| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2006018442405 |
| Дугаар | 2021/ДШМ/599 |
| Огноо | 2021-06-10 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2021/ДШМ/599
2021 6 10 2021/ДШМ/599
Б.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Өнөрбаяр,
хохирогч Э.Б,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Батмөнх,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/387 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Б, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Батмөнх нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Бд холбогдох 2006018442405 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ө овгийн Бын Б, 1962 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймагт төрсөн, 59 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эмийн санч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт -тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 03 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт, танилын холбоотой Д.Лийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, өөрийн үг, үйлдлийнхээ үр дагавар, учир холбогдлыг ойлгох чадваргүй байгаа болохыг мэдэж, энэхүү нөхцөл байдлыг өөрийн гэмт санаа бодлоо хэрэгжүүлэхдээ ашиглаж, улмаар Э.Бөд хандан “... П.Л нь надад автомашин худалдан авах гэж байгаа юм. ...” хэмээн итгүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар, хуурч төөрөгдөлд оруулан, түүний эзэмшлийн эд хөрөнгө болох “Toyota Prius 20” загварын автомашины өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авч, 13.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ө овогт Бын Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бг 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 441 дугаартай прокурорын “эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах” тогтоол, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 51 дугаартай прокурорын “эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг тус тус хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн шүүгдэгч Б.Б /-/-гийн эзэмшлийн 64-96 УАВ улсын дугаартай /арлын дугаар NHW207888249/, цагаан өнгөтэй, Prius 20 загварын тээврийн хэрэгслийг хохиролд тооцуулахаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгаас хохиролд 13.500.000 төгрөгийг хохирогч Э.Бөд, иргэний нэхэмжлэгч М.Эт 4.000.000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэжээ.
Хохирогч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие шүүгдэгч Б.Бд залилан мэхлүүлж өөрийн өмчлөлийн “Toyota Prius 20” загварын автомашинаа алдсан. Хэрэг болсон 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрөөс хойш даруй нэг жилийн хугацаа өнгөрсөн боловч Б.Б нь миний хохирол төлбөрийг төлж барагдуулах талаар ямар ч алхам хийгээгүй. Бусдыг залилан мэхэлж мөнгөн хохирол учруулснаас гадна гэм хорын хохирлыг надад учруулсан. Би өөрт байгаа багахан мөнгөөрөө бусдын адил ажил хөдөлмөр эрхлэх зорилгоор автомашиныг Япон Улсаас оруулж ирдэг. Бизнес минь нэг машиныг зарж борлуулж түүнээс олсон ашгаа өөрийн амьдралд зарцуулж үндсэн мөнгөө дараагийн автомашинаа Япон Улсаас оруулж ирдэг. Гэтэл Б.Б нь миний зарж борлуулахаар оруулж ирсэн автомашиныг залилж авснаар миний бизнест ихээхэн хохиролтой үр дагавар авчирсан. Учир нь, бүтэн нэг машин оруулж ирэх үндсэн мөнгө минь алга болсон учраас миний цаашид олох орлого илтэд багасаж, ажлын үйл ажиллагаа доголдож эхэлсэн. Гэтэл Б.Б нь хууль ёсны дагуу ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүнийг хохироосон үйлдэлдээ огт гэмшдэггүй. Хэрэг мөрдөн шалгах хугацаанд хохирол төлбөрөө барагдуулах арга хэлбэрийг хайж, бусдыг хохиролгүй болгох талаар санал санаачилга гаргах байсан атал хүнийхээ хувьд хийсэн гэмт үйлдэлдээ одоог хүртэл гэмшиж надаас уучлалт гуйгаагүй. Шүүх хурлын хэлэлцүүлэгт түүний өгч байгаа мэдүүлгээр Б.Б нь өөрийн хийсэн гэмт үйлдэлдээ огт гэмшээгүй болох нь тодорхой харагдана. Гэтэл хэргийг хянасан прокурор Б.Бд 1 жил 6 сарын хорих ял оногдуулах санал гаргасан боловч шүүгч түүнд хүндрүүлэх нөхцөл байдал харагдахгүй байна гэж тайлбарлан Б.Бд 2.500.000 төгрөгийн торгох ял оногдуулсанд гомдолтой байна. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх зорилготой. Б.Бд анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь гэмт хэрэгтнийг цээрлүүлэх бус харин толгойг нь илсэн дүр зураг харагдаж байна. Мөн Б.Б нь өнөөдрийг хүртэл миний хохирол төлбөрийг барагдуулаагүй, намайг хохироосоор явна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Б.Б “Надад буруутай үйлдэл огт байхгүй, П.Л буруутай, энэ машин зарсан эхнэр, нөхөр хоёр өөрсдөө ч буруутай” гэсэн мэдүүлгийг өгсөн. Өөрөө бусдыг залилан мэхэлж хохироосон атлаа хохирогчийн буруу гэж аашлах Б.Бд 2.500.000 төгрөгийн торгох ял оногдуулсанд миний бие туйлын гомдолтой байна. Автомашинаа үнэлгээний компаниар үнэлүүлж, хохиролоо бодитоор барагдуулж авмаар байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үнэхээр удаашралтай байна. Иймд улсын яллагчийн Б.Бд 1 жил 6 сарын хугацаанд хорих ял оногдуулахаар гаргасан саналыг хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Баянзүрх дүургийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/387 дугаар шийтгэх тогтоолоор Б.Бд оногдуулсан торгох ялыг хорих ялаар өөрчилж, намайг хохиролгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны иргэн, хөгжлийн бэрхшээлтэй, хугацаагүй группд байдаг. Би 2019 оны 6 дугаар сард Монгол Улсад хариуцлагатай байх, ёс зүйтэй байх уриалгыг гаргасан бөгөөд Монгол Улсад шударга ёс журам тогтоохын төлөө тэмцэгч хүн юм. 2020 оны 3 дугаар сард П.Лхагвасүрэн гэх хүн манай гэрт ирж, надаас авсан 5000 ам.долларын оронд “Prius 20” загварын автомашин авч өгнө гээд авч өгчихөөд эргүүлээд намайг гүтгэж байгаад маш их гомдолтой байна. Улмаар энэ хүн мөрдөгч Т.Жагварал, прокурор Б.Тулга нартай хуйвалдаж намайг яллагдагч болгон зохиомол хэрэг үүсгэн жүжиглэж байгаад маш их харамсаж, хэлэх үг олдохгүй, үнэхээр гайхаж байна. П.Л гэх олиггүй худал яригч нь манай нөхрийн амь насыг хохироосон байж магадгүй бөгөөд энэ тухайгаа Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст өргөдөл, гомдол гаргаж өгсөн боловч хүн амины хэргийг огт тоохгүй, машины хэргийнх нь төлөө үхэн хатан тэмцээд байгаад хамаг учир байгаа юм. П.Лхагвасүрэн нь манай нөхөртэй 10-аад жил үерхэж, нөхөрлөж ирсэн. Манай гэр бүлтэй хуурай ахан дүүс гэж биднийг олон жил ашиглаж ирсэн зальт этгээд болох нь тогтоогдож байгаа юм. Энэ хүн манайд 2020 оны 3 дугаар сарын эхээр ирэхдээ эрүүл байсан бөгөөд орж ирэхдээ “5000 ам.долларын өрөндөө машин авч өгнө” гээд авч өгсөн бөгөөд өөрийгөө согтуу байхад намайг хуурч машин авахуулсан гэдэг нь бидний гайхшралыг төрүүлж байна. Энэ хүн анхнаасаа өөр зорилготой ирсэн гэж үзэж байна. Иймд мөрдөгч Т.Жагварал, прокурор Б.Тулга, машины эзэн гэх Баасанжаргал, өчиггүй худал яригч П.Л нарт маш их гомдолтой байх тул шалтгааныг нь тогтоож өгнө үү. Би өөрийн өргөдөлдөө нарийн учир шалтгааныг бичиж өгсөн боловч хавтас хэрэгт байгаа гээд асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байгаа үнэнийг тогтоож өгнө үү. Нөхөр маань 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр нас барсан бөгөөд өчиггүй худал яригч П.Л нь манай нөхрийг нас барангуут ор сураггүй алга болж, оршуулга дээр нь ч ирээгүй. Харин хуйвалдаан зохиож намайг яллагдагч болгож байгаад маш их гомдолтой байгаа бөгөөд энэ хүн хуйвалдсан хүмүүстэйгээ яллагдагч болох нь гарцаагүй үнэн юм. Иймд надад эрүү шүүлт тулгаж, нөхрөө алдсан хүнд хэцүү үед гүтгэж, гүжирдүүлж улмаар яллагдагч болгосон буруутай П.Лхагвасүрэнд зохих ял шийтгэлийг оногдуулж, миний 5000 ам.долларын хохирол, сэтгэл санаа, нэр төр, цаг хугацаа, нөхрийн амь насны хохирлыг тус тус барагдуулж, хүний эрхийг зөрчиж, хамт хуйвалдсан мөрдөгч, прокурор бусад яллагдагч дэмжсэн хүмүүст зохих шийтгэлийг оногдуулж өгнө үү. Миний бие орох оронгүй, айлаар хоног төөрүүлж яваа бөгөөд эрүүл мэндийн байдал муу, хоёр суга таягтай, группийн зээлтэй байгаа. Нөхөр маань нас бараад жил болж байна. Нас барснаас нь хойш эдгээр хүмүүсийн доромжлолыг Монгол хүний ёс жудаг барьж, өнгөрсөн хүний ясыг өндөлзүүлэхгүй гэж тэвчиж өнгөрөөсөн. Одоо чадахгүй, тэмцэнэ. ...” гэв.
Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Ц.Батмөнх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасан заалтуудыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн тавьсан санал, бичгийн нотлох баримтуудыг дүгнэлтдээ үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүйгээс гадна тогтоолын үндэслэх хэсэгт огт тусгаагүй байна. Учир нь, тэдгээр бичгийн нотлох баримтууд хэрэгт хэрхэн нөлөөлж болох байсан эсэх, ач холбогдолгүй байсан эсэх талаар тодорхойлж өгч чадсангүй. Анхан шатны шүүх хэтэрхий нэг тал руу, улсын яллагчийн гаргасан яллах дүгнэлтийн хүрээнд яллах тал руугаа анхаарлаа хандуулж, үнэлж дүгнэн ял оногдуулсныг учир дутагдалтай болжээ гэж үзэж байна. Тухайн автомашины эзэмшигч, өмчлөгчийн талаарх нотлох баримт байсаар байтал түүнийг тодорхойлж өгөөгүй юм. Иргэн Б.Баасанжаргалын нэр дээр бүртгэгдсэн гаалийн бүрдүүлэлтэд тусгагдан орж ирсэн машиныг иргэн Б.Бтай харилцан тохиролцож, худалдах, худалдан авах гэрээ хийж, нотариатаар батлуулан шилжүүлсэн бичгийн нотлох баримт байсаар байтал иргэн Э.Бийн эзэмшлийн эд хөрөнгө гэж үзэн хохирогчоор тогтоон, шүүх түүний эзэмшлийн эд хөрөнгө болох “Toyota Prius 20” загварын автомашины өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авч, залилах гэмт хэрэг үйлдсэний улмаас 13.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзээд Б.Бгаас хохирлыг гаргуулан Э.Бөд олгохоор шийдвэрлэсэнд туйлын харамсалтай байна. Иргэний эрх зүйн харилцааны хэм хэмжээг үгүйсгэн эрүүгийн хэрэг болгон зохицуулдаг эрх зүйч, хуульчдын ажиллагааг хараад сэтгэл эмзэглэн сууна. Иргэний журмаар гэрээ хийгдсэн учир машины эзэмшигч Б.Баасанжаргал нь Иргэний шүүхэд нэхэмжлэл гарган машин болон хохирлоо авах бүрэн боломжтой. Нөхцөл байдлыг мэдмэгц гэрээг цуцалж, машинаа тэр дор нь буцаан авах боломж бүрэн байсан. Тэр үед “Toyota Prius 20” загварын автомашин нь дээд тал нь 10.000.000 төгрөгийн ханштай байсан бөгөөд түүнийг ченж болох Э.Б нь тэр үед байхгүй ханш 13.500.000 төгрөгөөр шахаж зарж чадсан учир машин биш мөнгийг авахаар улайрсан бололтой. Түүнээс машины үнийг төлж чадахгүйг мэдсээр байж өдийг хүртэл 13.500.000 төгрөгийг авахаар Б.Бтай хийсэн худалдах, худалдан авах гэрээгээр Б.Баасанжаргалын эзэмшлийн автомашин гэдгийг мэдсээр байж түүний өмнөөс манай эхнэрийн гэж мэдүүлж, хохирогч болон жүжиглэж байгааг шүүх анзааралгүй Э.Бийн эзэмшлийн машин гэж бусдын хөрөнгийг түүнд олгохоор шийдэж байгаа нь анхаарал татаж байна. Нөгөөтэйгүүр, “... зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хуурч, төөрөгдөлд оруулж ...” гэж дүгнээд байгаа нь хохирогч, гэрч нарын мэдүүлгийг л үндэслэсэн, өөр бичгийн нотлох баримтыг үндэслээгүй нь учир дутагдалтай байна. Харин Б.Б нь энэ чиглэлээр сэдэж, зохиомол байдлыг бий болгож, бусдыг хуурч, төөрөгдүүлэх санаа зорилго агуулаагүй. Гэрч Л нь машин авах хүсэл зоригийг нь бий болгож өгсөн. Өөрөөр хэлбэл, 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Б.Б нь өөрийн эзэмшлийн “Хаан” банкин дахь ам.долларын данснаас эхлээд 4500 ам.доллар, дараа нь удалгүй 500 ам.долларыг бэлнээр авч, Лид өгсөн байдаг. Өөрөө нүүрэлдүүлэн байцаахад “Б 4500 ам.доллар өгснийг авсан” гэж хүлээн зөвшөөрсөн байгаа. Иймд зохиомол байдлыг зориудаар бий болгож гэж үзэх үндэслэлгүй юм. Энэ тухай Б.Бгийн данснаас 4500 ам.доллар, 400 ам.доллар бэлнээр гарсан тухай зарлагын дансны баримтыг шүүхэд өгч, хавтас хэрэгт хавсаргагдсан болно. Иймд иргэн Б.Л нь тэрхүү өрийг төлөхийн тулд одоо миний дансанд 3500 ам.доллар байна гээд (Б болон үр хүүхдүүд нь утсан дээрээ харуулж байсан) мөнгөтэй дээрээ эгчээс авсан ам.долларыг төлье, харин та машинтай бол маргааш техникийн зах руу гараад машинаа сонгоод ав гэсэн талаар ярьж байсныг Б.Б болон хүүхдүүд нь тайлбарлаж байсныг яагаад үгүйсгэх болов. Лоос авах авлагагүй бол зохиомол байдал гэж үзэж болох юм. Мөн Л нь машины мөнгийг шилжүүлэхээр хохирогч нарыг дагуулан явж, Зайсан дахь Худалдаа хөгжлийн банк дээр очиж, 6000 ам.долларыг шилжүүлэхээр зарлагын баримтыг хохирогч Б.Баасанжаргалаар бичүүлж байсан бичгийн баримт нь хүртэл байгааг хэрэгт хавсаргаж өгсөн. Энэ талаар хохирогч хохирогч, гэрч нар мэдүүлэгтээ тайлбарласан байдаг. Хохирогч гэх Э.Б нь Л мөнгө өгнө гэдэг байсан тул Л, Б хоёроос 13.500.000 төгрөг авна гэж мэдүүлснээс дүгнэхэд Л машины үнийг төлөхөөр тохирсон гэж үзэж болохоор байна. Иргэн Л нь хэд хоногийн дараагаас 100% эргэж буцсан ба Бгийн нөхрийг нас барахад ирээгүй, урьд нь хэлж ярьж байснаа тэр үед согтуу байсан эсхүл юу ч санахгүй байна. Намайг согтуу байхад надаар машин авахуулчихсан, банкаар дагуулаад явчихсан байсанд гайхаж байна. Машин зарсан хоёрт намайг мөнгө төлөх ёстой гээд ойлгуулсан зэргээр мэдүүлэг өгсөнд төгс итгэсэн бололтой хэрэг үүсгэн Бг бусдыг залилах гэмт хэрэгт татан түүнийг нь шүүх ханган ял оноосонд туйлын харамсаж байна. Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Б.Баасанжаргалын нэр дээр бичигдсэн иргэн тухайн автомашины гаалийн мэдүүлэг, Б.Баасанжаргал, Б.Б нарын хооронд хийсэн худалдах, худалдан авах гэрээ, гэрч Лийн “Б надад 4500 ам.доллар өгсөн” гэдгийг гэрчилсэн нүүрэлдүүлэн байцаахад хэлсэн мэдүүлэг, Б.Баасанжаргалын хаягийг тодорхойлсон гаалийн болон иргэний үнэмлэхэнд тэмдэглэгдсэн байдал (гэрчээр мэдүүлэг өгөхдөө нөхөр гэх Э.Бийн хаягийг амжаад өгсөн байна) Б.Бгийн Хаан банкин дахь ам.долларын данснаас 4500 ам.доллар, 500 ам.долларыг бэлнээр авч байсан зарлагын баримт, Зайсан дахь Худалдаа хөгжлийн банкнаас Л компанийн данснаас 6000 ам.доллар авахаар бичсэн баримт, хохирогч Э.Б, гэрч Баасанжаргал нарын мэдүүлэгт “манай эхнэр, манай нөхөр” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт чухал ач холбогдол бүхий баримтуудыг үнэлсэн эсэх нь тодорхойгүй байна. Эдгээр нотлох баримтууд нь харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлийг зааж өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан үзэж, зарим заалтууд нь зөрчигдсөн эсэхийг тогтоон түүнд ял оногдуулсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 387 дугаартай шийтгэх тогтоолыгхүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Прокурор Н.Өнөрбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 387 дугаартай шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан. Хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гэрч Баасанжаргал, хохирогч Э.Б нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч Б.Б нь иргэн Лийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь гэмт хэрэг үйлдэх санаа сэдэл төрж, “автомашин надад худалдан авч өгнө” гэж хохирогчид итгүүлэн “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан. Улмаар, тухайн үед хохирогч Э.Бийн тээврийн хэрэгслийг өгөх боломжтой байсан ч өөрийн эзэмшлийн мэт авч хохирогчид учирсан хохирлыг одоо хүртэл төлж барагдуулаагүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн дүүрэн хангаж байна. Оногдуулсан ял шийтгэлийн хувьд шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд нь тохирсон, хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 03 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт, танилын холбоотой Д.Лийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, өөрийн үг, үйлдлийнхээ үр дагавар, учир холбогдлыг ойлгох чадваргүй байгаа болохыг мэдэж, энэхүү нөхцөл байдлыг өөрийн гэмт санаа бодлоо хэрэгжүүлэхдээ ашиглаж, улмаар хохирогч Э.Бөд “... П.Л нь надад автомашин худалдан авах гэж байгаа юм. Мөнгийг нь Л төлнө...” хэмээн итгүүлэн, түүний эзэмшлийн эд хөрөнгө болох “Toyota Prius 20” загварын автомашины өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авч, 13.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Э.Бийн “...2020 оны 03 дугаар сарын 4-ний өдөр “Да хүрээ” зах дээр байж байтал нэг залуу ирээд “цагаан өнгийн “Prius 20” машин ямар үнэтэй вэ?, хэдэд өгөх вэ?” гэж асуусан. Тэгэхээр би 13.500.000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд нөгөө залуу “энэ машиныг авч яваад ээждээ үзүүлж байгаад авъя, манай ээж хөл муутай” гээд би тэр залуугийн хамт гэр рүү нь явсан. ...Ээж нь Б гээд хоёр суга таягтай хүн гарч ирээд машин үзээд “таалагдаж байна, энэ машиныг авъя” гэсэн. Тэгээд нөгөө залуу ээжийгээ аваад бид гурав хамт ... авто тээвэр ороод нэрийг нь шилжүүлж өгөөд 64-96 УАВ гэсэн улсын дугаар авсан. Тэгээд мөнгөө авах болсон чинь “мөнгө орж ирээгүй байна, жоохон хүлээж бай” гээд хүлээсэн. Тэгээд мөнгө нь орж ирээгүй, “маргааш орчих байх” гэхээр нь би гэр рүүгээ явсан. Маргааш нь мөнгө орж ирээгүй, залгаад мөнгө авах гэхээр “нөгөө хүмүүстэйгээ ярьж байгаад хариу хэлнэ” гээд салгасан. Тэгээд хэд хоноод залгахаар “ахтайгаа ярьж чадаагүй байна” гээд өнөөдрийг хүртэл явсан. ...Надаас машин авсан залуу эх Бгийн нэр дээр шилжүүлж авсан. ...Гантөмөр гэдэг залуу байсан. ...Би маш их гомдолтой байна. ...” /хх 8-10/,
гэрч Б.Баасанжаргалын “...Машинаа оношилгоонд оруулж, машины нэрийг Б руу шилжүүлсэн. Тэгээд машин шилжүүлэх хооронд “Худалдаа хөгжлийн банкны данснаас Хаан банкны данс руу мөнгө шилжүүлсэн байгаа 2 цагийн дараа орж ирнэ” гэсэн болохоор би итгээд машинаа шилжүүлсэн. Машины нэр шилжсэний дараа мөнгө орж ирээгүй. Б гэх эмэгтэй ... надад “гүйлгээ амжилттай боллоо” гэсэн мэдээлэл харуулаад байсан. Тэгээд нөхөр бид хоёр ... мөнгө нь орчих байх гэж бодоод гэртээ харьсан Маргааш өглөө нь Б гэх хүүхэн над руу “мөнгийг чинь сая Худалдаа хөгжлийн банкны данснаас шууд шилжүүлчихлээ, одоо удахгүй орох байхаа” гэсэн. Тэгээд хүлээгээд байсан боловч мөнгө орж ирээгүй. ...Б гэх эмэгтэй дүү гээд байгаа Л, хүү Гантөмөр нарын хамт ирээд “манай энэ дүү надад машин авч өгнө гэсэн, тэгсэн чинь интернет банкаа блоклочихлоо, ... дүү маань 9911-тэй дугаараа зараад мөнгийг нь өгнө гэж байна” гэсэн. Хамт явж байгаа дүү гээд байгаа Л нь согтуу байсан ба “9911-тэй дугаараа зарна” гээд дугаар авдаг хүмүүс рүү залгаад яриад байсан. Тэгэхээр нь би Б гэж хүнд хандаж “танай дүү маш их согтолттой байна, дүүгээ гэртээ оруулаад амраа, би маргааш өглөө ирье” гээд явсан. Маргааш нь очиход Л бас согтуу байсан, утсаа пук болгочихсон байсан ба тэрийгээ сэргээх гэтэл тэр 9911-тэй дугаар нь өөр хүний нэр дээр байсан болохоор сэргээж болохгүй байсан. Мөн интернет банкаа сэргээх гэж 2 өдөр болсон. Эхний өдөр бичиг баримт байхгүй байна гэсээр байгаад өнгөрсөн. Дараагийн өдөр гэрээсээ гараад паспорт аваад банк ороход интернет банкийг ашиглах эрхгүй байсан. Тэгээд энэ мэтээр явсаар мөнгө өгөлгүй өнөөдрийг хүрсэн. Би Бгийн гэрт байж байхад Л гэх хүн “манай эгч хөл муутай юм аа, би эгчдээ машин авч өгөх гэсэн юм, гадуур явах ажлаа амжуулж байг” гэж хэлж байсан. ...” /хх 11-13/,
гэрч П.Лийн “...Би өөрийн найз Галсанням гэх айлд 2020 оны 02 дугаар сарын 28-наас эхлэн 03 дугаар сарын 4-ний өдрийг дуустал нөхрийн хамт архи уусан. Галсанням тал харвачихсан өвчтэй байдаг юм. Тэгээд нэг мэдэхэд Галсаннямын эхнэр Б надаар машин авахуулаад уначихсан, банкаар дагуулаад явчихсан байсан. Би гайхаад Бгаас “намайг согтуу байхад юун наймаа хийчихсэн юм, яагаад ийм байдалд хүрч байгаа юм” гэсэн чинь “чи өөрөө зөвшөөрсөн, надад машин авч өгнө гэж амласан, мөнгө шилжүүлнэ гэсэн” гэж байсан. Тэгээд Б нь уг машиныг өөрийн нэр дээр шилжүүлээд авчихсан байсан ба нөгөө машин зарсан хүүхэн залуу хоёрт намайг мөнгө төлөх ёстой гээд ойлгуулчихсан байсан. ...Б бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Сая цагаан сарыг нь хүртэл би мөнгө гарган өгч тэмдэглүүлсэн. Би Бд машин авч өгнө гэж ярьж байгаагүй. Би “өөртөө машин авч унана, тэгээд танай гаражид тавьж байна” гэж ярьж байсан. ...Би 2020 оны 02 дугаар сарын 28-наас эхлээд энэ айлд ... бүтэн таван хоног уусан, согтуу байсан ба юу ярьж хэлсэн талаараа санаж байгаа зүйл байхгүй. ... Намайг согтуу байхыг далимдуулан машин аваад өөрийн нэр дээр шилжүүлж авсан Б.Б төлөх ёстой. Надад энэ машины үнэ төлөх ямар ч үндэслэл байхгүй. ...Өөрийн хүүхэдтэй нийлж намайг гүтгэж байгаад гомдолтой байна. ...” /хх 20-22, 26-30/,
гэрч Э.Энхболорын “...Нэг өдөр хадам эх, Л хоёр манай нөхөр Гантөмөрийг “...”Да хүрээ” захаас очоод машин аваад ир...” гээд явуулсан. Манай нөхөр “Да хүрээ” захаас машин авч ирээд эх Бд үзүүлээд ... хадам эх Бгийн нэр дээрээ шилжүүлэн авсан. Машины мөнгө яаж төлөх талаар манай нөхөр болон надад ямар нэгэн мэдэх зүйл байхгүй. Манай нөхөр хадам ээжийн өрийн асуудлаас болоод сэтгэл санаагаар унаад бие нь өвдөөд СЭМҮТ-д эмчилгээ хийлгэж байгаад сая гарч ирсэн. ...Манай гэрт хадам ээж Бг хайж цагдаа нар ирсэн, хаалга тогшихоор “намайг байхгүй гэж хэл, битгий онгойлго, битгий утсаа ав” гэх мэтээр асуудал гаргадаг. Нэг удаа цагдаа ирэхэд би албаар онгойлгож өгөөд уулзуулсан. Хоёр дахь удаа ирэхэд би “хадам ээж Бг байхгүй байна” гээд хаалга онгойлгоогүй. ...Хадам ээж Б руу утсаар залгаад “таныг цагдаа хайж ирсэн байна, бичиг өгнө гэж байна” гэхэд хадам ээж Б “намайг байдаггүй гэж хэл, хөдөө явсан гэж хэл” гээд байсан. ...Манай хадам ээж хувь хүний хувьд бүдүүлэг, ёс зүй гэж байхгүй, хөл гар муу гэдгээрээ дандаа түрүү барина. ...Манай хадам ээж Б өөрийнхөө хоёр байрыг ББСБ-д алдаад 2020 оны 4 дүгээр сард шүүхийн шийдвэрээр хураалгасан. ...” /хх 31-34/,
“Тод үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 37/, Тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа /хх 60-61/, Барьцаат зээлийн гэрээ /хх 133-135/, Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хх 145-146/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Бг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгч Б.Бгийн танилын холбоотой Д.Лийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, өөрийн үг, үйлдлийнхээ үр дагавар, учир холбогдлыг ойлгох чадваргүй байгаа байдлыг өөрийн гэмт санаа бодлоо хэрэгжүүлэхдээ ашиглаж, хохирогч Э.Бөд “... П.Л нь надад автомашин худалдан авч гэж байгаа юм. ...” хэмээн итгүүлэн, түүний эзэмшлийн эд хөрөнгө болох “Toyota Prius 20” загварын автомашины өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авч, 13.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан ба анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Ц.Батмөнхийн “...Иргэний журмаар гэрээ хийгдсэн учир машины эзэмшигч Б.Баасанжаргал нь Иргэний шүүхэд нэхэмжлэл гарган машин болон хохирлоо авах бүрэн боломжтой. ...Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан үзэж, зарим заалтууд нь зөрчигдсөн эсэхийг тогтоон түүнд ял оногдуулсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 387 дугаартай шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь, шүүгдэгч Б.Б нь хохирогч Э.Бөд “... П.Л нь надад автомашин худалдан авч гэж байгаа юм. ...” хэмээн итгүүлэн, түүний эзэмшлийн эд хөрөнгө болох “Toyota Prius 20” загварын автомашины өмчлөх эрхийг өөртөө шилжүүлж, улмаар хохирогчид төлбөрийг шилжүүлсэн мэтээр худал хэлж, уг тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж зээл авсан үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулна.
Шүүгдэгч Б.Б нь бусдаас тээврийн хэрэгсэл худалдан авах боломжтой эсэх нь тогтоогдохгүй байх ба хохирогчийн мөнгийг төлөх санаа зорилгогүй байсан талаарх баримт хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгчийн зүгээс “иргэн Д.Л нь надад автомашин авч өгнө, төлбөрийг төлөх” талаар мэдүүлдэг. Харин иргэн Д.Лийн зүгээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, өөрийн үг, үйлдлийнхээ үр дагавар, учир холбогдлыг ойлгох чадваргүй байсан ба автомашин авч өгөх санаа зорилго анхнаасаа байгаагүй болох нь хэрэгт буй баримтаар тогтоогдож байна.
Иймээс шүүгдэгч Б.Бг “... П.Л нь надад автомашин худалдан авч гэж байгаа юм. ...” гэж итгүүлэн, зохиомол байдлыг зориуд бий болгон бусдаас автомашин залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Анхан шатны шүүх, шүүгдэгчийн гэм буруу, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон ял оногдуулжээ.
Хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хохирогч Э.Бийн “Б.Бд оногдуулсан торгох ялыг хорих ялаар өөрчлөх талаар” гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгох эрхгүй тул шүүгдэгч Б.Бгийн “...Надад эрүү шүүлт тулгаж, нөхрөө алдсан хүнд хэцүү үед гүтгэж, гүжирдүүлж улмаар яллагдагч болгосон буруутай П.Лхагвасүрэнд зохих ял шийтгэлийг оногдуулж, миний 5000 ам.долларын хохирол, сэтгэл санаа, нэр төр, цаг хугацаа, нөхрийн амь насны хохирлыг тус тус барагдуулж, хүний эрхийг зөрчиж, хамт хуйвалдсан мөрдөгч, прокурор бусад яллагдагч дэмжсэн хүмүүст зохих шийтгэлийг оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Анхан шатны шүүх хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ залилан мэхлэх гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан автомашиныг хохирол төлбөрт тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан автомашиныг хохирогч Э.Бөд буцаан олгохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Түүнчлэн хохирогч Э.Б нь энэ гэмт хэргийн улмаас 2020 оны 3 дугаар сараас хойших шүүгдэгч Б.Бгийн автомашиныг ашигласан эдэлгээний явцад учирсан эвдрэл гэмтэл, гэм хорын хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.Бгаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулахаар шийдвэрлэв.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/387 дугаартай шийтгэх тогтоолд “...Хохирогч Э.Б нь энэ гэмт хэргийн улмаас 2020 оны 3 дугаар сараас хойших шүүгдэгч Б.Бгийн автомашиныг ашигласан эдэлгээний явцад учирсан эвдрэл гэмтэл, гэм хорын хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.Бгаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх...” гэсэн нэмэлт заалт оруулж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг “...Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 441 дугаартай прокурорын “эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах” тогтоол, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 51 дугаартай прокурорын “эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг тус тус хүчингүй болгосугай. ...” гэж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдэн ирсэн шүүгдэгч Б.Б /-/-гийн эзэмшлийн 64-96 УАВ улсын дугаартай /арлын дугаар NHW207888249/, цагаан өнгөтэй, “Prius 20” загварын тээврийн хэрэгслийг хохирогч Э.Бөд, иргэний нэхэмжлэгч М.Эт 4.000.000 төгрөгийг тус тус олгосугай. ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Э.Б, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Батмөнх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/387 дугаартай шийтгэх тогтоолд “...Хохирогч Э.Б нь энэ гэмт хэргийн улмаас 2020 оны 3 дугаар сараас хойших шүүгдэгч Б.Б уг автомашиныг ашигласан эдэлгээний явцад учирсан эвдрэл гэмтэл, гэм хорын хохирол, хор уршигтай холбоотой гарсан бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.Бгаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
2. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/387 дугаартай шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 7 дахь заалтыг “...Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 441 дугаартай “Эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах” тухай прокурорын тогтоол, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 51 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай. ...” гэж,
тогтоох хэсгийн 8 дахь заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн 64-96УАВ улсын дугаартай /арлын дугаар NHW207888249/, цагаан өнгөтэй, “Тоуота Prius-20” загварын тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.Б/-/-гаас гаргуулан хохирогч Э.Бөд, иргэний нэхэмжлэгч М.Эт 4.000.000 төгрөгийг тус тус олгосугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Э.Б, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Батмөнх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ