Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/665

 

 

 

 

 

  2021            07            08                                         2021/ДШМ/665    

 

 Ц.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С-ийн өмгөөлөгч Ч.Болдбаатар,

шүүгдэгч Ц.М-гийн өмгөөлөгч С.Батнасан,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.М-гийн өмгөөлөгч С.Батнасангийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.М-д холбогдох эрүүгийн 1903010850487 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М-,

 

Шүүгдэгч Ц.М- нь 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цаг 05 минутын үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд)...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасныг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Maverik-X загварын улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж заасныг зөрчсний улмаас онхолдож, Э.А-ы амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Ц.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг тус тус журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.М-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт/ урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-гээс 107.740.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С-д нөхөн төлснийг тэмдэглэж, хохирогч нь цаашид гарах зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, шүүгдэгч Ц.М-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.М-гийн өмгөөлөгч С.Батнасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.М-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн боловч шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нотлох баримтуудаар болон хавтаст хэрэгт цугларсан баримтаар Ц.М- нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болохыг шууд нотолсон нотлох баримт огт авагдаагүй. Ц.М- болон амь хохирогч Э.А- нар гэмт хэрэг гарах цаг хугацаанд Maverik-X загварын 4 дугуйтай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон гэх боловч тээврийн хэрэгслийг амь хохирогч Э.А- жолоодож хөдөлсөн тухай дурдагддаг. Энэ нөхцөл байдал нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.М-гийн гаргаж өгсөн дүрс бичлэг бүхий нотлох баримтаар ч давхар нотлогддог. Дөрвөн дугуйт онхолдож, тухайн орчимд байсан хүмүүс гүйлдэн очиж тусламж үзүүлсэн гэх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.М- болон амь хохирогч Э.А- нарын хэн осол болох үед жолоо барьж явсан болохыг хөдөлбөргүйгээр тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлууд /гэмт хэргийг хэн, хэзээ, хаана үйлдсэн/ болох нь тогтоогдоогүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг  цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С-ийн өмгөөлөгч Ч.Болдбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гэм буруугийн хувьд шүүгдэгч Ц.М- жолоо барьсан, бариагүй талаар маргаантай асуудал үүсч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ц.М- удаа дараа тайлбар, мэдүүлэг өгөхдөө өөрөө тээврийн хэрэгсэл жолоодож явснаа хүлээн зөвшөөрдөг. Амь хохирогч нь тухайн осол болсноос хойш 10 гаруй хоног эмнэлэгт эмчлэгдэж байгаад нас барсан. Амь хохирогчийг нас барсны дараагаар “би тээврийн хэрэгсэл жолоодоогүй, талийгаач тээврийн хэрэгсэл жолоодож явсан” гэж мэдүүлэг өгч эхэлсэн. Энэ талаар анхан шатны шүүхэд хүсэлт гаргасны дагуу хэргийг мөрдөн байцаалтад буцааж байсан. Талийгаачийн эхнэр нь амь хохирогчийг эмнэлэгт сахиж байх үедээ тухайн үед хэн тээврийн хэрэгсэл жолоодож явсан талаар асуухад Ц.М- тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэж хэлснийг баримтжуулж дүрс бичлэг хийж авснаа нотлох баримтаар хэрэгт гаргаж өгсөн байгаа. Үүний дараа шүүх хуралдаан дээр гэм буруугийн талаар маргахгүй гэж шүүхээс шүүгдэгч Ц.М-д ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн. Гэтэл үндэслэлгүйгээр давж заалдах гомдол гаргаж, гэм буруугүй гэж маргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг гомдлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С- мэдээд гайхаж, цочирдон хүлээн авч, өнөөдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Ц.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...зам тээврийн осол гараад хоёр жил болж байна. Осол онцлог нөхцөл байдалд гарсан. Анх амь хохирогч тээврийн хэрэгсэл жолоодож, хажууд нь шүүгдэгч Ц.М- сууж явсан нь үнэн. Харин буцаж явахдаа Ц.М- жолоодож яваад осол гаргасан гэдэг өөрийнх нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгч байсан мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдож байгаа. Тухайн зам тээврийн осол гарах үед байсан шүүгдэгч Ц.М-гийн хамаарал бүхий хүмүүс хэн жолоодож байсан талаар асуухаар “мэдэхгүй” гэж тайлбар хэлдэг. Түүний өмгөөлөгч “миний үйлчлүүлэгч гэм буруугийн хувьд маргахгүй, бид хохирол төлбөрийг барагдуулна” гэж шүүх хуралдааныг хагас жилээр хойшлуулсан баримт хэрэгт авагдсан байгаа. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг барагдуулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж шийдвэрлэсэн. Гэтэл шүүгдэгч Ц.М-д ашигтай шийдвэр гаргуулсны дараа ёс зүйгүй үйлдэл гаргаж давж заалдах гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.

 

Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн байх, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдалд тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.М-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Харин шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо “...анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирлыг нөхөн төлсөн...” гэж дүгнэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн нь үндэслэлгүй болжээ.

Тодруулбал, шүүгдэгч Ц.М- нь тухайн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй атлаа, тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож тээврийн хэрэгслийн хурдыг замын хөдөлгөөний дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож яваагүйгээс онхолдож, Э.А-ы амь нас хохирч хүнд хор уршиг учирсан байхад түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохироогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан “Шударга ёсны зарчим”-д нийцээгүй байх тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгогдсон.

 

Шүүх дээрх хуулийн заалтуудыг хэрэглэхдээ, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээг зайлшгүй харгалзан үзэхийн сацуу, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл 1 дэх хэсэгт заасан “Шударга ёсны зарчим”-д нийцүүлэх учиртай.

 

Нөгөөтэйгүүр шүүгдэгч Ц.М- нь анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх боловч түүний өмгөөлөгч С.Батнасангийн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр уг нөхцөл байдлыг үгүйсгэж, гэм буруугийн талаар маргаж байгаагаас үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэл үүсээгүй гэж үзнэ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.М-д холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Анхан шатны шүүх 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хэргийг хүлээн авч, 2021 оны 1 дүгээр сарын 29-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж /6 удаа шүүх хуралдаан хойшилсон/, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргах хугацааг 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр сэргээж, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хэргийг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн байгааг анхааруулан тэмдэглэж байна.

 

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Ц.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.М-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгч Ц.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                                    Б.АРИУНХИШИГ

 

            ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН