| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/00732/И |
| Дугаар | 102/шш2022/03978 |
| Огноо | 2022-11-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 102/шш2022/03978
2022 оны 00 сарын 00 өдөр Дугаар 102/ШШ2022/0000000 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...,
Хариуцагч: ....,
Хариуцагч: ....,
Нэхэмжлэлийн шаардлага: О....гаас 36,500,000 /гучин зургаан сая таван зуун мянган/ төгрөг, М....аас 2,000,000 /хоёр сая/ төгрөг, нийт 38,500,000 /гучин найман сая таван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О....,
Хариуцагч О....гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т....,
Хариуцагч М....ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М....,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч А.... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч О.... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие О...., М.... нартай ... аймгийн ... сум, ...т байрлах 30-50 мянган тонн орчим, 65 хувийн төмрийн агууламжтай төмрийн хүдрийг Худалдах, худалдан авах гэрээ байгуулан БНХАУ руу гаргаж, олсон ашгаа тэнцүү хуваахаар харилцан тохиролцож бинес хийхээр болсон. Уг ажлыг хийхэд эхний ээлжинд 10,000 ам.долларын санхүүжилт шаардлагатай болсон. Ингээд М....ын хамт шаардлагатай мөнгийг хайж байхад тэрээр манай эхнэр Г....д мөнгө байгаа. Надад бол өгөхгүй, чи зээлийн гэрээ байгуулаад 1 сарын хугацаатай авчих, ажил эхлэнгүүт буцаагаад өгье, тэр авсан мөнгөө О....д өгнө гэсэн. Ингээд ярилцаж тохиролцсоны дагуу би Г....гээс 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 25,000,000 төгрөгийг авсан. Авсан мөнгөө М....ын хамт О....д бэлнээр өгсөн. О.... нь М....ын найз бөгөөд энэ ажлыг тэр хоёр олсон. Манай компани төмрийн хүдэр баяжуулж, гадаад дотоодын аж ахуйн нэгжид төмрийн хүдэр нийлүүлдэг байсан тул манай компаниар дамжуулж, өмнө харилцаж байсан түншүүдэд тухайн төмрийн хүдрийг нийлүүлэхээр тухайн үед ярилцсан. Гэтэл дээрх төмрийн хүдэр нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрт хураагдсан байсан тул энэ ажил маань бүтэлгүйтсэн. Үүнийг би тухайн үед мэдээгүй. Улмаар М.... нь О....гаас түүнд өгсөн 25,000,000 төгрөгөө шаардсаны дагуу О.... 1-2 сая төгрөгийг М....ын дансанд тухайн үед буцаан шилжүүлсэн. Гэтэл М.... нь О....гаас мөнгөө авч чадахгүй болонгуут эхнэр Г.... нь надаас 39,000,000 төгрөг нэхсэн учир би энэ хэмжээгээр үүрэг хүлээх болоод байна. Үүнээс хойш О....тай утсаар ярихад эхний ээлжинд М....т 10,000,000 төгрөг өгье, үлдэгдэл мөнгийг хувааж төлнө гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй. Иймд хариуцагч О....гаас 36,500,000 төгрөг, М....аас 2,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.
Хариуцагч О.... мөнгийг хугацаандаа буцааж өгөөгүйгээс нэхэмжлэгч нь бусдад их хэмжээний буюу 38,500,000 төгрөгийн төлбөр төлөх болсон. Тухайн цаг хугацаандаа 25,000,000 төгрөгийг буцааж төлөөгүйн улмаас зээлийн гэрээний хүү, алданги төлөх болоод байгаа учир О....гаас энэхүү хохирлоо оруулж тооцон шаардаж байгаа. Уг зээлийг зохигчдын хийхээр төлөвлөсөн хамтын ажиллагаанд зориулж зээлж авсан. Тийм учраас тухайн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой Г....гийн гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр энэ хэрэгтэй хамааралтай бөгөөд нэхэмжлэгч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нараас шаардах эрхтэй...гэв.
2.Хариуцагч О.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагаас өөрт хамаарах үндсэн төлбөр 23,000,000 төгрөгийг зөвшөөрдөг бөгөөд бусад нэмэгдэл үүргийг харин хүлээн зөвшөөрөх боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд хамтран хариуцагч болоод нэхэмжлэгч талтай эвлэрэн хэлэлцэх санал гаргаж харилцан тохиролцох хүсэлтэй байна.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.... нь хариуцагч М....т 1,000,000 төгрөгийг дансаар, 1,000,000 төгрөгийг өөр хүний дансаар дамжуулан төлсөн байдаг. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн хэрэг нь Г...., А.... нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой учир энэ хэрэгтэй хамааралгүй, уг шийдвэрт холбогдуулан зээлийн хүү, алдангийн О....гаас шаардаж буй нь үндэслэлгүй юм. А....ын гаргасан энэ нэхэмжлэл үндэслэлгүй боловч О....гийн хүлээн зөвшөөрч буй 23,000,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангаж, зээлийн хүү, алданги гэж илүү шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү...гэв.
3.Хариуцагч М.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч А....ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь би А....ас ... аймгийн Бүрэгхангай сумын ...т байрлах, ойролцоогоор 30-50 мянган тонн 65 хувийн төмрийн агууламжтай төмрийн хүдрийг Худалдах, худалдан авах гэрээ байгуулан БНХАУ руу гаргаж ашгаа тэнцүү хуваахаар харилцан тохиролцож бизнес хийхээр ярилцаж байсан боловч А....ас нэг ч төгрөг аваагүй. А.... нь өөрөө мөнгөгүй байсан тул мөнгө олох хүн байна уу гэсний дагуу миний гэр бүлийн хүн болох Г....тэй 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлэн 25,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай зээлж авсан. Уг мөнгийг дээр ярьж тохиролцсончлон тухайн бизнест зарцуулахаар О....д бэлнээр өгсөн. Энэ иргэний маргааны хамтран хариуцагч О.... бид хоёр найзууд биш бөгөөд А.... нь О....д бизнесийн санаа байна гэж анх бид хоёрыг танилцуулсан. Нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд А.... болон О.... нар утсаар ярьж миний эхнэрээс авсан 25,000,000 төгрөгийн 10,000,000 төгрөгийг О.... төлөхөөр болж, үлдэгдэл мөнгийг хувааж төлөхөөр тохиролцсон байна. Иймд А.... болон О.... нарын хооронд ямар харилцан тохиролцоо болсон, тухайн мөнгийг хэрхэн зарцуулсныг би мэдэхгүй. 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу эхнэр Г.... нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд А....д холбогдуулан нэхэмжлэл гаргаснаар иргэний хэрэг үүсэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Иймд Г....гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүйн тулд намайг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа нь хууль бус байх тул надад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.... нь нэхэмжлэгчээс 2,000,000 төгрөгийг зээлж аваагүй учир уг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн уг зээлийн гэрээтэй холбоотой хэрэг нь хамааралгүй юм. О....гаас М....т дансаар шилжүүлсэн энэ 1,000,000 төгрөг нь тэдний хоорондын төлбөр тооцооны асуудал байж болно. Үүнийг А.... шаардах эрхгүй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй байгаа учир М....т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү...гэв.
4.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаар шийдвэрийн эх хувь /хх-45-47/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар магадлалын эх хувь /хх-54-56/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.
6.Хариуцагч О....гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбар, татгалзлаа нотлохоор О....гийн Хаан банк ХХК дахь ... тоот дансны хуулга /хх-78/-ыг нотлох баримтаар гаргасан. Харин хариуцагч М...., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбар, татгалзлаа нотлохоор аливаа нотлох баримт гаргаагүй байна.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх нэхэмжлэгч А....ын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч А.... нь хариуцагч нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар О....гаас 36,500,000 төгрөг, М....аас 2,000,000 төгрөг тус тус гаргуулахаар шаардаж байна.
3.Хариуцагч О.... өөрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 23,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх 13,500,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж тайлбарлан маргаж байна.
4.Хариуцагч М....ын хувьд өөрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй бөгөөд А....ас аливаа гэрээ хэлцлийн дагуу мөнгө аваагүй учир 2,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээхгүй гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.
5.Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, хариуцагч О....гийн дансны хуулга болон зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
5.1.Зохигчид болон А...., О...., М.... нар нь 2019 онд хамтран ажиллахаар харилцан тохиролцож, тухайн хамтын үйл ажиллагаанд зориулан нэхэмжлэгч А.... нь 25,000,000 төгрөгийг хариуцагч М....ын эхнэр Г....тэй 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулан 1 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлж авсан байна.
5.2.Тухайн авсан зээлээ нэхэмжлэгч нь хариуцагч О....д хүлээлгэн өгч, зохигчдын тохиролцсон хамтын үйл ажиллагаа биелэгдэх боломжгүй болж, нэхэмжлэгч А.... нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас Г.... шүүхэд нэхэмжлэл гаргаж, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу А.... нь иргэн Г....д зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 25,000,000 төгрөг, зээлийн хүү 1,000,000 төгрөг, алданги 12,500,000 төгрөг, нийт 38,500,000 төгрөг төлөх үүрэг хүлээжээ.
5.3.Хариуцагч О.... хүлээн авсан 25,000,000 төгрөгөөс 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч М....т 1,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн байна.
5.Нэхэмжлэгч А.... нь бусдаас зээлж авсан 25,000,000 төгрөгийг О...., М.... нартай хамтран ажиллахаар тохиролцсон хамтын үйл ажиллагаанд зориулан О....д өгсөн, хамтын үйл ажиллагаа хэрэгжээгүй, үүний улмаас мөнгийг О.... нь тодорхой хугацаа заахгүйгээр А....д буцаан төлөх үүрэг хүлээсэн, уг үүргээс 1,000,000 төгрөгийг М....т дансаар шилжүүлсэн зэрэг үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Харин хариуцагч М.... 2,000,000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэх, хариуцагч О.... нэхэмжлэгчийн бусдад төлөх зээлийн гэрээний үүрэг болох зээлийн хүү, алдангийг хариуцах үүрэг хүлээсэн эсэх талаар зохигчид өөр өөрийн үндэслэл зааж маргасан.
6.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.1 дэх хэсгүүдэд зааснаар хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээх ба уг гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлж, гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна.
7.Зохигчид хуульд зааснаар хамтын үйл ажиллагаа эхлүүлэхээр тохиролцсон байх бөгөөд оролцогч А.... 25,000,000 төгрөг гаргаж, оролцогч О...., М.... нар хураамж гаргаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон. Гэвч тухайн хамтран ажиллах гэрээ хэрэгжих боломжгүй болж, хамтын үйл ажиллагаа эхлээгүй буюу гэрээ биелэгдээгүй байх тул зохигчдын хооронд Хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй гэж үзэхээр байна.
8.Нэхэмжлэгч А.... Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492.3 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн шаардах эрхээ тодорхойлсон.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй. О.... нь А....ас 25,000,000 төгрөгийг хуульд заасан дээрх үндэслэлээр буюу үндэслэлгүйгээр олж авсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ.
9.Харин О.... нь нэхэмжлэгчээс хүлээн авсан 25,000,000 төгрөгийг буцаан төлөх үүрэг хүлээсэн, уг төлбөрөөс 1,000,000 төгрөгийг хариуцагч М....т өгсөн болох нь түүний дансны хуулгаар тогтоогдож байх тул түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэн, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар М....аас 1,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А....д олгож, хариуцагч О....гаас 24,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
10.Хариуцагч О.... дахин 1,000,000 төгрөгийг хариуцагч М....т бусдын данснаас шилжүүлсэн гэж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлах боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй байна.
11.Нэхэмжлэгч А....ас авсан 25,000,000 төгрөгийг буцаан төлөх хугацаа тусгайлан тохиролцоогүй, төлбөр буцаан төлөхийг нэхэмжлэгч хэзээ шаардсан нь тодорхойгүй байх тул хугацаа хэтрүүлсний улмаас нэхэмжлэгч нь бусдад зээлийн хүү, алданги төлөх үүрэг хүлээж хохирсон гэж тайлбарлан 13,500,000 төгрөг шаардсан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
12.Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 352,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О....гаас 277,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагч М....аас 28,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М....аас 1,000,000 /нэг сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч А....д олгосугай.
2.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О....гаас 24,000,000 /хорин дөрвөн сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч А....д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13,500,000 /арван гурван сая таван зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 352,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О....гаас 277,950 төгрөг, хариуцагч М....аас 28,550 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч А....д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА