| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 137/2022/00346/И |
| Дугаар | 102/ШШ2023/00231 |
| Огноо | 2023-01-12 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2023/00231
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүрэг, ... давхарт байрлах, регистр ..., М... ТӨХК,
Хариуцагч:Дорноговь аймаг, ... тоотод байрлах, регистр ..., Б... ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага:70 770 400 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.
/Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М... ТӨХК нь хариуцагч Б... ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 70 770 400 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Б... ХХК-тай 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр ... дугаартай түрээсийн гэрээг байгуулсан.Энэ гэрээгээр нэг битүү вагоныг хоногийн 32 000 төгрөгөөр, нийт 5 ширхэг вагоныг хоногийн 160 000 төгрөгөөр түрээслэхээр болж мөн өдөр 5 битүү вагоныг актаар хүлээлгэн өгсөн.Гэтэл Б... ХХК гэрээгээр тохиролцсоны дагуу вагон түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар түрээсийн төлбөрийн үлдэгдэл 47 456 000 төгрөг болсон ба түрээсийн төлбөр төлөх, 5 битүү вагоныг хүлээлгэн өгөх талаар удаа дараа шаардсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.
Иймд ... дугаартай гэрээг цуцалж, түрээсийн гэрээний 3.1, 3.2, 7.2-т заасны дагуу түрээсийн гэрээний үндсэн төлбөрт 47 456 000 төгрөг, иргэний хуулийн холбогдох заалтад нийцүүлэн алданги 23 314 400 төгрөг нийт 70 770 400 төгрөгийг хуулийн дагуу хариуцагчаас гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч хариу тайлбартаа:Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, гадаад нөхцөл байдлаас үүдэж Б... ХХК нь үйл ажиллагаа явуулах боломжгүй болж түрээсийн гэрээний үүргээ биелүүлж чадаагүй.Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимд дээрх нөхцөл байдалтай холбоотой нотлох баримтууд өгч судлуулсан бөгөөд тус байгууллагаас судалгаа хийж гэнэтийн буюу давагдашгүй хүчний нөлөөллөөс болж үйл ажиллагаа доголдсон болохыг тогтоосон гэрчилгээ олгосон гэжээ.
Хариуцагчаас:Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын бүртгэлийн мэдээлэл, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, компанийн дүрмийг шүүхэд өгсөн./хх-62, 63, 65, 72-73/
Нэхэмжлэгч М... ТӨХК-ийн нэхэмжлэлээс 30 864 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 39 906 400 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: Түрээсийн гэрээний үндсэн төлбөрт 47 456 000 төгрөг, алданги 23 314 400 төгрөг нийт 70 770 400 төгрөгийг Б... ХХК-аас гаргуулна гэж тайлбарласан.
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:Гадаад нөхцөл байдлаас үүдэж үйл ажиллагаа явуулаагүй, түрээсийн гэрээний үүргээ биелүүлж чадаагүй.Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим судалгаа хийж гэнэтийн буюу давагдашгүй хүчний нөлөөллөөс болж үйл ажиллагаа доголдсон болохыг тогтоосон гэрчилгээ олгосон гэжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн түрээсийн гэрээ, түрээсийн төлбөр төлөх хуваарь, 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн гэрээний хугацаа сунгах тухай гэрээ, авлагын дансны бүртгэл, алдангийн тооцоо, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас Б... ХХК-д хариу хүргүүлсэн баримт, мэдэгдэл, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчдын хооронд 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдсан байна.
Талуудын маргааны зүйл нь түрээсийн төлбөрийн үлдэгдэл 47 456 000 төгрөг, алданги 23 314 400 төгрөг байна, харин гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.
Б... ХХК нь 5 ширхэг битүү вагоныг 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатай, хоногийн 160 000 төгрөгийн төлбөртэйгөөр нэхэмжлэгч байгууллагаас түрээсэлж, БНХАУ-ын Эрээн өртөө, Замын-Үүд өртөө, Амгалан өртөөнд тээвэрлэлт хийхээр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замтай гэрээ байгуулсан байна.
Түрээсийн гэрээний хугацаа нь 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр дууссан байхад талууд түрээсийн гэрээг 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр сунгах гэрээ байгуулж, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар сунгасан байна.
Нэхэмжлэгч байгууллагын авлагын дансны дэлгэрэнгүй бүртгэлд эхний үлдэгдлийг 20 576 000 төгрөгөөр тооцсон байх бөгөөд 2021 оны 11, 12 дугаар сар, 2022 оны 1, 2, 3 сар, 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны төлбөрт 26 880 000 төгрөг нэхэмжилсэн байна.
Иргэний хуулийн 319 дүгээр зүйлийн 319.2 Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас түрээсэлсэн эд хөрөнгийн чанар байдал алдагдвал талууд харилцан тохиролцож түрээсийн төлбөрийн хэмжээг өөрчилж болно гэж заасан байхад талуудын хооронд хийгдсэн түрээсийн гэрээний 9.1-д “талууд гэрээгээр хүлээсэн үүргээ гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний үйлчлэх хугацааг тухайн нөхцөлийг арилах хүртэл хойшлуулж болно” гэжээ.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэй байхад гэрээний 9.1 дэх заалт Иргэний хуулийн 319 дүгээр зүйлийн 319.2-т заасан үндэслэлд нийцэхгүй байна.
Нөгөө талаар ковид цар тахлын улмаас Замын Үүд, БНХАУ-ын эрээн боомтууд 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс хойш тодорхойгүй хугацаагаар хаагдсан болох нь Худалдаа аж үйлдвэрийн танхимын 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас Б... ХХК-д 2022 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хүргүүлсэн мэдэгдлээр нотлогдож байна.
Иймд түрээсийн гэрээний төлбөрийг нэхэмжлэгч байгууллагын авлагын дансны дэлгэрэнгүй бүртгэлд тусгагдсан эхний үлдэгдэл 20 576 000 төгрөгөөр тооцож, талуудын гэрээгээр тохирсон алдангид 10 288 000 төгрөг, нийт 30 864 000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулах үндэстэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 511 803 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 312 270 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б... ХХК-аас 30 864 000 /гучин сая найман зуун жаран дөрвөн мянган/ төгрөг гаргуулж, М... ТӨХК-д олгож, үлдсэн 39 906 400 /гучин есөн сая есөн зуун зургаан мянга дөрвөн зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 511 803 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б... ХХК-аас 312 270 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М... ТӨХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН