| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 318/2025/0115/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/181 |
| Огноо | 2025-08-25 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/181
2025 08 25 2025/ШЦТ/181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнхгэрэл, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй, шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2535000000075 дугаартай хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн Б ургийн овогт Ц-ын А (РД: ....), 1984 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл найм, эхнэр, зургаан хүүхдийн хамт ... аймгийн ... сумын ... дугаар багт оршин суудаг, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний 223 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450’000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.
Хэргийн агуулга: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй “шүүгдэгч Ц.А нь 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Увс аймгийн ... сумын ... дугаар багт оршин суух хохирогч Х.Бгийн хотноос олон тооны буюу 12 тооны хонь хулгайлсан” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:
- Улсын яллагч: 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хэргийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 06-08 дугаар хуудас), хонинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 09-12 дугаар хуудас), эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 14-16 дугаар хуудас), гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цэрэг хар эмээл 1 ширхэг, суран материалаар хийсэн хазаар, цулбуур 1 ширхгийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 18-20 дугаар хуудас), хохирогч Х.Бгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас), гэрч Ц.Уын мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар хуудас), гэрч Б.Дын мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас), гэрч Р.Жын мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас), гэрч Х.Бийн мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар хуудас), шинжээчийн 45 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 42 дугаар хуудас), 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн мөрдөгчийн 12 тооны хонины үнэлгээ гаргасан хохирлын тооцоо (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас), 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн 66 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 52 дугаар хуудас), авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 152-154 дүгээр хуудас), гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 155-158 дугаар хуудас), хохирогч Х.Бгийн дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 159-161 дугаар хуудас), гэрч Ц.Уын дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 163-165 дугаар хуудас), гэрч Ц.Цийн мэдүүлэг (хавтаст хэргийн 167-169 дүгээр хуудас), гэрч Э.Цын мэдүүлэг (хавтаст хэргийн 171-173 дугаар хуудас), гэрч Б.Галсансанжаагийн мэдүүлэг (хавтаст хэргийн 175-176 дугаар хуудас) зэргийг шинжлэн судалсан.
Шүүгдэгч Ц.А болон түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нар нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан үнэлээд:
- Увс аймгийн Тэс сумын сум дундын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ггийн илтгэх хуудас (хавтаст хэргийн 01 дүгээр хуудас);
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас);
- Малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-12 дугаар хуудас);
- Эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 14-16 дугаар хуудас);
- Хохирогч Х.Бгийн малын А дансны хуулбар (хавтаст хэргийн 85 дугаар хуудас);
- Хохирогч Х.Бгийн “...Би Увс аймгийн Тэс сумын 5 дугаар багийн нутаг “Хотгор өлөн” гэх газар мал маллаж амьдардаг. Манай 2024 оны жил эцсийн мал тооллогоор 284 толгой хонь тоолуулсан. Түүнээс хүнсэнд 12 тооны хонь нядлаад 272 толгой хонь тоолоод үлдсэн Би өдөр бүр хонио хашаанаас гаргаад араас нь шууд явж өөрөө хариулдаг. Хүний малд ойртуулж нийлүүлдэггүй, хониноос салдаггүй хүн байгаа юм. 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гадна хүйтэн байсан тул хонио 12 цаг хашаанаас гаргаад бүртгэж байтал улаан цоохор зүсмийн эр хонь, шар галзан зүсмийн эр хонь, хар амтай цагаан эр хонь дутсан. Тэгээд би хонио тоолсон чин 272 толгой хониноос 12 толгой мал дутаж, 260 толгой мал байсан. Тэгээд би хонь хулгай авсан байна гэж сэжиглээд гэрийн ойр орчимд цасан дээр мөр хайж нэлээн явж байтал ертөнцийн зүгээр урд зүгээс нэг морьтой хүн ирээд буцахдаа манай хотноос 10 гаран тооны хонь туж явсан мөр байсан. Тэгээд араас нь мөрдөх гэтэл цаг орой болсон их хүйтэн байсан тул тэр өдрөө орхиод маргааш нь буюу 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө 08 цагийн үед хүү Б.Д болон манай ойр хавьд Р.Ж, Б.С, Т.Г, Х.Б гэж хүмүүсийн хамт морьтой явж хонь тууж явсан морьтой хүний мөрийг мөрдөж ертөнцийн зүгээр урд зүгт явсан. Мөр манай гэрээс 17 орчим км яваад Тэс сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэр “Үхэгийн хөвөө” гэх газарт өвөлжиж байсан Ц.А гэх айлын хотонд бидний мөрдөж явсан мөр орсон юм. Ингээд би Ц.Атэй уулзсан чинь би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд Ц.Аийг дагуулж яваад мөрийг нь үзүүлээд хонь хулгайлсан гэдгийг нь хүлээн зөвшөөрүүлээд өөрийн алдсан 12 тооны хониноос 5 тооны хонио зүсээр нь авч үлдэгдэл 7 тооны хонины өртөг, эрэл хийж явсан зардал гэж бэлэн 5,000,000 төгрөг авсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас);
- Хохирогч Х.Бгийн дахин өгсөн “...Би 12 тооны бог мал хулгайд алдсан болохоо 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 15 цагийн үед мэдэж хонио тоолж бүртгээд малын хотонд мөр хайж орой болгосон. Маргааш нь буюу 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хөрш зэргэлдээ айлын хүмүүстэй нийлж, манай хотонд морьтой хүн ирээд явахдаа 10 гаруй бог мал тууж явсан мөрийг мөрдөж явсаар манай гэрээс 17 км орчим зайтай өвөлжиж байсан Ц.Аийн малын хотонд оруулсан. Би Ц.Аийг дуудаж уулзаж морьтой хүн 10 гаруй тооны бог мал тууж явсан мөр хөөсөөр байгаад танай хотонд орууллаа гэж хэлэхэд Ц.А нь хөөж ирсэн мөрийг тань би өөрийн малын хотноос гаргаж өгнө гэж хэлээд намайг дагуулж малын хотон дотроо явсан боловч миний хөөж ирсэн мөрийг малын хотноос гаргаж чадаагүй. Ц.А хэсэг малын хотон дотроо эргэж байгаад надад хандаж би авчихсан, төлж өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ц.Ад уурлаж чамтай юу ярьдаг юм гэж хэлээд явсан. Би тухайн үед миний гар утас руу эхнэр залгаж сумын төвийн ойролцоо 5 тооны хонь байна гэж хэлэхээр нь сумын төв рүү автомашин аваад гараад ир гэж хээлээд Ц.Цийн гаднаас өөрийн хулгайд алдсан 5 тооны хонийг ачиж, гэртээ авч ирсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 160-162 дугаар хуудас);
- Гэрч Ц.Уын “...2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 11 цаг өнгөрч байхад манайх хашаанаас хонио гаргасан. Тэгтэл манай нөхөр Х.Б зүсээр 3 хонь байхгүй гээд бид нар хонио тоолсон чинь 12 тооны эр хонь дутсан юм. Манайх 2024 оны жил эцсийн мал тооллогоор 284 толгой хонь тоолуулсан 12 хонийг хүнсэнд хэрэглээд 272 хонь үлдсэн. Ингээд манай нөхөр, хүү нар ойр орчимд хайгаад явж байгаад урд зүгээс 1 морьтой хүн ирээд 10 гаран тооны хонь туугаад явсан мөр байна гэж хэлсэн. Тэгээд орой болж байсан тул маргааш нь хамт мөр мөрдөхөөр хүмүүстэй утсаар яриад хоносон. Маргааш нь буюу 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө манай хүү Б.Д, ойр хавьд байдаг Р.Ж, Б.С, Г, Х.Б нар морьтой уг мөрийг мөрдөж яваад орой 20 цагийн үед буцаж ирсэн. Тэгээд юу болсон талаар асуусан чинь мөр мөрдөөд Ц.Аийн хотонд оруулаад мөрийн өөрт нь үзүүлээд 5 хонь аваад ирлээ гэж хэлсэн. Тэгээд үлдсэн 7 тооны хонины мөнгө өгнө гэж байна гэсэн. Маргааш нь байх Ц.А ганцаараа ирээд уучлалт гуйгаад цагдаад битгий хэлээрэй би хохирол мөнгийг тань төлж өгнө гэж хэлсэн. Тэгээд дахин хэд хэдэн удаа ирээд уулзаад 2025 оны 02 дугаар сарын дундуур үлдсэн 7 тооны хонины хохирол гэж 5,000,000 төгрөг авч ирж өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар хуудас);
- Гэрч Ц.Уын дахин өгсөн “...Тухайн хэрэг гарснаас хойш 2 сарын дараа цагдаагийн алба хаагч ирж надаас мэдүүлэг авсан бөгөөд өдий наслахдаа цагдаа, шүүх эргэж үзээгүй би сандарч, тухайн цагдаатай үл ойлголцож, буруу, зөрүү мэдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл цагдаагийн албан хаагчийн асуусан асуултыг бүрэн бүрэн гүйцэт ойлголгүй хариулж, түүнийг нь цагдаагийн алба хаагч буруу ойлгосон бололтой. Ц.А манай бо малаас хулгайлсан гэх асуудлын талаар надад мэдэх зүйл байхгүй. Би мал тууж явсан мө мөшгиж яваагүй. Харин мөр мөшгөсөн нөхөр Х.Бгаас дагаж явсан мал туусан мөр нь Ц.Аийн малын хот руу ороод уг хотноос гараагүй талаар сонссон. Бид нар Ц.Аээс хулгайд алдсан 5 тооны хонь буцааж авсан удаа байхгүй. Харин төрсөн Ц.Цээс 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цагийн үед сумын төвийн ойролцоо хулгайд алдсан 5 тооны хонь байгаа талаар сонсож түүний эхнэр Ж.Б-ийн фэйсбүүк хаягаар дамжуулж зургйин харж мөн болохын таньж өөрийн “Toyota probox” загварын 47-50 УВА улсын дугаартай автомашинаар сумын төвөөс ачиж гэртээ ирсэн. Надад үүнээс өөр мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 164-165 дугаар хуудас);
- Гэрч Б.Дын “...2025 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө манайх хонио хашаанаас гаргаж бэлчээрлүүлэх гэж байтал манай аав Х.Б дотор байсан улаан цоохор, шар галзан, хар амтай эр хонинууд алга байна өчигдөр хонь хариулж явахад байсан гэж хэлээд хонь тоолсон 272 хониноос 12 тооны хонь дутаал 260 хонь байсан. Тэгээд бид нар шөнө хүн ирж авсан байна гэж ярилцаад ойр орчим д мөр үзсэн чинь ертөнцийн зүгээр зүүн урд зүгээс нэг морьтой хүн ирээд буцахдаа хонь туугаад явсан мөр байсан. ...Манай гэрийн ойр орчимд байдаг Р.Ж, Б.С, Б.Г, Х.Б гэх хүмүүстэй утсаар яриад маргааш нь мөр мөрдөхөөр болсон. Тэгээд бид нар уг мөрийг мөрдөж манай гэрээс 10 орчим км-т байдаг Ц.А гэж хүний хотонд оруулсан юм. Тэгээд Ц.Атэй уулзаад мөрийг нь үзүүлсэн чинь танай хонийг авсан хохирол мөнгийг чинь төлж өгнө гэж хэлсэн. Тэгээд 12 хониноос 5 тооны хонийг буцааж авч үлдэгдэл 7 тооны хонины хохирол гэж манай аав, ээжид 5,000,000 төгрөг өгсөн байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29дүгээр хуудас);
- Гэрч Р.Жын “...2025 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө Х.Б Б.Д н.Г, Б.С, Х.Б бид зургаа морьтой явж уг мөрийг мөрдсөн. Тэгээд нэг морьтой хүн 12 тооны хонь Х.Бы хотноос тууж явсан нь цасан дээр тодорхой гарсан байсан уг мөрийг мөрдөж яваад Тэс сумын 08 дугаар багийн нутагт Ц.А гэж айлын хотонд оруулаад Ц.Атэй Х.Б уулзаад мөрийн өөрт нь үзүүлээд хонь хулгайлж авснаа Ц.А хүлээн зөвшөөрсөн. Тэгээд бид нар орой болж байсан тул буцаж явсан. Сүүлд Х.Б Ц.Аээс 5 тооны хонь буцааж авсан гэж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас);
- Гэрч Х.Бийн “...2025 оны 01 дүгээр сарын 06-ны орой надтай Х.Б утсаар яриад хашаанд байсан хониноос 12 тооны хонь хулгай авсан байна та маргааш мөр мөрдөөд хамт яваад өгөөч гэж хэлсэн. ...Тэгээд юу болсон талаар асуусан чинь зүүн урд зүгээс 1 морьтой хүн ирээд хашаанд байсан хониноос 12 тооны хонь аваад явсан байна мөр нь энэ байна гэж хэлсэн. Тэр газар нь 1 морины мөр,12 тооны бог малын мөр байсан. Тэгээд бид зургаа уг мөрийг мөрдөж ертөнцийн зүгээр зүүн урд зүгт явсан. Тэгээд 14-15 км яваад уг мөр Тэс сумын 08 дугаар багийн иргэн Ц.А гэж айлын хотонд орсон.: Х.Б, Ц.А хоёр уулзаад уг мөрийг үзүүлээд Ц.А Х.Бы хонь хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд үлдсэн. Тэгээд бид нар буцаж явсан. Сүүлд сонссон 12 тооны хониноос 5 хонины зүсээр буцааж авсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар хуудас);
- Гэрч Ц.Цийн “...2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Х.Б ахын 12 тооны бог мал буюу хонь хулгайд алдагдсан талаар Х.Б ахаас гар утсаар сонссон. Түүний маргааш нь буюу 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр цагийн санахгүй байна Э.Ц манай гэрт ирж сумын төвийн зүүн талд 5 тооны хонь байна Х.Б ахын хонь биш биз гэж хэлэхээр нь би Э.Цтай хамт явж тухайн 5 тооны хонийг харахад Х.Б ахын хонь мөн байсан. Би урьд өмнө Х.Б ахын хонийг хариулж байсан учир хонийг нь хараад шууд таньсан. Би Ц.У эгч рүү гар утсаар холбогдож танай 5 тооны хонь энд байсан гэж хэлэхэд зургийн явуул, мөн бишийн харна гэж хэлэхээр нь уг хонийг тууж өөрийн хашаанд авч очоод эхнэр Жамсрангийн Буянхишигийн гар утсаар хонины зургийн дарж, фейсбүүк хаягаар нь эгч Ц.У руу зургийн явуулсан. Эгч Ц.У уг зургийг хараад өөрийн хонь мөн байна гэж таньж өөрийн “Toyota probox” загварын автомашинтай ирж манай хашаанаас авч явсан” гэх мэдүүлэг;
- Гэрч Э.Цын “...2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Тэс сумын 08 дугаар багийн нутаг хүний автомашин засаж өгчхөөд 16 цагийн үед өөрийн “Toyota mark-2” загварын, 40-23 УВА улсын дугаартай автомашинтай ганцаараа сумын төв рүү буцаж явах замдаа буюу сумын төвийн зүүн талд 5 тооны хонь байгааг харсан. Энэ талаараа Ц.Цд очиж хэлэхэд Ц.Ц нь очиж үзнэ гэж хэлээд хамт явж тухайн хонинуудыг үзээд Х.Бгийн хонь мөн байна гэж таньж Ц.Уд хэлсэн. Түүний дараа уг 5 тооны хонийг тууж Ц.Цийн хашаанд хүргэсэн” гэх мэдүүлэг;
- Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 152-154 дүгээр хуудас);
- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, (хавтаст хэргийн 155-158 дугаар хуудас);
- Шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 45 дугаартай “...Увс аймгийн Тэс суманд 2025 оны 01 дүгээр сарын байдлаар 4, 5, 6 настай 3 тооны эр хонины зах зээлийн үнэлгээг 930’00 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 42 дугаар хуудас),
- Шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 66 дугаартай “...Увс аймгийн Тэс суманд 2025 оны 01 дүгээр сарын байдлаар 10 настай морины зах зээлийн үнэлгээг 1’200’000 төгрөгөөр тогтоов. Увс аймгийн Тэс суманд 2025 оны 01 дүгээр сарын байдлаар морины дагалдах хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 192’500 төгрөгөөр тогтоов, ” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 52 дугаар хуудас) зэргийг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
2.1. Шүүгдэгч Ц.А нь яллагдагчаар “...Би 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 15 цагийн үед “Их голын хөвөөнд бэлчээрлэж байсан өөрийн эзэмшлийн 63 тооны адууг бүртгэхээр шаргал зүсмийн 10 настай, баруун талын гуя буюу буруу талдаа буйл тамгатай морийг унаж явсан. ...Би гэр лүүгээ явж байх үедээ хөрш зэргэлдээ байдаг Х.Бгийн гэрийн ойролцоогоор өнгөрөхөд түүний эзэмшлийн 5 тооны эр хонь гадна малын хотон дотроо байхаар нь би гэр лүүгээ тууж авч явсан. 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Х.Б хажуудаа хэсэг бүлэг хүмүүстэй манай гэрт ирж, хулгайд алдагдсан малын мөр хөөж яваад ирлээ гэж хэлэхээр нь би Х.Бгаас уучлалт гуйж 5 тооны эр хонь авсан гэдгээ хэлэхэд Х.Б 12 тооны хонь дутаж байна гэж хэлсэн. Ингээд би хулгай хийснээсээ айж цагдаагийн байгууллагад битгий мэдэгдээрэй гэж хэлээд 5 тооны хон авсан ч гэсэн 12 тооны хонины хохирол барагдуулахаар авсан 5 тооны хонио буцаан өгч, дээр нь 5,000,000 төгрөг бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас);
- Шүүхийн хэлэлцүүлэгт “...Би 5 тооны хонь авсан” гэж;
- Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл “...Энэ хэрэгт бусдын 12 тооны малыг хулгайлсан гэдгийг тогтоосон үйл баримт байхгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдон тогтоогдоогүй. Миний үйлчлүүлэгчийн мэдүүлэг анхнаасаа тогтвортой явж ирсэн байдаг ба 5 тооны хонь авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Хохирогч бол 12 тооны хонио алдсан гэдэг бөгөөд Ц.А цагдаад битгий хэлээч гэж гуйж нэг хонийг 1,000,000 төгрөгөөр тооцож, үлдэгдэл 7 тооны хонины мөнгийг төлсөн байдаг. Өөрийн үйлдлийг илчлүүлэхгүйн тулд хохирогчийн эрхшээлд орж үлдэгдэл 7 тооны хониных нь үнийг төлж өгсөн нөхцөл байдал байна.
...Иймд гэрч, хохирогч нарын мэдүүлгийг 100 хувь үнэн гэж үнэлэх боломжгүй гэж үзэж байна. Хохирогч тэр хавьд чоно ихтэй 7 тооны хонийг чоно идсэн гэхдээ малын сэг зэм бол байгаагүй гэж мэдүүлсэн байна. Гэтэл уг 5 тооны хонийг яг маргааш нь буюу 01 дүгээр сарын 07-ны өдөр очоод авчхаж байгаа асуудал байгаа. Малыг чоно идээгүй гэдгийг нарийн сайн харсан байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа.
...Тухайлбал нядаллаа гэж бодвол өтгөн, шингэн нь байж байдаг. Гэтэл ийм ул мөр байсан юм уу?, зарж борлуулсан гэж бодвол 01 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд Ц.А өөр тийшээ явсан, тухайн малыг зөөж тээвэрлэсэн ул мөр байгаа юм уу. Тэгэхээр эдгээр байдлуудыг нотлон тогтоогоогүй байна. Иймд миний үйлчлүүлэгчийг олон тооны мал хулгайлсан гэж үзэх үндэслэл байхгүй. Харин өөрийнх нь мэдүүлж буйгаар 5 тооны хонийг хулгайлсан гэж үзэх боломжтой юм. Яагаад гэвэл 5 тооны хонийг би аваад буцаагаад алдчихсан юм гэдэг зүйлийг миний үйлчлүүлэгч хэлдэг. Энэ нь сумын төвд явж байсан 5 тооны хонийг гэрч нар хараад хохирогч хүлээж авсан үйл явдалтай давхцаж байгаа юм. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлснийг хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэж тус тус мэтгэлцжээ.
Шүүгдэгч Ц.Аийн мэдүүлгүүд нь хохирогч, гэрч нарын дээр дурдсан мэдүүлгүүдээр няцаан үгүйсгэгдсэн, бусад баримтаар нотлогдохгүй байх тул шүүгдэгчийг хэргийн талаар үнэн зөв мэдүүлж байгаа гэж үзэх үндэслэлгүй.
Тодруулбал хохирогч Х.Б, гэрч Х.Б, Р.Ж, Б.Д нарын мэдүүлгээр 12 тооны хонины мөр хохирогчийн хотноос гарч шүүгдэгчийн хотонд хүрсэн гэх бөгөөд энэ талаар шүүгдэгч гэмт хэргээ илчилж хохирогчид хэлсэн байна. Энэ нь хохирогчийн “...2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Ц.А манай гэрт ирэхэд нь түүнээс салгаж хөөсөн 5 тооны хонийг чинь олоод авчихсан 7 хонь нь хаана байна гэж асуухад Ц.А 5 хонь хөлөөрөө салаад явчихсан. Би салгаж хөөгөөгүй, үлдэх 7 хонийг нь чоно идчихсэн гэж хэлсэн. Тухайн газарт чонотой боловч би чоно идсэн малын сэг хараагүй. Мөн Ц.А 7 хонины хохиролд 5,000,000 төгрөг бэлнээр өгсөн” гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийн “12 тооны хонь аваагүй, 5 тооны хонь авсан” гэж маргасан нь үндэслэлгүй, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх зорилгоор худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.
2.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээр дурдсан нотлох баримт нь хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэхэд хүрэлцээтэй, хуульд заасан үндэслэл журмыг зөрчөөгүй байна. Иймд дээрх баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл:
2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Тэс сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэр хохирогч Х.Бгийн малын хотноос шүүгдэгч Ц.А нь өөрийн шаргал зүсмийн 10 настай, баруун талын гуя буюу буруу талдаа буйл тамгатай морийг уналга болгон ашиглаж 12 тооны хонь тууж явсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын малыг хулгайлсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. “Мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаардаг.
Шүүгдэгч Ц.А нь 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Увс аймгийн Тэс сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Х.Бгийн 12 тооны малыг хашаанаас нь тууж явсан үйлдэл мал хулгайлах гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг агуулж байна.
3.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш тооны мал хамаарахаар тодорхойлжээ. Шүүгдэгч Ц.А нь 8 богоос дээш буюу 12 тооны бог малыг хулгайлсан тул түүнийг “олон тооны мал” хулгайлсан гэж үзнэ. Тодруулбал 12 тооны бог малыг хулгайлсан шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж үйлдсэн” гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна.
3.3. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Ц.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан мал хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Х.Бд 3’780’000 төгрөгийн хохирол учирсан нь хөрөнгийн үнэлгээний 45 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 42 дугаар хуудас)-ээр тогтоогджээ.
Хохирогч Х.Бгийн “...Би алга болсон 5 тооны хонио тэр орой шууд авсан надтай хамт мөр хөөсөн хүмүүс бүгд энэ талаар мэдсэн. Сүүлд өдрийн сайн санахгүй байна манай эхнэр Ц.У бид хоёрыг гэрт байхад Ц.А ганцаараа ирээд уучлалт гуйгаад хохирол гэж бэлнээр таван сая төгрөг өгсөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би хохирлоо бүрэн барагдуулж авсан. Санал хүсэлт, гомдол байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас) зэргээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан буюу хохирогчийн зөрчигдсөн эрх сэргэсэн нь тогтоогдож байна.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Ц.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзэв.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгч Ц.Аийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 74 дүгээр хуудас), шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлтийн лавлагаа (хавтаст хэргийн 69 дүгээр хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 67 дугаар хуудас), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 68 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээс дүгнэвэл шүүгдэгч нь эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 223 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, гэм буруугаа ойлгон ухамсарлаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.2. Шүүгдэгч Ц.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3. Эрүүгийн хариуцлагын талаар: улсын яллагч “...шүүгдэгч Ц.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 жилийн хорих ял, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх санал;
- Шүүгдэгч Ц.Аийн өмгөөлөгч Б.Батгэрэл “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын доод хэмжээ оногдуулж өгнө үү” гэх санал тус тус гаргажээ.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ бага, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Ад 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэн гэж дүгнэв.
3.2. Шүүгдэгч Ц.А гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн 10 настай морийг уналга болгон ашигласан нь тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналга нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулдаг журамтай. Мөн тус зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хураан авсан хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан, эсхүл хохирол нөхөн төлөгдсөн тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон 10 настай, шарга зүсмийн, 1 тооны морь, 1 ширхэг хазаар, 1 ширхэг цулбуур, 1 ширхэг эмээлийг худалдан борлуулж, олсон орлогыг улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.
3.3. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
4. Шүүгдэгчийг энэ хэрэгт холбогдуулан цагдан хориогүй болно.
Шүүгдэгчид хорих ял оногдуулсан, улсын яллагч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ мөчөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
5. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шарга зүсмийн, нас гүйцсэн, 1 тооны морийг худалдан борлуулж, олсон орлогыг улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Тухайн морийг хураан авч худалдан борлуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэвийн, шуурхай явуулах зорилгоор уг ажиллагаа эхлэх хүртэл битүүмжилсэн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Мөн эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг хазаар, 1 ширхэг цулбуур, 1 ширхэг эмээлийг худалдан борлуулж, олсон орлогыг улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт Ц-ын Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Аийг 02 (хоёр) жил 01 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан 10 настай, шарга зүсмийн, 1 тооны морь, 1 ширхэг хазаар, 1 ширхэг цулбуур, 1 ширхэг эмээлийг худалдан борлуулж, олсон орлогыг улсын төсөвт шилжүүлсүгэй.
5. Шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан баривчлаагүй, цагдан хориогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ мөчөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шарга зүсмийн, нас гүйцсэн, 1 тооны морийг битүүмжилснийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг хазаар, 1 ширхэг цулбуур, 1 ширхэг эмээлийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА