| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2022/04558/И |
| Дугаар | 102/ШШ2022/04447 |
| Огноо | 2022-12-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2022/04447
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Баянгол дүүрэг, ... тоотод байрлах, регистр ..., П... ББСБ, ХХК,
Хариуцагч:Баянгол дүүрэг, ... тоотод оршин суух, регистр ..., З...гийн Б...,
Нэхэмжлэлийн шаардлага:5 288 918 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов.
/Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П... ББСБ, ХХК нь хариуцагч З.Б...д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 288 918 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
П... ББСБ, ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 72-220402254 тоот зээлийн гэрээгээр хариуцагч З.Б...д 4 929 915 төгрөгийг, сарын 3.3 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, нийт 301 000 төгрөг өгсөн ба 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс хойш огт эргэн төлөлт хийгээгүй болно. Үндсэн зээлийн үлдэгдэл 4 710 258.60 төгрөг, хүү 498 303.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67 356.90 төгрөг, нотариатын зардал 13 000 төгрөг, нийт 5 288 918.83 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд тайлбар өгөөгүй.
Нэхэмжлэгчээс:Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, ажлын байр түрээслэх гэрээ, хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хариуцагчийн хүсэлт, хүсэлт гаргагчийн мэдээлэл, анкет, хур системийн лавлагааны маягт, С... ХХК-ийн нэхэмжлэх, зээлийн хүүгийн тооцооллыг шүүхэд өгсөн.
Хариуцагчаас шүүхэд баримт өгөөгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:
Хариуцагчаас 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 4 710 258.60 төгрөг, хүү 498 303.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67 356.90 төгрөг, нотариатын зардал 13 000 төгрөг, нийт 5 288 918.83 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, ажлын байр түрээслэх гэрээ, хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хариуцагчийн хүсэлт, хүсэлт гаргагчийн мэдээлэл, анкет, хур системийн лавлагааны маягт, зээлийн хүүгийн тооцоолол зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчдын хооронд 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Гэрээний 3 дугаар зүйлд зааснаар хариуцагч З.Б... нь хэрэглээний зориулалтаар нэхэмжлэгч байгууллагаас 4 929 915 төгрөгийг, 24 сарын хугацаатай, жилийн 39,6 хувийн хүүтэйгээр зээлж, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан хэмжээгээр тохиролцсон байна./хх 7-9/
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг байна.
Нэхэмжлэгч байгууллага нь зээлийн гэрээний дагуу 4 929 915 төгрөгийг зээлдэгч байгууллагад шилжүүлж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан үүргээ биелүүлсэн байна.
Хариуцагч гэрээний хугацаанд хүүгийн төлбөрт 301 000 төгрөгийг төлсөн, одоо шаардаж байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 4 710 258 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 498 303 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 67 356 төгрөг, нотариатын зардал 13 000 төгрөг нийт 5 288 918 төгрөгийн үлдэгдэл төлбөрийн тооцоололд хариуцагч маргаж тайлбар өгөөгүй байна.
Иймд хариуцагч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл 4 710 258 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болох бөгөөд гэрээгээр хүүгийн хэмжээг үндсэн зээлийн жилийн хүү 39,6 хувь байхаар талууд тохиролцсон байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй ба хариуцагч нь үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 498 303 төгрөг төлөөгүй болох нь зээлийн тооцооллоор тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар хүүгийн төлбөрт 498 303 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч байгууллага нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.
Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийг 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс хойш хийгээгүй бөгөөд зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т “Зээлдэгч зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцогдох ба гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ”, 5 дугаар зүйлийн 5.1.12-т “Зээлдэгч нь нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, үндсэн зээлийн төлөлтийг зээл эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд гэрээг цуцалж, нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, үндсэн зээлийн төлбөрийг шаардана” гэж талууд тохиролцсон байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар нотариатын зардал 13 000 төгрөгийг хариуцагч төлөх үндэстэй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 4 710 258 төгрөг, хүүгийн төлбөрт 498 303 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 67 356 төгрөг, нотариатын зардал 13 000 төгрөг нийт 5 288 918 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99 573 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 99 573 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч З...ын Б...гаас 5 288 918 /таван сая хоёр зуун наян найман мянга есөн зуун арван найман/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч П... ББСБ, ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99 573 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 99 573 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН