| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/0102/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/106 |
| Огноо | 2025-09-22 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | А.Х |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч А.Х
Шүүдэгчийн өмгөөлөгч Н.Б
Шүүгдэгч А.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт А-ы Ш-д холбогдох эрүүгийн 252.0001.7901.05 тоот хэргийг 2025 оны 09 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,.. оны ..сарын ..-ны өдөр Б аймгийн Б суманд төрсөн, ..настай, э.эгтэй, яс үндэс .., ..боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл.., Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ..-р баг, ...тоотод оршин суух, урьд Б й аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/.. дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгийн торгох ялаар, мөн тус шүүхийн 2024 оны 01 сарын 24-ний өдрийн 2024/ЗШ/46 дугаар шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгийн торгох шийтгэл, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 09 сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/.. дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, О овогт А-ы Ш /РД: .../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Ш нь 2025 оны 08 дугаар сарын 09-ний орой 22 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, өргөн гудамж “О ” дэлгүүрийн орчмоос.. дугаар цэцэрлэг хүртэл замд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн .. маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Ш нь 2025 оны 08 дугаар сарын 09-ний орой 22 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, өргөн гудамж “О ” дэлгүүрийн орчмоос .. дугаар цэцэрлэг хүртэл замд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн .. маркийн .. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхгүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 03/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 04/, драгер төхөөрөмжийн үзүүлэлт /хх-ийн 50/, цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 52/, гэрч Б.Г-ын мэдүүлэг /хх-ийн 17-18/, гэрч Б.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 20-21/, гэрч Ө.Н-ийн мэдүүлэг /хх-ийн 23-24/, Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ЗШ/.. дугаартай шийтгэвэр /хх-ийн 45-47/, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/.. дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 31-37/, шүүгдэгч А.Шижиртуяагийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 71-73/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 500 цагийн нийтэд тустай ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 500 цагийн нийтэд тустай ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Ш Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/.. дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4,000,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэсэн боловч тус ялаас шүүгдэгч нь торгох ялыг бүрэн биелүүлж, харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 16 хоногийн ялыг эдлээгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна. Шүүгдэгчийн эдлэх ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүйг дурдах нь зүйтэй юм.
Хохирлын хувьд:
Шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О овогт А-ы Ш /РД: БЕ94081518/-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А-ы Ш-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш нь оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1 /нэг/ жил 16 /арван зургаа/ хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялаар тогтоосугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ш-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б