Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 96

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Одгариг,

Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч: Б.Ариунболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэн овгийн ................ .... холбогдох 1728000130015 дугаартай нэг хавтас хэргийг 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

............................

Холбогдсон хэргийн талаар:

Б.Ариунболд нь Өмнөговь аймгийн Даланзадгад сум,  Их-Уулын 17-5 тоотод оршин суух өөрийн гэртээ 40 настай эхнэр Б.Дэнсмааг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр тус тус зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагтаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахь нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Ариунболдод холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон,  гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хуульзүйн үр дагаврыг ойлгосон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

Б.Ариунболд нь согтуугаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их-Уулын 17-5 тоотод оршин суух өөрийн гэртээ эхнэр Б.Дэнсмааг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр тус тус зодож хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Б.Дэнсмаагийн хохирогчоор өгсөн “Би нөхөр Б.Ариунболдтой 2013 оны 07 дугаар сараас хойш хамтран амьдарч байгаа, гэрлэлтийн баталгаа байхгүй. Манай нөхөр архи байнга уудаг байсан. Архи уухаараа агсам тавьдаг. 2013 онд намайг уурхайд ажилладаг байхад ажилд явуулдаггүй, бүр ажлаа хийх аргагүй болоод ажлаасаа гарсан. Би тэр жилийнхээ 10 сард жирэмсэн болоод хүүхэдтэй болсон. Жирэмсэн байхад тэр надад агсам согтуу тавиад айлгадаг байсан. Түүнээс болоод би тайван байж чадахгүй байж байгаад хүүхдээ төрүүлсэн. Эхлээд Ариунболд надад гар хүрэхгүй мөртөө агсам тавиад гэрийнхээ эд зүйлийг эвдэж хэмхэлдэг байсан. 2016 оны зун Ариунболд миний баруун талын шанаа руу гараараа цохьсон. Түүнээс болоод миний дээд эрүүний соёоны ар талын араа хагарсан, шүдээ үзүүлж чадахгүй явсаар үрэвсээд 2016 оны намар 4 арааг авахуулсан. Үүнээс болоод дахиад 2 шүд үрэвссэн, эмчлүүлэх шаардлагатай байгаа. Түүнээс хойш тэр намайг архи уух болгондоо дандаа зоддог болсон. Ариунболд сард 3-4 удаа байнга архи уудаг. Тэр болгондоо намайг зодож дарамталдаг байсан. 2017 оны 01 дүгээр сарын дундуур Ариунболд архи ууж, согтуудаа намайг хэл амаар доромжилж байгаад миний гуя руу өвдгөөрөө өвдөглөж, толгойны ар тал руу гараараа цохьсон. Үүний дараа 2017 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр Ариунболд эрүүл байхдаа намайг гэрээс гаргахгүй, гар утас ухлаа гэж маргалдсан. Тэр намайг “Лангуун дээрээ очоод гар утсаа ух” гэж хэлж байсан. Тухайн үед манай хашааны үүд хаалгагүй байсан. Намайг гэрт оруулж байгаад зодох гээд чирээд зузаан ултай гутлаараа миний хоёр гуя руу ээлжлээд өшиглөсөн. Тэгээд гэр лүү чирэхэд миний хавирганы хоёр талын арьс зулгарсан. Гэр лүү оруулаад миний толгой руу гараараа цохьсон чинь би салгалаад орон дээр унасан. Миний бие чичрээд салганаад байхад намайг тоох ч үгүй байсан. Миний бие салгалаад өвдөөд байхаар нь нөхөртөө “Би эмнэлэг ормоор байна” гэж гуйж байгаад хамт эмнэлэгт очиж үзүүлсэн. Эмч намайг үзээд надад тайвшруулах тариа хийгээд миний бие арай гайгүй болсон. Би эмчид үзүүлэхдээ нөхөртөө зодуулсан гэж хэлээгүй, эмч ч надаас энэ талаар асуугаагүй. Маргааш өдөр нь лангуун дээрээ сууж байхад гуя өвдөөд байхаар нь эмнэлэг явж эмчид үзүүлээд үзлэгийн тэмдэглэгээ хийлгэсэн. Хамгийн сүүлд 2017 оны 07 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 03 цагт Ариунболд согтуу Цогтоо гэдэг найзтайгаа ирээд архи ууж байгаад тэр хоёр хоорондоо маргалдсаар үүр цайсан. Өглөө би хүүхдээ хувцаслаад гэрээс гарахад тэр хоёр байж байсан. Би Цогтоог хальт таньдаг болохоор түүнтэй мэндэлсэн. Тэр намайг гайгүй нарийхан хүүхэн байсан таргалсан байна гэж хэлсэн түүнээс болоод Ариунболд намайг хардаад эхэлсэн. Цогтоо гэрлүүгээ явах гээд байхад нь түүнийг явуулахгүй байсан. Цогтоо нь зугтаагаад явахад манай нөхөр ирээд над руу ирээд “Цогтоо та хоёр өмнө нь яаж байсан юм бэ наад утсаа гаргаад ир” гэж байгаад миний гар утсыг булааж аваад дугаар шалгаж байгаад миний гар утсыг авч шидээд шалан дээр унаад хагарсан. Би түүнд “Утас шидээд хагалчихлаа” гэж хэлэхэд тэр намайг “Утсандаа чи үхлээ юу банзалддаг хүмүүстэйгээ утсаар ярих гээд байна уу гээд намайг гэр тойруулж хөөгөөд би зугтаагаад гэр тойрсон. Тэр над руу хүүхдийн тоглоомон том машинаар савж цохих гэхээр нь би баруун гараараа хаахад миний баруун гарын тохойн дээр унаад тохой гэмтээсэн тэгээд тэр миний зүүн талын шанаа руу гараараа цохьсон. Тэр дээрээс нь намайг хэл амаар доромжлоод байдаг. Ариунболдыг сэтгэцийн өвчтэй болсон байх гэж би бодоод байгаа юм. Тэр намайг бусадтай хардаад л зодоод байдаг. Ариунболд хүний хажууд намайг ерөөсөө зодохгүй гэрт хүний нүднээс далд зоддог. Манай ажлын Гантөмөр, Отгоо нар Ариунболд намайг дарамтлаад байдгыг мэднэ. Тэр миний гйар утсыг булааж аваад “Цогтоогийн утасны дугаар байна уу” гээд утас үзэж байгаад миний note3 гэдэг гар утсыг шидээд нүүрийг нь хагалж ашиглах боломжгүй болгосон. Би нөхөр Б.Ариунболдоос нэхэмжлэх зүйл байхгүй, санал гомдолгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 дүгээр хуудас/, ...”2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нөхөр Ариунболдод зодуулаад хоёр хоногийн дараа эмчид үзүүлж байсан. Хамгийн сүүлд 2017 оны 07 дугаар сарын 06-ны өглөө зодуулсан. Тэгэхэд гэмтэл гээд байх зүйл учраагүй... Түүнээс өмнө манай нөхөр хоёр гурван удаа зодож байсан. 2016 оны зун, намар би нөхөртөө зодуулж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

            Гэрч Д.Даваасамбуугийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Дэнсмаа гэх эмэгтэй ирж үзүүлсэн. Тэр хэлэхдээ нөхөртөө зодуулсан гэж хэлж байсан. Түүний биеийн зүүн суганд хуруу дарам газар хөхөрсөн, мөн баруун талд адил хуруу дарам газар хөхрөлттэй. Баруун гуяны доод хэсэгт нилээд том хэмжээний 2х10 см хэмжээтэй хөхөрч цус хурсан, зүүн шилбэний доод хэсэгт хуруу дарам хөхөрсөн гэмтэл үүссэн байсан. ...Би түүнээс “цагдаад мэдэгдсэн үү” гэхэд “мэдэгдсэн эмнэлэгийн тодорхойлолт аваад ир гэсэн” гээд явж байсан санагдаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/

Гэрч Г.Эрдэнэцогтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Ариунболдыг Дэнсмаатай хамт амьдарснаас хойш анх удаа л тэдний гэрт очсон. Би тэр хоёрын талаар сайн мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/

Гэрч Д.Түвшинбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Ариунболд, Б.Дэнсмаа хоёр нь нэг хүүхэдтэй. ...Энэ хоёрыг хоорондоо муудалцаж маргалдаж байсныг хараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 338 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.Дэнсмаагийн биед баруун тохойны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шууны цус хуралт, цээжний баруун, зүүн хэсэг, баруун гуя, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх /хх-ийн 18 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.Ариунболдын яллагдагчаар өгсөн: “2017 оны 07 дугаар сарын эхээр би эхнэртэйгээ маргалдсан. Маргааш өдөр нь Эрдэнэцогттой хамт архи уугаад шөнө нь ажил төрлөөс болоод түүнтэй маргалдсан. Би Эрдэнэцогтыг зодож цохиогүй, тэгэж байгаад Эрдэнэцогт гэрлүүгээ явсан. Түүнийг явсны дараа би гэртээ орж эхнэр Дэнсмаатай маргалдаж, уурандаа эхнэрийгээ нэг удаа алгадсан. Манай эхнэр гар утсаараа интернет орж гоо сайхны бараа зарж борлуулдаг, түүнээс болоод маргалдсан. Би өмнө нь 2017 оны 05 дугаар сарын эхээр билүү, 04 дүгээр сарын сүүл хавьцаа эхнэр Дэнсмаатайгаа маргалдсан. Тэр өдөр бас л манай эхнэр гар утаснаасаа салахгүй байхаар нь утсыг нь булааж аваад эвдэлсэн. Тухайн үед эхнэрийнхээ хөлийг ширээнд шалбалж хөхрүүлсэн. Түүний дараа эхнэр гэмтчихлээ, бие өвдөөд байна гэхээр нь хамт эмнэлэг явж үзүүлсэн” гэх мэдүүлэг./хх-ийн 24 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Ариунболд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэв.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Ариунболд, хохирогч Б.Дэнсмаа нар нь гэрлэлтээ батлуулаагүй боловч хамтын амьдрал зохиосон хамтран амьдрагч нар бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай тул зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэх бөгөөд шүүгдэгч Б.Ариунболд хохирогч Б.Дэнсмааг ахуйн хүрээнд үүссэн маргааны улмаас 2017 оны 05 дугаар сарын 12-нд, 07 сарын 06-ны өдөр зодож бие эрх чөлөөнд халдсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Ариунболдыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг байнга үйлдсэн гэж шүүх үзлээ. Гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нь шүүгдэгч Б.Ариунболдын архи согтууруулах ундааны зүй бус хэрэглээнээс үүдэлтэй байна.

            Шүүгдэгч Б.Ариунболдод холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Б.Ариунболдыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1.Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгч Б.Ариунболд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан  байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

            Хохирогч Б.Дэнсмаа эмчилгээний зардал нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Шүүгдэгч Б.Ариунболд цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан хүүхдийн тоглоомыг хохирогч Б.Дэнсмаад эргүүлэн олгох нь зүйтэй.

            Эрүүгийн 1728000130015 дугаартай хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шүүгдэгчийн хувийн байдал, хэргийн үйл баримтыг тогтооход шинжлэн судлав.

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-04 дүгээр хуудас/

Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 2 дугаар багийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 96 дугаартай тодорхойлолт /хх-ийн 30 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дугаар хуудас/

Иргэд хоорондын эвлэрийн гэрээ /хх-ийн 31 дүгээр хуудас/ зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4,  36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Цэн овгийн Бат-Эрдэнийн Ариунболд нь гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Ариунболдод хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ариунболдод тэнссэн хугацаанд үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Ариунболд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тоглоомон машиныг хохирогч Б.Дэнсмаад буцаан олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Б.Ариунболд нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч Б.Ариунболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.ТӨМӨРХҮҮ