Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/184

 

 

 

 

 

 

 

 

2025       09          04                                          2025/ШЦТ/184

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнхгэрэл, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Баасанхүү, шүүгдэгч Э.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2535000930151 дугаартай хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Э-ын Х (РД: ...), 1996 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт ... аймгийн ... сумын ... дугаар багийн ... тоотод оршин суудаг, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1405 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан.

Хэргийн агуулга: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Баасанхүү “шүүгдэгч Э.Х нь 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Ц.Нтай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа түүний эзэмшлийн 270’000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг-А12” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, тухайн утсан дээр бүртгэлтэй мобайл банк үйлчилгээг ашиглан бусдын эд хөрөнгийг өөрийн адил захиран зарцуулж хохирогч Ц.Нгийн эзэмшлийн Хаан банкны ... тоот данснаас өөрийн эзэмшлийн Хаан банкны ... тоот данс руу 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 04 цаг 08 минутад 90’000 төгрөг, 05 дугаар сарын 07-ны өдрийн 04 цаг 09 минутад 700’000 төгрөг, 05 дугаар сарын 08-ны өдрийн 15 цаг 50 минутад 220’000 төгрөг, 05 дугаар сарын 09-ний өдрийн 19 цаг 33 минутад 400’000 төгрөг, 5 дугаар сарын 10-ны өдрийн 18 цаг 34 минутад 610’000 төгрөг, нийт 5 удаагийн гүйлгээгээр 2’020’000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч хохирогчид нийт 2’290’000 төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанд улсын яллагч: Хохирогч Ц.Нгийн Хаан банкны ... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 7 дугаар хуудас, шүүгдэгч Э.Хын Хаан банкны ... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 15-18 дугаар хуудас), шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 86 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 52 дугаар хуудас), шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 124 дүгээр дүгнэлт (хавтаст хэргийн 58 дугаар хуудас), 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн эд зүйл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас), 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 83 дугаар хуудас), хохирогч Ц.Нгийн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 34-35, 37 дугаар хуудас), гэрч Н.Нийн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 39-40, 109 дүгээр хуудас), шүүгдэгч Э.Хын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 75-76, 111 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан, шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дугаар хуудас),

- Ц.Нгийн Хаан банкны ... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 07 дугаар хуудас),

- Хаан банкны 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 5822/278 тоот албан бичиг, Э.Хын хаан банкны ... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 10-14 дүгээр хуудас),

- Дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 15-18 дугаар хуудас);

- Хохирогч Ц.Нгийн “...Би 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт байх баривчлах байрнаас гараад Улаангом сумын 01 дүгээр багийн нутагт байх гэртээ ганцаараа нэг шил 0.5 литрийн Ерөөл нэртэй архи уусан. Тэгж байгаад 16 цаг өнгөрч байхад найз Э.Х руу ярихад “би тантай уулзан хаана байна” гээд Улаангом сумын 01 дүгээр багт байх автобусны зогсоол дээр эхнэрийнхээ хамт автомашинтай ирсэн. Тэндээсээ Чандманийн 05 дугаар буудал дээр үйл ажиллагаа явуулдаг “Тус” хүнсний дэлгүүрээс би 0.33 граммын “Хараа” нэртэй архи авч Э.Хын автомашинд суугаад Чандманийн шатахуун түгээх станц орж Э.Хын машинд 25’000 төгрөгийн бензин хийж өгсөн. Тухайн автомашиндаа архи ууж байгаад би архиндаа хэт их мансуурч ухаанаа алдаж тасарсан. Би Улаангом сумын 06 дугаар багийн нутагт байх Заан хүнсний дэлгүүрийн доод талд гудамжинд сэрсэн. Тэгтэл миний эзэмшлийн Самсунг А12 загварын гар утас алга болсон байсан. Би тухайн газраас гэр рүүгээ гүйж харьсан. Би 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр өөрийн иргэний үнэмлэхээ аваад Өгөөмөрийн Хаан банк орж данснаас мөнгө авах гэтэл миний эзэмшлийн Хаан банкны ... тоот дансанд байсан 2,790,000 төгрөгөөс 3000 төгрөг үлдсэн байсан. Тэгээд тухайн банкнаас дансны хуулга авахад миний данснаас Хаан банкны ..., ..., ..., ..., ... тоот данс руу 1 гэсэн утгаар зарлага гараад байсан. Миний хулгайд алдагдсан гар утас хар өнгийн их биетэй, кейстэй, шилэн наалттай, 2025 оны 04 дүгээр сарын эхээр 300’000 төгрөгөөр авсан, эвдрэл гэмтэлгүй хэвийн ажиллагаатай гар утас байсан. Уг гэмт хэргийн улмаас сэтгэл санаанд ямар нэгэн хохирол учирсан зүйл байхгүй. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас);

- Хохирогч Ц.Нгийн дахин өгсөн “...Би 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Э.Хтай хамт явж байх үедээ н.Ганчимэг гэх найзтайгаа утсаар холбогдож тухайн найзыг Э.Х болон түүний эхнэрийн машинд суулгаж Ар булаг дэлгүүр дээр ирж гэрт нь хүнсний бараа материал авч өгсөн. Тухайн авч өгсөн зүйлийг гэрт нь хүргэж оруулж өгчхөөд Бор толгой гарч ширгэнэ дээр сууж 1 шил 0.33 литрийн Хараа нэртэй архи уусан. Бор толгойн шатахуун түгээх станцаас Э.Хт 50’000 төгрөгийн бензин хийж өгсөн. ...Бид гурав дэлгүүр орж Э.Хын гэрт хүнсний зүйл болон 1 шил 0.5 литрийн архи аваад тэдний гэрт ууж сууж байгаад түүнийг гэртээ мал ав гэж 200’000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд хоол идчихээд архи уусан түүнээс хойш юу болсон талаар санах зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас);

- Хохирогч Н.Нийн “...Би 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хамтран амьдрагч Э.Хын хамт Улаангом сумын 11 дүгээр багт өөрийн 62-19 УВХ улсын дугаартай, “Fit” загварын автомашинтай явж байсан. Гэтэл манай нөхөр Э.Х руу 88450499 дугаараас залгаж “хаана явж байна, хүрээд ир, нэг ажил байна” гэж хэлсэн. Би өөрийн нөхөртэйгөө хамт Улаангом сумын 01 дүгээр баг, Чандмань, 03 дугаар буудлын “Тус” гэх дэлгүүрийн гадна очиход 0.5 литрийн Ерөөл нэртэй архи авсан Ц.Н гэх хүн манай автомашинд суусан. Улаангом сумын төв рүү орж ирээд миний нөхрийн данс руу Ц.Н гэх хүн “та хоёр бензин хий” гэж 50’000 төгрөг шилжүүлсэн. Бид хоёр цэцэрлэгээс хүүхдээ авахаар очоод би цэцэрлэгээс хүүхдээ авчхаад гараад ирэхэд Ц.Н гэх хүн манай охинд чипс, ундаа өөртөө 0.5 литрийн архи авсан. Манай гэрийн гадна очиж Ц.Н болон Э.Х нар архи уусан. Харин би гэрт хүүхдээ оруулсан. Намайг гэрээс гараад ирэхэд Ц.Н гэх хүн нэг эмэгтэй хүнтэй ярьж байсан. Тухай эмэгтэй хүнийг Улаангом сумын 04 дүгээр багийн Чандмань дэлгүүрийн арын хорооллоос авсан яг аль хашаанаас гэдгийн сайн мэдэхгүй. Тухайн эмэгтэйг авч Ар булаг дэлгүүр орж хэдэн төгрөгт юу авсан талаар мэдэхгүй ямар ч байсан хайрцагтай юм авсан. Э.Х дэлгүүр орж хайрцагтай зүйлийг өргөж машинд тавьсан. ...Төв рүү ирж байхад би буудал орохгүй агаарт гэр буудал авна гэж Ц.Н тухайн эмэгтэй хүнтэй маргалдаж байгаад нөгөө эмэгтэй тэгвэл би явахгүй гэж хэлээд Баруун зам дэлгүүр дээр бууж үлдсэн. Ц.Н, Э.Х хоёр Баруун зам дэлгүүрээс 0.5 литрийн архи мөн ундаа, идэх юм авсан. Манай гэр рүү явах замдаа Ц.Н гэх хүн танай гэрт юм авч орно гэж хэлээд Дөл дэлгүүрээс 3 кг бууз, мөн идэж уух юм аваад манай гэр рүү явсан. ...Тэгээд Э.Х манай эхнэр Н.Н удахгүй төрнө мал авмаар байна гэхэд Ц.Н гэх хүн 200’000 төгрөг шилжүүлж өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас);

- Гэрч Б.Бгийн “...Би Хаан банкны 5830000792 тоот дансыг эзэмшдэг. 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр шөнийн захын 130 дугаар лангуу дээр гар утас зарж байх үед зүс таних залуу эхнэртэй утас авна гэж манайд хүрч ирээд өөрийн данснаас миний данс руу 350,000 төгрөг шилжүүлж гар утас авсан. Тухайн гар утас нь М33 загварын бор шаргал өнгийн утас байсан. Би 380,000 төгрөгөөр худалдаалж байсан гар утсыг 350,000 төгрөгт хямдруулж зарж борлуулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дүгээр хуудас);

- Хөрөнгө үнэлгээний 86 дугаартай “...Увс аймгийн Улаангом суманд 2025 оны 05 дугаар сарын байдлаар “Samsung A12” загварын гар утасны зах зээлийн үнэлгээг 270’000 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 52 дугаар хуудас);

- Хөрөнгө үнэлгээний 124 дугаартай “...Увс аймгийн Улаангом суманд 2025 оны 05 дугаар сарын байдлаар “Samsung A22” загварын гар утасны зах зээлийн үнэлгээг 297’000 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 58 дугаар хуудас);

- Шүүгдэгч Э.Хын гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Ц.Н ахын данснаас 2023000 төгрөгийг хэлэлгүй хулгайлж авсан нь үнэн бөгөөд тэр мөнгөөрөө эхнэртэй 280,000 төгрөгөөр гар утас аваад бусад мөнгийг нь дэлгүүрээс идэж уух зүйл авч үрсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас) зэргээр 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт шүүгдэгч Э.Х, хохирогч Ц.Н нар хамтран архидан согтуурах явцдаа шүүгдэгч нь хохирогчийн 270’000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг-А12” загварын гар утсыг хулгайлж, улмаар тухайн утсан дээр бүртгэлтэй мобайл банк үйлчилгээг ашиглан хохирогчийн эзэмшлийн Хаан банкны ... тоот данснаас өөрийн эзэмшлийн Хаан банкны ... тоот данс руу 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 04 цаг 08 минутад 90’000 төгрөг, 05 дугаар сарын 07-ны өдрийн 04 цаг 09 минутад 700’000 төгрөг, 05 дугаар сарын 08-ны өдрийн 15 цаг 50 минутад 220’000 төгрөг, 05 дугаар сарын 09-ний өдрийн 19 цаг 33 минутад 400’000 төгрөг, 5 дугаар сарын 10-ны өдрийн 18 цаг 34 минутад 610’000 төгрөг буюу нийт 5 удаагийн гүйлгээгээр 2’020’000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч, хохирогчид нийт 2’290’000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” хулгайлах гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч Э.Х хохирогч Ц.Нд хүч хэрэглэхгүйгээр, зөвшөөрөлгүйгээр, нууцаар түүний 270’000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг-А12” загварын гар утсыг хулгайлан авч, тухайн утсан дээр бүртгэлтэй мобайл банк үйлчилгээг ашиглан хохирогчийн Хаан банкны ... тоот данснаас 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 10-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр 2’020’000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч, хохирогчид нийт 2’290’000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл дээр дурдсан хулгайлах гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Тухайлбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй” гэж заажээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т зааснаар “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгох бөгөөд 300’000.01 төгрөгөөс 9’999’999.99 төгрөг хүртэлх хэмжээг бага хэмжээнээс дээш хэмжээний хохиролд тооцно. Тодруулбал шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 2’290’000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх тул шүүгдэгчийн үйлдэл уг гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

3.2. Шүүгдэгч Э.Хын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Э.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогчид 2’290’000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирчээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.Х хохирогч Ц.Нд учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хохирогчийн “...Э.Х нь надад учирсан хохирол болох 2’323’000 төгрөгөөс 1’010’000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдсэн 1’313’000 төгрөгийг шүүх рүү хэрэг шилжихээс өмнө өгнө гэсэн. Надад Э.Хт гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг болон “Цэнджав овогтой Н би Энхболд овогтой Хаас хохирол болох 2’203’000 авсан нь үнэн болно. Надад гомдол тэмцэл байхгүй, сэтгэл санааны хохирол авахгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 116 дугаар хуудас)-оор нотлогдож байна.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Э.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзэв.

2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 88 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 89 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 85 дугаар хуудас), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1405 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 112-115 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар болон биеийн байцаалт зэргээр шүүгдэгч нь эхнэр, бага насны гурван хүүхдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1405 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Улсын яллагч “...Шүүгдэгч Э.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тусттай ажил хийлгэх ял оногдуулах” гэх санал;

- Шүүгдэгч “...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Надад оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулгатай санал тус тус гаргасан болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн хүнд хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан ...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай буюу тус хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэх ял оногдуулахгүйгээр тэнсэх хэм хэмжээг хэрэглэх урьдач нөхцөл хангагдсан байна.

Шүүгдэгч нь хэдий урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж хорих ял эдэлж байсан боловч бага насны гурван хүүхэдтэй, гэм буруугаа ойлгон ухамсарласан, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 5 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж дүгнэв.

3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж шүүхэд үүрэг болгожээ. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тохиолдолд хоёр болон түүнээс дээш эрх хязгаарлах болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг заавал хэрэглэхээр хуульчилжээ.

Иймд шүүгдэгчийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэхээр шийдвэрлэв.

3.3. “Samsung A22” загварын гар утсыг хураан авч эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн байна. Энэхүү гар утсыг шүүгдэгч Э.Х нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлогоосоо 350’000 төгрөгөөр худалдан авч гэрч буюу эхнэр Н.Нтээ өгсөн үйл баримт тогтоогдсон. Өөрөөр хэлбэл тухайн гар утсыг хууль бус хөрөнгө буюу гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулдаг журамтай. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хураан авсан хөрөнгийг улсын төсөвт шилжүүлдэг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн гар утсыг худалдан борлуулж, олсон орлогыг улсын төсөвт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

4. 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр мөрдөгч шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан (хавтаст хэргийн 77 дугаар хуудас), түүнийг энэ хэрэгт холбогдуулан баривчлаагүй, цагдан хориогүй болно.  Шүүгдэгчийг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх нь зүйтэй.

5. Энэхүү хэрэгт бусдын эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт Э-ын Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр 5 (тав) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Э.Хт тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, тус зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох “Samsung A22” загварын гар утсыг худалдан борлуулж, олсон орлогыг улсын төсөвт шилжүүлсүгэй.

5. Тэнссэн хугацаанд шүүгдэгч нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн тус хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Э.Х нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн “Samsung A22” загварын гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.МӨНХЗАЯА