэслэлээр Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, П.Эд холбогдох хэргийг шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Учир нь, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтын нэг хэсэг нь “...хүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог...” бөгөөд уг зорилтод нийцүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шат бүр /мөрдөн шалгах, прокурорын хяналт, шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх/-т тус хуулийг хэлбэрэлтгүй сахих ёстой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, арван найман насанд хүрээгүй хохирогчийн төрсөн, үрчилж авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг;”, 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1.1-д заасны дагуу арван найман насанд хүрээгүй хүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдвол зохих хүн байхгүй, эсхүл ашиг сонирхлын зөрчилтэй бол хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын ажилтныг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож болно.”, 4 дэх хэсэгт “хууль ёсны төлөөлөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн төлөөлөн оролцож байгаа оролцогчийн энэ хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.” гэж тус тус заажээ.

Насанд хүрээгүй хохирогч Ү.Үцгийн хууль ёсны төлөөлөгчөөр Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Х.Цолмон /хх 12/, мөн сэтгэл зүйн мэргэжилтэн Н.Билгүүн /хх 20/ нарыг тус тус тогтоосон байх боловч түүний төрсөн эх болох боловсролгүй, бичиг, үсэг мэдэхгүй, хохирогч П.Үч /хх 17/-ийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд оролцуулж, хууль ёсны төлөөлөгч Х.Цолмон, Н.Билгүүн нарыг буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулбал зохих оролцогчдыг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нөхцөл байдал нь насанд хүрээгүй хохирогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж зөрчсөн нь хуульд нийцэхгүй гэж үзэв. 

Иймд дээр дурдсан үндэслэлээр Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч П.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Отгончимэгийн гаргасан давж заалдсан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, П.Эд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч П.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

                 ШҮҮГЧ                                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                             ШҮҮГЧ                                             Б.АРИУНХИШИГ