Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2022/04463

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүрэг, .... байрлах, регистр ..., Ч... ХХК,

Хариуцагч:Баянгол дүүргийн .... тоотод оршин суух, регистр ..., Х... овогт Н....гийн Н...,

Нэхэмжлэлийн шаардлага:8 617 687 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г..., хариуцагч Н.Н..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  ... ХХК нь хариуцагч Н.Н...эс гэрээний үүрэгт 8 617 687 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Н.Н... 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ... ХХК-тай кредит картын гэрээ байгуулж, 5 000 000 төгрөгийн эрхтэй, бэлэн бус гүйлгээний сарын 2.00 хувийн хүүтэй, бэлэн гүйлгээний сарын 2.40 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай байгуулсан.Зээлдэгч Н.Н...д кредит картын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг банкнаас сануулсан боловч биелүүлээгүй байна. Иймд Н.Н...эс бэлнээр зарцуулсан 915 000 төгрөг, худалдан авалтаар зарцуулсан 4 084 118.32 төгрөг, хүү хуримтлал 3 216 410.70 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 402 058 төгрөг нийт 8 617 687 төгрөгийн гаргуулж өгнө үү, манай банк дампуураагүй, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа.Зээл төлөлтийг дансаар болон бэлнээр төлөх боломжтой, хариуцагчид мэдэгдэл явуулж байсан гэв.

Хариуцагч хариу тайлбартаа:Би 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ... ХХК-тай 5 000 000 төгрөгийн эрхтэй кредит картыг гэрээг байгуулж авсан, эхний жилд хэвийн төлж байсан, 2020 онд ... ХХК дампуурснаар төлөлт хийх боломжгүй болж төлбөрийн хуримтлал үүссэн, 1 жилийн хугацаа нь 2020 оны 8 дугаар сард хугацаа нь дуусаж байгаа.Би банканд очиж төлөлт хийдэг байсан бөгөөд ковид гарснаар төлөлт хийх боломжгүй болсон, хүү, алдангийг хасуулах хүсэлттэй байгаа.... ХХК нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан бол төлбөрийн хуримтлал үүсэхгүй байх байсан гэв.

Нэхэмжлэгчээс:Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, кредит картын өргөдлийн маягт, картын зээлийн эрх нээх гүйлгээний шийдвэр, 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн кредит картын гэрээ, кредит картын дэлгэрэнгүй лавлагаа, дансны хуулгыг шүүхэд өгсөн, хариуцагчаас баримт өгөөгүй.

                                            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ... ХХК-ийн нэхэмжлэлээс 8 216 629 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 402 058 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Кредит картын гэрээний үүрэгт бэлнээр зарцуулсан 915 000 төгрөг, худалдан авалтаар зарцуулсан 4 084 118.32 төгрөг, хүү 3 216 410.70 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 402 058 төгрөг нийт 8 617 687 төгрөгийг Н.Н...эс гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд ... ХХК 2020 онд дампуурснаар төлөлт хийх боломжгүй болсон, хүү, алдангийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн кредит картын өргөдлийн маягт, картын зээлийн эрх нээх гүйлгээний шийдвэр, 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн кредит картын гэрээ, кредит картын дэлгэрэнгүй лавлагаа, дансны хуулга, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигч талуудын хооронд зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан үндэслэлд нийцсэн, хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч банк нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй байна. 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэжээ.

Харин нэхэмжлэгч байгууллагын хугацаа хэтрэлтийн шимтгэл гэх шаардлага нь хуульд нийцээгүй байх тул 402 058 төгрөгийг үндэслэлгүй гэж үзэж, хариуцагчаас 8 216 629 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ... ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Н.Н...эс 8 216 629 төгрөг гаргуулан ... ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 402 058 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152 833 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н.Н...эс 146 400 төгрөг гаргуулж ... ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

                          

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              З.ДОРЖНАМЖИН