| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2022/04828/И |
| Дугаар | 102/ШШ2023/00051 |
| Огноо | 2022-12-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2023/00051
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Баянгол дүүрэг, ... тоотод байрлах, регистр ..., Э... ХХК,
Хариуцагч:Баянгол дүүрэг, ... тоотод байрлах, регистр ..., А... ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага:2 850 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Я.М..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов.
(Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.М... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э... ХХК нь хариуцагч А... ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг болон зардлын 2 850 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Манай байгууллага 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр А... ХХК-д 10 тонн цемент зээлээр худалдсан боловч мөнгийг нь төлөхгүй байна.Иймд А... ХХК-аас 10 тонн цементийн үнэ 2 800 000 төгрөг, тээврийн 50 000 төгрөг нийт 2 850 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд хариу өгөөгүй.
Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зарлагын баримт, хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг шүүхэд өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: Хариуцагч байгууллагаас 10 тонн цементийн үнэ 2 800 000 төгрөг, тээврийн зардал 50 000 төгрөг, нийт 2 850 000 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зарлагын баримт, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Нэхэмжлэгч байгууллага нь гэрээний дагуу хариуцагч байгууллагад 10 тонн цементийг нийлүүлсэн тухайд хариуцагч маргаагүй тул худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Мөн зохигч талуудын хооронд 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хийгдсэн цемент 10 тонн 2 800 000 төгрөг, тээвэр 50 000 төгрөг, нийт 2 850 000 төгрөг бүхий зарлагын баримтад хүлээн авсан Мөнхзул гэж бичигдсэн байна./хх 4/
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж зааснаар тээврийн зардал 50 000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шүүхээс нэхэмжлэлийг гардан авч, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хариу тайлбараа шүүхэд өгөх үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заажээ.
Иймд А... ХХК-аас 2 850 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь үндэстэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60 550 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 60 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч А... ХХК-аас 2 850 000 төгрөг гаргуулан Э... ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60 550 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 60 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН