| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2022/04288/И |
| Дугаар | 102/ШШ2022/04422 |
| Огноо | 2022-12-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2022/04422
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 12 дугаар байр, 8 дугаар орц, 0 тоотод байрлах, Ш... Сууц Өмчлөгчдийн Холбоо,
Хариуцагч:Баянгол дүүргийн ... тоотод оршин суух, РД-...., Э... овогт Ц...гийн Э...,
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын 724 220 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов.
/Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш... Сууц Өмчлөгчдийн Холбоо нь хариуцагч Ц.Э...д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын 724 220 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 12 дугаар байр, 5 дугаар орц, 175 тоотод оршин суугч Ц.Э... нь 2018 оны 9 дүгээр сараас 2022 оны 8 дугаар сар хүртэлх СӨХ-ийн төлбөрөө төлөөгүй.Нийт төлбөрийн хэмжээ болох 724 220 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.Нэхэмжлэлээ дэмжиж байна. Одоо 2018 оны 9, 10, 11, 12 дугаар сарын төлбөр болох 60 352 төгрөг, 2019 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар саруудын төлбөр болох 181 055 төгрөг, 2020 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 11, 12 дугаар саруудын төлбөр болох 181 055 төгрөг, 2021 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 12 дугаар сарын төлбөр 181 055 төгрөг, 2022 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар саруудын төлбөр болох 120 709 төгрөг, нийт 724 220 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд тайлбар өгөөгүй.
Нэхэмжлэгчээс:Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ, Төрийн банкны нэхэмжлэлүүдийг өгсөн, хариуцагчаас баримт өгөөгүй./хх-4, 7-11/
Нэхэмжлэгч Ш... Сууц Өмчлөгчдийн Холбооны нэхэмжлэлээс 558 259 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 165 961 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:
Хариуцагч нь Сууц өмчлөгчдийн холбооны 2018 оны 9-12 дугаар сарын төлбөр болох 60 352 төгрөг, 2019 оны 1-12 дугаар саруудын төлбөр болох 181 055 төгрөг, 2020 оны 1-12 дугаар саруудын төлбөр болох 181 055 төгрөг, 2021 оны 1-12 дугаар сарын төлбөр 181 055 төгрөг, 2022 оны 1-8 дугаар сарын төлбөр болох 120 709 төгрөг, нийт 724 220 төгрөгийг төлөөгүй тул Ц.Э...аас 724 220 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Төрийн банкны нэхэмжлэлүүд, нэхэмжлэгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-д “дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох” гэж заасан байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж заасан байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т “тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан байх бөгөөд энэхүү дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчийн тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэг гэж үздэг.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, хариуцагч нь этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрч байсан тухайгаа баримтаар нотлоогүй бай тул хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх боломжгүй байна.
Иймд Ц.Э...аас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын 558 259 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, үлдсэн 165 961 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан Ц.Э...аас 558 259 /таван зуун тавин найман мянга хоёр зуун тавин есөн/ төгрөгийг гаргуулан Ш... Сууц Өмчлөгчдийн Холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 165 961 /нэг зуун жаран таван мянга есөн зуун жаран нэгэн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 931 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Э...аас 17 398 /арван долоон мянга гурван зуун ерэн найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш... Сууц Өмчлөгчдийн Холбоонд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН