Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2023/00332

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн ... тоотод оршин суух, регистр ..., Б... овогт М...гийн Г...,

Хариуцагч:Баянгол дүүргийн ... тоотод байрлах, регистр ..., У...  НҮТТБ,

Нэхэмжлэлийн шаардлага:192 850 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч М.Г..., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Г... нь У...  НҮТТБ-д холбогдуулан 192 850 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Би 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 8 дугаар сарын 9-ний өдрийг дуусах хүртэл хугацаанд У...ны НҮТББ-ын харьяа Б... сувилалд сувилуулахаар 300 000 төгрөг, ирэх очих зардал 20 000 төгрөгийг шилжүүлсэн, явах өглөө бэлнээр 25 000 төгрөг төлүүлж, ковидын түргэвчилсэн шинжилгээ авч автобусанд суулгасан, 8 дугаар сарын 3-ны өдөр нэг сувилуулагчаас шинж тэмдэг илэрсэн гээд хот явсан, 8 сарын 5, 6-ны өдрүүдэд 3 ажилтан ковидоор өвдөж, намайг 3 хоногийн өмнө 8 дугаар сарын 7-ны өдөр хот буцаасан.Иймд сувилалд явах өглөө бэлнээр хураан авсан түргэвчилсэн шинжилгээний төлбөр 25 000 төгрөг, дутуу 3 хоногийн зардал 90 000 төгрөг, автобусны буцах зардал 10 000 төгрөг, PCR шинжилгээний төлбөр 35 000 төгрөг, ковидын эсрэг эмчилгээний зардал 32 850 төгрөг нийт 192 850 төгрөгийг гаргуулна гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Хариуцагч байгууллагаас 92 850 төгрөгийг надад шилжүүлсэн байсан, дутуу 2 хоног байсныг 3 хоног гэж би буруу тооцсон байна.Одоо сувилалд явах өглөө бэлнээр хурааж авсан түргэвчилсэн шинжилгээний төлбөр 25 000 төгрөг, автобусны буцах зардал 10 000 төгрөг, PCR шинжилгээний төлбөр 35 000 төгрөг, нийт 100 000 төгрөг гаргуулна гэв.

Хариуцагч хариу тайлбартаа:Манайх нэхэмжлэгчид дутуу 2 хоногийн 60 000 төгрөг, эмчилгээний зардал 32 850 төгрөг нийт 92 500 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгчид шилжүүлсэн.Нэхэмжлэгч дутуу 2 хоногийг 3 хоног гэж буруу тооцсон тул 30 000 төгрөг хасагдаж байна.PCR шинжилгээний төлбөр 35 000 төгрөгийн баримт байвал төлнө, унааны зардал 10 000 төгрөг, түргэвчилсэн шинжилгээний төлбөр 25 000 төгрөгийг манайх аваагүй тул төлөхгүй гэв.

Нэхэмжлэгчээс:Covid 19 шинжилгээний 2022 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн хариу, эмийн жор, Моносфарм эмийн сангийн баримтууд, Хаан банкин дах дансны хуулгыг шүүхэд өгсөн./хх 5, 6-9, 10, 57/

Хариуцагчаас:Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлбөрийн даалгаврыг шүүхэд өгсөн./хх 27, 64/

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Г...ийн нэхэмжлэлээс 35 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 65 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь Б... амралтад дутуу амарсан 3 хоногийн төлбөрөөс үлдсэн 1 хоногийн мөнгө 30 000 төгрөг, сувилалд явах өглөө бэлнээр хурааж авсан түргэвчилсэн шинжилгээний төлбөр 25 000 төгрөг, автобусны буцах зардал 10 000 төгрөг, PCR шинжилгээний төлбөр 35 000 төгрөг, нийт 100 000 төгрөг гаргуулна гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч дутуу 2 хоногийг 3 гэж буруу тооцсон байна.PCR шинжилгээний төлбөр 35 000 төгрөгийн баримт байвал төлнө, унааны зардал 10 000 төгрөг, түргэвчилсэн шинжилгээний төлбөр 25 000 төгрөгийг төлөхгүй гэх үндэслэлээр тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Covid 19 шинжилгээний 2022 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн хариу, эмийн жор, Моносфарм эмийн сангийн баримтууд, Хаан банкин дах дансны хуулга, төлбөрийн даалгавар, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч М.Г... нь У...  НҮТТБ-ын харьяа Б... сувилалд 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хүртэл 10 хоног амрахаар болж, сувиллын төлбөрт 30 000 төгрөг, унааны зардалд 20 000 төгрөг төлсөн байна.

Тэрээр Б... сувилалд ковидын халдвар илэрч 2022 оны 8 дугаар сарын 7-ны өдөр буцаж ирсэн, 2022 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 35 000 төгрөгөөр PCR шинжилгээ өгч, улмаар ковидын халдвар авсан нь тогтоогдож, эмчилгээ хийлгэсэн болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь Б... сувиллаас 2022 оны 8 дугаар сарын 7-ны өдөр буцаж ирсэн бөгөөд дутуу 2 хоногийн төлбөрийг буцаан авсан ба харин 1 хоногийг буруу тооцсон байх тул 30 000 төгрөгийг шаардах эрхгүй байна.

Мөн амралтаас буцаж ирэхдээ хариуцагч байгууллагын унаагаар ирсэн байх тул унааны зардал 10 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

Амралтад явах өглөө 25 000 төгрөг хурааж ковидын түргэвчилсэн шинжилгээ авч автобусанд суулгасан гэх боловч энэхүү мөнгийг хариуцагч байгууллага хүлээн авсан болох нь баримтаар нотлогдоогүй байна.

Харин Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгчийн 2022 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хийлгэсэн PCR шинжилгээний төлбөр 35 000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулах нь зүйтэй байна.

Иймд хариуцагч байгууллагаас 35 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 65 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6435 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас  4550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-т заасныг баримтлан хариуцагч У...  НҮТТБ-аас 35 000 /гучин таван мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Г...т олгож, үлдсэн 65 000 /жаран таван мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6435 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 4550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Г...т олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          З.ДОРЖНАМЖИН