Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2023/00080

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн ... тоот хаягт оршин суух, регистр...., М... овогт Д...гийн Т...

Хариуцагч:Баянгол дүүрэг, ... тоотод бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг ...тоотод оршин суух, регистр ..., Д... овогт Г....ны А..., 

Нэхэмжлэлийн шаардлага:16 395 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б..., хариуцагч Г.А..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Т... нь хариуцагч Г.А...д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16 395 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Г.А... 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 33 000 000 төгрөгийг, хүүгүйгээр 2 сарын хугацаатай зээлсэн.Зээлийн гэрээний дагуу 18 000 000 төгрөгийг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төлсөн бөгөөд үлдэгдэл 15 000 000 төгрөгийг төлөхгүй байна.Зээлийн гэрээний 3.7-т заасны дагуу алданги 1 395 000 төгрөгийн хамт нийт 16 395 000 төгрөг төлөөгүй байна.Алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрүүлэхгүй бодсон болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа:Г.А... нь 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 33 000 000 төгрөгийг хүүгүйгээр 2 сарын хугацаатай зээлсэн.Зээлийн гэрээний дагуу 18 000 000 төгрөгийг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төлсөн.Өнөөдрийн байдлаар үлдэгдэл 15 000 000 төгрөгийг төлөөгүй.Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-т заасны дагуу алдангийг 0,3 хувиар тооцож, 1 395 000 төгрөгийн хамт нийт 16 395 000 төгрөг төлөөгүй байсан, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрүүлэхгүй алдангийг нэмэгдүүлж 5 040 000 төгрөг нийт 20 040 000 төгрөг гаргуулна, хариуцагчаас 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 3 000 000 төгрөгийг хүлээн авсан гэж байна гэв.

Хариуцагч хариу тайлбартаа:Би 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр А...гаас байр худалдаж авсан.Надтай худалдах, худалдан авах гэрээг Хулан, Т... гэх А...гийн хүүхдүүд нь хийсэн, 50 000 000 төгрөгийн гэрээ хийж, үлдэгдэл 33 000 000 төгрөгийг гадаадаас мөнгө шилжиж ирэхээр өгнө гэж хэлээд гэрээтэй нь уншиж танилцахгүй гарын үсэг зурсан.Маргааш нь Швед улсаас дансаар дамжиж 18 000 000 төгрөг орж ирэхээр нь өгч, 15 000 000 төгрөг үлдсэн.Анхнаасаа алданги тохиролцоогүй учраас алданги төлөх үндэслэлгүй.Үлдэгдэл 15 000 000 төгрөгөөс 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 3 000 000 төгрөгийг төлсөн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 4 642 000 төгрөгийн барилт хийсэн.Үлдэгдэл 7 358 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа, бусдыг зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэгчээс зээлийн гэрээ, Хаан банкин дахь дансны хуулгыг, хариуцагчаас:Худалдах, худалдан авах гэрээ, Баянгол дүүргийн ... тоотод байршилтай, Р.А...гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Хаан банкин дахь дансны хуулга, зээлийн гэрээ, барьцааны гэрээг шүүхэд өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Т...ын нэхэмжлэлээс 13 116 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 6 924 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн 15 000 000 төгрөг, алданги 5 040 000 төгрөг нийт 20 040 000 төгрөгийг Г.А...аас гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:Үлдэгдэл 15 000 000 төгрөгөөс 2022 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр 3 000 000 төгрөг төлсөн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 4 642 000 төгрөгийн барилт хийсэн байгаа тул үлдэгдэл 7 358 000 төгрөгийг төлнө гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээлийн гэрээ, Хаан банкин дахь дансны хуулгыг, худалдах, худалдан авах гэрээ, Баянгол дүүргийн ... тоотод байршилтай, Р.А...гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Хаан банкин дахь дансны хуулга, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зохигч талуудын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч Г.А... нь 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Р.А...гаас Баянгол дүүргийн ... тоотод байршилтай, 50 м.кв талбайтай, 2 өрөө бүхий орон сууцыг 85 000 000 төгрөгөөр худалдан авч, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Дээрх орон сууцны үнийн үлдэгдэл 15 000 000 төгрөгт Г.А... нь Р.А...гийн хамаарал бүхий Д.Т...тай зээлийн гэрээ байгуулсан тухай үйл баримтад талууд маргахгүй байна.

Хариуцагч Г.А... нь 2022 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр буюу 3 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч байх бөгөөд үлдэгдэл 12 000 000 төгрөгт талуудын хэлцлээр тохирсон 0,3 хувийн алдангийг 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 31 хоногоор тооцоход 1 116 000 төгрөг байна.

Дээрх үндэслэлээр Г.А...аас үлдэгдэл төлбөр 12 000 000 төгрөг, алданги 1 116 000 төгрөг нийт 13 116 000 төгрөг гаргуулан Д.Т...д олгож, нэхэмжлэлээс үлдсэн 6 924 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239 925 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 223 530 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан Г.А...аас 13 116 000 /арван гурван сая нэг зуун арван зуун мянган/ төгрөгийг гаргуулан Д.Т...д олгож, нэхэмжлэлээс 6 924 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239 925 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.А...аас 223 530 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Т...д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           З.ДОРЖНАМЖИН