| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2022/04273/И |
| Дугаар | 102/ШШ2023/00215 |
| Огноо | 2023-01-11 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2023/00215
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг, ... тоотод оршин суух, регистр ..., М... овогт Б...гийн М...,
Хариуцагч:Баянгол дүүрэг, ...тоотод байрлах, регистр ..., Э... ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага:4 400 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Б.М..., хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.Б..., гэрч Э.О..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М... нь Э... ХХК-д холбогдуулан 4 400 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Би 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Э... ХХК-ийн захирал Л.Б...тай уулзаж, 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Э... ХХК-д барилгын инженер, ХАБЭА-н ажилтнаар давхар хариуцан ажиллахаар тохиролцсон бөгөөд нэг сарын цалин хөлсийг барилгын инженерийн 2 000 000 төгрөг үүний 40 хувь буюу 800 000 төгрөгийг ХАБЭА-н ажилтны цалин хөлсөнд олгохоор амаар тохиролцон ажлаа эхлүүлсэн.Ажилд орсноос хойш би удаа дараа хөдөлмөрийн гэрээ байгуулах саналыг гаргасан боловч надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд ажлаа хийж гүйцэтгэж эхэлсэн 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 1 000 000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 200 000 төгрөг өгсөн.
Ингээд цалин мөнгөө шилжүүлэхгүй байгаа талаар нь ярилцаж, цалингаа авч чадахгүй бол ажиллахгүй талаараа удаа дараа мэдэгдэж байсан боловч ямар нэгэн хариу өгөхгүй байсан тул би 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс ажлаа цааш үргэлжлүүлэх боломжгүй талаар мэдэгдэж ажлаас гарсан.Хийж гүйцэтгэсэн ажлынхаа тохиролцсон хөлс болох нэг сарын төлбөр 2 800 000 төгрөгийг 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл нийт 5 600 000 төгрөгөөс 1 200 000 төгрөгийг авсан бөгөөд үлдэгдэл төлбөр болох 4 400 000 төгрөгийг авч чадаагүй байна.
Хэдийгээр бидний дунд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй ч хөдөлмөрийн харилцаа үүсэж, Э... ХХК-аас цалин гэж миний Хаан банкны дансанд мөнгө шилжиж орж ирж байсан тул Э... ХХК-аас цалингийн үлдэгдэл 4 400 000 төгрөгийг гаргуулна, цалингаа авъя гэхээр гүйцэтгэл орж ирэхээр өгнө гэдэг байсан, би ажлаа гүйцэтгэж хүлээлгэж өгсөн, алдаа гаргаагүй, тэр багаж, тоног төхөөрөмж надад хамаагүй гэв.
Хариуцагч хариу тайлбартаа:Б.М... нь Э... ХХК-д барилгын талбайн инженерээр туршилтаар 3 сар ажиллахаар тохирч ажилд орсон ба 2 сар ажилласан нь үнэн болно.Б.М... барилгын 8, 9 давхрын цутгалтыг хийсэн боловч цутгалтыг дутуу, чанаргүй хийсэн, хүлээлгэж өгөөгүй байгаа, цалингаасаа давсан хэмжээний багаж тоног төхөөрөмж алга болгосон.Ажлаа гүйцэтгэж дуусгаж хүлээлгэж өгөөд цалингаа ав, 4 400 000 төгрөгийг цалинг өгөөгүй байгаа нь үнэн, манайд 132 сая төгрөгийн алдагдал үүссэн, ажлаа хүлээлгэж өгсөн акт байхгүй тул хүлээлгэж өгөөгүй гэсэн үг, ажилдаа хариуцлагагүй хандаж компанид хохирол учруулсантай холбогдуулж Б.М...ад цалинг бүрэн олгох боломжгүй гэв.
Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Би захиралтай нэг сарын цалин 2 800 000 төгрөг гэж тохиролцсоны дагуу 2021 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл нийт 5 600 000 төгрөгийн цалин авахаас 1 200 000 төгрөг авсан тул үлдэгдэл 4 400 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд:Б.М... ажлаа дутуу, чанаргүй гүйцэтгэсэн, хийсэн ажлаа хүлээлгэж өгөөгүй, компанид хохирол учруулсан, багаж тоног төхөөрөмж алдагдсан үлдэгдэл цалинг өгөх боломжгүй гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн барилгын ажлын зургууд, Хаан банкин дахь дансны хуулга, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны 18 хуудаст бичилттэй дэвтэр, талуудын тайлбараар баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчдын хооронд 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна.
Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгчийн үлдэгдэл цалин 4 400 000 төгрөг байна, харин нэхэмжлэгч Б.М... нь Э... ХХК-д 2 сарын хугацаанд барилгын талбайн инженер, ХАБЭА-н ажилтнаар ажиллаж, сард 2 800 000 төгрөг цалин хөлс авахаар тохиролцсон, үүнээс 4 400 000 төгрөгийг нэхэмжлэгч аваагүй байгаа гэх үйл баримтад талууд маргахгүй байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгч нь Э... ХХК-д 2021 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хүртэлх 2 сарын хугацаанд талбайн инженер, ХАБЭА-ны ажилтнаар ажилласан хугацаанд нийт 1 200 000 төгрөгийн цалин Э... ХХК-аас авсан болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь хөлсөө шаардах эрхтэй байна.
Хариуцагч байгууллага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар шүүхэд гаргасан тайлбараар нотлоогүй байна.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч байгууллагаас 4 400 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь үндэстэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85 350 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч байгууллагаас 85 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т зааснаар Э... ХХК-аас 4 400 000 /дөрвөн сая дөрвөн зуун мянган/ төгрөг гаргуулж Б.М...ад олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85 350 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Э... ХХК-аас 85 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М...ад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН