| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 318/2025/0165/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/185 |
| Огноо | 2025-09-04 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/185
2025 09 04 2025/ШЦТ/185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнхгэрэл, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2535000000161 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Т ургийн овогт Д-ы А (РД: ....), 1980 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл гурав, эцэг, эхийн хамт ... аймгийн ... сумын ... дүгээр багт оршин суудаг, Увс аймгийн шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 11 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231-4-д зааснаар 2 жилийн хорих ялаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн.
Хэргийн агуулга: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй “шүүгдэгч Д.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 4 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа буюу 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэж “Haojue” загварын, улсын дугааргүй мотоцикл жолоодсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:
- Улсын яллагч: Увс аймгийн Цагдаагийн газрын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Наранцогтын илтгэх хуудас (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас), эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй илрүүлсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас), Д.Агийн согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас), асран хамгаалагчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 8 дугаар хуудас), тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-12 дугаар хуудас), гэрч О.Ш-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар хуудас), гэрч О.Э-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар хуудас), гэрч Х.Д-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар хуудас), гэрч З.Д-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар хуудас), Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 33 дугаар хуудас), Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 47-50 дугаар хуудас), Д.Агийн ялын тооцоо (хавтаст хэргийн 66 дугаар хуудас), Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар (хавтаст хэргийн 67 дугаар хуудас);
- Шүүгдэгчийн өмгөөлөгч: Гэрч Х.Д-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар хуудас), Д.Агийн ялын тооцоо (хавтаст хэргийн 66 дугаар хуудас) зэргийг тус тус шинжлэн судалсан болно.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас);
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-12 дугаар хуудас);
- Шүүгдэгчийн согтуурал шалгасан “амьсгал дахь спиртийн агууламж 2.45 (%0) промиль” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас);
- Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “...шүүгдэгч Д.Агийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг шүүхийн шийдвэрээр 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2026 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хассан” гэх агуулгатай жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 33 дугаар хуудас);
- Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/159 дугаартай “...2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй” гэх шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 47-50 дугаар хуудас);
- Гэрч О.Ш-гийн “...2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өөрийн төрсөн охин Ш.Угийн 3 хүүхдийг гэрт нь очиж харсан. Тэдний гэрийн цаад талд байх худаг дээр очиход хуурай ах З.Д, найз Х.Д нар автомашинтайгаа байсан. Тэд 0.5 литрийн Алфа нэртэй архи хувааж ууж байсан. Би тэр хүмүүстэй юм ярьж суутал удалгүй Д.А гэх хүн согтуу мотоцикл жолоодож ирсэн. Бид нарын ууж байсан архинаас 1-2 хундага уусан. Би Д.Ад хандаж “чи архи уусан үедээ мотоцикл жолоодож болохгүй” гэж хэлэхэд надад уурласан юм уу сайн мэдэхгүй гэнэт мотоциклоо жолоодоод сумын төв рүү явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар хуудас);
- Гэрч Х.Дын “...Би 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өөрийн гэр байх Баруунтуруун сумын 03 дугаар багийн сумын төв рүү хонь оруулж өгөхөөр орж ирсэн. Тухайн хүндээ хонио өгчхөөд найз О.Ш, хуурай ах З.Д нартай уулзаж ойр зуурын юм ярилцаж 0.5 литрийн Альфа нэртэй 1 шил архи хувааж уусан. Бид хэд сумын худгийн хажууд архи хувааж ууж байхад Д.А бид нар дээр мотоцикл жолоодсон согтуу ирсэн. Бид хэдийн ууж байсан архинаас би Д.Ад 2 удаа хундагалж өгсөн. Тухайн архийг Д.А уусан. ... Д.А мотоциклоо жолоодоод хүнтэй уулзан гээд сумын төв рүү явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар хуудас);
- Гэрч З.Дын “...Би 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баруунтуруун сумын төвд байх худгаас өдрийн 15 цагийн үед ус авсан. Тухайн үед хуурай дүү болох О.Ш, Х.Д нар ирсэн. Бид хэд юм ярилцаж байхад Д.А гэх залуу согтуу мотоциклтой ирсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар хуудас);
- Шүүгдэгч Д.Агийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, яллагдагчаар өгсөн “...2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэртээ 1.5 литр орчим шимийн /нэрмэл/ архи уугаад өөрийн эзэмшлийн улаан өнгийн улсын дугааргүй хятад мотоциклыг жолоодож сумын төв рүү орсон. Сумын төв рүү орж дэлгүүрээс 2 архи авсан. Худгийн дэргэд танил хүмүүстэй тааралдаад 1 шил архийг тэдэнтэй хувааж уугаад мотоциклоо жолоодоод явж байгаад цагдаад баригдсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас) зэргээр 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт шүүгдэгч Д.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ “Haojue” загварын, улсын дугааргүй мотоцикл жолоодсон үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноор жолоочийн анхаарал төвлөрөлт алдагдаж, самбаачлах чадвар буурснаар өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэл нэмэгддэг. Өөрөөр хэлбэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас гарах зам тээврийн осол, зөрчил улам нэмэгдэж, улмаар хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учрах хохирол, хор уршгийн хэмжээ нэмэгдэж байгаа тул хууль тогтоогчоос давтан үйлдлээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүний үйлдлийг нийгэмд аюултайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.
3.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно гэж тодорхойлжээ. Шүүгдэгч Д.А 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “Haojue” загварын, улсын дугааргүй мотоцикл жолоодох үед амьсгал дахь спиртийн агууламжийн хэмжээ нь 2.45 промиль буюу 0.20 промиль (%)-ээс дээш гарсан тул түүнийг согтуурсан гэж үзнэ.
3.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тодорхойлжээ.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/159 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Агийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Шүүгдэгч Д.А уг шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг эдэлсэн боловч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ялыг эдэлж дуусаагүй байх тул шүүгдэгчийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж үзнэ.
Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “механикжсан тээврийн хэрэгсэл гэж мопедоос бусад, хөдөлгүүрээр тоноглогдсон тээврийн хэрэгслийг ойлгоно” гэж тодорхойлсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт зааснаар “тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгодог. Шүүгдэгчийн тухай үед жолоодож явсан “Haojue” загварын, улсын дугааргүй мотоцикл нь Эрүүгийн хуульд заасан “тээврийн хэрэгсэл” гэх ойлголтод хамаарч байна.
3.4. 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр шүүгдэгч Д.А тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ “Haojue” загварын, улсын дугааргүй мотоцикл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч Д.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
4. Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчигддөг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн аюулгүй байдалд шууд заналхийлдэг сөрөг үр дагавартай гэмт хэрэг юм.
Өөрөөр хэлбэл энэхүү гэмт хэргийн улмаас материаллаг хохирол учирдаггүй, хохирол, хор уршгийн хэмжээг мөнгөн дүнгээр тооцож, нөхөн төлүүлэх боломжгүй юм. Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэснээр нийтийн аюулгүй байдалд шууд заналхийлсэн сөрөг үр дагаврыг арилгасанд буюу гэмт хэргийн хохирол, хор уршиг арилсанд тооцдог. Иймд шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Д.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан дүгнэлт хийв.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас), Увс аймгийн шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 11 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 44-46 дугаар хуудас), Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 47-50 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч Д.А нь эцэг, эхийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 4 жилийн хугацаагаар хасах, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.2. Шүүгдэгч Д.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Харин шүүгдэгч нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдэж, оногдуулсан нэмэгдэл ялыг эдэлж дуусаагүй атлаа дахин тус зүйлд заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар: Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3’500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3’500’000 төгрөгөөр торгох ял оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар түүнд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан үлдэгдэл 427 хоногийн жолоодох эрх хасах ял дээр 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж нэгтгэх” гэх санал;
- Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа “...Гаргасан үйлдэлдээ гэмшиж, буруугаа ойлгож байгаа түүний хувийн байдлыг харгалзан үзээд улсын яллагчийн торгох ялын саналыг баталж өгнө үү” гэх санал тус тус гаргасан болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялын төрлүүдээс аль нэгийг нь сонгож оногдуулахаар заажээ.
Шүүгдэгч урьд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж хүний амь насыг хохироосон атлаа дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, удаа дараа эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Д.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.
3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоодог.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/159 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Аг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийг хугацаагаар хасах, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэжээ.
Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01/1575 дугаартай албан бичгээр шүүгдэгч Д.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж дууссан болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс уг ялын хугацааг тоолох журамтай. Тодруулбал оногдуулсан үе гэдэг нь шийтгэх тогтоол гарсан цаг хугацааг ойлгох тул тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тоолно.
Дээрх шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ялаас 2025 оны 09 дүгээр сарын 04-ний байдлаар 1 жил 23 хоногийн эрх хасах ялын үлдэгдэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ад энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ял дээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/159 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 23 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жил 23 (хорин гурав) хоногийн хугацаагаар тогтоов.
3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
4. Мөрдөгч 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр шүүгдэгч Д.Ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 30 дугаар хуудас) авсан, шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон хойшлуулшгүйгээр баривчлаагүй байна.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ мөчөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т ургийн овогт Д-ы А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасах, 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримлан шүүгдэгчид энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял дээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/159 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 (нэг) жил 23 (хорин гурав) хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж нэгтгэн, нийт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 4 (дөрөв) жил 23 (хорин гурав) хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгчийг энэ хэрэгт холбогдуулан цагдан хориогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ мөчөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА