Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2022/04448

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүрэг, ... давхарт байрлах, РД-.... Б... ХХК,

Хариуцагч:Баянгол дүүрэг, 1... тоотод оршин суух, РД ...., М...ын Б...,

Нэхэмжлэлийн шаардлага:1 653 137 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И...., хариуцагч М.Б..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б... ХХК нь хариуцагч М.Б...д холбогдуулан 1 653 137 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

М.Б... нь манай байгууллагад металл хяналтын ажилтан албан тушаалыг эрхлэн ажиллаж байсан.Тус ажилтан нь өөрийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас компанид 2 700 000 төгрөгийн хохирол учруулж, улмаас тус хохирлыг өөрийн цалин хөлсний тодорхой хувиар төлөхөөр 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 275/21 тоот Төлбөр барагдуулах гэрээ хийсэн.Улмаар 2021 оны 05 сард цалин дээрээсээ суутгуулан 300 000 төгрөг төлөөд, шалтгаангүйгээр ажил тасалсан тул ажлаас халсан.Хариуцагчийн ээлжийн амралт болон түүнтэй адилтгах цалин хөлснөөс компанид учирсан хохирлыг хасаад 1 653 137.11 төгрөг үлдэж уг хохирлыг хариуцагч төлж барагдуулаагүй тул 1 653 137.11 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч хариу тайлбартаа:Төлбөр барагдуулах гэрээг хүчээр хийлгэсэн,  ковидын үед миний цалинг 3, 4 сар өгөөгүй, манай гэр бүлийнхэн бүгд ажилгүй болж, би ганцаараа ажиллаж байсан.Тухайн үед би Б... ХХК-ийн нярав Билгүүнтамиртай холбогдож асуухад 20 ширхэг ор нь агуулахад очсон гэж хэлсэн. Тухайн үед юу ч яриагүй байж жилийн дараа ор байхгүй гэж надад хэлсэн.Би 20 ширхэг орыг Б... ХХК-ийн нярав Билгүүнтамирт хүлээлгэж өгсөн гэв.

Нэхэмжлэгчээс:Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлбөр барагдуулах тухай гэрээ, авлагын тайланг шүүхэд өгсөн, хариуцагчаас баримт өгөөгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 1 653 137 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:Төлбөр барагдуулах гэрээг хүчээр хийлгэсэн,  20 ширхэг орыг Б... ХХК-ийн няравт хүлээлгэж өгсөн гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн төлбөр барагдуулах тухай гэрээ, авлагын тайлан, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч М.Б... нь Б... ХХК-д ажиллаж байх үедээ 20 ширхэг ор худалдан авсны үнэ 1 653 137 төгрөгийн дүнд маргахгүй байх бөгөөд тухайн үед 20 ширхэг орыг нэхэмжлэгч байгууллагын няравт хүлээлгэн өгсөн гэж тайлбараа баримтаар нотлоогүй байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасны дагуу аливаа гэрээг байгуулж байгаа этгээдүүд хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг. 

Хэргийн 7 дугаар хуудсанд 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б... ХХК, М.Б... нарын төлбөр барагдуулах тухай харилцан тохиролцсон гэрээ авагдсан байна.

Уг гэрээнд ...М.Б... нь 20 ширхэг орны үнэ 2 700 000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын хугацаанд хэсэгчлэн цалингаасаа суутгуулах замаар төлж барагдуулах тохиролцсон байна.  

Хариуцагч нь дутагдуулсан эд зүйлсийн үнийг нэхэмжлэгч байгууллагад хэрхэн барагдуулах талаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 189 дүгээр зүйлийн 189.1-т заасан үндэслэлд нийцэж байх бөгөөд зохигч талуудын хооронд хийгдсэн төлбөр барагдуулах тухай хэлцэл нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасан үндэслэлд нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл байна. 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т зааснаар үүрэг гүйцэтгэгч нь хүлээсэн үүргээ тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгэх ёстой бөгөөд хариуцагч нь дээрх үүргээс 1 653 137 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй байх тул нэхэмжлэгч  байгууллага нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар  гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 41 400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 41 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т заасныг баримтлан хариуцагч М.Б...гээс 1 653 137 /нэг сая зургаан зуун тавин гурван мянга нэг зуун гучин долоон/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б... ХХК-д олгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41 400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 41 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг  зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          З.ДОРЖНАМЖИН